| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 194/2025/2177/Э |
| Дугаар | ХШТ/2026/39 |
| Огноо | 2026-04-22 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Бямбадагва |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар ХШТ/2026/39
Б.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Батцэрэн, Ц.Оч, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбадагва, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүх, Г.Төгөлдөр, нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2515 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 101 дүгээр магадлалтай, Б.Б-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүх, Г.Төгөлдөр нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 12-нд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Олон улсын харилцааны ажилтан мэргэжилтэй, МИАТ ХХК-д бүртгэгч ажилтай, эрүүгийн хариуцага хүлээж байгаагүй, *** овогт Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Б.Б-ийг “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдын өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...” гэснийг ”... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... гэж,
тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй” гэснийг “Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй ...” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ий өмгөөлөгч Г.Төгөлдөрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүх, Г.Төгөлдөр нар хамтран гаргасан гомдолдоо “… 1.Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Б.Б, Ө.Б нарын гэр бүлийн дундын эд хөрөнгө болох *** улсын дугаартай лексус ЖС300 маркийн тээврийн хэрэгслийг, М.М-ын өмчлөлийн *** улсын дугаартай “Ниссан икстрайл” маркийн тээврийн хэрэгслээр арилжих гэрээ байгуулагдаж, арилжааны зүйлийн зөрүүд М.М нь 10,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Тус гэрээний дагуу М.М нь *** улсын дугаартай Лексус ЖС300 маркийн тээврийн хэрэгслийг гэрээ байгуулсан өдрөө өөрийн эзэмшилд шилжүүлэн авч 2024 оны 05 сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд эзэмшиж, ашиглаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Тэдний хооронд Иргэний хуульд заасан арилжааны гэрээнд хамаарах иргэний эрх зүйн харилцаа үүссэн болох нь дээрх үйл баримтаас тодорхой харагдана. Б.Б-ий нөхөр Ө.Б нь дээрх Лексус маркийн тээврийн хэрэгслийн банк бус санхүүгийн байгууллагын зээлийн эргэн төлөлтийг 2023 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд төлж байсан. Энэ хугацаанд М.М, Ө.Б нар Б.Б, Ө.Б нарт холбогдуулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэж гомдол мэдээлэл гаргасан, эсхүл лексус маркийн тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлэхийг шаардсан ямар нэгэн үйлдэл хийгээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Гэвч Ө.Б нь 2023 оны 12 дугаар сараас хойш архи согтууруулах ундааны зүйл тогтмол хэрэглэж, улмаар ажил хөдөлмөр огт эрхлэхгүй орлого олохоо больсон төдийгүй архины хамаарлаас болж гэр бүлээсээ тусдаа амьдарч Б.Б нь 4, 5, 11 настай гурван хүүхдийн хамт өрх толгойлсон эмэгтэй болж хоцорсон.
2.Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Б.Б-ийг дараах нотлох баримтуудыг үндэслэн “…тохиролцсон ёсоор М.М-ын нэр дээр тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгөөгүй ... уг үйлдлийг бусдын эд хөрөнгийг буцаан төлөх болон хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгож байгаа залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан…” гэх дүгнэлтийг хийсэн. Үүнд:
Хохирогч М.М-ын “...Б-ээс авсан Лексус ЖС-300 маркийн машины нэрийг шилжүүлж аваагүй, удахгүй шилжүүлж өгнө гээд яваад байсан. Тэгээд 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр *** нэртэй банк бус санхүүгийн байгууллагаас намайг хөдөө явсан хойгуур ирээд грашаас аваад явсан байсан...” гэх мэдүүлэг,
гэрч Ө.Б-ийн “...тухайн өдөр намайг яаруулаад миний машин болох “Ниссан Икс-трайл” загварын тээврийн хэрэгслийн нэрийг өөр дээрээ шилжүүлээд аваад явсан... Би машинаа Б.Б-ий нэр дээр шилжүүлээд “Лексус ЖС-300” загварын тээврийн хэрэгслийг аваад “хэзээ миний нэр дээр шилжүүлэх вэ” гэтэл удахгүй 7 хоногийн дараа шилжүүлнэ гэж хэлж байсан, тухайн өдрөөс хойш нэрээ шилжүүлж өгөөгүй…” гэх мэдүүлэг,
гэрч Г.Оч-ын “...нэхэмжлэл гаргачихсан шүүх хурал хойшлогдоод явж байтал Б.Б-тэй холбоотой байх үед тээврийн хэрэгслийг Б.Б манай нөхрийн ах аваад явсан зарсан гэж хэлж байсан. Тэгээд зээл хугацаандаа төлөгдөхгүй байгаа болохоор барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж Б.Б-д хэлж байсан… 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр манай байгууллага тухайн машиныг модны хоёрын дунд замын хойд талд байрлах орон сууцны хорооллын гражид байхад нь хурааж авсан...” гэх мэдүүлэг.
Шийтгэх тогтоол болон магадлалын үндэслэл болсон хохирогч болон гэрчийн дээрх мэдүүлгүүд нь ЭХХШтХ-ийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй…” гэсэн шаардлагад нийцээгүй мэдүүлгүүд байсан. Б.Б нь “...Лексус ЖС-300 маркийн автомашин нь ББСБ-ын барьцаанд байгаа, барьцаанаас чөлөөлөгдсөний дараа шилжүүлж өгнө гэдгийг өөрөө ч хэлсэн, нөхөр Ө.Б нь ч хэлсэн…” гэж тэдний мэдүүлгийг үгүйсгэдэг. Тээврийн хэрэгсэл нь гэрчилгээгүйгээр замын хөдөлгөөнд оролцох боломжгүй байдаг бөгөөд Лексус ЖС300 машиныг хүлээлгэн өгөх үед тээврийн хэрэгслийн гэрчилгээг мөн хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Энэ үйл баримтаар хохирогч М.М нь *** улсын дугаартай лексус ЖС300 маркийн машиныг эзэмшилдээ авах үедээ *** ББСБ-ын байгууллагын нэр дээр бүртгэлтэй байсан болохыг мэдэж байсан, мэдэх боломжтой байсан ба тэрээр уг авто машин нь ББСБ-ын нэр дээр байсныг хожим мэдсэн гэх түүний мэдүүлэг үгүйсгэгддэг.
Дээрх мэдүүлгүүдийн зөрүүг арилгах гол хүн бол гэрээний гол оролцогч болох Ө.Б байсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч Г.Т түүнээс мэдүүлэг авах ажиллагаа хийлгэхээр удаа дараа хүсэлт гаргасан боловч энэ хүсэлтийг огт хангаагүй. Анхан болон давж заалдах шүүхүүд тэдгээр зөрүүтэй нотлох баримт, мэдүүлгүүдээс яагаад зөвхөн хохирогч, дээр дурдсан гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэл болгож байгаагаа тайлбарлаагүй нь ЭХХШтХ-ийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана…” гэж заасныг зөрчсөн.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь Хуурч, ...эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, ... бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж...” байхаар хуульчилсан.
Тухайн гэмт хэрэгт гэм буруугийн санаатай хэлбэрийг тогтоохдоо субъект өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарласан байдал болон түүнийг хүсэж үйлдсэн байдлыг ЭХХШтХ-ийн 16.2 дугаар зүйлийн 1.3-д заасан шаардлагын дагуу нотолсон байх шаардлагатай. Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийг шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоох шаардлагатай.
Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийг хэрэглэхдээ “Залилах гэмт хэргийг иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгаж зөв шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаар” гарсан Улсын дээд шүүхийн 2006 оны 51 дүгээр тогтоолоор тайлбарласнаас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн.
Тус тайлбарын 10-т “Залилан мэхлэж авах гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл нь хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэгдсэн, шунахай сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн байдаг бол иргэний эрх зүйн гэрээний харилцаа нь талуудын чөлөөт байдал, тэгш эрх, харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд хийгддэг учир гэрээ анхнаасаа биелэгдэх боломжгүй байсан нь тогтоогдсон, үүнийгээ гэрээний нэг тал урьдчилан мэдсээр байж байгуулсан, нөгөө тал /хохирогч нь/ нь мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзнэ…” гэж, 14-т “…Худалдах, худалдан авах, …гэрээгээр халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг нь анхнаасаа хууль, гэрээнд заасан эд хөрөнгийг нийлүүлэхгүй, үнэ болон хөлсийг зохих журмаар төлөхгүй байх гэсэн субъектив санаа зорилгыг агуулж, түүнийгээ хэрэгжүүлсэн байдаг… зэрэг хэлбэрээр илэрнэ…” гэж тус тус тайлбарласан байна.
М.М, Б.Б, Ө.Б нар нь “…*** улсын дугаартай лексус ЖС300 маркийн тээврийн хэрэгслийг, М.М-ын өмчлөлийн *** улсын дугаартай “Ниссан Икстрайл” маркийн тээврийн хэрэгслээр арилжих гэрээ байгуулагдаж, арилжааны зээлийн зөрүүд М.М нь 10,000,000 төгрөг төлөх тохиролцоо бүхий гэрээ”-г Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан талуудын чөлөөт байдлын үндсэн дээр хийсэн болох нь тэд гэрээний дагуу шилжүүлэх ёстой автомашинуудыг харилцан хүлээлцэж тус тусын эзэмшилд шилжүүлсэн. Б.Б-ий нөхөр Ө.Б нь дээрх Лексус маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авах зорилгоор ББСБ-ын зээлийн эргэн төлөлтийг 2023 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд төлж байсан зэрэг үйл баримтаар тэдний хооронд үүссэн харилцаа гэрээний эрх зүйн харилцаа, тус харилцаанаас үүссэн маргаан тэдний хооронд байсан болох нь тогтоогдсон байгаа.
Давж заалдах шатны шүүх арилжааны зүйл болох Nissan X-trail автомашиныг худалдан борлуулснаас олсон 17,000,000 төгрөг, арилжааны зүйлийн зөрүү 10,000,000 төгрөгийг тус тус ББСБ-д төлөөгүй нь залилан мэхлэх гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байгаа гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт болсон.
Б.Б нь анхнаасаа мөнгөний хэрэгцээ гарсан тул машинаа арилжих шаардлагатай болсон талаараа тогтвортой мэдүүлж ирсэн. ББСБ-ын зээл нь хэвийн зээл байсан ба зээлийг гэрээнд заасан хугацаандаа төлж, харин арилжааны гэрээний дагуу олсон орлогоо гэр бүлийнхээ санхүүгийн бусад асуудлыг шийдвэрлэхэд зарцуулсныг гэмт хэрэг гэж үзэж болохгүй юм. Түүнчлэн Б.Б, Ө.Б нар нь ББСБ-д төлөх зээлээ 2023 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд төлж байсан нь тэд анхнаасаа автомашиныг шилжүүлэхгүй байх санаа зорилгогүй байсан болох нь тодорхой харагдаж байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд энэ нөхцөл байдлыг харгалзан үзээгүй нь УДШ-ийн 2006 оны 51 дүгээр тогтоолын 6-д “...Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субъектив санаа зорилго гэмт этгээдүүдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилан мэхлэх гэмт хэрэг нь гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгагдана...” гэсэнд нийцээгүй байна.
УДШ-ийн 2006 оны 51 дүгээр тогтоолын 8-д “...гэнэтийн ... өвчин эмгэг ... зэрэг талуудаас үл шалтгаалах хүчин зүйл буюу нөхцөл байдал урьдчилан тооцоолох боломжгүйгээр гэнэт өөрчлөгдсөний улмаас гэрээний үүрэг биелэгдээгүйг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй...” байхаар тайлбарласан.
Б.Б-ий нөхөр Ө.Б архинд донтох эмгэгтэй бөгөөд тэрээр 2023 оны 12 дугаар сараас хойш архи согтууруулах ундааны зүйл тогтмол хэрэглэж, улмаар ажил хөдөлмөр огт эрхлэхгүй орлого олохоо больсон төдийгүй архины хамаарлаас болж ББСБ-д төлдөг зээлээ 2024 оны 1 сараас төлөөгүй үйл баримт хэрэгт тогтоогдсон. Ө.Б-ын архинд донтох эмгэг өвчин нь сэдэрснийг хохирогч М.М болон түүний эхнэр гэрч Ө.Б нар мэдүүлэгтээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Ийнхүү Б.Б-ий нөхрийн архаг хууч өвчин гэнэт сэдэрсэн нь түүнээс үл хамаарах нөхцөл байдал бөгөөд тэрээр үүнийг урьдчилан тооцоолох боломжгүй гэнэтийн өөрчлөлтийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй байх талаар УДШ-ийн тогтоолд тайлбарласныг шүүх анхаарч үзэх ёстой байсан. Энэхүү үйл баримт нь УДШ-ийн 51 дүгээр тогтоолын 7-д “…Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй…” гэж заасанд мөн адил хамаарна гэж үзэж байна.
Иймд дээр дурьдсан тайлбар, үндэслэлүүдийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40.6 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/2515 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ДШМ/101 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж өгөхийг хүсье” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүх хэлсэн саналдаа “... Хэргийн үйл баримтаас үзэхэд талуудын хооронд арилжааны гэрээ хийгдэж, эд хөрөнгө харилцан шилжүүлэгдсэн. Хохирогч М нь “арилжааны гэрээний хүрээнд өөртөө шилжүүлсэн авсан хөрөнгө нь банк бус санхүүгийн байгууллагад барьцааны зүйл болоод байсан гэдгийг би мэдэх боломжгүй байсан” гэж мэдүүлэг өгсөн бөгөөд үүнийг эхнэр болон найз нь гэрчилсэн. Харин Б.Б нь автомашин банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан гэдгийг М-д мэдэгдсэн, тэр энэ талаар мэдэж байсан гэж мэдүүлсэн тул талуудын хооронд зөрүүтэй үйл баримт үүссэн.
Анхан болон давж заалдах шатны шүүхэд тухайн зөрүүтэй үйл баримтын талаарх нотлох баримт, мэдүүлгүүдээс зөвхөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаагаа тайлбарлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байгааг анхаарч үзнэ үү.
Б.Б нь залилах гэмт хэргийг үйлдэх сэдэл, санаа, зорилготой байсан эсэх нь бүрэн тогтоогдоогүй. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийг хэрэглэхдээ “Залилан мэхлэх гэмт хэргийг иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгаж зөв шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаар” гаргасан Улсын дээд шүүхийн 2006 оны 51 дүгээр тогтоолд зааснаас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Тус Тайлбарын 10-т “Залилан мэхлэж авах гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл нь хуурч мэхлэх, итгэл эвдэх аргад үндэслэгдсэн, шунахайн сэдэлтэй, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн байдаг бол иргэний эрх зүйн гэрээний харилцаа нь талуудын чөлөөт байдал, тэгш эрх, харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд хийгддэг учир гэрээ анхнаасаа биелэгдэх боломжгүй байсан нь тогтоогдсон, үүнийг гэрээний нэг тал урьдчилан мэдсээр байж байгуулсан, хохирогч нь мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзнэ” гэж, тус тайлбарын 14-т “Худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг нь анхнаасаа хууль гэрээнд заасан эд хөрөнгийг нийлүүлэхгүй, үнэ болон хөлсийг зохих журмаар төлөхгүй байх гэсэн субъектив санаа зорилгыг агуулж, түүнийгээ хэрэгжүүлсэн хэлбэрээр илэрнэ” гэж тус тус тайлбарласан.
Хохирогч М нь Б.Б, түүний нөхөр Б нартай арилжааны гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан талуудын чөлөөт байдлын үндсэн дээр хийсэн болох нь гэрээний дагуу шилжүүлэх ёстой эд зүйлс буюу автомашин, мөнгөн хөрөнгийг харилцан шилжүүлсэн, Б.Б-ий нөхөр Б нь Лексус маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авах зорилгоор банк бус санхүүгийн байгууллагын зээлийн эргэн төлөлтийг 2023 оны 12 дугаар сарыг дуустал төлж байсан зэрэг үйл баримтаар тодорхой нотлогдож байгаа.
Давж заалдах шатны шүүх арилжааны зүйл болох Ниссан экстрал автомашиныг худалдан борлуулсны орлого 17,000,000 төгрөг, арилжааны зүйлийн зөрүү 10,000,000 төгрөгийг тус тус банк бус санхүүгийн байгууллагад төлөөгүй нь залилан мэхлэх гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байгаа гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй. Б.Б, Б нар анхнаасаа мөнгөний хэрэгцээ гарсан учраас тус арилжааг хийсэн. Улмаар арилжааны зөрүү мөнгө болон арилжааны зөрүүнд авсан автомашиныг борлуулж, тухайн үед шаардлагатай байсан хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Хэрэв банк бус санхүүгийн байгууллагад тухайн мөнгийг төлөөд, машиныг тэдний өмчлөлөөс чөлөөлүүлнэ гэж байсан бол энэ арилжааны гэрээ хийгдэх шаардлагагүй байсныг хоёр шатны шүүх бодитоор үнэлж, дүгнэж чадаагүйг анхаарч үзнэ үү.
Түүнчлэн Б.Б, Б нар банк бус санхүүгийн байгууллагад төлөх мөнгөө 2023 оны 12 дугаар сарыг дуустал төлж байсан. Хэрэв анхнаасаа автомашиныг шилжүүлэхгүй байх санаа зорилготой байсан бол энэ мөнгийг төлөхгүй байсан. Тухайн мөнгийг төлж байсан үйлдэл нь залилан мэхлэх санаа зорилго анхнаасаа байхгүй байсныг нотолж байгаа. Энэ нөхцөл байдлыг хоёр шатны шүүх анхаарч үзээгүй.
Улсын дээд шүүхийн 2006 оны 51 дүгээр тогтоолын 6-д “Бусдын эд хөрөнгө, түүний эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг хийнэ гэсэн субъектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилан мэхлэх гэмт нь гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгагдана”, мөн тогтоолын 8-д “Гэнэтийн өвчин эмгэг, талуудаас үл шалтгаалах хүчин зүйл буюу нөхцөл байдалд урьдчилан тооцоолох боломжгүйгээр гэнэт өөрчлөгдсөний улмаас гэрээний үүрэг биелэгдээгүй бол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй” байхаар тайлбарласан.
Б.Б-ий нөхөр Б нь архинд донтох эмгэгтэй хүн байсан бөгөөд 2023 оны 12 дугаар сараас хойш архи согтууруулах ундааны зүйл тогтмол хэрэглэж, улмаар ажил хөдөлмөр огт эрхлэхгүй, орлого олохгүй болсон төдийгүй, архины хамаарлаас болж банк бус санхүүгийн байгууллагад төлдөг зээлээ 2024 оны 01 дүгээр сараас төлөөгүй үйл баримт хэрэгт тогтоогдсон. Б-ын архинд донтох эмгэг өвчин сэдэрснийг хохирогч М болон түүний эхнэр Б буюу Б-ын төрсөн дүү нь мэдүүлэгтээ хүлээн зөвшөөрсөн. Ийнхүү Б.Б-ий нөхрийн архаг хууч өвчин гэнэт сэдэрсэн нь Б.Б-ээс үл хамаарах нөхцөл байдал бөгөөд тэрээр үүнийг урьдчилан тооцоолох боломжгүй байсан тул энэ гэнэтийн өөрчлөлтийг залилан мэхлэх үзэхгүй гэж Улсын дээд шүүхийн тогтоолт тайлбарласныг шүүх анхаарч үзэх ёстой.
Мөн тогтоолын 7-д “Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлагаа гаргаж, гэрээгээ дүгнэсний эцэст эрсдэлд орсноос үүссэн маргааныг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй” гэж заасанд хамаарна.
Хохирогч болон түүний эхнэр “бид банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа гэдгийг мэдээгүй” гэж тайлбарладаг боловч мэдэх боломжтой байсан үйл баримтын талаар гомдлынхоо хоёр дахь хэсэгт дурдсан талаар анхаарч үзнэ үү. Хохирогч болон түүний эхнэр нь яагаад Б.Б-ээс зөрүүтэй мэдүүлэг өгсөн шалтгаан нь тэдний хооронд үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй юм. Өөрөөр хэлбэл, Б-ын эхнэрийнх нь ахаас Б.Б салсан бөгөөд тухайн хувийн таарамжгүй харилцаанаас үүдэж, худал мэдүүлэг өгөх замаар бусдыг гэмт хэрэгт холбогдуулсан сөрөг үр дагавар байгааг шийдвэр гаргахдаа анхаарч үзнэ үү.
Хэдийгээр Б.Б-д оногдуулсан ял шийтгэл нь хөнгөн мэт харагдаж байгаа боловч түүнийг гэм буруутай гэж тооцсоноор ажил хөдөлмөр эрхлэх, ирээдүйн ажил хөдөлмөрт нь сөрөг нөлөө үзүүлэх ноцтой үр дагаварт хүргэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах өгнө үү” гэв.
Тус шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Төгөлдөр хэлсэн саналдаа “Нэмж хэлэх тайлбаргүй” гэв.
Тус шүүх хуралдаанд прокурор Б.Бямбадагва хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан. Шүүгдэгч Б.Б-ийг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг авсан үйлдлийн улмаас хохирогч М.М-д 62,9 сая төгрөгийн хохирол учирсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон.
Б.Б-ий залилах гэмт хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалттай нийцнэ. Анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа хохирлыг буруу тооцсон, хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй байна гэж дүгнэв.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2515 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 101 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүх, Г.Төгөлдөр нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийн зорилтыг “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...“ гэж тодорхойлсон билээ.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон эсэх, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан эсэх, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагаанд хуульд заасан журмыг зөрчсөн эсэх, мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах талаар оролцогчийн гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр хасаж, хязгаарласан эсэхийг бүхэлд нь шалгаж, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй.
Шүүх хуралдаанаар тухайн хэрэгт хамааралтай нотлох баримт бүрийн эх сурвалжийг магадлан шалгаж, тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судалж, харьцуулан үнэлэх замаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийг яллах, эсхүл цагаатгах үндэслэл, хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоосноор шүүхээс хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэр гаргах нөхцөл бүрдэнэ.
3.Прокуророос Б.Б-ийг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.М-д *** улсын дугаартай “Lexus JS-300” загварын тээврийн хэрэгслээ түүний *** улсын дугаартай “Nissan X-treil” загварын тээврийн хэрэгсэл болон 10,000,000 төгрөгийг авч харилцан солилцоно гэж итгүүлэн 28,926,250 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ийг “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдын өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэв.
4.Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Б.Б, түүний нөхөр Ө.Б нар нь санхүүгийн тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийн тулд гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Б.Б-ий нэр дээр бүртгэлтэй “Lexus JS-300” загварын тээврийн хэрэгслээ худалдан борлуулахаар шийдэж, улмаар 2023 оны 08 дугаар сарыг 18-ны өдөр Ө.Б-ын төрсөн дүү Ө.Б, түүний нөхөр М.М нарт автомашинаа сайжруулахыг санал болгосны дагуу Б.Б-ий нэр дээр бүртгэлтэй “Lexus JS-300”, М.М-ын нэр дээр бүртгэлтэй “Nissan X-treil” загварын тээврийн хэрэгслүүдийг харилцан солилцож, М.М нь тээврийн хэрэгслийн үнийн зөрүүнд 10,000,000 төгрөг нэмж өгсөн бөгөөд Б.Б нь “Nissan X-treil” загварын тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсны дараа худалдан борлуулсан байна.
Харин шүүгдэгч Б.Б тухайн үед “Lexus JS-300” загварын автомашинаа М.М-д биет байдлаар хүлээлгэн өгсөн боловч уг тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийг түүний нэр дээр шилжүүлээгүй. Учир нь Б.Б 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр уг автомашиныг өөрийн нэр дээр худалдан авахдаа *** Банк бус санхүүгийн байгууллагатай 41,600,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, сар бүр 1,962,724,58 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийж байсан бөгөөд уг зээлийг төлөх баталгаа болгож, тухайн автомашины бүртгэлийг *** Банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр шилжүүлсэн байжээ.
Шүүгдэгч Б.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “Lexus JS-300” загварын тээврийн хэрэгслээ улсын бүртгэлийн гэрчилгээний хамт М.М-д хүлээлгэн өгсөн бөгөөд Банк бус санхүүгийн байгууллагаас авсан лизингийн зээлээ удахгүй төлж барагдуулсны дараа түүний нэр дээр тээврийн хэрэгслийн бүртгэлийг шилжүүлэхээр тохирсон байсан гэх агуулга бүхий мэдүүлэг өгснийг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хохирогч М.М-ыг шүүгдэгч Б.Б-ий мэдүүлэгт дурдсан дээрх нөхцлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр автомашинаа харилцан солилцсон гэж үзэхээр байна.
Учир нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1, 3.2-т зааснаар жолоочид автотээврийн хэрэгслийн гэрчилгээтэй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг үүрэг болгосон тул хохирогч М.М-ыг өөрийн эзэмшилд хүлээж авсан *** улсын дугаартай “Lexus JS-300” загварын тээврийн хэрэгслийг *** Банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй буюу зээлийн барьцаанд тавигдсан гэдгийг мэдэж байсан буюу мэдэх боломжтой байсан гэж үзнэ.
Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагааг тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээнээс гадна Замын цагдаагийн газар болон E-mongolia төрийн үйлчилгээний цахим эх сурвалжаас авах боломжтойг дурдах нь зүйтэй.
5.Шүүгдэгч Б.Б, хохирогч М.М нар тээврийн хэрэгслүүдээ харилцан солилцсоноос хойш 2023 оны 12 дугаар сарыг хүртэл *** Банк бус санхүүгийн байгууллагаас Б.Б-ий нэр дээр авсан зээлийн төлбөр хэвийн явагдаж байсан боловч түүний нөхөр Ө.Б-ын архи согтууруулах ундаанд донтох эмгэг сэдэрч, ажил хөдөлмөр эрхлэхгүй байснаас шалтгаалан гэр бүлийн дотоод зөрчил, санхүүгийн байдал хүндэрч, улмаар шүүгдэгч Б.Б 3 хүүхдийн хамт нөхөр Ө.Б-аас тусдаа амьдрах болсноос шалтгаалан зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй байдалд хүрч, улмаар 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр *** Банк бус санхүүгийн байгууллагын санаачилгаар М.М-ын эзэмшилд байсан “Lexus JS-300” загварын тээврийн хэрэгслийг хураан авч, бусдад худалдан борлуулсан үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Энэ талаар шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...Манайх 2 машинтай байсан болохоор нөхөр Б *** дугаартай машинаа дүү Б-т өгчихье” гэж хэлсэн. Батжаргал хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан тул удахгүй банк бусаас суллаж өгөхөөр болсон. Б банк бусын төлбөрийг төлж байсан боловч 12 сараас хойш архины хамааралтай болж ажил төрлөө хийгээгүй, банк бусын зээлийг төлөөгүй. Удалгүй банк бусаас машиныг хураан авсан…” гэж мэдүүлсэн, мөн Ө.Б нь архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэдэг болсныг түүний дүү Ө.Б мөрдөн байцаалтад өгсөн гэрчийн мэдүүлэгтээ хүлээн зөвшөөрсөн (1 дүгээр хавтаст хэргийн 138 дахь тал) байх боловч энэ хэрэгт шүүгдэгч Б.Б-ий нөхөр Ө.Б-ыг холбогдуулан шалгаагүй, тэрбээр гэр бүлийн дундын өмчлөлийн “Lexus JS-300” загварын тээврийн хэрэгслээ төрсөн дүү Ө.Б-ийн гэр бүлд шилжүүлэх санаачилгыг гаргаж, *** Банк бус санхүүгийн байгууллагаас эхнэр Б.Б-ий нэр дээр авсан зээлийг өөрөө хариуцан төлж барагдуулсны дараа уг автомашины бүртгэлийг хүргэн дүү М.М-ын нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон байсан эсэх талаар тодруулж мэдүүлэг аваагүй байна.
Түүнээс гадна хохирогч М.М нь прокуророос Б.Б-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсний дараа 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр анхан шатны шүүхэд хандаж “… миний хохирлыг бүрэн барагдуулсан тул надад гомдол санал байхгүй болно…” (1 дүгээр хавтаст хэргийн 174 дэх тал) гэсэн тодорхойлолтыг бичгээр гаргаж өгснийг дурдах нь зүйтэй.
6.Гэмт хэрэгт холбогдсон хүний гэм буруутай эсэхийг тогтоохын тулд хуульд заасан арга, хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсний эцэст шүүхийн шийдвэрт нөлөөлж болох тодорхой эргэлзээ үүсээгүй, эсхүл үүссэн эргэлзээтэй асуудлыг шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой, няцаан үгүйсгэгдэхгүй бол тэрхүү эргэлзээг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх буюу “In dubio pro reo” гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим нь үндэслэлгүйгээр яллах ба шийтгэх явдлыг гаргуулахгүй байх, хүний эрхийг хамгаалах агуулгыг илэрхийлдэг бөгөөд энэхүү зарчим нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгагдсан болно.
Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Төгөлдөр нарын зүгээс мөрдөн байцаалтын шатанд хэргийн үйл баримтыг тодруулах зорилгоор 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр прокурорт (1 дүгээр хавтаст хэргийн 155-157 дахь тал), мөн хэрэг прокуророос хэрэг шүүхэд шилжүүлсний дараа 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд хандаж (1 дүгээр хавтаст хэргийн 172 дахь тал) Б.Б-ий нөхөр Ө.Б-аас мэдүүлэг авахуулах талаар удаа дараа бичгээр хүсэлт гаргаж байснаас гадна өмгөөлөгч Г.Төгөлдөр 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцохдоо “…Энэ асуудал нь Б.Б, түүний нөхөр Ө.Б, хадам дүү Ө.Б, түүний нөхөр М.М нарын хооронд үүссэн. Б “Хоёулаа 2 машинтай юм чинь нэг машинаа зарах уу” гэж ярилцаад зарсан байдаг. Мөрдөгч нь энэ хэрэг, үйл явдлын талаар А.Б гэдэг хүнээс мэдүүлэг аваагүй… Залилах гэмт хэргийн үндсэн шинж болох “хуурсан, зохиомол байдлыг зориуд бий болгосон, нуусан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан” үйл баримтын талаар Ө.Б-аас тодруулаагүй. Хэрэв гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл хамтран үйлдсэн эсэхийг тодруулаагүй… Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15 дахь хэсэгт зааснаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлтийг гаргаж байна” (1 дүгээр хавтаст хэргийн 180 дахь тал) гэсэн байхад энэ талаар анхаарч, хэргийн үйл баримтын талаар Ө.Б-аас мэдүүлэг авахыг прокурорт даалгах, хохирогч М.М-ыг шүүх хуралдаанд оролцуулж, шүүгдэгч Б.Б болон хохирогч М.М нарын мэдүүлэгт дурдсан зөрүүтэй байдлыг тодруулах зэрэг арга хэмжээ аваагүй байх тул мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэт нэг талыг барьж хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд нэг талыг барьж хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд тулгуурлан шүүгдэгч Б.Б-ийг өөрийн нөхөр Ө.Б-ын төрсөн дүү Ө.Б, түүний нөхөр М.М нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн нэр дээр бүртгэлтэй, гэр бүлийн дундын өмч болох “Lexus JS-300” загварын тээврийн хэрэгслийг *** Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд тавигдсан болохыг хохирогч М.М-оос нуух замаар түүний “Nissan X-treil” загварын тээврийн хэрэгслийг нь 10,000,000 төгрөгийн хамт залилан авах гэсэн субъектив санаа зорилгоор энэ хэргийг үйлдсэн гэж таамаглан дүгнэх боломжгүй гэж үзлээ.
7.Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгаж, зөв шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаар” 51 дүгээр тогтоолын 7 дахь заалтад “Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй”, 8 дахь заалтад “Байгалийн давагдашгүй хүч, нийгэм, эдийн засгийн харилцааны зохицуулалтын өөрчлөлт, гэнэтийн осол, өвчин эмгэг, хорио цээр зэрэг талуудаас үл шалтгаалах хүчин зүйл буюу нөхцөл байдал урьдчилан тооцоолох боломжгүйгээр гэнэт өөрчлөгдсөний улмаас гэрээний үүрэг биелэгдээгүйг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй”, 9 дэх заалтад “Залилан мэхлэж авах гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинж болох хуурч мэхлэх буюу итгэл эвдэх нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө олж авах санаа зорилго агуулж, үүнд чиглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг тул хуурч мэхлэх, итгэл эвдэх ямар нэгэн үйлдэл хийгээгүй бол гэмт хэрэгт тооцохгүй” хэмээн албан ёсоор тайлбарласан нь шүүхийн практикт тогтсон хууль хэрэглээний ойлголт болно.
Дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан “...шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж өгөх”-ийг хүссэн гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, прокуророос Б.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүх, Г.Төгөлдөр нарын хамтран гаргасан гомдлыг хангаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2515 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 101 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, прокуророос шүүгдэгч Б.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
ДАРГАЛАГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Ц.ОЧ
Ч.ХОСБАЯР
Б.ЦОГТ