Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 1012

 

 

 

 

 

 

  2019          12         12                                         2019/ШЦТ/1012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

Шүүгдэгч: Д.П-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.П-ид холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905044141268 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.П-,  1969 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, группд байдаг, ам бүл 5, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт .... тоот регистртэй,

Шүүгдэгч Д.П-нь “...” ХХК-д харуулаар ажиллаж байх үедээ 2019 оны 10 дугаар сарын 29-ноос 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-н эзэмшлийн хашаанаас итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 67 ширхэг штанг төмөр завшиж 4.833.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.П-ийн шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...гэв.

Хохирогчийн төлөөлөгч Д.М- мөрдөн байцаалтад өгсөн: “...Тог тасарч камер ажиллахгүй үеийг ашиглаж манай байгууллагын хашаанд өрөөд тавьчихсан байсан өрөмний штангаас авчихсан байсан. Энэ талаар байгууллагын нярав Г.С-нь 10 дугаар сарын 31-ний өдөр надад өрөмний штангууд алдагдсан байна гэж хэлэхээр нь 10 дугаар сарын 27-ны өдөр тог тасрах үед алдагдсан юм шиг болоод явчихаар нь цагдаад дуудлага өгсөн....П- залгаад мэдүүлэг өгөхийн өмнө намайг уучлаарай би группэд байдаг мөнгөний хэрэг гараад тэр төмөрнүүдийг тог тасарсан 10 дугаар сарын 27-ны өдөр авсан гэж хэлсэн....Манай байгууллага П-оос нийт 67 ширхэг өрөмний штангыг буцаан авсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 28/,

Гэрч Г.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би өөрийн ажил дээрээ байж байсан юм. Тэгээд ажлын хашаан дотор өрөөтэй байсан штанг /өрөмний төмөр/ нь дутуу юм шиг харагдаад байхаар нь тоолж үзэхэд нэлээдгүй дутуу байсан. Яг хэд алдагдсан гэдгийг мэдэхгүй байна. Манай байгууллагаас маргааш тооллого хийхээр хэдэн штанг алга болсон талаар мэдэгдэх байх. Манай байгууллагын ажилтан П- авсан юм шиг байна. Түрүүнд сууж байхдаа надад би үнэнээ хэлье штангуудыг авсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 7/,

Гэрч Ж.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “..... ХХК-нд ээлжийн манаач ажилтай. Манай компанид М-, П- тэгээд би гээд 3 манаач байдаг. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 07 цаг 35 минутад ажлаасаа буусан миний ээлжийг М- гэх хүн авсан. Би 2019 оны 10 дугаар сарын 30-ны өглөө 07 цаг 30 минут өнгөрөөд П- гэх хүнээс ээлжээ хүлээн авсан миний ээлж дээр хулгай гараагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 8/,

Гэрч Ч.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ээлжийг Жүгдэр ахаас авсан ба тухайн үедээ харуулын байрны ард байсан төмөрнүүдийг анзаараагүй. 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр П-ид ээлжийг хүлэ... өгсөн. Энэ бүх хугацаанд байгууллагын зүгээс ямар нэг зүйл алдсан тухай юм яриагүй. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ээлж хүлээн авахад байгууллагын дарга нар 10 цагийн үед харуулын байрны ард байсан төмөрнүүдээс дутсан буюу алдагдсан байна гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 10/,

Яллагдагчаар Д.П-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...сонсгож буй ...ялыг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-ны өдөр шилжих шөнө ... ХХК-ны хашаанд харуулаар гарч байсан. ...12 цагаас 03 цагийн хооронд тог тасарсан би тэр үеэр харуулын байрны ард хэсэгт байсан зэвтэй Өрмийн төмөр гэх нэртэй хуучин төмөрнөөс 67 ширхэг төмрийг аваад гудамжинд цэнхэр өнгийн портер машин явж байхаар нь 50.000 төгрөгөөр хөлслөөд төмрөө ачаад Моносын уулзвар өнгөрөөд байдаг нэрийг нь сайн санахгүй байна төмөр авдаг газар өгөхөд 2 тонн болсон үнэ 500.000 төгрөг болсон” гэсэн мэдүүлэг /хх-н 50-51/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 2, 4-6/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 21-40, 55-62/, хохирогчийн хүсэлт /хх-н 41, 65/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 43-45/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.П-нь “...” ХХК-д харуулаар ажиллаж байх үедээ 2019 оны 10 дугаар сарын 29-ноос 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-н эзэмшлийн хашаанаас итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 67 ширхэг штанг төмөр завшиж 4.833.600 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн төлөөлөгч Д.М-: “...Тог тасарч камер ажиллахгүй үеийг ашиглаж манай байгууллагын хашаанд өрөөд тавьчихсан байсан өрөмний штангаас авчихсан байсан. ...П- залгаад мэдүүлэг өгөхийн өмнө намайг уучлаарай би групп-д байдаг мөнгөний хэрэг гараад тэр төмөрнүүдийг тог тасарсан 10 дугаар сарын 27-ны өдөр авсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 28/, гэрч Г.С-ын: “...Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би өөрийн ажил дээрээ байж байсан юм. Тэгээд ажлын хашаан дотор өрөөтэй байсан штанг /өрөмний төмөр/ нь дутуу юм шиг харагдаад байхаар нь тоолж үзэхэд нэлээдгүй дутуу байсан. Яг хэд алдагдсан гэдгийг мэдэхгүй байна. ...Манай байгууллагын ажилтан П- авсан юм шиг байна. Түрүүнд сууж байхдаа надад би үнэнээ хэлье штангуудыг авсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 7/, гэрч Ж.Д-ын: “..... ХХК-нд ээлжийн манаач ажилтай. Манай компанид М-, П- тэгээд би гээд 3 манаач байдаг. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 07 цаг 35 минутад ажлаасаа буусан миний ээлжийг М- гэх хүн авсан. Би 2019 оны 10 дугаар сарын 30-ны өглөө 07 цаг 30 минут өнгөрөөд П- гэх хүнээс ээлжээ хүлээн авсан миний ээлж дээр хулгай гараагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 8/, гэрч Ч.М-ын: “...2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр П-ид ээлжийг хүлэ... өгсөн. Энэ бүх хугацаанд байгууллагын зүгээс ямар нэг зүйл алдсан тухай юм яриагүй. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ээлж хүлээн авахад байгууллагын дарга нар 10 цагийн үед харуулын байрны ард байсан төмөрнүүдээс дутсан буюу алдагдсан байна гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 10/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.П-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.П-нь ... ХХК-д харуулаар ажиллаж байхдаа тог тасарсаныг далимдуулан байгууллагын хашаанд байсан 67 ширхэг төмрийг завшиж 4.833.600 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогчийн төлөөлөгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирлоо бүрэн хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 65/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Д.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Д.П-ид шүүхээс оногдуулсан торгох ялыг 02 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.                                                              

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.П-ийг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-ийг 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Д.П-ид шүүхээс оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг 02 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.П-ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.ОТГОНБАЯР