| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0551/Э |
| Дугаар | 577 |
| Огноо | 2019-09-05 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ш.Нямдорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 577
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,
улсын яллагч Ш.Нямдорж,
шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,
шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,
нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Г-ын Г, Т овгийн С-ийн Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 000000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, шашин судлаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эх, хойд эцэг, эгч, хүргэн ах нарын хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г-ын Г /РД: ХХ00000/,
Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Т овогт С-ийн Э /РД: ХХ000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 00-00 ХХХ улсын дугаартай Ниссан Тида маркийн тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвэнцийн” 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй уутны хамт 1,2 грамм хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч С.Э нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 00-00 ХХХ улсын дугаартай Ниссан Тида маркийн тээврийн хэрэгсэлд болон биедээ НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0.8 грамм хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо 00 байрны 00 тоотод түр оршин сууж байхдаа БНСУ-ын иргэн К гэгчийн орхиж явсан НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 19 грамм, MDMA-ын агууламж бүхий “экстази” гэх нэршилтэй 0.7 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг завших аргаар хууль бусаар олж авч, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо 00 байрны 00 тоотод, 2015 оны 11 дугээр сарын 01-нээс 04-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо 00 дугаар байрны 00 тоотод болон өөрийн биедээ борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
2016 оны 9 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХХХ” байрны авто зогсоол дээр Э.Б-аас НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 00-00 ХХХ улсын дугаартай Тоёота Королла Аксио маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шү үгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Г.Г: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү, дахиж ийм төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй, энэ гэмт хэргийн улмаас нэг жил хоригдож байхдаа их зүйлийг ухаарсан, нэг удаа боломж олгоно уу...” гэв.
Шүүгдэгч С.Э: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй, миний буруу, дахиж энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй, турдаг гэж найзаасаа сонсоод турах зорилгоор хэрэглэсэн, хадгалсандаа харамсаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хэдэн сар сууж ухаажсан, шүүх нэг удаа боломж олгоно уу...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний охин Г 1985 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн. 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Г чихмэл тоглоом зарахаар гарсан. 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүүхдийн баярын өмнөх өдөр болж байсан тул Г-г Хархорин, Баянзүрх гээд захын үүдээр заруулахаар явуулсан. Явахдаа Г миний цүнхийг аваад явсан. Чихмэлүүдээ зараад дэлгүүрт ус, ундаа гэх мэт бараа татах ёстой байсан учир Г-д мөнгөтэй цүнхээ өгөөд явуулсан. Надад энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй...” /4-р хх-ийн 165-166/ гэсэн,
Гэрч Н.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Г эгчтэй 2012 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөх хотод амьдарч байхдаа танилцсан. Би 2016 оны 02 дугаар сарын сүүлээр Бээжин ороод буцаад Монголд ирэхдээ хар тамхины хэрэгт холбогдоод тэр хэрэгт Г эгч татагдаад хамт шалгагдсан. Г эгч бид хоёрын холбогдон шалгагдсан хэргийн шүүх хурал болох гээд прокурорт 3, 4 өдөр дарааллаж бид нарыг дуудсан. Би охинтойгоо хоёулаа байдаг болохоор шууд яваад очиж чадахгүй Г эгч рүү залгаад хаана явж байна. Юу болж байна. Прокурор юу гэж байна гэх мэт байнга хоорондоо холбогдож ярьдаг байсан. Тийм болохоор Г эгчийн утас дээр надтай холбогдсон мэдээлэл их байгаа болов уу гэж бодож байна. Надад энэ талаар мэдэх зүйл байхгүй. Би Г эгчийг шүүх хурал болох гээд хэрэг прокурорын шатанд байх хугацаанд ийм зүйл хийж байна гэж яаж мэдэх билээ...” /4-р хх-ийн 167/ гэсэн,
Гэрч М.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би С.Э-тай 2017 оны 12 сараас хойш хамтран амьдарч байгаа. Э надтай хамт амьдарч эхлээд ямар нэгэн хар тамхи хэрэглэж, мансуурсан байдал огт гаргаж байгаагүй. Тийм байдал огт анзаарагдаагүй. Бид 2 өдөр болгон л хамт байдаг байсан. Э өдөртөө гэр зуур байдаг, заримдаа Нарантуул зах дээр ээждээ тус болж хамт ажилладаг. Ээж нь Нарантуул зах дээр хулдаас зардаг. Би Да хүрээ зах дээр ахдаа тус болж машин зардаг. Э гэртээ ямар нэгэн бодис, өвс ургамал, гуурс, тарианы шил гэх мэт зүйл авчирсан байхыг би харж байгаагүй. 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Э гэрээс гарахдаа ээж дуудаад байна, ус аваад өг гэж байна гэж хэлээд гарсан. Тэгээд би ч гэрээсээ гараад гадуур ажилтай явж байгаад харих гэтэл утсаа огт авахгүй байсан. Яг тэр үед баригдсан байсан юм билээ. Надад энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Э-г яагаад ийм зүйл хэрэглэсэн болохыг мэдэхгүй байна. Э-д миний зүгээс ямар нэгэн дарамт, шахалт, хүчирхийлэл үзүүлдэггүй...” /4-р хх-ийн 168-169/ гэсэн,
Э.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ...би С.Э-д зөөврийн компьюерыг өгчихөөд хөдлөх гэтэл ахаа жоохон юм байна, танд бонго байна уу гэхээр нь байхгүй гээд хөдлөх гэтэл ахаа үхэх гээд байна, гуйж байна, гэхээр нь за за тэгвэл эндээс холдоё, араас дагаад хөдлөөрэй гэж хэлээд Дашчойлон хийдийн ойролцоо байх ардын эрх сонины байрны хашаанд орж, хашаанд тулж зогсоход С.Э машинтайгаа миний машины хажууд ирээд зогсохоор нь би машинаасаа буугаад С.Э-гийн машинд суухад өөрөө машинаа барьчихсан хажууд нь нэг залуу унтчихсан, хойд суудал дээр нь Д.О унтаж байсан. Би халааснаасаа бонгоогоо гаргаад С.Э-г мөсөө гэхэд халааснаасаа гялгар ууттай жоохон мөс гаргаж өгөхөөр нь хоёр хуваагаад нэгийг нь бонгоонд хийгээд, үлдсэнгийг нь би 500-тын дэвсгэртэнд боож халаасандаа түр хийгээд бонготой мөсөө асаагуураар асааж гарсан утаанаас хэд хэдэн удаа сорж байгаад С.Эд өгсөн. С.Э надаас аваад хэрэглэж байгаад машиныхаа голын харцаг дээр тавиад ахаа ярих юм байна гээд, гарч тамхи татах уу гээд түрүүлээд машинаас буухаар нь би араас нь буусан. Миний биеэс хураагдсан гялгар уутны хамт 0,4 грамм мөсийг би баригдахаасаа өмнө С.Эгаас авсан...” /3-р хх-ийн 11-16/ гэсэн,
Шүүгдэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр эгчийнхээ 00-00 ХХХ улсын дугаартай машиныг унаад комиссын тоглоом худалдаж аваад тэрийгээ цэцэрлэгт хүрээлэн орж зарах санаатай гарсан. Замаараа найз Э-тай уулзаад бид 2 машинаа угаалгангаа ойр зуурын юм ярьж байгаад сүүлийн үед их таргалаад байна ганц сорчих уу гэж ярилцаад мөс олж авахаар болсон. Тэгтэл удалгүй Б гэж дууддаг хальт таньдаг залуу миний утас руу дугаараа нууцалж залгаад 1 грамм өвс байна, авах уу гэхээр нь надад тухайн үед мөнгө байгаагүй тул зээлээр өгөөч гэж гуйхад Зайсангийн нэг дэлгүүрийн ойролцоо тамхины хайрцганд хийгээд орхилоо гэж хэлэхээр нь заасан газар нь очоод базаад хаясан Майлд Сэвэн тамхины хайрцагт хийгээд орхилоо гэж хэлэхээр нь заасан газар нь очоод базаад хаясан Майлд Сэвэн тамхины хайрцагт 1 грамм мөс хийсэн байсан. Тэрнээсээ би машин дотор 1-2 удаа сороод, явж байх замд Э хэд сороод, бага зэргийг тасалж өгсөн. Тухайн үед Э-гийн нөхөр нь залгаад гэрийнхээ түлхүүрээ авъя гээд байсан болохоор би гэрт нь хүргэж өгөх гэж байгаад цагдаад баригдсан. Б над руу дугаараа нууцалж залгасан. Би мөнгөгүй байсан болохоор зээлээр авахыг гуйхад зөвшөөрөөд Зайсангийн Бургер Кингтэй байшингийн зүүн талын буланд тамхины хайрцагт хийгээд орхилоо, тэгж байгаад дансаа явуулна, ярья гээд таг болсон. Намайг цагдаад баригдсаныг мэдээд таг алга болсон байж магадгүй. 33-35 орчим настай, туранхай, өндөр бор залуу байдаг. Дээр үед л хальт танилцаж байсан. Бүтэн нэр, гэрийн хаяг, утасны дугаар зэргийг нь мэдэхгүй. Жижигхэн хэмжээтэй байсан. Би хэмжиж үзээгүй болохоор хэлж мэдэхгүй байна. Мөс сорсон шилээ цонхоор гаргаж хаяад, Э-д өгсөн жоохон юмыг нөхөртөө баригдахгүй гээд нууж байсан. Би машин бариад явж байсан болохоор хаанаа хийснийг мэдээгүй. Учиргүй энэ зүйлээс хамааралтай болчихоод бие организм маань нэхээд байдаггүй ч өөрийн болчимгүй, далчгар зангаас болоод хэрэгт холбогдчихлоо. Би Э-д мөнгө төгрөг, шан харамж өгөөгүй. Бид 2 хоорондоо ярилцаж байгаад хэрэглэхээр болоод тэр үед яг Б залгаж таараад би авсан. Э намайг хэнтэй холбогдож хэнээс авсаныг мэдээгүй. Би авсан газраа зогсоол дээр нь зогсож байгаад машин дотроо тарианы усны шилэнд хийж байгаад хэрэглэсэн тарианы усны шил нь тамхины хайрцагтай мөстэй хамт байсан. Тэгээд буцаад явах замд Э-д тарианы усны шилэнд хийж хэрэглэж байсан зүйлээ өгсөн Э хэрэглээд цонхоор шилийг нь хаясан. Тэгээд бид 2 хоорондоо ярихдаа бага багаар хэрэглэж туръя гэж ярилцсан. Э хэнээс авсан ямар учиртай зүйл болохыг тухайн үед огт мэдээгүй. Б-ийн жинхэнэ нэрийг мэдэхгүй, найз нөхдийн дотно холбоо байхгүй. Одоо хаана байгааг нь мэдэхгүй. ...Би Э-гийн гэрээс олдсон мөс гэх зүйлийн талаар мэдэх зүйл байхгүй. К гэх хүнийг огт танихгүй. Урьд нь сонсож байгаагүй. Ямар харилцаа холбоотой талаар мэдэхгүй. Эг урьд нь хэрэгт холбогдож байсныг мэднэ...” /4-р хх-ийн 211-212, 5-р хх-ийн 110-111, 195-196/ гэсэн,
Шүүгдэгч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр би Г-гаар ээжийнх рүүгээ хүргүүлэхээр залгатал 16 дугаар хороололд машинаа угаалгаж байна, хүрээд ирэхгүй юу гэхээр нь би очсон. Бид хоёр машинд ойр зуурын юм яриад сууж байхдаа их таргалаад байна гэж ярьж байтал Г-гийн утас дуугараад үл таних хүн юм авах уу гэж байгаа бололтой бид хоёр ярьж байгаад авахаар болсон. Би Г руу хэн залгасныг мэдээгүй, тухайн үед мөнгө байгаагүй болохоор зээлээр авахаар болсон. 16 дугаар хорооллоос хөдлөөд Зайсан орж Г машинаас бууж 5-10 орчим минут болж буцаж орж ирээд бид хоёр сорж хэрэглэсэн. Нөхөр маань гэрийн түлхүүр авъя гээд залгаад байсан болохоор манай гэр лүү явсан. Замдаа Г намайг май энийг далд хийчихгүй юу гээд жоохон юм өгөхөөр нь би оймсондоо ууттайг нь хийгээд, бас хөхний даруулгандаа савтайг нь хийчихсэн. Г хурдан нуучих гэсэн болохоор 2 хэсэг байсныг нь би тэгж нуусан юм. Удалгүй цагдаа нарт баригдсан. Надад мөс зарж ашиг хонжоо олох гэсэн санаа зорилго огт байгаагүй. Г нуучих гээд өгөхөд нь биедээ нуусан, араас хүмүүс хөөе гээд дугарах шиг болохоор нь Г надад өгөөд энийг хурдан нуугаарай гээд өгчихсөн. Би Г-г дагаж явж байгаад ийм асуудалд орчихсон. Г хэнээс хэдэн төгрөгөөр яаж авсаныг мэдэхгүй өөрөө гар утсаараа яриад, машинаасаа бууж авсан. Би Г-гаас мөнгө төгрөгөөр аваагүй, бас хууль бусаах хадгалъя гэсэн санаа зорилго байгаагүй. ...Би Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо 00 байранд Солонгос улсын иргэн К гэх монголоор сайн ярьдаг хүнтэй танилцсан. Түүнээс хойш байрныхаа гадаа хэд хэдэн удаа уулзсан. Тэгээд 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр К байрны гадаа уулзаад манай гэрт орж ирсэн. Тэгээд чам шиг царайлаг охин энийг хэрэглэвэл турж хоолны зуршилгүй болно гэхээр нь би турах хүсэлдээ автаад мөс гэх зүйлийг анх удаа хэрэглэж үзсэн. Тэр үед К өөрөө бонго гэх савыг гялгар ууттай жоохон мөс гэх зүйлтэй гаргаж ирээд өөрөө эхэлж хэрэглээд дараа нь надад өгсөн. Тэгээд бид хоёр манайд удаан сууж ярилцаж байгаад К-ийн гар утас нь дуугараад Солонгосоор ярьж байгаад гараад явсан. Тэгэхдээ цүнхтэй зүйлээ манайд орхиод гарсан байсан. Тухайн үед би тэр цүнхийг ухаж үзээгүй. Маргааш нь манайх Олимп хотхон руу нүүсэн. К гарч яваад эргэж ирээгүй болохоор би цүнхтэй юмыг нь аваад нүүсэн. Олимп хотхонд нүүж очоод 2-3 хоногийн дараа цагдаа нар манай гэрт ирж намайг баривчилсан. Тэгээд манай гэрт нэгжлэг хийж байгаад К-ийн орхиж явсан компьютерийн цүнхийг үзэхэд мөс гэх зүйл гарч ирсэн. Тэгээд намайг цагдаагийн хэлтэс дээр аваачиж биед үзлэг хийж шалгасан. Би 4 хоногийн өмнө Кимийн гаргаж ирсэн зүйлийг хэрэглэсэн, шинжилгээгээр илэрсэн. К-ийн цүнхэн дотор 19 грамм, 0,7 грамм гээд байгаа хоёр тусдаа мансууруулах зүйл гарч ирсэн. Ягаан өнгийн тэр экстази гэх эмийг бол би огт мэдэхгүй. Цагдаа нар манайд үзлэг, нэгжлэг хийхэд тэнд нь жинлэж үзэхэд мөс гэх зүйл нь 19 грамм байсныг мэдсэн. Надад харуулсан. К-ийн утас гэх зүйлийг мэдэхгүй байрны гадаа л уулздаг байсан. Надад энэ зүйлийг ав гэж өгөөгүй, зүгээр цүнхээ үлдээгээд явсан байсан. Би бусдад ямар нэгэн мансууруулах бодис зарж худалдаагүй...” /1-р хх-ийн 100-106, 109-112, 2-р хх-ийн 7-10, 196, 231-233, 4-р хх-ийн 217-218, 5-р хх-ийн 112-113, 192-194/ гэсэн мэдүүлгүүд,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 115-140/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 13-24, 4-р хх-ийн 122-128/,
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 25/,
- Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 28-32, 152-157, 4-р хх-ийн 129-133, 134-139/,
- Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай /1-р хх-ийн 163-168, 169-171/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тухай /1-р хх-ийн 41-44, 172-179, 4-р хх-ийн 156-157/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 187-191/,
- Банкны лавлагаанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 36-40/,
- Хураан авсан эд зүйл, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4-р хх-ийн 140-145/,
- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 146-150/,
- Банкны дансны хуулга /2-р хх-ийн 38-39/,
- Хилээр гарсан тухай лавлагаа /2-р хх-ийн 65-67/,
- Шийтгэх тогтоол, магадлал, тогтоолын хуулбарууд /2-р хх-ийн 109-117, 141-145, 161-165, 3-р хх-ийн 181-189, 231-246, 4-р хх-ийн 28-39/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны №8146, №8140, 9895 дугаартай дүгнэлтүүд /1-р хх-ийн 54-59, 63-66, 212-213/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №6099 дугаартай “Дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн 2018.05.31 Г гэж хаягласан шээсэнд Метамфетамин /МАМР/ илэрсэн. Илэрсэн Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” /4-р хх-ийн 172/ гэсэн,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №6096 дугаартай “Дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан мөс мэт зүйлийг аналитик жин дээр хэмжихэд гялгар уутын хамт 1,2168 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлд метамфетамин илэрсэн.
3. Метафетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно...” /4-р хх-ийн 174-175/ гэсэн,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №6098 дугаартай “Дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь тэнцэнэ. 5 сарын 31 С.Э гэж хаягласан шээсэнд Метамфетамин /МАМР/ илэрсэн. Илэрсэн Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” /4-р хх-ийн 176/ гэсэн,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №6097 дугаартай “Дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн 2 гэж дугаарласан мөс мэт зүйлийг аналитик жин дээр хэмжихэд гялгар уутын хамт 0,5848 грамм, 3 гэж дугаарласан мөс мэт зүйлийг аналитик жин дээр хэмжихэд гялгар уутын хамт 0,3404 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн 2 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйл, 3 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлд метамфетамин илэрсэн.
3. Метафетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно.
ЖИЧ: Шинжилгээнд ирүүлсэн 2 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйл, 3 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийг дүгнэлтийн хамт буцаав...” /4-р хх-ийн 177-178/ гэсэн дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №533 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Комиссын гишүүд доорх дүгнэлтийг санал нэгтэй гаргав. 1. С.Э нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
2. Одоо С.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэггүй байна.
4. С.Э нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
5. С.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
6. Мансууруулах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх нэршлүүд нь утга нэгтэй ойлголтууд болно. С.Эд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна.
7. С.Эд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна. Хэрвээ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэж оношлогдвол Монгол Улсад эмчлэгдэх боломжтой. СЭМҮТ энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой.
8. С.Эд сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй болно.
9. С.Э мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна...” /4-р хх-ийн 180-181/ гэсэн,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн №553 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Комиссын гишүүд доорх дүгнэлтийг санал нэгтэй гаргав. 1. Г.Г нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна.
2. Одоо Г.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэггүй байна.
4. Г.Г нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
5. Г.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
6. Мансууруулах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх нэршлүүд нь утга нэгтэй ойлголтууд болно. Г.Г-д мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна.
7. Г.Г-д мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна. Хэрвээ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэж оношлогдвол Монгол Улсад эмчлэгдэх боломжтой. СЭМҮТ энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой.
8. Г.Г-д сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй болно...” /4-р хх-ийн 183-185/ гэсэн дүгнэлтүүд,
- Шүүгдэгч Г.Г-гийн хувийн байдалтай холбоотой гэрч Б.Э мэдүүлэг /4-р хх-ийн 165-166/, ял шалгах хуудас /1-р хх-ийн 113, 4-р хх-ийн 228/, иргэний үнэмлэхийн лавлагаа /4-р хх-ийн 225, 5-р хх-ийн 166/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /4-р хх-ийн 220/, бусад баримтууд /4-р хх-ийн 233, 241-246/ зэрэг болно.
- Шүүгдэгч С.Э-гийн хувийн байдалтай холбоотой ял шалгах хуудас /2-р хх-ийн 254-р хх-ийн 240/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 24, 4-р хх-ийн 227, 238/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2-р хх-ийн 61, 4-р хх-ийн 230, 5-р хх-ийн 53/, төрсний бүртгэлийн лавлагаа /4-р хх-ийн 236/, бусад баримтууд /4-р хх-ийн 231, 234/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.Г, С.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвөнцийн” 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй уутны хамт 1,2 грамм хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Г, С.Э нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хүний биед үзлэг хийсэн, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх-ийн 129-133/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 170/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №6099, 6096 дугаартай дүгнэлтүүд зэрэг,
Шүүгдэгч С.Э нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 00-00 ХХХ улсын дугаартай Ниссан Тида маркийн тээврийн хэрэгсэлд болон биедээ НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй 0.8 грамм хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо 0 байрны 0 тоотод түр оршин сууж байхдаа БНСУ-ын иргэн К гэгчийн орхиж явсан НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 19 грамм, MDMA-ын агууламж бүхий “экстази” гэх нэршилтэй 0.7 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг завших аргаар хууль бусаар олж авч, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо 0 байрны 0 тоотод,
2015 оны 11 дугээр сарын 01-нээс 04-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо 00 дугаар байрны 00 тоотод болон өөрийн биедээ борлуулах, зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
2016 оны 9 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХХХ” байрны авто зогсоол дээр шүүгдэгч Э.Б-аас НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 00-00 ХХХ улсын дугаартай Тоёота Королла Аксио маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Б, Г.Г, С.Э нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Г, С.Э нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 115-140/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 13-24, 4-р хх-ийн 122-128/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 25/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 28-32, 152-157, 4-р хх-ийн 129-133, 134-139/, эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай /1-р хх-ийн 163-168, 169-171/, эд зүйлд үзлэг хийсэн тухай /1-р хх-ийн 41-44, 172-179, 4-р хх-ийн 156-157/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 187-191/, банкны лавлагаанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 36-40/, хураан авсан эд зүйл, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4-р хх-ийн 140-145/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 146-150/, банкны дансны хуулга /2-р хх-ийн 38-39/, хилээр гарсан тухай лавлагаа /2-р хх-ийн 65-67/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 170/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №6098, 6097 дугаартай, 2016 оны №8146, №8140, 9895 дугаартай дүгнэлтүүд /1-р хх-ийн 54-59, 63-66, 212-213/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар шүүгдэгч Г.Г нь биедээ, шүүгдэгч С.Э нь үргэлжилсэн үйлдлээр өөрийн унаж явсан тээврийн хэрэгсэл, өөрийн гэртээ болон түрээслэн амьдарч байсан орон сууцандаа болон биедээ тус тус хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Г.Г, С.Э нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Г.Г, С.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч С.Эг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Шүүгдэгч С.Э-гийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн хэдий боловч үргэлжилсэн үйлдлээр буюу нийтдээ 3 удаагийн үйлдлээр дээрх гэмт хэргийг үйлдснийг анх удаа гэж үзэх боломжгүй юм.
Шүүгдэгч Г.Г, С.Э нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний үйлдэл оролцоо, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгч нарын үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй хувийн байдал, эрүүл мэндийн байдал, гэмт хэрэг гарснаас хойш өнгөрсөн цаг хугацаа, шүүгдэгч нар нь эмэгтэй зэргийг харгалзан шүүгдэгч С.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарласан хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл /1-р хх-ийн 238-239, 242-243/, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл /1-р хх-ийн 80-81, 84-85, 88-89/, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл /2-р хх-ийн 109-117, 172-173/, 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг /3-р хх-ийн 181-189/ хүртэл нийтдээ 367 /гурван зуун жаран долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Шүүхээс энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч С.Э нь энэ хэрэгтээ өмнө нь 367 хоног цагдан хоригдсон байх тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг эдэлсэнд тооцов.
Шүүхээс энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарласан хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Г.Г-гийн 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг /4-р хх-ийн 197, 5-р хх-ийн 40, 49, 96-97, 101-102, 123, 153-154, 156, 163-164/ хүртэл 135 /нэг зуун гучин тав/ хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн 000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “1” гэж дугаарласан гялгар уутны хамт 1,12168 грамм бодис, “2” гэж дугаарласан гялгар уутны хамт 0,5848 грамм бодис, “3” гэж дугаарласан гялгар уутны хамт 0,3404 грамм бодис хураан авсан, шүүгдэгч С.Эгийн оршин сууж байсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 430-93 тоотод хийсэн үзлэгээр хураагдсан: №1 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай метамфетамины агууламж бүхий “мөс” уутны хамт 4,7 грамм, №2 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай метамфетамины агууламж бүхий “мөс” уутны хамт 10,2 грамм, №27 гэж дугаарласан дугуй хэлбэртэй ягаан өнгийн MDMG /экстаз/ уутны хамт 1,7 грамм, №6 гэж дугаарласан орой хэсгийн нэг талд шаргал өнгийн соруул, гуурс шургуулсан, харалдаа хажууд нь шилэн гаанс суурилуулсан, тунгалаг хавтгай хэлбэртэй хуванцар сав, №8 гэж дугаарласан Inside out гэсэн бичиглэлтэй хар өнгийн даавуун зөөлөн материалтай уут мэт зүйл, №9 гэж дугаарласан нүүр хэсэгтээ ямар нэгэн бичиглэлгүй саарал өнгийн жин хэмжүүр, №10 гэж дугаарласан нүүр хэсэгтээ ямар нэгэн zhigao pocket scale гэсэн бичиглэлтэй жин хэмжүүр, №11 гэж дугаарласан хамгийн сайн асаагуур гэсэн бичиглэл бүхий асаах товчлуургүй эвдэрхий асаагуур хоёр ширхэг, 12 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уутнууд 13х9 см хэмжээтэй, уутан дотор 6х4 хэмжээтэй 40 ширхэг зиплок түгжээ бүхий уут, шүүгдэгч С.Э-гийн өмсөж явсан цамцны халааснаас хураагдсан: №3 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай метамфетамины агууламж бүхий “мөс” уутны хамт 3,3 грамм, С.Э, Б.С, С.Б, Д.М нарын шээсний дээжинд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрэх эсэхийг шалгасан Multi drug screen test cup тестийн үр дүн савны хамт 4 ширхэг, шүүгдэгч С.Э-гийн унаж явсан 00-00 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр хураагдсан: №25 гэж дугаарласан дотроо ногоон өнгийн хуванцар гуурстай ногоон өнгийн хуванцар сав, 24 гэж дугаарласан ВИТА цэвэр ус гэсэн бичиглэлтэй хуванцар сав, 20 гэж дугаарласан шилэн гаанс мэт зүйл, 21 гэж дугаарласан дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы байж болох шил, ногоон өнгийн хуванцар гуурсны хамт, 23 гэж дугаарласан хөх өнгийн бөглөө, улаан өнгийн судалтай цагаан өнгийн хуванцар гуурс, 22 гэж дугаарласан 15.5 см урттай ягаан өнгийн гуурс, 19 гэж дугаарласан 10.5 см урттай ягаан өнгийн гуурс зэрэг эд зүйлүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, уг хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г-ын Г, Т овогт С-ийн Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодсыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт С-ийн Э-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овогт Г-ын Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Г.Г-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалтыг зөрчсөн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Г.Г-д анхааруулж мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г энэ хэрэгт 135 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч С.Э-гийн цагдан хоригдсон 367 /гурван зууж жаран долоо/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг эдэлсэнд тооцсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн (Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа) “1” гэж дугаарласан гялгар уутны хамт 1,12168 грамм бодис, “2” гэж дугаарласан гялгар уутны хамт 0,5848 грамм бодис, “3” гэж дугаарласан гялгар уутны хамт 0,3404 грамм бодис хураан авсан, шүүгдэгч С.Эгийн оршин сууж байсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 430-93 тоотод хийсэн үзлэгээр хураагдсан: №1 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай метамфетамины агууламж бүхий “мөс” уутны хамт 4,7 грамм, №2 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай метамфетамины агууламж бүхий “мөс” уутны хамт 10,2 грамм, №27 гэж дугаарласан дугуй хэлбэртэй ягаан өнгийн MDMG /экстаз/ уутны хамт 1,7 грамм, №6 гэж дугаарласан орой хэсгийн нэг талд шаргал өнгийн соруул, гуурс шургуулсан, харалдаа хажууд нь шилэн гаанс суурилуулсан, тунгалаг хавтгай хэлбэртэй хуванцар сав, №8 гэж дугаарласан Inside out гэсэн бичиглэлтэй хар өнгийн даавуун зөөлөн материалтай уут мэт зүйл, №9 гэж дугаарласан нүүр хэсэгтээ ямар нэгэн бичиглэлгүй саарал өнгийн жин хэмжүүр, №10 гэж дугаарласан нүүр хэсэгтээ ямар нэгэн zhigao pocket scale гэсэн бичиглэлтэй жин хэмжүүр, №11 гэж дугаарласан хамгийн сайн асаагуур гэсэн бичиглэл бүхий асаах товчлуургүй эвдэрхий асаагуур хоёр ширхэг, 12 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уутнууд 13х9 см хэмжээтэй, уутан дотор 6х4 хэмжээтэй 40 ширхэг зиплок түгжээ бүхий уут, шүүгдэгч С.Э-гийн өмсөж явсан цамцны халааснаас хураагдсан: №3 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай метамфетамины агууламж бүхий “мөс” уутны хамт 3,3 грамм, С.Э, Б.С, С.Б, Д.М нарын шээсний дээжинд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрэх эсэхийг шалгасан Multi drug screen test cup тестийн үр дүн савны хамт 4 ширхэг, шүүгдэгч С.Э-гийн унаж явсан 00-00 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр хураагдсан: №25 гэж дугаарласан дотроо ногоон өнгийн хуванцар гуурстай ногоон өнгийн хуванцар сав, 24 гэж дугаарласан ВИТА цэвэр ус гэсэн бичиглэлтэй хуванцар сав, 20 гэж дугаарласан шилэн гаанс мэт зүйл, 21 гэж дугаарласан дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы байж болох шил, ногоон өнгийн хуванцар гуурсны хамт, 23 гэж дугаарласан хөх өнгийн бөглөө, улаан өнгийн судалтай цагаан өнгийн хуванцар гуурс, 22 гэж дугаарласан 15.5 см урттай ягаан өнгийн гуурс, 19 гэж дугаарласан 10.5 см урттай ягаан өнгийн гуурс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
8. Эрүүгийн 000000 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.Г, С.Э нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Г-д авсан Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Г, С.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д авсан Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох, шүүгдэгч Г.Г, С.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР