Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 102/2017/01910/И |
Дугаар | 001/ХТ2018/00419 |
Огноо | 2018-03-15 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2018/00419
Б.Б-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/02564 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2017/02425 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч Б.Б-н нэхэмжлэлтэй
Хариуцагч М-д холбогдох,
Урьд эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 7 751 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалангийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч нь 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б-1-69 тоот тушаалаар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, сургалт хариуцсан инженерээр томилогдож хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ажлаас халагдсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу адил чанарын албан тушаалд томилно гэсэн боловч өдийг хүртэл хүлээлгэж байгаад албан тушаалыг бууруулан Вагоны үйлчлэгчийн ажилд томилохоор санал хэлсэн. Өмнө эрхэлж байсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт хариуцсан инженерийн албан тушаалыг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б-1-99 тоот Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын даргын тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер, Сургалт хариуцсан инженер гэж 2 салгаж өөр өөр хүмүүсийг томилсон. Нэхэмжлэгч тус байгууллагад тасралтгүй 10 жил ажиллахдаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Нэхэмжлэгчид албан тушаал бууруулж томилох саналаа хариуцагч хэлэхдээ шүүхэд хандах хуулийн хугацааг өнгөрүүлж мэдэгдсэн.
Иймд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, дүйцэхүйц ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 7 751 000 төгрөг гаргуулах, мөн шагналт цалингаа нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт Зорчигч үйлчилгээний төв гэж нийт 5 нэгжийг хамарсан, 2000 орчим хүнийг ажлын байраар хангасан төв байсныг Замын даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А-71 тоот тушаалаар татан буулгаж, Зорчигч тээврийн албыг балансгүйгээр байгуулсан. Б.Баттулга нь 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зорчигч үйлчилгээний төв байгуулагдахад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, сургалт хариуцсан инженерээр ажилласан. Ингэхдээ зөвхөн салбар нэгжийн байцаагч нартаа зөвхөн сургалтын асуудлыг хариуцуулж байсан. Төвийг татан буулгаснаар шинээр зохион байгуулагдаж байгаа зорчигч үйлчилгээний албанд сургалт хариуцсан ажлын байр шаардлагагүй болсон. Өөрчлөн байгуулсан шинэ албаны бүтцэд ч ийм ажил албан тушаал байхгүй. Зорчигч үйлчилгээний төвийг татан буулгаснаар 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б1-ийн 122 дугаар тушаалаар Б.Баттулгатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, тушаалыг энэ өдрөө гардуулсан, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ажлыг хүлээж авсан. Б.Баттулга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлоо шүүхэд нэг сарын дотор гаргана гэсэн хугацааг хэтрүүлж 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд хандсан. Гомдлыг 2017 оны 05 дугаар сарын 07-ны дотор гаргах байтал шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь хууль зөрчсөн. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн шүүгчийн шийдвэр захирамж гараагүй. Шүүх ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг хэнтэй байгуулах тодорхойлох эрхэнд халдаж томилох шийдвэр гаргадаггүй. Хуулиар хөдөлмөрийн гэрээг байгуулах нь гэрээний талын асуудал. Нэхэмжлэлийн шаардлагаа өнөөдрийг хүртэл өөрчлөөгүй. Б.Баттулга нь Замын даргад мэргэжлийн ажлаар хангаж өгөөч гэсэн өргөдөл өгсөн бөгөөд төмөр замын мэргэжлийн хүн тул орон тоо гартал вагоны үйлчлэгчээр түр ажиллуулахаар шийдвэрлэсэн. Гэвч ажиллаагүй, хэрвээ томилсон ажил нь таалагдахгүй байгаа бол ажил олгогч энэ хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байх эрхтэй.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/02564 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэг, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдох урьд эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 7 751 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн Б.Б-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2017/02425 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/02564 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурджээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
...Нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй нэхэмжпэгч болон хариуцагчийн хооронд маргаагүй асуудлаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийсэн байх бөгөөд нэхэмжлэгч давж заалдах гомдолд энэ талаар гомдол гаргаагүй байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг анхан шатанд буцаасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана.”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, мөн зүйлийн 6.2-т “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ” мөн зүйлийн 6.3-т “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ” гэж тус тус заасныг зөрчсөн байна.
...Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт” гэж тодорхой заасан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд бичсэн тэр зүйлийн хүрээнд мэтгэлцээн явагдсан бөгөөд нэхэмжлэгч мэтгэлцээний хүрээг тодорхойлсон тэр хэмжээ хязгаарын хүрээнд мэтгэлцээн явагдсан байгааг давж заалдах шатны шүүх илт үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг буцаажээ.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Нэхэмжлэгч Б.Баттулга нь хариуцагч М-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 7 751 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах талаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Баттулга Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, сургалт хариуцсан инженерийн ажлаас халагджээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар аж ахун нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалж болдог.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан асуудлаар маргаан үүссэн буюу нэхэмжлэгч өөрийн ажиллаж байсан албан тушаалын орон тоо хасагдаагүй гэж үзэж байгаа тохиолдолд байгууллагын бүтцийн өөрчлөлтийн улмаас орон тоо хэрхэн цөөрсөн болох нь баримтаар тогтоогдсон байх учиртай. Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдал тогтоогдоогүй, улмаар маргааны эрх зүйн үндэслэлийн талаар дүгнэх боломжгүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-д заасан үндэслэлд нийцжээ.
Хэрэгт авагдсан зарим нотлох баримт хэлбэрийн шаардлага хангаагүй, нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл хоорондоо уялдаагүй байгаа, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар шүүх хангалттай бүрэн дүгнэлт хийгээгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын дүгнэлт хуульд нийцжээ.
Давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2017/02425 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН