Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 572

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч П.Болормаа /томилолтоор/, хохирогч М.Д, түүний өмгөөлөгч Н.Жамьян, гэрч Ц.С, М.С, шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Б.Цолмон, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Э-ын Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Улаанбатар төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 00 дүгээр байр, 00 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Э-ын Г /РД: ХХ00000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Г нь 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХХ-ны Хаан банкнаас 30,000,000 төгрөгийг хохирогч М.Д-гээс авахдаа 7 хоногийн дараа 5,000,000 төгрөг нэмээд өгье, би “Ланд Круйзер” маркийн автомашин худалдаж авах гэсэн юм гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд: 

 

Хохирогч М.Д: “...Э.Г хямд машин байна, өөртөө яаралтай авахгүй бол болохгүй байна гээд 30,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай 35,000,000 төгрөг болгож өгнө гэж зээлж аваад өгөөгүй, би түүнд тухайн мөнгийг өгөхдөө өөрийн үл хөдлөх хөрөнгийг Бид Финанс Банк бус санхүүгийн байгууллагад тавьж байгаад өгсөн, энэ талаар Э.Г өөрөө ч сайн мэдэж байгаа, би хөдөөний хаягтай гээд надад банк болон банк бус санхүүгийн байгууллага мөнгө зээлэхгүй байхад таньдаг хүнээрээ дамжуулж уг зээлийг надад авч өгөхөд туслаж байсан. Тэгээд зээлсэн мөнгөний хүүг төлөлцөөд явж байсан, саяхан хүртэл ах нь тухайн зээлээ, хүүтэй нь төлнө гэж хэлж байсан. Одоо тухайн банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн мөнгөний хүү, алданги нийлээд Э.Г төлөх ёстой нь 17,416,000 төгрөг байгаа, энэ мөнгийг гаргуулж авмаар байна, энэ мөнгөө авчихвал гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Г өөр хүнд мөнгө зээлнэ гэсэн бол би хэзээ ч түүнд 30 сая төгрөг өгөхгүй, өөрөө машин авна гэхээр нь итгээд өгсөн, өөр хүнд өгөх гэж байгаа талаар надад огт хэлээгүй...” гэв.

 

Гэрч Ц.С: “...2018 оны 5 билүү 6 сарын үед Г бид хоёр ойр ойрхон уулздаг байсан. Г надад би нэг машин авах гэсэн юм, тэгээд Дгээс мөнгө авсан, бид хоёр тухайн машиныг зараад ашиг авах юм гэж байсан. Тэгээд 6 дугаар сарын сүүлээр Г над руу залгаад хамтдаа хүнтэй уулзъя гэхээр нь хамт уулзахаар очсон. Бид хоёр 10 дугаар хорооллын 9 давхар байрны гадна очсон ба явах замдаа Дгээс 30.000.000 төгрөг зээлээд машин авах гэж байгаа гэж байсан. Тухайн үед надад 30.000.000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлж байгаа гээд бичиг харуулж байсан...” гэв.

 

Гэрч М.С: “...Би Г ахаас 2018 оны 7 дугаар сард машин худалдаж авах гэсэн юм гээд 47.000.000 төгрөг зээлж авсан. Тэгээд авсан машинаа буцаагаад зарах гэтэл бүтэлгүйтсэн. Үүнээс 30.000.000 төгрөгийг нь буцааж Г ахад өгсөн. Хамгийн сүүлд 17,000,000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр бэлэн өгсөн...” гэв.

 

Шүүгдэгч Э.Г: “...С надад Ланд круйзер маркийн машин аваад 10.000.000 төгрөгийн ашиг өгье гэхээр нь би хохирогчоос 30.000.000 төгрөг аваад өөрийн дансанд байсан 16.000.000 төгрөгтэй нийлүүлээд нийт 46.000.000 төгрөгийг С-т өгсөн, 30.000.000 төгрөгийг Д-гээс авсан. Мөнгө зээлсэн талаарх баримтаа наториатоор батлуулах гэтэл мөнгөө аваагүй тул батлахгүй гэхээр нь 7 хоногийн хугацаатайгаар авсан гэсэн баримт бичүүлээд тухайн баримтаа хэргийн материалд хавсаргасан. Би хохирогчоос авсан мөнгөө Ст өгсөн, тухайн мөнгийг С надад цувуулж өгөөд дуусгасан. Түүнээс биш би өөрөө машин аваад зарсан бол яаж 10.000.000 төгрөг өгье гэж хэлэх вэ. С 10.000.000 төгрөг өгнө гэхээр нь Д-тэй 5 сая, 5 сая төгрөгөөр хувааж ашиг олъё гэж бодсон. Энэ талаар би Д-д хэлж байсан, би 16.000.000 төгрөг гаргья, чи 30,000,0000 төгрөг гаргаад тэгээд ашгаа тэнцүү хувааж авья гэж хэлсэн...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч М.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 5 дугаар сарын сүүлээр Г надтай уулзаад би “Ланд Круйзер” маркийн машин авах гэсэн мөнгө дутаад байна. Мөнгө зээлэх хүн байна уу, долоо хоногийн дараа буцаагаад өгчихнө гэж асууж байсан. Тэгээд дараа нь 6 дугаар сарын 05-ны өдөр чи надад 30,000,000 төгрөг зээлэх үү, хоёроос долоо хоногийн хугацаатай буцаагаад өгөхдөө 5,000,000 төгрөг нэмж өгье гэхээр нь би итгээд түүний 0000000 гэсэн дугаарын данс руу 30,000,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн Хаан банкнаас шилжүүлсэн. ...Би Гт 30,000,000 төгрөгийг зээлүүлэхдээ өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоот байрыг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд 30,000,000 төгрөгөөр тавьж өгсөн. Одоо банк бус санхүүгийн байгууллагын хүүг төлөөд өрөнд орчихоод хэцүү байна. Г надад банк бус санхүүгийн байгууллагын хүү гэж 2,317,700 төгрөгийг өгсөн өөр мөнгө надад өгөөгүй...” /хх-ийн 5-6, 33-34/ гэсэн,

 

Гэрч М.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 6 дугаар сарын сүүлээр байх, өдрийг нь санахгүй байна. Г ахтай уулзаад би “Ланд-200” маркийн машин худалдаж аваад цааш нь өндөр үнэтэй зарах гэж байгаа юм, та надад 46,000,000 төгрөг олоод өгөөч, би танд 10,000,000 төгрөг нэмж өгье гэж гуйхад зөвшөөрөөд 2-3 хоногийн дараа надад 46,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд 2018 оны 7 дугаар сарын эхээр байх, би 30,000,000 төгрөгийг Г ахын данс руу шилжүүлсэн. Үлдсэн 16,000,000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр өгсөн...” /хх-ийн 35-36/ гэсэн,

 

Гэрч Ц.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын орчим санагдаж байна. Манай найз Г нь намайг завтай байна уу гэж хэлэхээр нь би завтай байна гэж хэлтэл хоёулаа Дтэй уулзчихаад ирье гэж хэлээд бид хоёр цуг 10 дугаар хорооллын Эфэс худалдааны төвийн арын 9 давхар байрны ард зогсоол дээр очсон. Тэр үед би машинаасаа буугаагүй, Г, Д хоёр уулзсан. Би машин дотор байсан болохоор тэр хоёр юуны тухай ярилцсаныг сайн мэдэхгүй байна...” /хх-ийн 110-111/ гэсэн,

 

Шүүгдэгч Э.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 5 дугаар сард манай танил дүү болох С “Ланд-200” маркийн машин авах гэж байгаа юм, надад урьдчилгаа 46,000,000 төгрөг хийгээд өгчих, би чамд эргүүлээд 10,000,000 төгрөг нэмээд өгье гэхээр нь би мөнгө хэрэгтэй юм байна гэж бодоод найз Д-д үнэнээ хэлж гуйгаад 14 хоногийн дараа буцаагаад өгье гэж хэлээд 30,000,000 төгрөг зээлсэн. Үлдсэн 16,000,000 төгрөгийг өөрөө гаргаад С-т бэлнээр өгөөд 7 хоногийн дотор буцааж өгнө гэсэн баримт үйлдэж өгсөн. Тэгээд С надаас авсан мөнгийг юунд зарцуулсныг мэдэхгүй байна. Надаас авсан 46,000,000 төгрөгийг хувааж өгөөд 2019 оны 3 дугаар сарын сүүлээр өгч дуусгасан. Хамгийн сүүлд 16,000,000 төгрөг өгсөн. ...Одоогийн байдлаар Д-д 11,000,000 төгрөг өгсөн байгаа. 4,000,000 төгрөгийн баримтаа олохгүй байна...” /хх-ийн 29-32/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Өргөдөл /хх-ийн 3/,

- Мөнгө шилжүүлсэн тухай баримт /хх-ийн 23, 82-84, 107-108/,

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 21/,  ял шалгах хуудас /хх-ийн 50/, Хаан банкны дансны хуулга /хх-ийн 53-59/, гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 81/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Э.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Э.Г нь хохирогч М.Д-гээс өөртөө “Ланд Круйзер” маркийн автомашин худалдаж авах гэсэн, мөнгө дутаад байна, 7 хоногийн хугацаатай 30,000,000 төгрөгийг 35,000,000 төгрөг болгож өгьё гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигчийн эд хөрөнгийг 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкнаас салбараас өөрийн данс руу шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Д-гийн: “...Өөртөө машин худалдаж авах гэсэн юм, мөнгө дутаад байна, 7 хоногийн хугацаатай 30,000,000 төгрөгийг 35,000,000 төгрөг болгож өгнө гэж Хаан банкны 0000000 дугаарын данс руу шилжүүлж авсан, миний банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, зээлийн хүүг төлнө гэж хэлдэг байсан, одоо болтол төлбөрийг төлж дуусаагүй...” /хх-ийн 33-34/ гэсэн, гэрч Ц.С-ын: “...2019 оны 6 дугаар сарын орчим манай найз Г намайг хоёулаа Д-тэй уулзчихаад ирье гээд бид хоёр цуг 10 дугаар хорооллын Эфэс худалдааны төвийн арын 9 давхар байрны ард зогсоол дээр очсон. Тэр үед би машинаасаа буугаагүй, Г, Д хоёр уулзсан. Би машин дотор байсан болохоор тэр хоёрыг юуны тухай ярилцсаныг мэдэхгүй байна...” /хх-ийн 110-111/ гэсэн мэдүүлгүүд, мөнгө шилжүүлсэн тухай баримт /хх-ийн 23, 82-84, 107-108/-ууд, дансны хуулга /хх-ийн 53-59/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусдыг хуурч мэхлэх арга нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлэх ба шүүгдэгчийн “өөртөө тээврийн хэрэгсэл худалдаж авах гэсэн мөнгө дутаад байна, 7 хоногийн дараа 5 сая төгрөг нэмж өгье” гэж ямар ч боломжгүй зүйлийг амлаж итгэл төрүүлж, хохирогчийг төөрөгдүүлэн бусдын эд хөрөнгийн эзэмших эрхийг олж авч байгаа нь түүний эд хөрөнгийг буцааж өгөхгүйгээр, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийг төөрөгдүүлж авсан болох нь залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх үзэв.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Г-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Дд 30,000,000 төгрөгийн бодит хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад 25,715,000 төгрөгийг, шүүхийн шатанд 4,285,000 төгрөгийг тус тус төлж барагдлуусан байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Э.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

 

Шүүгдэгч Э.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт би өөртөө машин авна гэж хэлээгүй, хуурай дүү М.С хямд машин аваад цааш нь зараад танд мөнгө өгье, 46,000,000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай зээлж өгсөн, энэ талаар би М.Дд хэлж тухайн мөнгийг зээлсэн, тэр банк бус санхүүгийн байгууллагад үл хөдлөх хөрөнгө барьцаалж надад мөнгө зээлсэн талаар мэдэхгүй, би мөнгө зээлэх талаар хамт явж байгаагүй гэж мэдүүлжээ. Шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд шүүгдэгчийн ингэж мэдүүлснийг нотлох бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр хууль сануулж авсан хохирогчийн мэдүүлгээр няцаагдаж байна гэж шүүх үзэв.

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлж байгаа шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 0000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон хохирогч, түүний өмгөөлөгч нар Э.Г-т 30,000,000 төгрөгийг зээлэхдээ өөрийн үл хөдлөх хөрөнгийг Банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж зээл авч өгсөн, тухайн зээлийн хүү, үндсэн зээлийг Э.Г төлж байсан, төлнө гэдгээ өөрөө хэлж байсан зэргийг харгалзан Э.Гаас тухайн зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрт 17,416,500 төгрөгийг гаргуулахаар санал гаргаснаас шүүх 13,131,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт, мөн зүйлийн 5 дахь хэсэгт шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлнэ гэж тус тус заажээ.

Энэ дагуу гэмт хэргийн улмаас хохирогч М.Д-д 30,000,000 төгрөгийн бодит хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 25,715,000 төгрөгийг шүүгдэгч Э.Г төлж барагдуулсан бөгөөд шүүхээс 4,285,000 төгрөгийг хохирогчид олгохоор шийдвэрлэсэн, улмаар шүүх хуралдааныг хуульд заасны дагуу завсарлуулж төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,131,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон шүүх хуралдаанд Э.Г-ын үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй, хэргийг тал бүрээс нь тогтоохоор шалгасан боловч тогтоож чадаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй, гэрч М.С, Ц.С нарын мэдүүлгээр шүүгдэгчийн үйлдэлд эргэлзээ төрж байгаа тул шүүгдэгчид ашигтай байдлаар холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө гэснийг шүүх шүүх хүлээн авах хууль боломжгүй байна. Хохирогч М.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй гэх боловч агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт, дарааллын хувьд урьд, хойно оруулж мэдүүлснээс өөрөөр агуулгын хувьд зөрүүгүй нэг үйл баримтын талаар мэдүүлэг өгснийг шүүх үнэн зөвд тооцсон.

Гэрч Ц.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүтэй, Э.Г-аас хэдэн төгрөгийг зээлж, мөнгө зээлсний хариуд шагнал гэж хэдэн төгрөг өгөх талаараа тууштай мэдүүлж чадахгүй, түүний мэдүүлгүүд нэг нэгийгээ үгүйсгэсэн байгаа нь эргэлзээ бүхий мэдүүлгүүд байх тул тухайн мэдүүлгийг үнэлээгүй, гэрч М.С-ын мэдүүлэг зөрүүгүй, эргэлзээ бүхий биш тул шүүх үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Э.Г өөрийн өмгөөлөгч Б.Димагаас татгалзсан тул түүний өмгөөллийн саналыг шүүх үнэлэх, дүгнэх, няцаах шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч Э.Г-т холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр товлож хуралдуулсан бөгөөд шүүх хуралдаан хоёр үе шаттай явагдаж, шүүхээс Э.Г-ыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчээс 4,285,000 төгрөг гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол төлөхөөр шүүх хуралдааныг завсарлууж, 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр үргэлжлүүлэхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дима хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд шүүгдэгч Э.Г өмгөөлөгч Б.Димагаас татгалзсан талаараа тайлбарлаж, бичгээр шүүхэд өгснийг тэмдэглэж байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч Б овогт Э-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ын Г-ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Э.Г-т оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Г нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 0000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч М.Д гомдол саналгүй, шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Г-т урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                      Д.АЛТАНЖИГҮҮР