Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 102/2015/06577/И

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                        

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байр 00 тоотод оршин суух, эмэгтэй, Боржигон овогт Отгоны Баярцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин хотхон 83 тоотод оршин суух, эрэгтэй, Сартуул овогт Балжиннямын Бямбажавт холбогдох

гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын хөрөнгө хуваах тухай хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Баярцэцэг, түүний өмгөөлөгч Амгаланбаатар, хариуцагч Б.Бямбажав, түүний өмгөөлөгч Наранцэцэг, Тодгэрэл, гэрч Х.Нэргүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч О.Баярцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн О.Баярцэцэг миний бие нь Б. Бямбажавтай 2008 оны 02 сарын 28- нд анх танилцаад Б. Бямбажав болон түүний өнчин хоёр охинтой /2 настай Б.Анударь, 5 настай Б. Анар/ хамтдаа хэрүүл тэмцэлгүй аз жаргалтай сайхан амьдарч байсан. 2008 оны 6 сард Б. Бямбажав амьдарч байсан 2 өрөө байраа зараад 1 өрөө байр худалдан авч өргөтгөл /2 удаа өргөтгөсөн/ хийн 2009 оны 04 сарын 03-нд кафе паб нээн ажиллуулахад 2009 оны 10 сард Хөхөөгийн Нэргүй /РД: Э078102983/ гэх хүүхэн цэвэрлэгчээр ажилд орсноос эхлэн Б. Бямбажав нь X. Нэргүйтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн билээ. Энэ хугацаанд 2008 оны 12 сарын 03-нд охин Б.Анунгоо төрснөөр ажпаасаа чөлөө авч 2011 оны 9 сарын 10 хүртэл 3 охиноо Анар /8нас/, Анударь /5 нас/, Анунгоо /2 нас 8 сар/ өсгөн хүмүүжүүлж байсан. X.Нэргүй нь 2011 оны 06 сарын 01-нд Амарбаясгалан гэх хүү /2012 онд шүүх эмнэлгийн шинжилгээгээр Б.Бямбажавын хүү биш болох нь тогтоогдсон/ төрүүлсэн гэдэг шалтгаанаар X.Нэргүй нь Б.Бямбажавыг мессеж болон хэл амаар дарамталж улмаар гэрт ирж цонх хагалж танхайрч байсан төдийгүй Б.Бямбажавд архи өгч архидан согтууруулж өдөөн хатгаснаар Б.Бямбажав нь намайг байнга зодож нүдэж, гэрээсээ хөөж туух болсноор 2011 оны 09 сарын 06-наас эхлэн тусдаа амьдрах хугацаандаа 2011 оны 10 сард СХД-ийн шүүхэд нэхэмжлэл гаргаж охин Б.Анунгоогийн тэтгэмжийн мөнгө болох 17 сая гаруй төгрөгийг нэг удаагаар гаргуулах шийдвэр гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өргөдлөө өгсөн байсан. Гэтэл 2011 оны 12 сард Б. Бямбажав нь 2 охинтойгоо ирээд охин Б.Анунгоогоо санаж байна хүүхдүүдээ бодоод эргэж хамтдаа амьдармаар гэж гуйхад нь нөхрөө уучилснаар 2012 оны 2 сард гэрлэлтээ батлуулж хамтдаа амьдрах болсноор нэхэмжлэлээ буцаасан. Гэвч Б.Бямбажав нь хүүхдийн тэтгэмж болох 17 сая гаруй төгрөгийг төлөхгүйн тулд X.Нэргүйтэй нийлж хууран мэхлэхээс гадна X.Нэргүйтэй байнгын харилцаа холбоотой байж уулзаж учирч байсан. 2013 оны 01 сарын 21-нд хүү Б.Анандыгаа төрүүлээд эмнэлэгт хэвтэж байхад Нэргүй нь мессежээр намайг үхэж далд ор амьдралын садаа минь гэж сэтгэл санааны дарамтанд оруулж байсан. Энэ бүхэн даамжирсаар 2013 оны 7 сард X.Нэргүй нь хүү Амарбаясгалангийн хамт орон гэрт минь ирж намайг болон 4 хүүхдийг минь доромжилж Бямбажавтай нийлж намайг зодож, хэл амаар доромжилж намайг охин Б.Анунгоо, хүү Б.Ананд нарын хамт гудамжинд хөөж гаргасан. 2013 оны З сарын 29-нөөс хойш миний бие охин Б.Анунгоо /6 нас/, хүү Б.Ананд /2 нас 7 сар/ хоёрын хамт түрээсийн байранд амьдарч байна. Харин нөхөр Бямбажав нь өөрийн төрсөн охин /хагас өнчин/ Б. Анар /нас 13/, Б.Анударь /нас 9/, X.Нэргүйтэй /түүний төрсөн хүү Төрмөнх /нас 17/, Төрсайхан /нас 15/, Амарбаясгалан /нас 4/, охин Ану-Эрдэнэ /11 сартай/ хамтран амьдрагчаар амьдарч байгаа боловч Б.Бямбажав нь охин Анунгоо, хүү Ананд нартайгаа уулзах эрхгүйгээс гадна холбоо барих ямар ч утасгүй гэр бүлийн хүчирхийлэл дунд амьдарч, өөрийн төрсөн 2 хүүхдийнхээ өмнө хүлээсэн эцгийнхээ үүрэг хариуцлагыг ухамсарлахгүй гудамжинд гаргаж хаясанд маш их гомдолтой байна.

 

Иймд цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул шүүхээр гэрлэлтээ цуцлуулж, охин Б.Анунгоо, хүү Б.Ананд нарыг өөрийн асрамжинд үлдээж, хүүхдүүдийн эцэг нь Б.Бямбажав мөн учир гэр бүлийн тухай хуульд зааснаар тэтгэлэг гаргуулах, мөн хүүхдүүдийн цаашдын ирээдүй, эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул аюулгүй орчин бүрдүүлэх шаардлагатай учир орон байраар хангуулах хүсэлтэй байна.

 

Тэтгэлгийг гаргуулахдаа: сар бүр охин Б.Анунгоогийн тэтгэмжийг, нэг удаагаар хүү Б.Анандын тэтгэмж 25 585 200 /хорин таван сая таван зуун наян таван мянга хоёр зуун төгрөг/, 11 өрөөтэй нэг давхар нийтийн байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, газрын гэрчилгээ болон дундын эд хөрөнгөөс өөрт болон өөрийн асрамжид үлдэх хүүхдүүдийнхээ оногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч О.Баярцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Б.Бямбажавтай 2008 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс хамт амьдарч эхэлсэн. 2008 оны 10 дугаар сард намайг албан ёсоор гуйж цайллага хийж, хамт амьдарсан. Түүнээс биш би өөрөө очсон зүйл байхгүй, 2008 оны 12 дугаар сарын 3-ны өдөр охин Б.Анунгоо төрсөн. 2008 оны 6 дугаар сард 2 өрөө байраа зарж 1 өрөө байр болгож, уг байранд өргөтгөл хийж кафе болгосон. Зарсан 2 өрөө байрандаа 1 жил амьдарсан, түүнээс хойш манай эгчийнд амьдарсан. Дахин 1 өрөө байрандаа өргөтгөл хийхийн тулд Хаан банкнаас 10 000 000 төгрөгийн зээл авсан. 2009 оны 10 дугаар сараас Х.Нэргүй гэж хүнийг манай кафед ажилд орсон цагаас эхэлж, Б.Бямбажав энэ хүнтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн. Миний хоёр дахь хүүхэд 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүү төрсөн. Гэтэл тэр үед Б.Бямбажав ажилдаа яваад орой гэртээ ирж хонодоггүй байсан нь өөр бусадтай холбогдож гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн байсан нь тодорхой байгаа. Ингээд гэр бүлээс гадуур харилцаатай байсан Х.Нэргүй гэж хүүхэн нь 2011 онд төрж бидний хооронд дахь гэр бүлийн маргаан ихэссэн. 2011 онд кафе ашиг орлого багатай болохоор нь 2011 оны 6 дугаар сард 100 000 000 төгрөгөөр зарсан. Дараа нь уг кафены 00 тоотыг худалдаж авсан. 00 тоотод амьдардаг байхдаа ахаасаа автомашин, 6 өрөөтэй нийтийн байр, газрын хамт худалдаж авсан. 6 өрөөтэй нийтийн байраа өргөтгөх гэж банкнаас зээл авахад нь би хамтран зээлдэгчээр нь орсон. Ингээд 6 өрөөг өргөтгөж  нэмж 5 өрөө барьсан, би барилгын хүмүүсийн хоолыг хийж байх үед Б.Бямбажав Х.Нэргүйтэй холбогдож архи ууж ирээд намайг зодож нүүр нүд хөх няц болгож байсан. Тэр талаар баримт байгаа, ингээд энэ хүнтэй хамт амьдрах боломжгүй болж 2011 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж охин Б.Анунгоод хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон. Намайг 2011 онд нэхэмжлэл гаргасан байхад Б.Бямбажав өөрөө Х.Нэргүйтэй нийтийн байрандаа амьдарч байхдаа Х.Нэргүйд зодуулсан гэж миний ажил дээр ирж 2 охинтойгоо, төрсөн ахтайгаа ирж гэрлэлтээ батлуулъя эргэж амьдаръя, хүүхдээ бодоё гэж гуйгаад 2012 оны 1 дүгээр сард гэрлэлтээ батлуулж 10 дугаар хороололд 1 өрөө байранд амьдарсан. Тэр үед би хүүгээ гэдсэндээ тээсэн байсан. 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүүгээ төрүүлсэн. Тухайн үед би аль эсвэл Х.Нэргүйтэйгээ амьдар, эсвэл  надтай амьдрах гэж байгаа бол амьдарсан шиг амьдар гэж хэлсэн. Намайг төрөх гэж байхад Х.Нэргүйтэй амьдрахаа больсон, Нэргүй явсан бид 2 таарахгүй байна гээд 10 дугаар хороололд байсан байрны тавилгаа 1 дүгээр хороолол руу зөөж 10 дугаар хорооллын байраа 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 50 000 000 төгрөгөөр зарсан. Миний нэхэмжлэлийн шаардлага гэрлэлтээ цуцлуулж, хүү Б.Анандад хуульд зааснаар сар бүр хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, тухайн үед энэ хүнтэй амьдарч байх хугацаанд бий болсон Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин хотхон 83 тоотод байрлах газар, байшингаас 2 хүүхэд болон өөрт ногдох хэсгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Б.Бямбажав шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа хөрөнгө бол цэвэр миний 2 өнчин охин бид гурвын хувиарт хөрөнгө, би талийгч эхнэртэйгээ Солонгос улсад 10 гаран жил, миний эхнэр хүний нутагт хүүхдээ төрүүлж зовж, хөдөлмөрлөж олсон мөнгөөр бий  болсон хөрөнгө байгаа. Уг мөнгөөр 2007 оны 7 дугаар сард 2 өрөө байр авсан, байраа авахдаа данс хоосон үлдээгүй мөнгөтэй байсан. Энэ талаар дансны хуулга хэрэгт авагдсан. Манай талийгч эхнэр Хятад улсын Хөх хот руу 2 удаа явж хагалгаа хийлгэж хүнд хагалгаа байсан учраас хагалгаагаа дийлээгүй нас барж би 2 жижигхэн өнчин охинтойгоо үлдэж хоёр хүүхдээ асраад гэртээ байж байдаг байсан. Ингээд намайг дансанд байсан мөнгөөрөө 2 өрөө байрандаа тавилга, автомашин авсан байх үед О.Баярцэцэг надтай танилцсан. Бид хоёр 2008 онд танилцсан ингэж танилцахдаа би эгчээрээ дамжуулж энэ хүнтэй танилцсан. Гэрт нь нэг удаа ч очиж үзээгүй, уулзъя гэж гуйж үзээгүй. Эмэгтэй хүн өөрөө намайг гэж байхад би цаашаа гэж хэлээгүй, О.Баярцэцэг манай гэрээр орж гарч явдаг байсан нэг мэдэхэд гэр бүлийн харилцаатай болж 2008 оны

12 дугаар сард хүүхэдтэй болсон. Түүнээс биш  хайр сэтгэлийн улмаас танилцаагүй, хүнээр дамжуулж танилцсан болохоор сэтгэлтэй байгаагүй. Хайртай хүн рүү гээ явдаг юм билээ. Ингээд Х.Нэргүйтэй танилцсан, 2 өрөө байраа 2008 оны 6 дугаар сард зарсан. Уг зарсан байраа 1 жилийн 3 000 000 төгрөгөөр түрээсэлж суугаад үлдсэн мөнгөөрөө 19 дүгээр байранд 1 өрөө байр худалдаж авсан. Энэ хөрөнгө бол 2 өнчин охин, талийгч, бид дөрвийн хувиарт хөрөнгө, өөр бусдын ямар ч эд хөрөнгө байхгүй. О.Баярцэцэгээс нэг ч төгрөг ороогүй. 19 дүгээр байраа өргөтгөж ресторан болгосон байсан ашиг орлого байхгүй байсан учраас 100 000 000 төгрөгөөр зарсан. Тэр үед О.Баярцэцэгтэй хамтарч Хаан банкнаас 10 000 000 төгрөгийн зээл авсан. Энэ зээлийг хэн хаасан талаар баримт хэрэгт байгаа, бүгдийг би өөрөө хаасан. Зээлийн төлбөрөө төлж чадахгүй байсан учраас 19 дүгээр байрны 1 өрөө байраа зарж уг зээлийг би хааж үлдсэн мөнгөөрөө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин хотхон 83 тоот байрны 6 өрөө байшин, газрыг 2011 оны 7 дугаар сарын 7-ны өдөр төрсөн ахаасаа худалдаж авсан. Тэр үед 15 дугаар хороо гэж байсан. 2013 оны 6 дугаар сард шинэ хаяг хийж 2 хороо болгож хуваагаад манайх 30 дугаар хороо болж хаяг өөрчлөгдсөн. 6 өрөөтэй байр авч үлдсэн мөнгөөрөө өргөтгөл хийж 5 өрөө нэмж барьсан. Тэр үед О.Баярцэцэгийн хөрөнгө оруулалт болон хөдөлмөр сэтгэл зүтгэл аль аль нь байгаагүй. Багшийн ажлаа хийгээд хүүхдээ асраад явж байсан. Үүнийг гэрчлэх хүн олон байгаа, энэ бүгдийг нотлох баримтууд бүгд хэрэгт авагдсан. Талийгч эхнэрийн нэр дээр байсан 30 хэдэн сая төрөг болон охин Б.Анударийн нэр байсан 29 000 000 төгрөгийн баримт хэрэгт авагдсан. Эдгээр баримт нь 2006 онд авсан баримт байгаа. Иймд миний 2 өнчин охин бид гурвын 100 хувь хувиарт хөрөнгө юм. Хүн сэтгэл санаа нийлсэн хүнтэйгээ амьдарч болдог юм байна. О.Баярцэцэг миний 2 өнчин охинд хатуу ханддаг, зөв хүн болгож хүмүүжүүлэх талаас хандадгүй байсан. Голдон паркад хөлсөлж амьдарч байсан байрнаас эцгээсээ мөнгө авч ир гэж өвлийн хүйтэнд 2 удаа хөөж явуулсан байсан. Энэ талаар тайлбараа бичиж өгсөн. Гэрлэлт цуцлах асуудлыг 2011 оноос энэ хүнд хэлсэн ч надаас салахгүй явсаар өнөөдрийг хүрч байна. Иймд гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Надад олон өр зээл байгаа, 25 000 000 төгрөгийг зээлж эхнэр Х.Нэргүйтэй хамт Хас банкнаас авсан, “АБТС” ББСБ-аас 45 000 000 төгрөгийг эхнэр Х.Нэргүйтэй зээлж авсан. Дүү Цэндсүрэнгээс зээлсэн 23 000 000 төгрөгийг 25 000 000 төгрөг болгож өгнө гээд зээл авсан, уг зээл өр болсон. Нийт 80 000 000 төгрөгийн өртэй байна. 2 хүүхдэдээ тэтгэлэг тогтооно, хүүхдүүдийг ээжийнх нь асрамжинд үлдээнэ. О.Баярцэцэгийн нэхэмжилж байгаа хашаа байшин “АБТС” ББСБ-т 45 000 000 төгрөгийн барьцаанд хураагдаж битүүмжлэгдсэн. Нийт өр 90 000 000 төгрөг болсон зээлээ төлөх боломжгүй болсон. Би өөрийн байранд амьдраагүй, өөрийн ажилладаг аж ахуй нэгжийн хажуу буланд 8 хүүхэдтэйгээ 10 ам бүл, орон байргүй, хэзээ гудамжинд гарахаа мэдэхгүй амьдарч байна. О.Баярцэцэгт өөрийн боломжоор мөнгө өгч орон байр түрээслүүлж, 800 000, 200 000 төгрөгийн барьцаатай, 600 000 төгрөгийн байр, 200 000 төгрөгийн барьцаатай 400 000 төгрөгийн байр, 350 000 төгрөгийн гэх мэт олон байр түрээсэлж мөнгийг нь зөвхөн би өөрөө гаргаж өгч байсан. Байр түрээслээд зогсохгүй хүүхдийн хэрэглээ хоол хүнс, хэзээ мөнгө нэхнэ тэр бүгдийг өгч байсан. Муу санаа гаргаж дансандаа хийж яваагүй ч энэ талаар дэвтэр дээр данс хөтөлсөн. 1 дүгээр хороололд ресторанаа зараад 2 хонож байхад О.Баярцэцэг манай эгч 5 000 000 төгрөг 5 хувийн хүүтэй зээлээ ч гэж байна гэж дахин дахин гуйж, эгчид нь би зээлүүлсэн. Энэ бүгдийг тооцож үзэхэд миний өгсөн мөнгө 26, 27 сая төгрөг болсон. Гэтэл би орон байраа өгөхөд харамсалтай байна. Боломжтой үедээ чадлынхаа хирээр харж үзэж явсан, одоо надад юу ч байхгүй, миний эдгээр эд хөрөнгө бүгд хураагдана. Үлдэх юм байвал хүүхдээ бодоод хувааж болно гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч О.Баярцэцэг хариуцагч Б. Бямбажавт холбогдуулан гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын хөрөнгө хуваах тухай нэхэмжлэлийг гаргасан ба доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

1. Б.Бямбажав, О.Баярцэцэг  нар нь 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болж 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэрлэлтээ  бүртгүүлсэн,  2008 оны 12 дугаар сарын 03-ны өдөр охин Б.Анунгоо, 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүү Б.Анандыг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 0000869032 Г-494 тоот  0236329 тоот төрсний гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд  гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ”, 14.5-т “ Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно”, 14.6-д “Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заажээ.

Б.Бямбажав, О.Баярцэцэг  нар нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, эвлэрэх боломжгүй гэж тайлбарласан,  хариуцагч нь өөр хүнтэй хамтын амьдралтай болсон нь тэдний тайлбараар тогтоогдсон тул  гэрлэлтийг цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Б.Бямбажав, О.Баярцэцэг нарын хороонд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч ажиллагаа амжилтгүй болж 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болгосон байгаа болно.

2.Гэрлэгчид хүүхдийг хэний асрамжийн талаар маргаантай байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  харилцан тохиролцсон тул 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Б.Анунгоо, 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.Анандыг нарыг эх О.Баярцэцэгийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

3.Нэхэмжлэгч нь охин Б.Анунгоогийн тэтгэлгийг сар бүр, хүү Б.Анандын тэтгэлэгт  нэг удаа 25 585 200 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Хариуцагч Б.Бямбажав нь би нэг удаа төлж чадахгүй, харин хуулийн дагуу сар бүр тэтгэлэг төлнө гэж маргаж байна.

Нэхэмжлэгч О.Баярцэцэг нь охин Б.Анунгоогийн тэтгэлгийг сар бүрээр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн хэмжээгээр татгалзсан тул Б.Бямбажаваас гаргуулан шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь “хүү Б.Анандын тэтгэлгийг  нэг удаа 25 585 200 төгрөгийг одоогийн амьжиргааны доод түвшингийн 50 хувийг 11 нас хүртэл нь, 11-16 нас, суралцаж байвал 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тооцож гаргасан” гэж тайлбарласан.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1-т хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сард нэг хүүхдэд тогтоохоор, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.2-т тэтгэлгийг мөнгөн болон эд хөрөнгө хэлбэрээр, 41.2.1-т сар, улирал, хагас жил, жил гэсэн хугацаагаар олгож  болохоор заасан байна

Нэхэмжлэгчийн хүү Б.Анандын тэтгэлгийн  нэг удаа 25 585 200 төгрөгийг одоогийн амьжиргааны доод түвшингийн 50 хувийг 11 нас хүртэл нь, 11-16 нас, суралцаж байвал 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тооцож гаргасан” гэсэн тайлбарыг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байгаа, мөн цаашид гарах амьжиргааны түвшинг ямар дүнгээр, яаж тооцсон нь ойлгомжгүй байгаа тул нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Харин хариуцагчийн зөвшөөрсний дагуу хуульд зааснаар хүүхдийн тэтгэлгийг эцэг Б.Бямбажаваас гаргуулан шийдвэрлэв.

4. Гэр бүлийн тухай хуулийн 20 дугаар үйлийн 20.1-д “гэр бүлийн эд хөрөнгийн харилцааг Иргэний хуулиар зохицуулна” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, хилчин хотхоны 83 тоотын газар, орон сууцыг гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тул ногдох хэсгийг тодорхойлж, хуваах тухай шаардлага гаргасан.

Хариуцагч Б.Бямбажав нь “энэ үл хөдлөх эд хөрөнгө бол миний хуваарьт өмч, миний өмнөх эхнэр нас барсан, миний 2 хүүхдийн хөрөнгө”  гэж тайлбарлаад шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж байна.

Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-т “Гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ”, 126 дугаар зүйлийн 126.1-т “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн”,  126.2.4-т “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна” гэж заажээ.

Б.Бямбажав, О.Баярцэцэг  нар нь 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болж 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэрлэлтээ  бүртгүүлсэн,  Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, хилчин хотхоны 83 тоотын газар, орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2011 оны 7 дугаар сарын 07-ны өдөр  авсан болох нь зохигчийн тайлбар, газар болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна

Хариуцагч нь энэ газар, орон сууцыг би худалдаж аваад 2011 оны 7 дугаар сарын 07-нд гэрчилгээ авсан, эхлээд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо хилчин хотхон, 83 тоот байсан, дараа нь 2013 оны 6 дугаар сарын 19-нд  30 дугаар хороо болж хороо нь өөрчлөгдсөн, өмнөх эхнэрийн хамт бий болгосон үл хөдлөх эд хөрөнгөө зарж би худалдаж авсан хуваарьт өмч гэж маргаж байгаа боловч энэ тайлбарыг хүлээн авах боломжгүй байгаа болно

Иймд Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо хилчин хотхон, 83 тоотын газар, орон сууц нь Б.Бямбажавын нэр дээр байгаа боловч гэрлэгчид хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгө байх тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар дээрх газар, орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэхээр байна..

Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо хилчин хотхон, 83 тоотын газар, орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэн Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.6-д зааснаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2016  оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШЗ2016/09552 дугаар шүүгчийн захирамжаар шинжээч томилж /хх-150 тал/ шинжээч 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 585 тоот дүгнэлтээр /хх-170 тал/ гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо хилчин хотхон, 83 тоотын газар, орон сууцыг 75 500 000 төгрөгөөр үнэлжээ. Иймээс Б.Бямбажав, О.Баярцэцэг, тэдний охин Б.Анунгоо, хүү Б.Ананд, Б.Бямбажавын охин Б.Анударь, Б.Анар, нийт 6 хувааж /75 500 000 төгрөг:6/ нэг гишүүнд 12 583 333 төгрөг ногдож байна. Үүнээс охин Б.Анунгоо, хүү Б.Анандыг эх О.Баярцэцэг  асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул 3 гишүүнд ногдох хувь буюу /12 583 333 төгрөг* 3/ 37 749 999 төгрөгийг олгож шийдвэрлэх үндэслэлтэй. Гэхдээ гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4-т зааснаар үндэслэн тэдний эд хөрөнгийг бий болгоход оруулсан хөдөлмөрийн оролцоо, хөрөнгийн хэмжээг харгалзан 37 749 999 төгрөгнөөс 30 хувь буюу 11 324 999 төгрөгөөр багасгаж 26 425 000 төгрөгийг Б.Бямбажаваас гаргуулан О.Баярцэцэгт олгож шийдвэрлэв.

Хариуцагч нь “маргаж байгаа газар, орон сууц нь банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа”, хариуцагчийн өмгөөлөгч Наранцэцэг нь “хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэн хуваавал гэрлэлтийн баталгаатай үедээ зээлсэн мөнгө, үүссэн өрийг бас хуваах ёстой” гэж тус тус тайлбарласан. Гэвч хариуцагч нь  сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул хүлээн авах боломжгүй ба энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болно.

Хариуцагч нь хэргийн 157-160, 191-205, 239 дугаар талд байгаа баримтуудыг өөрөө бусдад төлөх өртэй,  газар, орон сууцыг битүүмжилсэн гэдгийг нотлох баримт гэж шүүхэд ирүүлсэн гэж тайлбарласан ба сөрөг нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй тул энэ баримтуудад дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

Мөн хариуцагч нь “ би О.Баярцэцэгт 20 гаруй сая төгрөг өгсөн, бас эгчид нь 5 000 000 төгрөг өгсөн” гэж тайлбарласан боловч нотолсон баримтгүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул шийдвэрлэх боломжгүй ба жич шийдвэрлүүлэх эрхтэй.

Хариуцагчийн өмгөөлөгч Наранцэцэг нь “шинжээч газар, орон сууцыг хоёуланг нь үнэлээгүй” гэж тайлбарласан боловч 585 тоот шинжээчийн дүгнэлтэд газар, орон сууцыг нийт нь үнэлсэн байх ба хариуцагч, түүний өмгөөлөгч шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагчийн өмгөөлөгчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                  

 

ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигон овогт Отгоны Баярцэцэг, Сартуул овогт Балжиннямын Бямбажав нарын гэрлэлтийг цуцалсугай.    

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Б.Анунгоо, 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.Анандыг нарыг эх О.Баярцэцэгийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Нэхэмжлэгч О.Баярцэцэг нь охин Б.Анунгоогийн тэтгэлгийг сар бүрээр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.Анандыг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, түүнийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.Бямбажаваар тэжээн тэтгүүлсүгэй.    

 

5.Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.4, 129.6-д зааснаар хариуцагч Б.Бямбажаваас 26 425 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Баярцэцэгт олгосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

7.Хариуцагч нь өөрт учирсан хохирлоо О.Баярцэцэгээс нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ОЮУНЧИМЭГ