Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 16

 

2017.3.21 ¹16

Ж.Батжаргал, Г.Лхагвасүрэн нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

226/2017/0016/Э

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

Шүүх хуралдаанд: 

Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга, 

Прокурор: П.Эрдэнэбаатар, /онлайнаар/

Хохирогчийн өмгөөлөгч: Д.Ганхуяг,

Хохирогч: С.Баяр-Ундарга, Ш.Мөнхгэрэл,

Ялтны өмгөөлөгч: Д.Гангантөгс, Х.Баатарбилэг, Д.Оюунбаатар, С.Нарангэрэл,

Ялтан: Ж.Батжаргал нар оролцов. 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Т.Болормаа даргалж, шүүгч С.Байгальмаа, М.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтны өмгөөлөгч Д.Гангантөгс, Х.Баатарбилэг, Д.Оюунбаатар, нарын давж заалдах гомдлоор Ж.Батжаргал, Г.Лхагвасүрэн нарт холбогдох эрүүгийн 201623010048 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Бүрэнхаан суманд 1979 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Баянмөнх сумын 4 дүгээр баг, Бүрдийн 1 дүгээр гудамж 03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 10 тоот  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 -т зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, тус аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 81 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 24 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан гэх Хүйцэрлэг овогт Жамъяншадавын Батжаргал /РД: СГ79040610/

Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Баянмөнх суманд 1980 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар баг “Хонгор” гэх газар нутагладаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх  Ямаан хачит овогт Гомбожавын Лхагвасүрэн. /РД: СГ80112811/ 

Ж.Батжаргал нь 2016 оны 8 дугаар сарын 25-ны шөнө Хэнтий аймгийн Баянмөнх сумын төв “Оч” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.Ууганбаатартай маргалдан танхайн сэдэлтээр түүнийг зодож, биед нь гавал тархины битүү гэмтэл учруулж, хүнийг санаатай алсан,

Г.Лхагвасүрэн нь 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын 4 дүгээр баг Хэрлэн голын урд эрэг /нутгийнхны хэлж заншсанаар ус авдаг/ гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж Ш.Ууганбаатарын нүүрэн тус хэсэгт зулгаралт үүсгэж, зүүн нүдний дотор хэсэгт гүн зүсэх зэрэг хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Хүйцэрлэг овогт Жамъяншадавын Батжаргалыг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ямаан хачит овогт Гомбожавын Лхагвасүрэнг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Хүйцэрлэг овогт Жамъяншадавын Батжаргалыг 18 /арван найм/ жилийн хорих ялаар, шүүгдэгч Ямаан хачит овогт Гомбожавын Лхагвасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 /таван/ жил 3 / гурван/ сарын хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5, 52.6, 52.10 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Хүйцэрлэг овогт Жамъяншадавын Батжаргалд оногдуулсан 18 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, шүүгдэгч  Ямаан хачит овогт Гомбожавын Лхагвасүрэнд оногдуулсан 5 жил 3 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59-р зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Батжаргал, Г.Лхагвасүрэн нарын цагдан хоригдсон 143 хоногийг ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88-р зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар Оч караоке баарнаас эд мөрийн баримтаар хураан авсан хар өнгийн DVR буюу хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжийг “Оч” баарны эзэн Ш.Сарангоод буцаан олгож, уг хэргийг хадгалах хугацаа дуустал 3 ширхэг СD дискийг хавтаст хэрэгт хавсарган хадгалах, шар өнгийн түшлэгтэй модон сандал 1 ширхэг, “Ерөөл” нэртэй 0.75 литрийн архины шил 2 ширхэг, “Улаанбаатар” нэртэй 0.75 литрийн архины шил 1 ширхэг, “Арвай” нэртэй 0.5 литрийн архины шил 1 ширхэг, “Сэнгүр” нэртэй пивоны лааз 1 ширхэг, “Кока кола” нэртэй 2 литрийн ундааны бөглөөгүй хуванцар 1 ширхэг, “Сэрүүн” нэртэй 2,5 литрийн ногоон өнгөтэй, хүзүүг нь тайрсан бөглөөгүй хуванцар сав 1 ширхэг, “Ерөөл” нэртэй архины шилний  хагархайнууд, Улаан өнгийн, хар хөндлөн судалтай богино ханцуйтай футволк 1 ширхэг, “Mizuno” гэсэн бичигтэй хөх өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, “Miami Heat” гэсэн бичигтэй цагаан, цэнхэр өнгийн канттай хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар өнгийн 40 размерийн богино түрүүтэй спорт гутал 1 хос, хар ногоон өнгийн 1 хос оймс 1 ширхэг, “Diesel” гэсэн бичигтэй хар өнгийн богино куртик 1 ширхэг, 25 см урттай шаргал өнгийн бариултай хутга 1 ширхэг, саарал өнгийн саравчтай малгай 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Батжаргалаас 14.515.550 төгрөгийг гаргуулж хохирогч С.Баяр-Ундарга, Ш.Мөнхгэрэл нарт олгож, шүүгдэгч Г.Лхагвасүрэн нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч  Д.Оюунбаатар, Х.Баатарбилэг нар нь давж заалдах гомдолдоо: ... Талийгаач Ш.Ууганбаатар нь 2016 оны 8 дугаар сарын 25-ны 23 цагийг орчимд Баянмөнх сумын 4-р багийн нутагт байрлах ‘’Оч’’ бааранд Ж.Батжаргалтай маргалдаж, зодолдоод найз Т.Ганбаатартайгаа тус баарнаас гарч, өөрөө машинаа жолоодон явсан байдаг бөгөөд бааранд болсон маргааны дараа талийгаачийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүйг гэрчүүд нотолдог. Харин 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Хэрлэн голын урд эрэг дээр Г.Лхагвасүрэнд зодуулж ухаан алдан тус сумын эмнэлэгт хүргэгдэж ухаан орохгүй байсаар байгаад нас барсан нь  2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Г.Лхагвасүрэнд зодуулсаны улмаас талийгаач нь гавал тархины битүү гэмтэл авсан байх магадлалтай байгаа юм. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад мөрдөн байцаагчийн гэрчүүдээс авсан мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй,  зарим нэг гэрчээс хоёр удаа байцаалт авсан боловч мөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй  нь тухайн нотлох баримт үнэн зөв эсэхэд эргэлзээтэй байхад мэдүүлгүүдийн зөрүүг гаргаагүй, зарим шаардлагатай гэрчүүдээс огт байцаалт аваагүй, хэргийн болсон байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй, маршрут дутуу шалгасан, хэрэгт шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтүүдийг яллагдагч нарт танилцуулж, гарын үсэг зуруулаагүй, зарим тогтоол дүгнэлтүүдийг яллагдагч Г.Лхагвасүрэнд танилцуулаад яллагдагч Ж.Батжаргалд танилцуулаагүй хуульд заасан эрхийг нь хангаагүй, 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хэрлэн голын урд эрэгт хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “... Ерөөл архины шинэ шилний хагархайнууд...”,... цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хөрснөөс 2 уутанд шинжилгээнд дээж болгон авсан хоёр хэсэг шороо...” зэргийг хураан авсан гэж тэмдэглэсэн боловч эдгээр зүйлүүдэд шинжилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байхад шинжилгээ хийлгэхээр шинжээч томилоогүй, архины шил яагаад хагарсан талаар тодруулсан зүйл хэргийн материалд огт байхгүй, шинжилгээнд дээж болгон авсан гэх хоёр ууттай цус мэт зүйлсээр бохирлогдсон шороо хэрэгт эд мөрийн баримтаар авагдаагүй, алга болсон.  Эрүүгийн байцаан шийтгэх хуульд урьдаас хөтөлбөргүй үнэн гэсэн нотлох баримт байж болохгүй гэж заасан байхад мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Төгсбаяр нь Баянмөнх сумын 4-р багийн нутагт байрлах “Оч” баарны хяналтын камерийн 2016 оны 08 сарын 25, 26-ны өдрүүдэд бусадтай маргалдаж зодолдсон байхад мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Т.Энхбаяр нь шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоолын асуух хэсэгт “...Талийгаачийн үхэлд хүргэх болсон гэмтэл нь 2016 оны 08 дугаар сарын 25-ны оройны 23 цагийн орчимд үүссэн байж болох эсэх...” гэж асуулт тавьж хариулт авсан, талийгчийн үхэлд хүргэсэн гэмтэл нь 2016 оны 08 сарын 26-ны өдөр үүссэн байж болох эсэх талаар тодруулаагүй хэт нэг талыг баримталсан. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад өмгөөлөгч бидний зүгээс зарим шинжээчийн дүгнэлтүүдэд нэмэлт болон дахин шинжилгээ хийлгүүлэх тухай хүсэлтүүдийг мөрдөн байцаагч, прокурорт гаргасан боловч хүсэлт гаргахаас үндэслэлгүйгээр татгалзаж, бидний хуульд заасан эрхийг хангаагүй, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоогоогүй, мөрдөн байцаалтыг бүрэн, бодитой явуулаагүй гэмт хэрэг гарсан байдал бүрэн нотлогдоогүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад мөрдөн байцаагч, прокурор нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн.  Мөн бидний үйлчлүүлэгч, шүүгдэгч Ж.Батжаргал нь 2016 оны 8  дугаар сарын 25-ны оройн 23 цагийн орчимд Баянмөнх сумын “Оч” бааранд талийгаач Ш.Ууганбаатарыг үхэлд хүргэх гавал тархины битүү гэмтэл учруулсан эсэх нь нотлогдоогүй, танхайн сэдэлттэй гэх үндэслэлгүй байхад Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дах сум дундын шүүх нь шүүгдэгч Ж.Батжаргалыг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Лхагвасүрэнг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хорих ялаар тус тус шийтгэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01  дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж өгнө үү гэжээ.

Ялтны өмгөөлөгч Д.Гангантөгс нь давж заалдах гомдолдоо: ... Шинжээчийн 2016 оны 9 дүгээр14-ны өдрийн 18 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй , хэт нэг талыг барьж дүгнэлт гаргасан. Иймээс хавтаст хэргийн материалаар шүүх эмнэлэгийн шинжээч эмч нарын бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг гаргуулах саналтай байна. Талийгаачид үүссэн үхлийн гэмтлийг 8 сарын 25-ны оройн 23 цагийн орчимд үүссэн эсхүл 8 сар 26-ны үдээс хойш 13-17- минутын орчимд үүссэн, нэг бол 8 сарын 25-ны 23 цагаас өмнө үүссэн байж болох эдгээрийг нарийвчлан гаргах. Талийгаач өөрөө бусад руу дайрч байхдаа (согтуудаа) хий өшиглөж арагшаа савж унахдаа хэрэгт авагдсанаар бааранд хана мөргөж унасан, гол дээр бас арагшаа савж унасан үедээ үхлийн гэмтлүүд авсан байж болзошгүй. Үүнийг нарийвчлан шалгаагүй орхигдуулсан. Мөрдөн байцаалтын шатанд хэргийг шалгахдаа задлан хийснээс өмнө 24-48 цаг, нас барсан цагаас 24-48 цаг. Уг үхлийн гэмтлийн цагийг маш нарийвчлан тогтоох, шинжлэх ухааны үндэслэлүүдийг эргэлзээгүй гаргах шаардлагатай байсан. Талийгаачийн  их хэмжээгээр архи уусан байдал нь хордлого тайлах, эмчилгээний үед илэрсэн эд эрхтэний өөрчлөлт үхэлд хүргэж болох эсэх. Хордлого  тайлуулах болтлоо эмчилгээ хийлгүүлсэн талийгаачид гадны үүссэн гэмтлээс өөр тархи толгой, дотор эрхтэн, зүрх судсанд үхэлд хүргэх шалтгаан өвчин байгаа эсэхийг нарийвчлан тогтоож чадаагүй. Г.Лхагвасүрэн нь талийгаачийн хүзүү хоолойг боож нүүрэн тус газар нь гараараа хүчтэй цохисон үйлдлүүд нь амьсгал зүрх судасны дутагдалд оруулаад алчихсан юм биш үү гэсэн эргэлзээ төрж байна. Талийгаачид учирсан нүүрний гэмтлүүдээс гадна хувцасны гадна талын олон тооны урагдалтууд нь зодоон хэдий цаг минутын хугацаагаар үргэлжилснийг тогтоох шаардлагатай байна. Эмнэлэгт очиход өмдөндөө шээсэн байсан гэдэг. Энэ нь талийгаач Г.Лхагвасүрэнд хоолойгоо боолгуулснаас болж үүссэн байж болзошгүй юм. Уг үхлийн шалтгаан нөхцөлийг тогтоохдоо Ж.Батжаргалд талийгаачтай холбоотой субьектив санаа байгаа эсэхийг, хохирогчийн хувийн байдлыг нарийвчлан судалж, гэмт үйлдэл гарахад нөлөөлсөн нөлөөллийг, үхэлд хүргэх шалтгаанд согтолтын байдал хэрхэн нөлөөлснийг шалгаж тогтоогоогүй. Үхлийн гэмтлийг Ж.Батжаргал учруулсан гэж гэж үзвэл огт 1 минут ч хажуунаас нь холдоогүй Т.Ганбаатар яагаад эмнэлэгт болон ар гэрт нь холбогдож яаралтай зохих арга хэмжээ аваагүй юм. Маргааш нь талийгаачийг согтуугаар машин бариулж үргэлжлүүлэн архидуулж Г.Лхагвасүрэнтэй маргалдаж зодолдуулаад үхүүлчихэв. Задлан шинжилгээг талийгаачийн өвчний түүхээс үзэхэд нас бараад 12 цаг болсон байх боломжтой байна. Талийгаач 27-ны өдрийн үдээс хойш 17 цагт задлан хийсэн 27-ны өглөөний 05 цагт нас барсан. Талийгаач уг гэмтлийг 24 цагийн өмнө авсан байх боломжтой юм бол 26-ны 17 цагт эмнэлэгт ирсэн.  17 цаг 40 минут гээд цаг хугацааны асуудлыг шалгах. Гэрч Болдбаатарын мэдүүлэгт миний ард Ш.Ууганбаатар, Г.Лхагвасүрэн нар дээр доороо ороод зодолдож ноцолдоод байсан. Нэг харахад Лхагвасүрэн Ууганбаатарын дээр нь гарсан хоолойг нь өмсөж явсан улаан фудволкны захаар боож байсан. Тэгээд харахад Ууганбаатарын хамар амнаас цус гарсан байсан. Үхлийн шархыг өмнөх өдрийн бааранд авсан бол хүнтэй дээр доороо орон ноцолдох, цус нөжтэйгээ холилдон хутга гаргатал эсэргүүцэж тэнцэлдэх чадалтай байх уу? Мөрдөн байцаалтын ажиллагаа маш их дутуу хийгдсэн.  Гэрч нарын зөрүүтэй өгсөн мэдүүлгийн зөрүүг арилгаж чадаагүйгээс гадна 1-р хавтасны 8-9-р хуудсанд шинжээч Төгөлдөр зураг дарсан, уг дарсан зураг нь юуны талаар хэдэн кадр авсан нь тодорхойгүй.

1-р хавтас 17-р хуудсанд Батсайхан 24 кадр зураг авсан, уг 24 кадр зураг нь юуны зураг авсан тодорхойгүй, хавтаст хэрэгт дугаарлаагүй байна. 2-р хавтаст 110-112 хуудсанд хавтаст хэргийн материалтай уншиж танилцуулсан гарын үсгүүд зурагдаагүй. 1-р хавтас 4-р худсанд Хэргийн газрын үзлэгийн протоколд үзлэг хийсэн цаг хугацааг бичээгүй зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  заалтуудыг ноцтой зөрчсөн үйлдлүүдийг гаргасан байна. Шүүх хуралд хохирогч талаас нэхэмжилсэн мөнгөн дээр бодит ба бодит бус хохирлыг тооцож гаргалгүйгээр нийт дүнгээр нь хохирлыг тооцсон. Хавтаст хэрэгт зарим нэг нэхэмжилсэн зүйлүүд нь тамга тэмдэг гарын үсэг зурагдаагүй зүйл байсан. Үүнийг нарийн нягталж шалгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны гараагүй байх тул 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Ж.Батжаргал нь 2016 оны 8 дугаар сарын 25-ны шөнө Хэнтий аймгийн Баянмөнх сумын төв “Оч” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.Ууганбаатартай маргалдан танхайн сэдэлтээр түүнийг зодож, биед нь гавал тархины битүү гэмтэл учруулж, хүнийг санаатай алсан,

Г.Лхагвасүрэн нь 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын 4 дүгээр баг Хэрлэн голын урд эрэг /нутгийнхны хэлж заншсанаар ус авдаг/ гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж Ш.Ууганбаатарын нүүрэн тус хэсэгт зулгаралт үүсгэж, зүүн нүдний дотор хэсэгт гүн зүсэх зэрэг хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч С.Баяр-Ундаргын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн: ... Миний нөхөр 2016 оны 8 сарын 20-ны өдөр найз Билгээтэй хадлан хадахаар Сүхбаатар аймаг pyy явсан. ... Тэгтэл над руу цагдаагийн газраас Баянмөнх сумын эмнэлэгт Ш.Ууганбаатар ухаангүй хэвтэж байгаа талаар хэлсэн. Эмнэлэг дээр ирэхэд ухаангүй, нүүр ам нь зулгарсан байдалтай тархиндаа хүнд гэмтэлтэй, хувцасгүй хэвтэж байсан. Намайг эмчтэй нь уулзахад биеийн байдал хүнд, тархины гэмтлийн улмаас маш муу байна. Цаашдаа найдваргүй, одоохондоо зүрх нь сайн байгаа, цаашдаа амьсгал, зүрх нь суларна гэж хэлсэн. Миний нөхөр Ш.Ууганбаатар ямар ч өвчингүй эрүүл хүн байсан.  Манай ар гэрийн амьдрал ямар ч баталгаагүй болсон. Хүүхдүүд минь өнчрөөд хоцорлоо. Би маш их гомдолтой байна... гэх  

Хохирогч Ш.Мөнхгэрэлийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бид эцэг эхээсээ наймуулаа талийгаач долоо дахь хүүхэд. Миний төрсөн дүү эхнэр, долоон хүүхдийн хамт амьдардаг байсан. ...Талийгаачийг Баянмөнх сумын эмнэлэгт ухаангүй байна гэдгийг нь 2016 оны 08 сарын 26-ны орой мэдсэн. Маргааш өглөө үүрээр нас барсан гэдгийг эхнэр С.Баяр-Ундаргаас мэдсэн. Энэ хүмүүс бид нараас уучлал гуйгаагүй. Бид нартай ирж уулзаагүйд их гомдолтой байна. Оршуулгын зардалд 16.193.450 төгрөгийг нэхэмжилнэ. Шүүгдэгч Г.Лхагвасүрэнгийн эгч Азхүү уулзаж уучлал гуйсан. Бидэнд 5000000 төгрөгний мал өгөхөөр тохиролцож, бичиг баримт үйлдсэн. Г.Лхагвасүрэнд гомдолгүй... гэх

Гэрч Т.Ганбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн:  Анх талийгаачтай өөрийн хадлангийн гэрт 2016 оны 8 сарын 20-ны өдөр танилцаж байсан. ... талийгаач Ууганбаатар бид хоёр Энэбишийн дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн “Улаанбаатар” архи аваад “Оч” бааранд орж бармен хүүхнээс нь ганц шил архи уугаад гарья гэж гуйсан. Архиа хувааж уугаад талыг нь үлдээсэн. Том зааланд бид хоёроос өөр хүн байгаагүй. Гаднаас Ж.Батжаргал, Мөнх-Оргил хоёр орж ирсэн. Намайг ширээнд сууж байтал Батжаргал намайг “нааш ир” гээд дуудаж тэдний ширээнд суусан. Батжаргал баарнаас 0.75 литрийн “Ерөөл” архи авсан. Талийгаач гаднаас орж ирээд бид нарын сууж байсан ширээн дээр ирж суугаад, архи ууж байхад талийгаач Ж.Батжаргал хоёр үг шөргөөцөлдөөд хоорондоо маргалдсан. Би тэр хоёрыг хоорондоо битгий мууд гэж хэлж байсан. Тэгтэл талийгаачийг Батжаргал сууж байхдаа ширээн дээр байсан архины шилээр далайгаад цохиход талийгаач арагшаа болсон. Талийгаачийн цээжин хэсэгт нь цохих шиг харагдсан. Тэгэхээр нь би татаад “та нар одоо боль” гээд талийгаачийн хүзүүгээр нь тэврээд салгахад талийгаач толгой хүзүүгээ мултлахаар нь дахин барьж авах гэтэл баригдахгүй цаашаагаа мултраад яваад өгсөн. Тэр хоёр больцгоогоод дахин ширээн дээрээ суусан. Тэгээд л би согтчихсон юм. Нэг сэрэхэд Мөнх-Оргил Батжаргалын гараас нь татаад салгаж байсан. Талийгаач газар шалан дээр уначихсан байсан. Би Батжаргалыг хорьж салгасан. Тэгээд л больцгоогоод баарнаас гарсан. Батжаргалын эхнэр нь ирээд Ж.Батжаргалыг аваад явсан. Талийгаач бид хоёр Болдбаатарынд очсон. Машинаа талийгаач өөрөө бариад Болдбаатарын гэрт очиход эхнэр нь байсан. ... Ууганбаатар бид хоёр Болдбаатарын эхнэрээс хөнжил аваад Болдбаатарын  гадаа машиндаа унтсан. Машинд унтах гэж байхад талийгаач миний бөөр өвдөөд байна гэхээр нь эмнэлэгт үзүүлэх үү гэхэд гайгүй биздээ гэсэн болохоор нь тоогоогүй. Талийгаач /Ууганбаатар нь/ Батжаргалыг хэл амаар доромжлоод байсан. Батжаргалтай муудсаны дараа талийгаачийн биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Батжаргалтай муудахаас өмнө өөр хэнтэй ч муудаагүй. Маргааш өглөө нь буюу 2016 оны 8 сарын 26-ны өглөө 10 цагийн үед сэрээд Болдоогийнд орж цай уусан. Ууганбаатар бид хоёр Хэрлэн голын урд эрэг рүү Гандангийн зүүн хэсэгт очоод урьд нь худалдаж аваад машиныхаа хойно хийсэн байсан нэг шил 0.5 литрийн архиа хоёулаа хувааж yyxaap гол pyy явж байгаад Гомбожавын Лхагвасүрэн, Гомбожавын Лхагвадорж  буюу Бээвий, Төмөрпүрэвийн Болдбаатар нар  халамцуу тааралдсан. Би Хэрлэн голын эрэгт очингуутаа хувцсаа тайлаад зөвхөн турсиктэйгээ усанд орсон. Г.Лхагвасүрэн, Лхагвадорж, Болдбаатар нар 0.75 литрийн “Ерөөл” архи задалж бүгд хувааж уусан. Би голоос нүцгэн гарч ирээд архинаас нь ууж байгаад нэг хэсэг унтаад өгсөн байсан. Намайг унтаж байхад Г.Лхагвасүрэнгийн хүнтэй муудаад, хэрэлдээд, уурлаад байгаа, чанга, чанга дуугараад байсныг сонссон боловч яг сэрж чадахгүй байсан. Тэгээд нэг сэрсэн чинь Ууганбаатар дээшээ хараад, толгой нь хойд зүгт хараад хэвтэж байсан. Дэргэд нь Г.Лхагвасүрэн сууж байсан. Нөгөө хэд нь бас дэргэд нь тойроод архи уугаад сууцгааж байсан. Ууганбаатарыг харахад 2 нүдний хэсэг нь маск зүүсэн юм шиг цус болсон, зүүн нүдний доод зовхи нь зүсэгдсэн цус гарч байсан. Ууганбаатар хурхираад унтсан байдалтай, дуудахад сэрэхгүй байсан. Тэгээд би хувцсаа өмсөөд Болдбаатарт та нар яагаад манай найзыг зодож байгаа юм бэ, хэн ч гэсэн хүний нутагт явна шүү дээ гэж хэлээд yyp хүрээд нүүр рүү нь гараараа арагш нь түлхсэн. Тэгэхэд Болдбаатар танай найзыг чинь Лхагвасүрэн зодсон гэхээр нь би барьж авах гээд ухасхийхэд Лхагвасүрэн Хэрлэн голоос урагшаа гүйгээд  явчихсан. Би apaac нь хөөж байгаад  орхисон.  Бээвий буюу Лхагвадоржийг хэсэг хугацаагаар чирч байгаад орхисон. Ууганбаатарыг унтаад сэрэхгүй байхаар нь жаахан унтаад гайгүй болох байх гэж бодоод түр хугацаагаар хэвтээгээр нь байлгасан. Ууганбаатарыг дуудаад огт сэрэхгүй хурхираад унтаад байхаар нь машиных нь баруун гар талын урд дугуйны зүүн хэсэгт зүүн тийш харуулан суулгасан. Зулхүү ax хараад Ууганбаатар чинь ep нь болохгүй болчихсон байна, эмнэлэг дууд гэж хэлсэн. Зулхүү ax Баянмөнх сумын эмнэлэг рүү эхнэр Алтантуяа руу утсаар залгаад Хэрлэн голын эрэг дээр хүнд зодуулсан хүн сэрэхгүй байна гэж хэлсэн. Би Ш.Ууганбаатарын машиныг жолоодоод эмнэлэгт Зулхүү ax, Эрдэнэхуяг бид гурав хүргэж өгч Баатарчулуун эмчид үзүүлэхэд Ш.Ууганбаатарын биеийн байдлыг тархиндаа гэмтэл авчихсан хүнд байна. Еp нь л их муу байна гэж хэлсэн. Намайг эмнэлэгт байх хугацаанд Ууганбаатар огт ухаан ороогүй ... гэх1хх-42-46 х/

Гэрч Т.Болдбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: ... Хэрлэн голын урд эрэг дээр Лхагвасүрэн, Бээвэй буюу Лхагвадорж бид гурав архи ууж байхад Ганбаатар, Ууганбаатар хоёр халамцуу ирсэн. Бид нарын архинаас уусан.  Архи ууж байхад Ганбаатар түр унтсан. Талийгаач Ууганбаатар, Лхагвасүрэн нар хоорондоо хэрэлдэж маргалдаж эхэлсэн. Би Бээвий буюу Лхагвадоржтой өөд өөдөөсөө хараад юм яриад сууж байсан тул яг юунаас болж хэрэлдэж маргалдсаныг нь сайн мэдэхгүй байна. Намайг харахад Г.Лхагвасүрэн Ш.Ууганбаатар нар маргалдаж байснаа Лхагвасүрэн Ууганбаатарын зүүн хацар руу нь баруун гараараа 1 удаа хүчтэй цохисон, дээр доороо ороод зодолдож ноцолдоод байсан. Нэг харахад Лхагвасүрэн Ууганбаатарын дээр нь гарчихсан хоолойг нь өмсөж явсан улаан футволкны захаар боосон. Бээвий буюу Лхагвадорж бид хоёр салгасан. Ууганбаатарын хамар амнаас нь цус гарсан, зүүн нүдний доод хэсэгт нь шарх үүссэн, шархнаас нь цус гарч байсан. Тухайн үед Ууганбаатар юу ч дуугарахгүй, нүдээ аниад хэвтээд байсан. Би Лхагвасүрэнг Ууганбаатарын дээр нь сууж байхад нь apaac нь 2 суган доогуур нь гараа оруулаад цээжээр нь тэврээд арагш нь татаж босгосон. Лхагвасүрэнгийн баруун гарт нь цустай бугын эврээр хийсэн иштэй, хутга байсан. Лхагвасүрэнгийн хутгыг нь Лхагвадорж булааж аваад чанх хойд зүгт Хэрлэн гол pyy шидсэн. Лхагвасүрэн баруун гартаа цустай хутгаа барьчихсан зүүн гараараа хохирогч Ууганбаатарыг заамдсан байдалтай чамайг алчихъя гээд хохирогч pyy зүтгээд дайраад байхаар нь Лхагвадорж бид хоёр салгасан. ... Ганбаатар сэрээд манай найзыг хэн ингэж зодсон юм бэ гээд миний нүүр рүү гараараа арагш нь түлхсэн. Тэгэхээр нь би Ганбаатарт танай найзыг Лхагвасүрэн зодсон гэж хэлэхэд Ганбаатар Лхагвасүрэнд хандан чи яагаад зодож байгаа юм бэ. Хүний газар хэн ч ингэж явдаг юм гэж хэлээд Лхагвасүрэн рүү ухасхийхэд Лхагвасүрэн урагшаа зугатаасан. Ууганбаатар унтаад л байсан. Зулхүү Ууганбаатарыг хараад энэ хүнийг эмнэлэгт аваачиж үзүүлэх хэрэгтэй гэж хэлээд Эрдэнэхуяг, Хувь бор, Зулхүү нар явсан. Т.Ганбаатар “Прадо” машинтайгаа Эрдэнэхуягийн хамт ирээд Ш.Ууганбаатарыг сумын эмнэлэгт аваачаад өгчихлөө, ухаан орохгүй байна гэж хэлсэн гэх /1хх-48-52 х/

Гэрч Г.Лхагвадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 8 дугаар  сарын 26-ны өдөр 13 цагийн үед Лхагвасүрэн, Болдбаатар нартай Хэрлэн голын урд эрэгт очиж архи ууцгаасан. Ганбаатар архи ууж байснаа голын усанд ороод унтсан. Лхагвасүрэн ах, Болбаатар, үл таних залуу бид дөрвүүлээ архи ууж байхад ax Лхагвасүрэн, үл таних залуутай хоорондоо хэрэлдэж маргалдсан. Тэгээд хоёулаа босч ирээд ax Лхагвасүрэн Ууганбаатарын зүүн шанаанд нь баруун гараараа 1 удаа цохисон. Тэгээд тэр хоёр муудалцаад “Ланд” машины баруун урд хэсэгт очоод дээр доороо ороод ноцолдож зодолдсон. Болдбаатар бид хоёр очоод харахад Ууганбаатарын дээр нь Лхагвасүрэн гараад суучихсан хоолойг нь футволкоор нь зүүн гараараа боосон, баруун гартаа цагаан өнгийн бугын эвэрэн иштэй хутга барьчихсан, хутга нь цустай байсан. Лхагвасүрэн ах хутгаа өгөхгүй, одоо чамайг алчихья гээд дайраад байсан нь үнэн. Ууганбаатарын зүүн нүдний доод хэсэгт хутгалагдсан шархтай, шархнаас нь цус гарсан урагшаа толгойгоо харуулаад дээшээ хараад ухаангүй хэвтэж байсан. Болдбаатар ax Лхагвасүрэнг хойш нь арагшаа татсан. Би ахын баруун гартаа барьж байсан цустай хутгыг нь булааж аваад шидчихсэн. Энэ хутга бол ахын багажны xap цүнхэнд нь байдаг байсан. Ууганбаатарыг Болдбаатар ах ухаан алдчихсан байна гээд сэгсэрсэн. Голоос ус авчраад нүүрийг угаасан боловч сэрээгүй. Талийгаач Лхагвасүрэнг хэл амаар доромжилж хөдөөний мангар, малаас өөр юу мэддэг юм гээд тэр хоёр хоорондоо маргалдсан.  Анх талийгаачийн биед ямар нэг шарх, гэмтэл байгаагүй ... гэх

 Гэрч Ш.Солонгын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 8 сарын 25-ны шөнө “Оч” худалдааны төвийн бааранд барменаар 22 цагаас 24 цагийн хугацаанд түр зуур ажилласан. Тэр шөнө бааранд Т.Ганбаатар, Ж.Батжаргал, Мөнх-Оргил гэх манай сумын ax нар 23 цагийн үед орж ирээд баарны урд хананы баруун ширээнд суусан. Мөн нэг танихгүй саравчтай малгайтай ax байсан. Гэтэл гэнэт дуу чимээ гарахаар нь хартал Батжаргал ax хамт сууж байсан манай сумынх биш ахтай маргаж муудаж байсан. Би текний ард зогсож байтал хундага шалан дээр шидэгдэх чимээ гарахаар нь харахад архины хундага шалан дээр байж байсан. Тэгснээ талийгаач Ууганбаатар гэх залуу Батжаргал ax хоёр хоорондоо муудсан. Би текний араас холоос айгаад очоогүй. Тэгээд Сарангоо эгчийг гарч ирэх үед талийгаач ширээний apaap газар ойччихсон. Батжаргал ax дээр нь баарны сандал барьчихсан зогсож байсан. Тэгээд Сарангоо эгч гүйж очоод сандлыг нь булааж аваад заалны голд тавьсан. Би сандлыг нь холдуулаад ширээн доогуур тавьсан... гэх. /1хх-58-60х/

Гэрч Ш.Сарангоогийн мөрдөн байцаалтанд өгсөн:  Би Солонгоогийн хамт “Оч” төвийн баарыг ажиллуулж байсан. Гэтэл караокены зурагт гацсан гэхээр нь өрөөнд ороод байж байхад дүү Солонгоо хүмүүс маргалдаад байна гээд орж ирж хэлсэн. Тэгэхээр нь заал pyy гарахад баарны урд хананы баруун ширээнд сууж сайсан Батжаргал, бааранд Абаалай буюу Ганбаатартай 23 цaг болж байхад орж ирсэн. Тэгэхэд нэг танихгүй залуутай маргалдаж байсан. Ширээнд нь Бойроогийн Мөнх-Оргил бас салгаж байсан. Намайг өрөөнөөс гарч ирэхэд талийгаач Ууганбаатар ширээний зүүн хэсэгт шалан дээр дээшээ хараад хэвтчихсэн, дээрээс нь Батжаргал ширээний зүүн хэсгийн урд модон сандлыг 2 гараараа барьчихсан талийгаачийн дээрээс 2 удаа цохиж байсан. Тэгээд Мөнх-Оргил, Ганбаатар бид нар салгасан ... гэх /1хх-61-64 х/

Гэрч Б.Мөнх-Оргилын мөрдөн байцаалтанд өгсөн: Батжаргал бид хоёрыг “Оч” бааранд ороход Ганбаатар байсан. Ганбаатар, Батжаргал бид хоёртой нэг ширээнд суугаад архи задлаад гурвуулаа нэг нэг хундага уусан. Тэгээд Батжаргал Ганбаатар хоёр өвс хадах талаар хоорондоо ярьж байтал саарал саравчтай малгайтай танихгүй хүн ирээд юун өвс, тос яриад байгаа юм гэхэд Батжаргал энэ юун хүн юм бэ гэсэн. Тэгтэл талийгаач болсон залуу Батжаргалыг “чи яасан том юм бэ” гэсэн. Ганбаатар тэр хүнийг Батжаргалд энэ манай найз гэсэн. Анх орж ирэхдээ бид нар дээр их ууртай ирсэн. Батжаргал өөрийнхөө авсан дундуур архиа бариад босоод ирсэн. Тэгээд Батжаргал архиныхаа шилээр талийгаачийг цохиход талийгаач арагшаа болоод оногдоогүй. Тэгэхээр нь би Батжаргалыг болиулаад архийг нь тавиулаад суулгасан. Ганбаатар талийгаачийг хориод хоёр гараас нь бариад суулгасан. Талийгаачийг Ганбаатар хориод байхад босч ирээд Батжаргал pyy дайраад байсан. Тэгээд Батжаргал гэнэт сандал дээрээсээ босч ирээд талийгаачийн нүүр рүү цохьсон. Талийгаачийн зүүн талынх нь шанаа орчим цохисон. Талийгаач Батжаргал хоёр заамдалцаж аваад талийгаач урд хана pyy унаж баарны ханыг толгойгоороо мөргөсөн. Батжаргал талийгаачийн дээр нь унасан. Тэгээд талийгаачийн дээрээс Батжаргал босч ирээд баарны түшлэгтэй модон сандлыг аваад газар шалан дээр хоёр тогшсон. Тэгэхээр нь би Батжаргалын apaac нь татаад салгасан... гэх /1хх-73-75 х/

Гэрч Э.Баатарчулууны мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны  8 сарын 26-ны өдөр Ууганбаатарыг Ганбаатар, Ганхуяг, Лхагвасүрэн гэх хүмүүс машинтай авчирсан. Намайг үзлэг хийхэд ухаангүй байдалтай, хүүхэн xapaa нь өргөссөн, орчиндоо харьцаа байхгүй, тархи үхэжсэн, гүн амьсгалтай хурхирсан байдалтай байсан. Тэгээд эмнэлэгт оруулаад хүчилтөрөгч өгөөд тархины хаван бууруулах эмчилгээ хийсэн. Аймгийн гэмтлийн эмчийг дуудсан. Тэр хүнд гавал тархины битүү гэмтэл гэсэн онош тавьсан. Тархиндаа няцралттай гавлын дотор цус хуралттай тархи үхэжсэн гэсэн онош тавьсан. Талийгаачийн биед зүүн нүдний доод талд зүсэгдсэн шархтай тэр шархнаас цус гарч байсан. Талийгаачийг авчирсан хүмүүс нь манай найз гол дээр унтчихаад сэрэхгүй байна гэж хэлсэн. Талийгаач унтах биш ухаангүй болчихсон байсан ... гэх  /1хх-79-80х/  

Гэрч Ж.Ариунзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: Талийгаачийн биед их тархины баруун бөмбөлөгийн орой хэсгийн хатуу хальсан доорх цусан xypaa \14x10 см хэмжээтэй\, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт нүдний дотор хэсгийн гүн зүсэгдсэн шарх, духны баруун дээд хэсэг, баруун хөмсөгний гадна дээд хэсэг, духны зүүн дээд хэсэг, хамрын нуруу хэсэг, зүүн хацарын төв хэсэг, дээд уруулын дунд хэсэг, хүзүүний урд дунд хэсэг, доод эрүүний хажуу хэсгүүдийн зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины дотор хэсгийн цусан xypaa, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод, дунд хэсгийн зулгарсан шарх цээжний баруун доод хэсгийн зулгаралт, баруун зүүн бөөрний өөхөн эд болон чацархайн цус хуралт бүхий гэмтлүүд учирсан байна. Зүүн нүдний доод хэсэгт 2x0.1 ташуу зүсэгдсэн гүн шархтай, шархны дээд төгсгөл нь мохоо, доод төгсгөл нь хурц төгсгөлтэй шарх үүссэн ба энэ гэмтэл хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах ба хурц үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Энэ нь үхэлд нөлөөлөхгүй гэмтэл юм. Энэ гэмтлээс бусад гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь гавал тархины битүү хүнд гэмтэл буюу их тархины баруун бөмбөлөгийн орой хэсгийн хатуу хальсан доорх цусан xypaa, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт бүхий гэмтлийн улмаас тархи дарагдаж нас барсан. Дээрх гэмтэл хатуу мохоо буюу цохих, цохигдох мөргөгдөх, савах хүчин зүйлүүдийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хатуу хальсан доор үүссэн шинж байдлаас үндэслээд дээрх цусан xypaa нь биежсэн буюу бүлэглэсэн xap хүрэн өнгөтэй болсон учир энэ гэмтлийг аваад 24-48 цаг болсон байх боломжтой. Цус нь 6 цагаас дээш хугацаанд бүлэгнэдэг. 12-24 цагийн хугацаанд шингэн цус бүлэгнэсэн цус хоёр ижил хэмжээтэй байдаг. Энэ хүний хувьд шингэн цус байхгүй өнгө нь xap хүрэн өнгөтэй байсан учир уг гэмтлийг аваад 24-48 цаг болсон гэж үзсэн ... гэх/ 1хх-81-82х/

Гэрч Ч.Энхжавын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Талийгаач Ш.Ууганбаатарт үзлэг хийсэн. Үзлэгээр өвчтөний биеийн байдал маш хүнд ухаангүй орчны харьцаа байхгүй байсан. Миний санаж байгаагаар гадна байдлаасаа том хэмжээний илэрхий шарх сорви, хугарсан цөмөрсөн гэмтэл бэртлийн шинж тэмдэг байгаагүй санагдаж байна. Мэдрэлийн үзлэгээр тухайн хүний бие бүх рефлексүүд үүсэхгүй, булчингийн тонус мөчдөд суларсан, дагзны булчингийн хөшинг үгүй, хүүхэн xapaa хоёр талд полны өргөссөн, гэрлийн урвал үгүй, салстын рефлекс үүсэхгүй, тархины үхжилт үүссэн байсан. Tapxи битүү гэмтлийн улмаас тархины эд, тархины мэдрэлийн ширхэг болон судас гэмтэж тасарснаас цус алдаж гавлын хөндийд цусан xypaa үүсч тapxи дарагдан амьсгал зүрх судас болон амьдралын чухал эрхтэнүүдийн төв гэмтсэнээс тapxи бүрэн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болж эргэшгүй өөрчлөлтөнд орохыг хэлнэ. Удсан байх магадлалтай Ойролцоогоор 1-2 хоногийн өмнө гэмтлийг авсан байх боломжтой ... гэх /2хх-137-140 х/

Шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 18 тоот: Талийгаачийн биед их тархины баруун тал бөмбөлгийн орой хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа /14х10 см/ зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, зүүн нүдний дотор хэсгийн гүн зүсэгдсэн шарх. Духны баруун дээд хэсэг, баруун хөмсөгний гадна дээд хэсэг, духны зүүн дээд хэсэг, хамрын нуруу хэсэг, зүүн хацрын төвгөр хэсэг, дээд уруулын дунд хэсэг, хүзүүний урд дунд хэсэг, доод эрүүний зүүн хажуу хэсгүүдийн зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины дотор хэсгийн цус хуралт. Xaмрын зөөлөн эдийн няцрал. Зүүн нүдний доод дунд хэсгийн зулгарсан шарх. Мөн цээжний баруун доод хэсгийн зулгаралт. Баруун, зүүн бөөрний өөхөн эд болон чацархайн цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. ... Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Харин зүүн нүдний доод хэсгийн гүн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гавал тархины битүү гэмтэл нь хатуу мохоо зүйлээр цохих цохигдох болон хатуу мохоо цохих цохигдох хүчин зүйлийн эсрэг талд үүсэх боломжтой. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ. Үхэлд хүргэсэн гавал тархины битүү гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Талийгаачийн биед тогтоогдсон бусад зүүн нүдний дотор хэсгийн гүн зүсэгдсэн шарх. Духны баруун дээд хэсэг, баруун хөмсөгний гадна дээд хэсэг, духны зүүн дээд хэсэг, хамрын нуруу хэсэг, зүүн хацарын төвгөр хэсэг, дээд уруулын дунд хэсэг, хүзүүний урд дунд хэсэг, доод эрүүний зүүн хажуу хэсгүүдийн тус тус зулгаралт. Зүүн нүдний дээд, доод зовхины дотор хэсгийн цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод дунд хэсгийн зулгарсан шарх, мөн цээжний баруун доод хэсгийн зулгаралт, баруун, зүүн бөөрний өөхөн эд болон чацархайн цус хуралт бүхий гэмтлүүд нь хөнгөн зэргийн, үхэлд нөлөөлөөгүй гэмтлүүд болно ... гэх  /1хх-130-131х/

Гэрч Ч.Алтанцэцэгийн  мөрдөн байцаалтанд өгсөн: Гавал тархины битүү гэмтэл авсан хүн тодорхой хугацаанд үйл хөдлөл хийх, хүнтэй чөлөөтэй харилцаад явах боломжтой. Гэмтлээс шалтгаалж үйлдэл хөдөлгөөн хийх хугацаа янз бүр байж болно. Ингэж гэмтэл авсан хүн хэсэг хугацааны дараа цусан хураа үүсэж тархи дарагдаж комд орж ухаан алдана. Тэгээд хурхираа байдалтай болж орчиндоо харьцах харьцаагүй болно гэсэн үг. Ийм гэмтэл авсан хүн шууд газар дээрээ нас барахгүй. Энэ гэмтлийг урьд өмнөх өдөр нь авсан байх боломжтой ба энэ гэмтэл нь даамжирсаар байгаад нас барах шалтгаан нь болсон байна ...гэх  /1хх-110х/

Шинжээчийн 2016 оны 8 сарын 09-ний өдрийн 73 тоот /хх 137-138

Шинжээчийн 2016 оны 9 сарын 09-ний өдрийн 74 тоот 

Шинжээчийн 2016 оны 10 сарын 05-ны өдрийн 5921, 1275 тоот :

 Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт ширээний наад талд сууж байсан хүн ширээний зүүн хажууд сууж байсан хүнийг эхлээд цээжний баруун талд баруун гараараа, босоод ширээний зүүн хажуу талд очоод зүүн гараараа нүүрний баруун талд, баруун гараараа нүүрний зүүн талд 1, 1 удаа угсруулан цохиж, хана руу түлхэн газар унагаж /талийгаач хойш болж унах үедээ толгойн баруун хажуу талаар хана мөргөж/, яллагдагч сандлаар дээрээс нь 2 удаа дэвсэж цохих үйлдэл хийсэн байна.

Дээрх үйлдлүүдээс эхний цээжний баруун талд, босоод зүүн гараараа нүүрний баруун талд цохих үйлдэлд талийгаач бага зэрэг хойш түлхэгдэх үйлдэл хийж байх тул цохилт оновчтой байх боломжтой... гэх дүгнэлтүүд 

Ялтан Ж.Батжаргалын  мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Талийгаач хэл амаар доромжлоод байхаар нь би сууж байгаад гэнэт босоод тэр залуугийн зүүн мөрний урд хэсэгт нь баруун гараараа 1 удаа цохьсон. Би босоод ширээний хойгуур нь тойрч очоод дахин баруун гараараа зүүн шанаанд нь 1 удаа цохьсон. Дараа нь тэр залуу өөрөө тэнцвэр алдаад унахаар нь өөр рүүгээ татсан боловч унасан. Би энэ хэргийг үйлдээгүй. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү.

Ялтан Г.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтанд  болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Болдбаатар, Лхагвадорж, талийгаач бид дөрөв архи ууж байхад талийгаач муу хөдөөний мангар бацаанууд та нар юу чаддаг юм бэ, гэхээр нь би хөдөө аймаг гэж ялгаад байх хэрэггүй гэсэн. ... Гэтэл талийгаач гэнэтхэн агсараад байхаар нь энэ axaac салья гэж бодоод босохдоо баруун гараараа зүүн шанаа pyy нь түлхсэн. Талийгаач намайг заамдаад авахаар нь би буцаагаад заамдаж аваад хоолойг нь шахсан. Тэгээд бид 2 маргалдсан чигээрээ “Ланд” машины баруун талд очсон. Талийгаач чанга орилоод над руу агсраад байхаар нь би “та яасан ядаргаатай хүн бэ” гээд цээж рүү нь гараараа түлхсэн. Би салаад эргээд явтал миний бөөр рүү хүчтэй өшиглөсөн. Тэгэхээр нь би та яаж байнаа гээд эргээд харахад талийгаач намайг өшиглөсөн эрчиндээ газар унаж байгаа харагдсан. Тэгээд хартал машины багажинд шар иштэй хутга байж байхаар нь гэнэт  бөөр рүү өшиглөнгүүт нь yyp хүрээд та яагаад дээрэлхээд байгаа юм бэ гээд хутгыг баруун гартаа бариад нүүрэнд нь тулгасан. Тэгж байтал Болдбаатар ирээд хутгыг маань аваад шидсэн... гэх мэдүүлгүүд /1хх-227-231 х/ зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, үйлдлийг зөв зүйлчилж, хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан, ял эдлэх дэглэм  тохирсон, шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Гэрч Ш.Сарангоо, Ш. Солонго, Б.Мөнх-Оргил нарын мэдүүлгүүд, эд мөрийн баримтаар хураагдсан CD дээрх бичлэг, шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 5921, 1275 дугаар дүгнэлт зэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан журмын дагуу авсан нотлох баримтууд бөгөөд, CD-ний бичлэгээс үзэхэд Ш.Батжаргал нь Ш.Ууганбаатарын нүүрэн тус газарт цохиж, хана мөргүүлж, газар унасан үед нь сандлаар цохисон нь тогтоогджээ.

Шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтүүдийг шүүгдэгч нар хэргийн материалтай танилцахдаа уншиж танилцсан, /хх-152х/ энэ талаар ямар нэгэн гомдол хүсэлтийг гаргаагүй, эрх зүйн байдлыг нь дордуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1-д заасныг зөрчөөгүй, талийгаач Ш.Ууганбаатарын биед задлан шинжилгээ хийсэн 18 дугаар дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, шинжээч эмч Ж.Ариунзаяагийн дүгнэлт нь түүний мэдүүлэг, гэрч Ч.Энхжав, Ч.Алтанцэцэг нарын мэдүүлгээр Ш.Ууганбаатар Ж.Батжаргалд зодуулсан цаг хугацаанд үхэлд хүргэсэн гэмтэл авсан байх боломжтой гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Зоогий, Билэгээ гэх хүмүүс нь тухайн хэрэг явдал болох үед байгаагүй байх тул тэдгээрийг гэрчээр асуух  шаардлагагүй байна.

Гэрч Ж.Ариунзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн хатуу хальсны доор үүссэн цусан хураа нь саажих буюу бүлэгнэсэн хар хүрэн өнгөтэй болсон учир гэмтлийг аваад 24-48 цаг болсон байх боломжтой гэснээс үзэхэд цаг хугацааны хувьд дахин шалгах шаардлагагүй бөгөөд хэргийн газрын үзлэг дутуу гэх боловч түүнийг нөхөн гүйцэтгэх  боломжгүй байна.

Мөрдөн байцаагчийг тулгаж хөтөлж байцаасан гэж байгаа  боловч Ж.Батжаргалын үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон, гэрчүүдийн мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээс үзэхэд Ш.Ууганбаатарын толгойдоо авсан гэмтэл нь Ж.Батжаргалын үйлдлээс үүссэн байх боломжтой гэж  үзнэ.

Ж.Батжаргалын үйлдэл нь танхайн гэмт хэргийн шинжийг агуулсан, Г.Лхагвасүрэнд Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийг баримтлан ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж тус тус  дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ. 

Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байх тул ялтны өмгөөлөгч нарын “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

          Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                 ШҮҮГЧИД                                          О.БААТАРСҮХ

                                                                                                   Б.СҮХГОМБО