Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 398

 
     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн тоотод байрлах “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн өөрийн байранд байрлах “******* *******” ХХК /рд:*******/-д холбогдох

Тээвэрлэлтийн гэрээний үүрэг 132,662,734 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.*******, хариуцагчийн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ “Манай компани ”******* *******” ХХК-тай 2015 оны 03-р сарын 20-ны өдөр манай компанитай тээвэрлэлтийн гэрээ байгуулж Бүгд Найрамдах Солонгос улсын Инчон боомтоос 20 тонн чингэлгийг 2,050 ам доллар, 40 тоннын чингэлгийг 3,500 ам доллар, өндөр 40 тоннын чингэлгийг  3,600 ам доллар, Бүгд Найрамдах Солонгос улсын Бусан боомтоос 20 тоннын чингэлгийг 1,970 ам доллар, ердийн 40 тоннын чингэлгийг 3,400 ам доллар, өндөр 40 тоннын чингэлгийг 3,500 ам доллараар тус тус Улаанбаатар хот хүртэл тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулахаар талууд харилцан тохиролцож гэрээнд зааснаар ачааг эцсийн хүргэх ******* ирэхээс өмнө хариуцагч тал нь ачаа тээврийн хөлсийг бүрэн төлсөн байхаар харилцан тохиролцсон боловч хариуцагч ******* ******* ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй гэрээний үүргээ зөрчсөн. Хариуцагч ******* ******* ХХК нь манай компаниар нийт 106,000 ам долларын үнэ бүхий 42 ширхэг чингэлгийг зуучлуулж тээвэрлүүлсэн бөгөөд 39,562 долларын үнэ бүхий 14 ширхэг чингэлгийн төлбөрийг төлсөн боловч 28 ширхэг чингэлгийн хөлс болох 66,438 ам долларыг төлөлгүй нэхэмжлэгч “Сео Жүүн Ложистикс *******” ХХК-ийг хохироож байна. Ингээд төлбөрөө төлөх талаар ******* ******* ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудтай уулзаж 2016 оны 01-р сарын 24-ний өдөр тооцоо нийлж, 16/1 акт үйлдсэн бөгөөд тус тооцоо нийлсэн актаар хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгч Сео Жүүн Ложистикс ******* ХХК-д 67,190 ам долларыг төлөхөө хүлээн зөвшөөрч баталгаажуулсан бөгөөд төлбөрөө график гаргаж төлөхөөр тохиролцсон боловч 752 ам доллларыг төлөөд үлдэгдэл 66,438 ам долларыг өнөөг хүртэл төлөөгүй байна. ... 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хоёр талын эрх бүхий нягтлан бодогч нар нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй, хураангүй бичилтээр нэг бүрчлэн тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд тус тооцоо нийлсэн актаар хариуцагч “******* *******” ХХК нь нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-нд нийт 66,438 ам долларын үлдэгдэл төлбөртэй болохоо хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Хариуцагчид дээрх төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, нэхэмжлэгч компанийг хохироож байна. ... Иймд хариуцагч “******* *******” ХХК-аас тээвэрлэлтийн гэрээний хөлс төлбөр 66,438 ам доллар буюу Монгол банкны вальютын ханшын нэхэмжлэл гарах өдрийн ханшаар тооцоход 132,662,734 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буруу ярьж байна. Яагаад гэвэл нэхэмжлэлийг тухайн гаргасан үеийн Монгол банкны ханшаар гаргадаггүй, Иргэний хуулийн 218.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан байна. Түүнээс биш нэхэмжлэл гаргах үеийн ханшаар бодно гэсэн ийм зүйл байдаггүй юм. Уг нь та өөрөө өмгөөлөгчөөр оролцож, “Сео жүүн ложистик монголиа” ХХК-ийн Солонгос хүн нь хуралдаа ирсэн бол зөв байх байсан юм. Яагаад гэвэл Агиймаагийн нөхөр нь Солонгос хүн байдаг. Энэ “Сео жүүн ложистик монголиа” компанийн эзэн нь Солонгос хүн байдаг. Эд нар хоорондоо ажил төрлийн холбоотой хүмүүс байгаагүй. Гэр бүлийн найз нөхдийн холбоотой хүмүүс байсан. Хоорондоо нийлж найзалж наргиж цэнгэдэг ийм хүмүүс байдаг. Агиймаа нь 4 хүүхэдтэй хүн. Нэхэмжлэл гаргахаас өмнөх нь эдний талын Солонгос найз нь ирж хамт идэж ууж наргиж байгаад явсан байсан. Тэгж байхдаа гарын үсэг зуруулсан гэж Агиймаа ярьдаг. Түүнээс гэрээ болон тооцоо нийлсэн акт дээр Агиймаа нь өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан зүйл байдаггүй. Иргэний хуулийн 413.1-т заасны дагуу тээвэр зуучлагчийг худалдааны зуучлагч гэж тайлбарладаг. Иргэний хуулийн 413 дугаар зүйлийг 410 дугаар зүйлтэй адилхан нэг зүйлчлэлээр зүйлчилдэг. Зуучлалын гэрээнд өөрөө тээвэрлэсэн юм шиг тээвэрлэлтийн зардлыг нэхээд байдгийг гайхаж байна. Тээвэр зуучлалын гэрээ чинь 413 дугаар зүйл чинь 410 дугаар зүйлээр зүйлчилдэг шүү. Иргэний хуулийн 410 дугаар зүйл чинь зөвхөн хоёр этгээдийг холбож өгөөд дундаас нь зуучилж өгснийхөө хөлс шагналыг авдаг. Түүнээс биш хэн нэгний өмнөөс тээвэрлэлтийн хариуцаад, зардлын нэхэх зүйл биш. Үүний цаана нь Төмөр замын компани байгаа. Эд нар зөвхөн зуучилж өгөөд, зуучилсныхаа мөнгийг авах ёстой байтал тээврийн зардал гэж нэхээд хууль бус зүйл хийж байна. Гэрээ болон тооцоо нийлсэн акт дээр Агиймаа нь өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй, нэхэмжлэгч Зуучлалын гэрээгээр өөрөө тээвэрлэсэн юм шиг тээвэрлэлтийн зардлыг нэхэж байгаа нь үндэслэлгүй байна, Иргэний хуулийн 410 дугаар зүйлд зааснаар зөвхөн хоёр этгээдийг холбож өгөөд дундаас нь зуучилж өгснийхөө хөлс шагналыг авдаг. Түүнээс биш хэн нэгний өмнөөс тээвэрлэлтийн хариуцаад, зардлын нэхэх зүйл биш, тээврийн зардал гэж нэхээд байгаа нь хууль бус. ... Нэхэмжлэгч нь юуг үндэслэж нэхээд байгаа нь тогтоогдохгүй байх ба гаалийн дагалдах бичгээр чингэлэг дотор ямар ачаа бараа байсан, хэдэн тонн бараа юм, хэдэн сарын хэдний өдөр илгээгч нь хэн, хүлээн авагч нь хэн юм, ийм дагалдах бичиг Солонгос талаас ирдэг. Ийм бичиг байхгүй байна. Тэгэхээр энэ нэхэмжлэл нотлогдохгүй байна. Сүүлд гэрээ нөхөж хийсэн ийм зүйлийг Агиймаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ийм олон жил найзалж итгэж явж байсан. Гэнэт ийм зүйл хийж байна. Ийм их мөнгө төгрөгийн өр гаргаж ирээд нэхэж байгаа нь та нарын нэхэх зүйл биш та нар чингэлгийн тээврийн зардлыг нэхэх эрхтэй этгээд нь биш тул нэхэмжлэгчээ зөв тодорхойлооч ээ гэж хэлмээр байна. Тооцоо нийлсэн гэх энэ баримтыг хэн дуртай компани нь өөрсдөө гарын үсэг зураад, шугамдаад хийсэн л баримт байна. Үнэхээр тийм бол нэхэмжилж байгаа юм бол зуучлалын онцгой гэрээ байдаг. Нэхэмжилж байгаа үнийн дүнгийн 2 хувиас хэтрэхгүй зуучлалын хөлсийг төлөхийг шаардах эрхтэй гэж хуулинд заасан байгаа. Иймд “******* ******* *******” ХХК нь нэхэмжлэх эрхтэй этгээд биш юм. “******* *******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах шаардлагагүй гэж үзэж байна.” гэжээ.     

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                     

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч “******* *******” ХХК-нд холбогдуулж тээвэрлэлтийн гэрээний үүрэг 66,438 ам доллар буюу 132,662,734 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... Хариуцагч “******* *******” ХХК нь манай компаниар нийт 106,000 ам долларын үнэ бүхий 42 ширхэг чингэлгийг зуучлуулж тээвэрлүүлсэн бөгөөд 39,562 долларын үнэ бүхий 14 ширхэг чингэлгийн төлбөрийг төлсөн боловч 28 ширхэг чингэлэг тээвэрлүүлсэний хөлс болох 66,438 ам долларыг төлөөгүй, төлбөрөө төлөх талаар ******* ******* ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудтай уулзаж 2016 оны 01-р сарын 24-ний өдөр тооцоо нийлж, 16/1 акт үйлдсэн бөгөөд тус тооцоо нийлсэн актаар хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгч Сео Жүүн Ложистикс ******* ХХК-д 67,190 ам долларыг төлөхөө хүлээн зөвшөөрч баталгаажуулсан бөгөөд төлбөрөө график гаргаж төлөхөөр тохиролцсон боловч 752 ам доллларыг төлөөд үлдэгдэл 66,438 ам долларыг өнөөг хүртэл төлөөгүй ... “ гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “ ... гэрээ болон тооцоо нийлсэн акт дээр Агиймаа нь өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй, нэхэмжлэгч Зуучлалын гэрээгээр өөрөө тээвэрлэсэн юм шиг тээвэрлэлтийн зардлыг нэхэж байгаа нь үндэслэлгүй байна, Иргэний хуулийн 410 дугаар зүйлд зааснаар зөвхөн хоёр этгээдийг холбож өгөөд дундаас нь зуучилж өгснийхөө хөлс шагналыг авдаг. Түүнээс биш хэн нэгний өмнөөс тээвэрлэлтийн хариуцаад, зардлын нэхэх зүйл биш, тээврийн зардал гэж нэхээд байгаа нь хууль бус. ... Нэхэмжлэгч нь юуг үндэслэж нэхээд байгаа нь тогтоогдохгүй байх ба гаалийн дагалдах бичгээр чингэлэг дотор ямар ачаа бараа байсан, хэдэн тонн бараа юм, хэдэн сарын хэдний өдөр илгээгч нь хэн, хүлээн авагч нь хэн юм, ийм дагалдах бичиг Солонгос талаас ирдэг. Ийм бичиг байхгүй байна. Тэгэхээр энэ нэхэмжлэл нотлогдохгүй байна ... “ гэж маргажээ.  

 

Шүүх хэргийг шүүх хуралдаанаар тал бүрээс нь хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК болон хариуцагч “******* *******” ХХК-уудын хооронд 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ачаа тээвэрлэлтийн гэрээг байгуулагдсан байх ба уг гэрээгээр тээврийн зуучлагч /нэхэмжлэгч/ нь үйлчлүүлэгч /хариуцагч/-ийн ачааг тээвэрлэхтэй холбоотой иж бүрэн зохион байгуулалтын болон хууль ёсны үйлчилгээг үйлчлүүлэгчид үзүүлэх, үйлчлүүлэгч нь ачаа тээврийн зуучлагчид хөлсийг төлөх, үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбоотой харилцааг зохицуулсан байна.  

 

Гэрээнд талууд төлбөр төлөх нөхцөл, ачаа хүлээлцэх нөхцөл, тээврийн хөлс, хугацаа зэргийг харилцан тохиролцож, гарын үсэг зурж, компанийн тамга, тэмдгийг дарж баталгаажуулжээ.

 

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа, гэрээгээр харилцан тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-д “аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд худалдах-худалдан авах, даатгал, тээвэр, эд хөрөнгө хөлслөх, эсхүл худалдааны бусад үйл ажиллагаанд зуучлал явуулж буй этгээд худалдааны зуучлагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ" гэж заасны дагуу худалдааны зуучлагчийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

Тодруулбал нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч “******* *******” ХХК-ийн ачааг БНСУ-ын Инчон болон Бусан боомтоос ачаа эцсийн хүргэх ******* Улаанбаатар хот хүртэл тээвэрлэхтэй холбоотой иж бүрэн зохион байгуулалтын болон хууль ёсны үйлчилгээг үзүүлж, зуучлах, хариуцагч нь хөлс төлөх үүргийг хүлээжээ.

 

Зохигч талуудын тайлбар, хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан “******* *******” ХХК-ийн төлбөрийн лист зэрэг баримтаар талууд нь 2014 оноос эхлэн хамтран ажиллаж байсан байх бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тооцоо нийлсэн акт №16/1 баримтаар 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хүртэл хугацааны төлбөрийн үлдэгдэл 67,190 ам.доллар болсон талаар, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тооцоо нийлсэн акт 16/2 баримтаар 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг дуусталх хугацааны төлбөрийн эцсийн үлдэгдэл 66,438 ам.доллар болсон талаар нэхэмжлэгч, хариуцагч тал тооцоо нийлж, гарын үсэг зурж, байгууллагын санхүүгийн тэмдэгийг дарсан байна.

 

Мөн хариуцагч “******* *******” ХХК-иас 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-нд үүссэн төлбөрийг төлөх талаар өөрийн саналыг илгээж байжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дээрх баримтуудыг үгүйсгэж “ ... Агиймаа захирал мэдээгүй гарын үсэг зурсан ... “ гэж байгаа боловч төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн, тооцоо нийлсэн дээрх баримтуудыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “ Энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр гэж үзнэ.” гэж заасны дагуу хариуцагч тал нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу нэхэмжлэгчид хөлс төлөхийг зөвшөөрч, энэ талаар хүсэл зоригоо хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн гэж үзнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана.” гэж, хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг байхаар тус тус заасан ба хариуцагч “******* *******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзал болон нэхэмжлэгчийн гаргасан дээрх баримтыг үгүйсгэсэн тайлбараа баримтаар нотолж чадаагүйн зэрэгцээ нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу БНСУ-аас ачаа хүлээж авснаа  баримтаар үгүйсгээгүй байна.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.”, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохиролоо арилгуулахаар шаардах эрхтэй.”, хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн үйлчилгээ, үйл ажиллагааныхаа хөлсийг шаардах эрхтэй, хариуцагч хүлээсэн үүргээ хууль, гэрээнд заасны дагуу төлөх үүрэгтэй юм.

 

Иймд шүүх төлбөрийн үлдэгдэл 66,438 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн албан ёсны ханш /66,438х1996.79/-аар тооцож 132,662,734 төгрөгийг хариуцагч “******* *******” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 219 дүгээр зүйлийн 219.1  дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “******* *******” ХХК-иас 132,662,734 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-нд олгосугай.  

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 821,300 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* *******” ХХК-иас тэмдэгтийн хураамж 821,300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-нд олгосугай.

           3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ЛХАГВАСҮРЭН