Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 995

 

 

 

 

 

 

 2019          12         06                                        2019/ШЦТ/995

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Зулаа,

Улсын яллагч: М.Очбадрах /томилолтоор/,

           Шүүгдэгч: Ё.Н-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

Шүүгдэгч: Г.Б-, түүний өмгөөлөгч Л.Баттогтох,

Шүүгдэгч: Б.У-, түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс, Ш.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ё.Н-д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.У-, Г.Б-нарт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902006390218 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ё.Н-, 1992 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа утасны худалдаа хийдэг, ам бүл 4, ах, эгч, тэдгээрийн хүүхдүүдийн хамт .... тоот регистртэй,

            2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.У-, 1986 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн ..... тоот регистртэй,

            3. Монгол Улсын иргэн, Г.Б-, 1983 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .... тоот регистртэй,

            Шүүгдэгч Ё.Н- нь 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Нэгдсэн Үндэстэний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан “метамфетамин”-ны агууламжтай 2 тусдаа гялгар уутанд савласан, уутны хамт нийт 0.6453 грамм жинтэй, “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар бусдад худалдсан буюу Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Модны хоёр” гэх газар Б.У-т 0.1122 граммыг 200.000 төгрөгөөр, Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.У-, Г.Б- нарт 0.5331 граммыг 500.000 төгрөгөөр тус тус худалдсан,

            Шүүгдэгч Б.У- нь 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Модны хоёр” гэх газар Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ны агууламжтай уутны хамт 0.1122 грамм жинтэй, “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Ё.Н-аас 200.000 төгрөгөөр худалдан авч,

Мөн өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Б-тай гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Ё.Н-аас 500.000 төгрөгөөр худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 75-86 ТӨВ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд тус тус хадгалсан,

Шүүгдэгч Г.Б- нь Б.У-тай гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ны агууламжтай гялгар уутанд савласан, уутны хамт 0.5331 грамм жинтэй, “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Ё.Н-аас 500.000 төгрөгөөр худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 75-86 ТӨВ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ё.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би төрсөн өдөр болох гээд 7 дугаар сарын 30-ны үед “100” гэх бааранд надад өртэй байсан Г- гэх залууг хайж байсан. Г-тай таараад уулзаж байсан ба ганц хоёр таньдаг хүнтэйгээ хамт тэндхийн 00 орж байгаад уулзсан. Би Г-гаас өрөө нэхэхэд надад ууттай юм өгөөд энэ гайгүй үнэд хүрнэ, ойролцоогоор сая төгрөг болно гэсэн. Би түүнд зөрүү 400.000 төгрөг өгсөн. Би тэгээд тэр бодисыг аваад гэртээ далд хийчхээд урагшаа явсан. Учир нь тэнд манай найз хүүхэн сурдаг, бараа татаж зардаг. Би бараандаа явсан байсан. Урдаас ирээд мөнгөгүй болчихоод далд хийсэн байсан нөгөө бодисоо санаад улмаар У-т хэлсэн. Учир нь У- бид хоёр 10-аад жилийн өмнөөс бие биенээ таньдаг байсан. Тэгээд уулзаж нөгөө бодисоо аваачиж өгсөн. Би ийм хор нөлөөтэй гэдгийг нь мэдээгүй” гэв.

Шүүгдэгч Г.Б-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. 3 сарын хугацаанд маш их зүйл ухаарсан. Гэр бүлийнхэн болон та бүгдээс уучлалт гуйж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй” гэв.

Шүүгдэгч Б.У-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ээж эхнэрээсээ уучлалт гуйж байна. Хийсэн хэргээ хүлээж байгаа. Маш их гэмшиж байна. 3 сарын хугацаанд их зүйл ухаарсан. Уучлалт хүсэж байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй..” гэв.

Шинжээчийн 4479 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн 7586 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хураан авсан гэх “1” гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл “2” гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, хуйлж соруул мэт болгосон Монгол Улсын мөнгөн дэвсгэрт болох 100 төгрөг, хуйлж соруул мэт болгосон Монгол Улсын мөнгөн дэвсгэрт болох 20 төгрөг, ноогон өнгийн асаагуур тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, “2” гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, хуйлж соруул мэт болгосон Монгол Улсын мөнгөн дэвсгэрт болох 100 төгрөг, хуйлж соруул мэт болгосон Монгол Улсын мөнгөн дэвсгэрт болох 20 төгрөг тус бүрээс метамфетамин /methamphamine/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /methamphamine/ нь 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-ийн жагсаалтад багтдаг болно” гэсэн дүгнэлт /хх 2-н 5-7/,

Шинжээчийн 4476 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн “У- 8-9” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “У- 8-9”  гэж хаягласан шээсэнд метамфетамин /methamphamine/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /methamphamine/ нь НҮБ-ын конвенцид багтдаг болно” гэсэн дүгнэлт /хх 2-н 13-14/,

Шинжээчийн 4475 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн “Б- 2019.08.08” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Б- 2019.08.08” гэж хаягласан шээсэнд метамфетамин /methamphamine/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /methamphamine/ нь НҮБ-ын конвенцид багтдаг болно” гэсэн дүгнэлт /хх-н 18-19/,

Шинжээчийн 4478 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн Г.Б-ы биед үзлэг хийж хураан авсан гэх ёроол хэсэгтээ харлаж бохирлогдсон, толгой хэсэг нь хагарсан, тарианы усны шил мэт зүйлээс метамфетамин /methamphamine/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /methamphamine/ нь НҮБ-ын конвенцид багтдаг болно” /хх 2-н 23-24/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1019 тоот дүгнэлтэд: “...Б.У- нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.У- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн дүгнэлт /хх 2-н 44-45/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 990 тоот дүгнэлтэд: “...Г.Б- нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.Б- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Г.Б-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэсэн дүгнэлт /хх 2-н 49-50/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1017 тоот дүгнэлтэд: “...Ё.Н- нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ё.Н- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт /хх 2-н 54-55/,

Шүүгдэгч Ё.Н-ын 2669 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...баруун урд хаалгыг нь онгойлгон жолоодох хэсгийн урд салоныг үзэхэд голын хайрцаганд 20.000 төгрөг 20 ширхэг нийт 400.000 төгрөг байх ба Ё.Н- нь миний мөнгө гэх...” гэжээ /хх 1-н 19-23/,

Шүүгдэгч Б.У-ын унаж явсан 75-86 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоход урд сандалны зүүн ёроолд хуйлж соруул мэт болгосон 100 төгрөг, мөн 2 ширхэг 100 төгрөг, урд суудлын доор байх шалавч дээр хуйлж соруул мэт болгосон 100 төгрөг, ногоон өнгийн асаагуур зэргийг хэрэгт ач холбогдолтой гэж үзэж хураан авав. Уг суудлын доор байх шалавчийг сөхөж үзэхэд сандалны баруун доод хэсэгт амсар хэсгийг нь түлж наасан байдалтай 2 ширхэг гялгар ууттай тус тусдаа цагаан өнгийн талстлаг зүйл байсныг хэрэгт ач холбогдолтой гэж үзэж хураан авлаа...” гэжээ /хх 1-н 24-34/,

Шүүгдэгч Б.У-ын унаж явсан 75-86 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээс хураан авсан 2 ширхэг гялгар ууттай цагаан өнгийн талстлаг зүйлд тандагч багаж ашиглан үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2х3 см харьцаатай амсар хэсгийг нь түлж наасан байдалтай, гялгар ууттай, цангаан өнгийн талстлаг мөс мэт зүйлийг “TRUNARC” багажаар шалгахад НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Метамфетамины”-ны агууламжтай гэж зааж байх ба уг гялгар ууттай мөс мэт зүйлсийг албаны цахилгаан жин дээр жинлэхэд гялгар уутны хамт 0.0994 грамм жинтэй байлаа. Уг зүйлийг 1 гэж дугаарлав. 3х3 см харьцаатай, амсар хэсгийг нь түлж наасан байдалтай, гялгар ууттай, цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлийг “TRUNARC” багажаар шалгахад НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Метамфетамин”-ны агууламжтай гэж зааж байх ба уг гялгар ууттай мөс мэт зүйлсийг албаны цахилгаан жин дээр жинлэхэд гялгар уутны хамт 0.5099 грамм жинтэй байлаа. Уг зүйлийг 2 гэж дугаарлав” гэжээ /хх 1-н 35-38/,

Шүүгдэгч Г.Б-ы биед үзлэг хийсэн тэмдэглэлд: “...миний биед ямар нэгэн хууль бус эд зүйл байхгүй гэж хэлээд ...эд зүйлсийг ширээн дээр гаргаж тавьсны дараа түүний өмсөж явсан хувцасны халаас нэг бүрийг үзэж шалгахад өмдний баруун талын халааснаас ёроол хэсэг нь харлаж бохирлогдсон, толгой хэсэг нь хагарсан тарианы усны шил байсныг хэрэгт оч холбогдолтой гэж үзэн хураан авав” гэжээ /хх 1-н 40-44/,

Шүүгдэгч Г.Б-ы биеэс биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд: “....Г.Б-д өөрт нь тестийг өгч, шалгуулан залуулж, биологийн дээж өгөхөд татгалзах зүйл байна уу гэж асуухад татгалзах зүйл байхгүй гэснээр ...үр дүнг харахад ...8, 9, 10 дугаар багананд 1 улаан зураас тодорч эерэг гэж заасан нь тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгав” гэжээ /хх 1-н 46-49/,

Шүүгдэгч Б.У-ын биеэс биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд: “...Б.У-т өөрт нь тестийг өгч, шалгуулан задлуулж, биологийн дээж өгөхөд татгалзах зүйл байна уу гэж асуухад татгалзах зүйл байхгүй гэснээр ...үр дүнг нь харахад ...4, 9, 10 дугаар багананд 1 улаан зураас тодорч эерэг гэж заасан нь тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгав” гэжээ /хх 1-н 56-59/,

Яллагдагчаар Г.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр манай найз Б.У- над руу залгаад модны хоёрт хүрээд ирээч найзад нь жоохон мөс байна гэхээр нь би гэрээсээ гарч Б.У- дээр очсон. Тухайн үед У- нь хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан, улсын дугаар нь Төв аймгийн дугаартай байсан байх. Б.У- бид хоёр У-ын унаж байсан машины дотор мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг тарианы усны шилний хийж доороос нь асаагуураар халааж байгаад гарсан утааг нь мөнгөн дэвсгэрт хуйлж соруул мэт болгож байгаад хэрэглэсэн....Орой нь 19 цагийн орчим ...Б.У- хаана байна ажил дуусчихлаа гэж хэлэхээр нь Сансарт байна гэж хэлсэн чинь очлоо гэж хэлсэн. Тэгээд Б.У- бид хоёр Сансарын шатахуун түгээх станцын ойролцоо уулзсан. Тэр үед Б.У- нь мөнгө байна уу, дахиад мөс авч хэрэглэх үү, найзад нь мөс зардаг найдвартай хүн байна гэхээр нь би 500.000 төгрөгөөр худалдаж авъя гэж хэлээд өөрийнхөө Хаан банкны данснаас 500.000 төгрөгийг эхнэрийнхээ Хаан банкны данс руу шилжүүлээд эхнэрийнхээ данснаас Б.У-ын өгсөн данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа У- утсаараа нэг хүнтэй яриад мөнгөө хийчихлээ мөсөө хаанаас авах уу гэж асуухад Төмөр замын Богд ар хорооллын хойно байх хуучин баригдаж байгаа сүмийн хажууд нэг портер байгаа, тэрний ачаан дээр мөсөө үлдээлээ гэж хэлсэн. Тэгээд Б.У- бид хоёр Богд ар хорооллын хойно байх хуучин баригдаж байгаад зогссон сүмийн хажууд зогсоход нэг портер машин байсан. Уг машины хажууд очиж зогсоод Б.У- машинаас буугаад удалгүй машиндаа суугаад хотын төв рүү явж байхад гэнэт машин зогсоогоод Б.У- бид хоёрыг баривчилсан...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 198-201/,

Яллагдагчаар Б.У-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн үед зүс таних Нямжаргал гэх залуу над руу залгаад юу байна гээд ойр зуур юм асууж байснаа мөс байгаа шүү, авах хүн мэдэж байгаарай гэхээр нь би өөрт байсан 200.000 төгрөгөөр жоохон мөс худалдаж аваад найз Г.Б-тай хамт модны хоёрт хэрэглэсэн. Тэгээд би гадуур ажилтай байсан болохоор ажилдаа явсан. Харин Г.Б- гэртээ харилаа гээд явсан. Би ажлаа дуусгачихаад Г.Б-тай утсаар ярихад Сансарт явж байна гэхээр нь би яваад очъё гэж хэлсэн. Тэгээд Г.Б-тай Сансарын шатахуун түгээх станцын ойролцоо уулзсан. Бид хоёр хоорондоо ярилцаж байгаад Ё.Н-аас дахиж мөс авахаар болсон. Тэгээд Г.Б- 500.000 төгрөг эхнэрээсээ авч, Ё.Н-ын хаан банкны дансанд хийж, Б- бид хоёр төмөр замын хуучин баригдаж байсан сүмийн хажууд очиж мөсөө авсан. Ё.Н- хэлэхдээ төмөр замын хуучин сүмийн хажууд нэг портер байгаа тэр машины тэвшин дээр мөсөө үлдээчихсэн гэж хэлсэн. Тэгээд Г.Б- бид хоёр очиж мөсөө авчихаад удалгүй баригдсан. ...хоёр удаа авсан. Эхлээд 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн үед өөрт байсан 200.000 төгрөгөөр эхлээд авсан, дараа нь Г.Б-тай уулзаад 500.000 төгрөгөөр Г.Б- бид хоёр 0.5 грамм мөсийг Ё.Н-аас худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 212-216/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 2/, Ё.Н-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 19-23/, Г.Б-ы биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 40-45/, Б.У-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 51-55/, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 64-69/ эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 1-н 70-74/, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 81-91/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 92-94/, дансны хуулганууд /хх 1-н 96-169/, шүүгдэгч Б.У-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 2-н 74-76, 151-161, 164, 3-н 12-17/, шүүгдэгч Г.Б-ы хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 2-н 77-80, 165-171/, шүүгдэгч Ё.Н-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 2-н 82-83, 90, 93-150/, нууц ажиллагааны магадлгаа зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

            Шүүгдэгч Ё.Н- нь 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Нэгдсэн Үндэстэний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан “метамфетамин”-ны агууламжтай 2 тусдаа гялгар уутанд савласан, уутны хамт нийт 0.6453 грамм жинтэй, “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар бусдад худалдсан буюу Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Модны хоёр” гэх газар Б.У-т 0.1122 граммыг 200.000 төгрөгөөр, Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.У-, Г.Б- нарт 0.5331 граммыг 500.000 төгрөгөөр тус тус худалдсан,

            Шүүгдэгч Б.У- нь 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Модны хоёр” гэх газар Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ны агууламжтай уутны хамт 0.1122 грамм жинтэй, “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Ё.Н-аас 200.000 төгрөгөөр худалдан авч,

Мөн өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Б-тай гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Ё.Н-аас 500.000 төгрөгөөр худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 75-86 ТӨВ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд тус тус хадгалсан,

Шүүгдэгч Г.Б- нь Б.У-тай гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ны агууламжтай гялгар уутанд савласан, уутны хамт 0.5331 грамм жинтэй, “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Ё.Н-аас 500.000 төгрөгөөр худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 75-86 ТӨВ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан тус тус гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүгдэгч Б.У-ын унаж явсан 75-86 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...суудлын доор байх шалавчийг сөхөж үзэхэд сандалны баруун доод хэсэгт амсар хэсгийг нь түлж наасан байдалтай 2 ширхэг гялгар ууттай тус тусдаа цагаан өнгийн талстлаг зүйл байсныг хэрэгт ач холбогдолтой гэж үзэж хураан авлаа...” гэжээ /хх 1-н 24-34/, шүүгдэгч Б.У-ын унаж явсан 75-86 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээс хураан авсан 2 ширхэг гялгар ууттай цагаан өнгийн талстлаг зүйлд тандагч багаж ашиглан үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2х3 см харьцаатай амсар хэсгийг нь түлж наасан байдалтай, гялгар ууттай, цангаан өнгийн талстлаг мөс мэт зүйлийг “TRUNARC” багажаар шалгахад НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Метамфетамины”-ны агууламжтай гэж зааж байх ба уг гялгар ууттай мөс мэт зүйлсийг албаны цахилгаан жин дээр жинлэхэд гялгар уутны хамт 0.0994 грамм жинтэй байлаа. Уг зүйлийг 1 гэж дугаарлав. 3х3 см харьцаатай, амсар хэсгийг нь түлж наасан байдалтай, гялгар ууттай, цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлийг “TRUNARC” багажаар шалгахад НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Метамфетамин”-ны агууламжтай гэж зааж байх ба уг гялгар ууттай мөс мэт зүйлсийг албаны цахилгаан жин дээр жинлэхэд гялгар уутны хамт 0.5099 грамм жинтэй байлаа. Уг зүйлийг 2 гэж дугаарлав” гэжээ /хх 1-н 35-38/, шүүгдэгч Г.Б-ы биеэс биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд: “....Г.Б-д өөрт нь тестийг өгч, шалгуулан залуулж, биологийн дээж өгөхөд татгалзах зүйл байна уу гэж асуухад татгалзах зүйл байхгүй гэснээр ...үр дүнг харахад ...8, 9, 10 дугаар багананд 1 улаан зураас тодорч эерэг гэж заасан нь тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгав” гэжээ /хх 1-н 46-49/, шүүгдэгч Б.У-ын биеэс биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд: “...Б.У-т өөрт нь тестийг өгч, шалгуулан задлуулж, биологийн дээж өгөхөд татгалзах зүйл байна уу гэж асуухад татгалзах зүйл байхгүй гэснээр ...үр дүнг нь харахад ...4, 9, 10 дугаар багананд 1 улаан зураас тодорч эерэг гэж заасан нь тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утсыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгав” гэжээ /хх 1-н 56-59/, шинжээчийн 4479, 4476, 4475, 4478 тоот дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлс, нууц ажиллагааны магадалгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ё.Н-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Мансууруулах, эм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан”,

шүүгдэгч Г.Б-, Б.У- нарын үйлдэл нь “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ё.Н-, Г.Б-, Б.У- нарын үйлдэл нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б-, Б.У- нар нь санаатай нэгдэж Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг шүүгдэгч Ё.Н-аас худалдаж авсаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж хамтран оролцсон, мөн бүлэглэн үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ё.Н-, Г.Б-, Б.У-, тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас бусдад төлөх бодит хохиролгүй тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно.

Харин шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Ё.Н-, Г.Б-, Б.У- нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ё.Н-, Г.Б-, Б.У- нарт ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял, шүүгдэгч Б.У-, Г.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил 6 сарын хорих ял тус тус оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Ё.Н-ын өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн ялын санал, шүүгдэгч Г.Б-ы өмгөөлөгч хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн санал, шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож өгнө үү гэсэн ялын санал  тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас Үндэсний аюулгүй байдал болон олон нийтийн эрх ашигт учрах хор уршиг зэргийг харгалзан шүүгдэгч Ё.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээг, шүүгдэгч Б.У-, Г.Б- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг тус тус  оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ё.Н-ын өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү, шүүгдэгч Г.Б-, Б.У- нарын өмгөөлөгч нарын хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг  тус тус хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтууд нь хохирол нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаардах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн хувьд бусдад төлөх бодит хохиролгүй боловч олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай тул бусдад төлөх бодит хохиролгүй гэсэн үндэслэлээр шүүгдэгч Г.Б-, Б.У- нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, шүүгдэгч Ё.Н-д хуульд зааснаас  доогуур хорих ял оногдуулах боломжгүй гэж шүүх дүгнэсэн болно.

Мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах заалт нь шүүхэд үүрэг болгосон заалт биш бөгөөд хэрэглэж болохыг хуульчилсаныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Н-, Г.Б-, Б.У- нарт шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ё.Н-, Г.Б-, Б.У- нарын урьд цагдан хоригдсон 89 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа 1, 2 гэж дугаарласан 2 тусдаа гялгар ууттай “мөс” гэх нэршилтэй бодис, ногоон өнгийн асаагуур, толгой хэсэг нь хагархай тарианы усны шил зэргийг устгах, хуйлж соруул мэт болгосон АG5838381 серийн дугаартай 100 төгрөгний дэвсгэрт, АМ8904840 серийн дугаартай 20 төгрөгний дэвсгэртийг Монгол банканд шилжүүлэхийг Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, сиди 11 ширхэг, нууц ажиллагааны магадалгаа /1 хавтас 14 хуудас, 1 ширхэг сиди/ зэргийг тус тус хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулан” гэж, 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж “....Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж ...түүнээс олсон ашиг, орлогыг”, 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөв шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Ё.Н-ын биеэс хураагдсан 146.500 төгрөг, түүний унаж явсан 26-69 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслээс хураагдсан 400.000 төгрөг, нийт 546.500 төгрөг зэргийг улсын төсөвт шилжүүлэх  нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэмт хэрэг үйлдэж олсон орлого 700.000 төгрөг гэж тогтоогдсон бөгөөд нийт 546.500 хураагдсан ба тухайн гэмт хэрэг үйлдэж олсон орлогын зөрүү болох 153.500 төгрөгийг шүүгдэгч Ё.Н-аас гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.         

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ё.Н-ыг “Мансууруулах, эм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

              - Б.У-, Г.Б-нарыг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

        2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Н-ыг 02 жил хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-, Г.Б- нарыг 01 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Н-д оногдуулсан 02 жил хорих ял, шүүгдэгч Б.У-, Г.Б- нарт тус тус оногдуулсан 01 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Ё.Н-, Б.У-, Г.Б- нарын урьд цагдан хоригдсон 89 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тус тус тооцсугай.

  5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа 1, 2 гэж дугаарласан 2 тусдаа гялгар ууттай “мөс” гэх нэршилтэй бодис, ногоон өнгийн асаагуур, толгой хэсэг нь хагархай тарианы усны шил зэргийг устгах, хуйлж соруул мэт болгосон АG5838381 серийн дугаартай 100 төгрөгний дэвсгэрт, АМ8904840 серийн дугаартай 20 төгрөгний дэвсгэртийг Монгол банканд шилжүүлэхийг Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, сиди 11 ширхэг, нууц ажиллагааны магадалгаа /1 хавтас 14 хуудас, 1 ширхэг сиди/ зэргийг тус тус хэрэгт хавсаргасугай.

  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Н-ын биеэс хураагдсан 146.500 төгрөг, түүний унаж явсан 26-69 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслээс хураагдсан 400.000 төгрөг, нийт 546.500 төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

  8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Н-аас 153.500 төгрөг гаргуулж Улсын төсөвт оруулсугай.

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Н-, Б.У-, Г.Б- нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР