| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
| Хэргийн индекс | 126/2017/0029/З |
| Дугаар | 00030 |
| Огноо | 2017-11-20 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 00030
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймгийн Прокурорын газрын “Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагч Б.Б-ын 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 02 тоот улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлт бүхий Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагч Б.Б-т холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.О...... оролцов
ТОДОРХОЙЛОХ нь;
Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.О....... шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “... Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б......... нь 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 01 тоот улсын байцаагчийн актаар 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Тэнгис Шишгэдийн бэлчирт Франц улсын иргэн Козилис Кристиан /Cozilis Christian/-ыг хууль бусаар завин дээрээс загасчилсан зөрчил гаргасанд нь улсын байцаагчийн актаар Монгол Улсын Амьтны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8 дахь заалтыг үндэслэн 480 000 төгрөгөөр торгосон нь буруу байна. Учир нь:
1. Зөрчил гаргагчийг шийтгэврийн хуудсаар торгох атал улсын байцаагчийн актаар торгосон.
2. Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн байхад энэ хуулиар шийтгэл оногдуулаагүй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч Б.Б-ын 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01 тоот улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.
3. Прокурорын дүгнэлтийн хамт захиргааны хэрэг бүртгэлт явуулсан Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч Б.Б-ын 01 тоот зөрчлийн материалыг хүргүүлэв” гэжээ.
Хариуцагч Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б..... шүүхэд гаргасан тайлбартаа: “ ... би 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Тэнгис-Шишгэдийн бэлчирт байрлах Гринд-Бреджикийн амралтанд ирсэн спорт загасчин Франц улсын иргэн Козилис Кристиан /Cozilis Christian/-ыг хууль бусаар завин дээрээс уурга шидэж загас барьж тавьсныг улсын байцаагчийн акт бичсэн. Үүнд зах хязгаар нутагт албан үүрэг гүйцэтгэж байсан тул хуучин шийтгэврийн хуудас хүчингүй болсон, шинэ хуулиар семинар зөвлөгөө аваагүй, шинэ шийтгэврийн хуудас ирээгүй байсан тул акт бичсэн. Тухайн үед Монгол Улсын Амьтны тухай хуулийг илтээр олон хүний хараан дээр зөрчсөн тул Амьтны тухай хуулиар арга хэмжээ авч өнгөрсөн боловч торгууль нь ороогүй байгаа. Иймд миний бичсэн акт хүчингүй болоход надаас гомдох гомдолгүй. Надад бол ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй. Энэ спорт загасчин нь хуулийг олон хүний хараан дээр зөрчсөн нь үнэн, олон баримт байгаа. Энэ Гринд Бреджикийн амралтанд моторт завиар загасчлах зөрчил олон удаа гаргаж байсан, урьд өмнөх баримт байгаа. Энд бол хууль байнга зөрчигддөг газар болж байгаа” гэжээ.
Шүүх прокурорын дүгнэлт, хариуцагчийн тайлбар, хэргийн материалд авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь;
Аймгийн Прокурорын газраас хүчингүй болгуулахаар дүгнэлт үйлдэн ирүүлсэн Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б.........ын 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01 тоот дүгнэлтийг дараах хууль зүйн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б.......... 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Тэнгис, Шишгэдийн байгалийн цогцолборт газрын Тэнгис голын бэлчирт хяналт шалгалт хийж, Франц улсын иргэн Козилис Кристиан /Cozilis Christian/ завин дээрээс уурга шидэн загасчилж буй зөрчлийг илрүүлж улсын байцаагчийн 01 тоот “Шийтгэл ногдуулах тухай” актаар Монгол Улсын Амьтны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.9 дэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр Амьтны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8-д заасныг баримтлан 480 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Амьтны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Дор дурдсан арга, зэвсэг хэрэгслээр агнуурын амьтан агнах, барихыг хориглоно: 10.1.9. гол, мөрөнд бүх төрлийн завиар загасчлах” гэж заасан байх ба Франц улсын иргэн Козилис Кристиан /Cozilis Christian/-ы завин дээрээс уурга шидэн загасчилсан зөрчилд мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т зааснаар Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр байна.
Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-т “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.
Гэтэл Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01 тоот актаар Франц улсын иргэн Козилис Кристиан /Cozilis Christian/-д Амьтны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8-д заасныг /хуулийн хүчингүй болсон заалтыг/ баримтлан 480 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан хууль зүйн үндэслэлгүй ба Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх заалтыг зөрчжээ.
Түүнчлэн улсын байцаагч аливаа зөрчлийг шалган шийдвэрлэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг баримтлах үүрэгтэй атал хуульд заасан журмыг баримтлаагүй нь буруу байна. Тухайлбал Монгол хэлний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагаа, албан хэргийг монгол хэлээр хөтлөн явуулна: 6.1.1.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлт” гэж заасныг болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж баримтжуулна” гэснийг зөрчиж холбогдогчийн нэрийг латин үсгээр тэмдэглэн бичсэн,
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2-т “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч нь монгол хэл мэдэхгүй ... улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана” хэмээн заасныг холбогдогч Франц улсын иргэн Козилис Кристианд тайлбарлан өгч, эрхийг нь хангаж ажилласан эсэх нь тодорхойгүй, энэ талаар тэмдэглэлд тусгаагүй,
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т заасан холбогдогчийн эрх, үүргийг түүнд тайлбарлан өгсөн эсэх нь тодорхойгүй, энэ тухай тэмдэглэлд тусгаагүй,
Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.10-д заасан “Шалгуулагч этгээд шалгалтын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хэрэв гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай шалгалтын тэмдэглэлд тусгана” гэснийг зөрчсөн байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-д зааснаар зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байх атал улсын байцаагчийн актаар шийтгэл оногдуулсан нь буруу байна. Хэдийгээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 7-д зааснаар шийтгэлийн хуудасны маягтыг Засгийн газраас баталж ирүүлээгүй хэмээн хариуцагч тайлбарлаж байгаа боловч энэ нь хуулийг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл биш юм.
Дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Болдбаатарын 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01 тоот дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.6-д зааснаар хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзсан үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь;
1. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Амьтны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасныг баримтлан Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б-ын 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01 тоот “Шийтгэл ногдуулах тухай” улсын байцаагчийн актыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ