Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 1906

 

“Ажет лимитэд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/00816 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ажет лимитэд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Содмонгол групп” ХХК-д холбогдох

           

Худалдах-худалдан авах гэрээг цуцалж, гэрээний дагуу төлсөн 608 790 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Шатахуун хадгалсны төлбөр 300 774 ам.доллар буюу 664 018 759 төгрөг гаргуулах тухай “Содмонгол групп” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эрдэнэ-Очирын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эрдэнэ-Очир

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Ажет лимитед” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эрдэнэ-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Ажет лимитед” ХХК нь “Содмонгол групп” ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “Шатахуун худалдах худалдан авах” 13/14 тоот гэрээ байгуулсан. “Содмонгол групп” ХХК нь гэрээнд зааснаар нийт 730 тн ТС-1 шатахууныг захиалгын дагуу нийлүүлэх үүрэг хүлээсэн. “Ажет лимитед” ХХК нь гэрээний дагуу урьдчилгаа 300 000 ам.долларыг гэрээ байгуулмагц шилжүүлэн өгсөн. Улмаар манай компанийн зүгээс 2014 оны 8 дугаар сарын 25-ны 01/111 тоот албан бичгээр “Содмонгол групп” ХХК-д 2014 оны 8 дугаар сарын 25-ны дотор 300 тн шатахууныг хүлээн авах тухайгаа мэдэгдсэн боловч “Содмонгол групп” ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 10-ны 14/1692 тоотоор манай хүсэлтийг хүлээн авах боломжгүй болохоо мэдэгдсэн. Иймд бид 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “Содмонгол групп” ХХК-д 1. Гэрээнээс татгалзаж урьдчилгаа 300 000 ам.долларыг буцаан шилжүүлэх, 2. Урьдчилгаанд шилжүүлсэн үнийн дүнд 2014 оны 9 дүгээр сарын 15-ны дотор ТС-1 шатахуун нийлүүлэх, 3. Дээрх үнийн дүнгийн тодорхой хэсэгт дизель түлш нийлүүлэх 3 нөхцөлтэй санал тавьсан. Гэвч манайд тус шатахуун нийлүүлэх талаар арга хэмжээ авч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Бид Шатахуун худалдах худалдан авах гэрээний 2.1 болон 7.3.1-т заасны дагуу гэрээг цуцалж тус гэрээний дагуу төлсөн 300 000 ам.долларыг буцаан шилжүүлэх талаар шаардсан боловч үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрсэн. Иймд “Содмонгол групп” ХХК-иас 300 000 ам долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханш 2029.30 төгрөгөөр тооцон нийт 608 790 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч “Содмонгол групп” ХХК-иас шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Содмонгол групп” ХХК болон “Ажет лимитэд” ХХК нар 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Шатахуун худалдах, худалдан авах гэрээ, Агаарын хөлгийн ТС-1 шатахуун хадгалах гэрээ тус тус байгуулан хамтран ажиллахаар тохиролцсон. Тус гэрээнүүдийн дагуу “Ажет лимитэд” ХХК нь өөрийн хэрэгцээний хэмжээнд 730 тонн ТС-1 шатахуун худалдан авах, шатахууны төлбөрийн урьдчилгаа 300 000 ам долларыг гэрээ байгуулмагц төлөх, үлдэгдэл төлбөрийг 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төлөх, мөн Шатахуун худалдах, худалдан авах гэрээний 6.2.1-т зааснаар гэрээний хугацаанд шатахууны төлбөрөө бүрэн төлж дуусгаснаар шатахууныг худалдагчаас хүлээн авахаар, Агаарын хөлгийн ТС-1 шатахуун хадгалах гэрээний дагуу “Содмонгол групп” ХХК буюу хадгалагч талд шатахууныг савандаа хадгалсны хөлсийг төлөхөөр тус тус үүрэг хүлээсэн. “Ажет лимитэд” ХХК нь гэрээний дагуу урьдчилгаа 300 000 ам долларыг 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн боловч гэрээний үүргээ эс биелүүлж өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байгаа. “Ажет лимитэд” ХХК гэрээний үүргээ хэдийгээр бүрэн биелүүлээгүй ч гэсэн манай компаний зүгээс цаашдын хамтын ажиллагаагаа бодолцон ОХУ-аас агаарын хөлгийн ТС-1 шатахууны төлбөр тооцоог хийж Монголд оруулан ирж 88 622 962 төгрөгийн гаалийн татвар төлөн өөрийн нефьт баазын саванд буулган өнөөдрийг хүртэл хугацаанд хадгалж гэрээний үүргээ биелүүлэн ажилласаар ирсэн. Дээрхи гэрээгээр “Ажет лимитэд” ХХК-ийн худалдан авах шатахуун нь Онцгой байдлын ерөнхий газраас “Ажет лимитэд” ХХК-д “Улсын нөөцийн бараа материалын хадгалалтын гэрээ”-гээр хадгалуулж байсан шатахуун бөгөөд үүний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас “Ажет лимитэд ХХК-ийн шатахуун манай компаний саванд байгаа эсэхийг байнга тогтмол шалгаж хэмжилт хийсээр ирсэн. Нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл гэрээний дагуу шатахууны болон шатахуун хадгалсны төлбөрөө бүрэн төлж манай компаний ОХУ-аас тус “Ажет лимитэд” ХХК-ийн хэрэгцээнд зориулан импортлон оруулж ирсэн агаарын хөлгийн ТС-1 шатахууныг хүлээн авахгүй байгаа нь манай компанид туйлын хүндрэлтэй байна. Талуудын хооронд байгуулсан Агаарын хөлгийн ТС-1 шатахуун хадгалах гэрээний дагуу “Ажет лимитэд” ХХК-иас манай компанид төлөх шатахуун хадгалуулсны хадгалалтын төлбөр 300 774 ам.долларыг компанид төлөх үүрэгтэй. “Ажет лимитэд” ХХК-иас манай компанид ирүүлсэн албан тоотод “Ажет лимитэд ХХК нь манай компани гэрээний үүргээ биелүүлж чадахгүй болсон учраас тус гэрээг цуцлах хүсэлтэй байна, гэрээний төлбөртэй холбоотой зардлыг тус төлбөрөөс суутган тооцож, үлдэгдэл мөнгийг Худалдаа хөгжлийн банкны 451010822 тоот дансанд шилжүүлж өгнө үү” гэсэн байна. Иймд гэрээний дагуу “Ажет лимитэд” ХХК-иас урьдчилгаа болон хадгалалтын хөлсөнд төлсөн 300 000 ам.доллараас шатахуун хадгалалтын хөлс 300 774 ам.долларыг суутгах ёстой гэж үзэж байна. Иймд “Ажет лимитед” ХХК-ийн нэхэмжилсэн 300 000 ам.долларын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

“Содмонгол групп” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Содмонгол групп” ХХК болон “Ажет лимитэд” ХХК нар харилцан тохиролцсон 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Шатахуун худалдах, худалдан авах гэрээ, Агаарын хөлгийн ТС-1 шатахуун хадгалах гэрээнүүдийн дагуу “Ажет лимитэд” ХХК нь өөрийн хэрэгцээний хэмжээнд 730 тонн ТС-1 шатахуун худалдан авах, шатахууны төлбөрийн урьдчилгаа 300 000 ам.долларыг гэрээ байгуулмагц төлөх, үлдэгдэл төлбөрийг 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төлөх, мөн “Шатахуун худалдах, худалдан авах гэрээ”-ний 6.2.1-т зааснаар гэрээний хугацаанд шатахууны төлбөрөө бүрэн төлж дуусгаснаар шатахууныг худалдагчаас хүлээн авахаар, Агаарын хөлгийн ТС-1 шатахуун хадгалах гэрээний дагуу “Содмонгол групп” ХХК буюу хадгалагч талд шатахууныг савандаа хадгалсны төлбөрт 1 тонн тутмын нэг сарын хөлс 40 ам доллар, НӨАТ-тэй 44 ам.долларын хөлсийг төлөхөөр тус тус үүрэг хүлээсэн. Гэтэл “Ажет лимитэд” ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээний дагуу шатахууны болон шатахуун хадгалуулсаны төлбөрөө бүрэн төлж манай компаний ОХУ-аас тус “Ажет лимитэд” ХХК-ийн хэрэгцээнд зориулан импортлон оруулж ирсэн агаарын хөлгийн ТС-1 шатахууныг хүлээн авахгүй байгаа. Талуудын хооронд байгуулсан Агаарын хөлгийн ТС-1 шатахуун хадгалах гэрээний дагуу “Ажет лимитэд” ХХК-иас манай компанид төлөх шатахуун хадгалуулсны хадгалалтын төлбөр 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 300 774 ам.долларыг төлөх үүрэгтэй бөгөөд өнөөдрийг хүртэл төлөхгүй байна. Манай компаниас “Ажет лимитед” ХХК-ийг шатахуун хадгалалтын төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан. Талуудын хооронд байгуулсан Агаарын хөлгийн ТС-1 шатахуун хадгалах гэрээний дагуу “Ажет лимитед” ХХК-ийн шатахууныг өөрийн саванд хадгалсны төлбөр 300 774 ам.доллар буюу 664 018 759  төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

“Ажет лимитэд” ХХК нь сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

          1. Худалдан авах, хадгалалтын гэрээ биелэгдээгүй. “Ажет лимитэд” ХХК нь “Содмонгол групп” ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “Шатахуун худалдах, худалдан авах” 13/14 тоот гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу “Содмонгол групп” ХХК нь гэрээнд зааснаар нийт 730 тн ТС-1 шатахууныг захиалгын дагуу нийлүүлэх үүрэг хүлээсэн. “Ажет лимитэд” ХХК нь гэрээний дагуу урьдчилгаа болох 300 000 ам.долларыг гэрээ байгуулмагц шилжүүлэн өгсөн. Улмаар өөрийн нөөцөд байгаа шатахуунаас үнэ тохиролцон өмнө шилжүүлсэн төлбөрт нийлүүлэлт хийх талаар тус компанитай удаа дараа оролдсон боловч үр дүнд хүрээгүй тул шилжүүлэн өгсөн төлбөрийг буцаан өгөхийг хүссэн. Гэвч манай мөнгийг шилжүүлэн өгөлгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Худалдах худалдан авах гэрээ биелэгдээгүй байж түүнийг хадгалах гэрээний харилцаа биелэх үндэслэл нөхцөл байхгүй. Өөрийн хэрэгцээндээ татан авсан шатахуунаа манай захиалгын дагуу гүйцэтгэсэн гэж тайлбарладаг нь үндэслэлгүй бөгөөд захиалга өгсөнөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд гэрээний дагуу ТС-1 шатахуун татан авчирлаа хүлээн аваач гэж бидэнд хандаж байгаагүй. Хадгалалтын гэрээнд заасны дагуу талуудын комисс хүлээн авч, акт үйлдэн гэрээний дагуу хадгалалтын хөлс тооцон авах ёстой. Гэтэл бид хүлээн авах байтлаа бидний захиалсан бүтээгдэхүүн ирсэн буусан гэдгийг нь мэдээгүй бүтээгдэхүүнд хадгалалтын төлбөр төлөх ямар ч үндэслэл байхгүй.

               2.  “Онцгой байдлын гэрээт ТС-1”-ийг бид өөрийн агуулахад хадгааж байгаа: Манай компани Онцгой байдлын ерөнхий газартай “Улсын нөөцийн бараа, материал хадгалах” гэрээтэй бөгөөд жил бүр шинэчлэн гарын үсэг зурсаар ирсэн. 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний үндсэн дээр “улсын нөөц”-ийн ТС-1-ыг өөрийн агуулахад хадгалж байх явцад бид өөрийн агуулахад урсгал засвар хийх шаардлага гарсан тул “сэлгэн шинэчлэх” зарчмын дагуу өөр хэрэглээнд нөөцийг гаргаж улмаар “Содмонгол групп” ХХК-тай “худалдах, худалдан авах”, “хадгалалтын гэрээ” байгуулан 300 000 ам.долларын төлбөр шилжүүлсэн. Гэвч “Содмонгол групп” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул бид гэрээг цуцалж 2015 оноос улсын нөөцийг нөхөн бүрдүүлж 2015 онд бүхэлдээ өөрийн Чингис хаан ОУ-ын нисэх буудалд байрлах агуулахдаа хадгалж тоолуулж тооцоо нийлж ирсэн болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар “Ажет лимитэд” ХХК-ийн “Содмонгол групп” ХХК-иас 608 790 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хуулийн 258 дүгээр зүйлийн 258.1, 422 дугаар зүйлийн 422.4.1-т зааснаар “Ажет лимитэд” ХХК-иас 1 708 760 төгрөг гаргуулж “Содмонгол групп” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 662 309 999 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ажет лимитэд” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 201 900 төгрөгийг, “Содмонгол групп” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 478 044 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, “Ажет лимитэд” ХХК-иас 3 478 044 төгрөгийг гаргуулж “Содмонгол групп” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эрдэнэ-Очир давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

                   1. "Содмонгол групп" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Шийдвэрт талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн "Содмонгол групп" ХХК-ийн үүрэг биелэгдсэн гэж дүгнэжээ.

                      а. Үүргийг тогтоосон газарт биелүүлээгүй:...Талуудын хооронд байгуулсан 13/14 тоот гэрээний 1.1-т "ТС-1 Агаарын хөлгийн шатахууныг Улаанбаатар өртөөнөөс төмөр замын вагон цистернээс худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд тохирсон төлбөр төлөх" гэж үүргийг хаана гүйцэтгэхийг тодорхой заасан. Иймд үүрэг гүйцэтгэх газар нь ОХУлсаас тээвэрлэж авчирсан шатахууныг Улаанбаатар дэд өртөөнөөс худалдан авагчийн тээврийн хэрэгсэлд шилжүүлэн өгөх байсан. Гэвч тус газарт дээрх байдлаар үүрэг гүйцэтгээгүй.

б. Үүргийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй: Шатахуун худалдах, худалдан авах гэрээний 2.1-т гэрээний хугацааг 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний 3.1-т зааснаар дээрх 1 жилийн ерөнхий хугацаа дотор шатахуун нийлүүлэх хугацаа, хэмжээ, үнийг cap бүр нэмэлтээр тогтоохоор талууд тохиролцжээ. Гэрээнд заасны дагуу хуваарь тогтоосон нэмэлт гэрээ байгуулаагүй боловч энэ тал өөрийн хүсэл сонирхолоо илэрхийлсэн худалдан авагчийн албан бичгээр дээрх нөхцөл тодорхойлогдоно. Гэрээнд заасны дагуу худалдан авагчаас эхний ээлжийн худалдан авалтийн 300 000 ам.долларыг 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн. Үүний дагуу худалдан авагч "Ажет лимитэд" ХХК 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 01/111 тоот албан бичгээр эхний ээлжийн төлсөн төлбөртөө тэнцэх хэмжээний шатахуун нийлүүлэхийг шаардсан бөгөөд тус хугацаанаас 10 хоногийн дотор буюу 2014 оны 9 дүгээр сарын 05-ны дотор эхний ээлжийн төлөлтийн 300 000 ам.доллартай тэнцэх хэмжээний шатахуун нийлүүлэх үүрэг "Содмонгол групп" ХХК-д Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2, 208.3 заасны дагуу үүснэ. Гэвч "Содмонгол групп" ХХК нь дээрх хугацаанд шатахууныг нийлүүлээгүй тул "Ажет лимитэд" ХХК-д Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээний үүргээс татгалзах эрх нээгдэнэ. Иймд "А жет лимитэд" ХХК-иас 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гэрээнээс татгалзаж төлбөрийг буцаан шилжүүлэхийг албан бичгээр мэдэгдсэн.

в. Үүргийн зохих ёсоор биелүүлээгүй: ...“Содмонгол групп” ХХК-ийн нефть хангамжийн газарт байсан шатахууныг Онцгой байдлын ерөнхий газарт тоолуулсан нь "Шатахуун худалдах худалдан авах гэрээ"-ний дагуу дээрх шатахууныг хүлээн авсан гэж тооцох үндэслэл байхгүй. Хариуцагч хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа "Ажет лимитэд” ХХК-ийн захиалсан ТС-1 шатахууныг 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ОХУ-аас импортлон оруулж ирсэн гэж тайлбар өгдөг бөгөөд хариуцагч өөрөө 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Онцгой байдалд тоолуулахад "гэрээний үүргийг биелүүлж хүлээлгэн өгсөн гэж" үзэхгүй байхад шүүх өмнөөс нь ийм дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй. Бодит байдал дээр талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу гэрээний гүйцэтгэлийг шаардсан боловч "Содмонгол групп" ХХК шатахуун ОХУ-аас импорлон ирүүлэхээс өмнө "Улсын нөөцийн хуваарьт тооллого" хийгдэх цаг хугацаа нь тулгарсан тул "Содмонгол групп" ХХК нь өөрийн хэрэглээний нөөцөд байсан TC-1-ийг тус тооллогод хамруулан тоолуулж импортлон оруулж ирүүлсний дараа нөхөн бүрдүүлэхээр талууд тохиролцсон. Энэ тохиролцооны талаар нэхэмжлэгч, хариуцагч нар маргадаггүй.

Дээрх тооллого явагдсаны дараа талуудын хооронд харилцаж байсан албан бичгээр гэрээний эхний төлбөрийн гүйцэтгэлийг шаардаж түүнтэй холбоотойгоор ОХУлсын Рос нефть концерн захиалга өгсөн, тус захиалга баталгаажаагүй байгаа талаар талууд харилцаж байсан. ...Харин "Шатахуун худалдах худалдан авах гэрээ"-ний дагуу татан авчирсан гэх 306 080 кг ТС-1 түлшийг 2014 оны 10 дугаарсарын 22-ны өдөр Монгол Улсад татан авчирсан гэх боловч энэ талаараа худалдан авагчид мэдэгдээгүй бөгөөд гэрээний 3.1-т заасны дагуу 2014 оны 10 дугаар сард худалдан авах хэмжээ болон үнэ мөн гэрээний 3.3-т заасны дагуу "тухайн сарын үнийг талууд харилцан тохиролцоогүй байдаг. "Ажет лимитэд" ХХК-тай байгуулсан гэрээний гүйцэтгэл болгож 2014 оны 10 дугаар сард ТС-1 татан авчирсан талаар компанид мэдэгдээгүй бөгөөд үүнийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагчийн хариу тайлбараас мэдсэн. Иймд гэрээний гол нөхцөл болох үнэ болон хэмжээг тохиролцоогүй байхад гэрээний тухайн хэсгийг байгуулагдсан гэж үзэх боломжгүй. Гэвч тус журмын дагуу талууд хүлээн авч акт үйлдээгүй тул шатахууныг хүлээн авсан гэж үзэх үндэслэл байхгүй. Дээрх байдлаар "Содмонгол групп" ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул "Ажет лимитед" ХХК нь гэрээний дагуу шилжүүлсэн 300 000 ам.долларыг буцаан шилжүүлэхийг удаа дараа шаардсан. "Содмонгол групп" ХХК нь өөрөө "Ажет лимитэд" ХХК-д өр төлбөрийн үлдэгдэлтэй гэдгээ мэдэж байсан бөгөөд үүнийгээ 2015 оны 3 дугаар сарын 19-ний 19/536 тоот үлдэгдэл баталгаажуулах тухай албан бичгээр баталгаажуулсан байдаг. Иймд "Ажет лимитэд" ХХК-иас үүрэг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй. Дээрх үндэслэлээр гэрээг цуцалсан тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзаж өөрт учирсан хохирол 300 000 ам.долларыг шилжүүлэхийг шаардах эрхтэй.

2. Хадгалалтын гэрээ биелэгдээгүй: ..."Содмонгол групп" ХХК гэрээний дагуу шатахууныг оруулж ирсэн талаар "Ажет лимитэд" ХХК-д нэг ч удаа мэдэгдээгүй. Харин эсрэгээрээ "Ажет лимитэд" ХХК-иас гэрээний дагуу ТС-1 татан авчирч хүлээлгэн өгөх талаар удаа дараа шаардаж байсан боловч биелэлээ олоогүй. Иймд тус тохиолдолд Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.1 дэх хэсэгт заасан нөхцөл үүсээгүй. 2014 оны 7 дугаар сарын 16-ны Улсын комиссын тооллогод худалдан авсан эд хөрөнгөө тоолуулаагүй бөгөөд харин "Содмонгол групп" ХХК-ийн өөрийн эд хөрөнгийг тооллогод хамруулсан. Харин хариуцагч "2014.10.22-нд хилээр "Ажет лимитэд" ХХК-ийн захиалгын ТС-1-ыг оруулж ирсэн гэж тайлбарладаг боловч гэрээнд зааснаар үнэ хэмжээний талаар худалдан авагчтай тохиролцоогүй, "Ажет лимитэд" ХХК-д түүний захиалгыг хэрэгжүүлж байгаа талаар мэдэгдээгүй тул "Содмонгол групп" ХХК-ийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийсэн тус шатахуун нь хэний өмчлөлийн, ямар зориулалтаар оруулж ирсэн бүтээгдэхүүн болохыг бид мэдэхгүй бөгөөд мэдэх боломжгүй. Иймд тус шатахуун нь "Ажет лимитэд" ХХК-ийн хүлээн авах үүрэг бүхий түүний худалдан авсан шатахуун биш юм. Цаашлаад 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр улсын комисс "Содмонгол групп" ХХК-д хүрэлцэн очиж тооллого хийсэн гэдэг боловч үүнд "Ажет лимитэд" ХХК байлцаагүй, мэдээгүй тул бидний зүгээс ямар учир холбогдол бүхий тооллого болсон талаар мэдэхгүй. Худалдан авсан эд хөрөнгийг нь худалдан авагчид бус өөр гуравдагч этгээд үзүүлснээр (тоолуулсанаар) нь байлцуулалгүйгээр хүлээн авсан тооцох хуулийн зохицуулалт байхгүй. ...2015 оны 4 дүгээр сарын 01-нд "Ажет лимитэд" ХХК нь "Онцгой байдлын ерөнхий газартай" байгуулсан гэрээгээ шинэчлэн байгуулах үедээ тооллого явуулсан байдаг бөгөөд тухайн үед "Ажет лимитэд" ХХК-ийн Буянт-Ухаа дахь газрын тосны бүтээгдэхүүний агуулахад улсын нөөцийн ТС-1 хэмжээ, чанар стандартын байдал хангасан байдлаар байсныг талууд дүгнэж төлөөлөгчид гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Тус баримтыг болон түүнээс хойшхи бүх тооллогын баримтыг эх хувиар нь шүүхэд гаргаж өгсөн тул шүүхийн шийдвэрийн дээрх дүгнэлт үндэслэлгүй болсон.

Талуудын хооронд байгуулсан "Шатахуун худалдах худалдан авах гэрээ"-тэй холбогдуулан нэхэмжлэл гаргаж хариуцагч "Содмонгол групп" ХХК нь талуудын хооронд байгуулсан хадгалалтын гэрээтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дээрх хүрээнд өрнөх ёстой. Гэвч шүүх маргаагүй өөр оролцогч болох Онцгой байдлын ерөнхий газар, маргаагүй өөр гэрээний харилцаа болох "Ажет лимитэд" ХХК, Онцгой байдлын ерөнхий газрын хооронд байгуулсан "Улсын нөөцийн бараа материал хадгалах" гэрээ түүний гүйцэтгэлтэй холбогдуулан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн хадгалалтын гэрээний 1.2.2-д заасны дагуу хүлээлцэн авч хадгалж эхлэх нөхцөлийг тодорхойлсон. Хуульд болон гэрээнд зааснаар хадгалуулах эд хөрөнгийг хүлээлцэх үйл явц болоогүй тул хадгалалтын гэрээ хэрэгжиж үйлчилсэн гэж дүгнэх ямар ч боломжгүй. Талуудын хооронд харилцаж байсан албан бичгүүдэд ч хадгалалтын гэрээний дагуу “Ажет лимитэд" ХХК-ийн TC-1-ийг хадгалж байгаа талаар байхгүй бөгөөд “Ажет лимитэд” ХХК худалдан авах гэрээг биелүүлж өөрийн өмнө шилжүүлсэн төлбөрт тохирох TC-1-ийг хадгалуулах бус харин өөрт хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардаж байсан. Иймээс хадгалалтын гэрээний дагуу төлбөр төлөх үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

          Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах зүйтэй  байна.

 

Нэхэмжлэгч “Ажет лимитэд” ХХК нь хариуцагч “Содмонгол групп” ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээг цуцалж, гэрээний дагуу төлсөн 608 790 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч марган, шатахуун хадгалсны төлбөр 300 774 ам.доллар буюу 664 018 759 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

“Ажет лимитэд” ХХК нь хариуцагч “Содмонгол групп” ХХК-ийн хооронд 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр №14/14 тоот агаарын хөлгийн ТС-1 шатахуун хадгалах, №13/14 тоот шатахуун худалдах-худалдан авах гэрээнүүд байгуулагдсан, худалдан авагч тал буюу “Ажет лимитэд” ХХК шатахуун худалдах-худалдан авах гэрээний 3.4-т заасны дагуу шатахууны урьдчилгаа төлбөр 300 000 ам.долларыг гэрээ байгуулмагц төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдах авах гэрээ талуудын хооронд байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж  дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

Харин талууд худалдах-худалдан авах гэрээгээр тохиролцсон шатахуун нийлүүлсэн эсэх, гэрээгээр тохирсны дагуу хадгалалтад нийлүүлсэн эсэх үйл баримтын талаар маргасан байна.

 

2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Түлш нийлүүлэх гэрээний дагуу түлшийг хүлээж авах талаар “Ажет лимитэд” ХХК-иас “Содмонгол групп” ХХК-д хандан 2015 оны 4 дүгээр сарын 20 /хх-23/, 2015 оны 5 дугаар сарын 08 /хх-25/, 2015 оны 6 дугаар сарын 19 /хх-27/, 2015 оны 7 дугаар сарын 06 /хх-28/ зэрэг албан тоотоор бараа бүтээгдэхүүнийг хүлээж авах хүсэл зоригийг илэрхийлсэн агуулгатай байсан нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч “Содмонгол групп” ХХК-иас уг гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх агуулга бүхий хариу өгсөн гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Эдгээр нөхцөл байдлуудыг хэргийн баримттай харьцуулан үзэхэд гэрээний дагуу түлш нийлүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй. Иймд нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах эрх үүссэн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэснээс нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай үүргийн хэмжээг буруу тооцон зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

Талууд байгуулсан гэрээндээ үүргийг гадаад валют болох ам.доллараар тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэгч нь үүргийг албадан хэрэгжүүлэх зорилгоор  нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар тооцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийг зөрчихгүй болно.

Иймд тооцооны үлдэгдлийн баталгаагаар нотлогдож буй 300 000 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн ханш болох 1984.65 төгрөгөөр тооцон 595 395 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Анхан шатны шүүх 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн “Улсын нөөцийн бараа материалын хадгалалтын гэрээ”-г нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт гэж үзсэн бөгөөд уг баримтад нэхэмжлэгч талыг төлөөлөн менежер Э.Уянга гарын үсэг зурсан байх боловч уг баримт талуудын хоорондын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулагдахаас өмнө үйлдэгджээ /хх-120-124/.

 

Мөн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Онцгой байдлын ерөнхий газрын ажилтнуудын түлш тоолуулсан баримт /хх-127/ хэрэгт авагдсан байх бөгөөд энэ баримтад

 

нэхэмжлэгч компаний зүгээс гарын үсэг зураагүй байх тул нэхэмжлэгч компанийг энэ тооллогод оролцон бүтээгдэхүүнээ тоолуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс хадгалалтын гэрээний хөлсийг шаардаж буй үндэслэлдээ түлшийг нэхэмжлэгч байгууллагын нэрийн өмнөөс Онцгой байдлын ерөнхий газарт тоолуулж байгаа гэж зааж буй нь дээрх баримтаар няцаагдаж байна.

 

Иймд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт заасны дагуу хадгалалтын гэрээний хөлс шаардах эрх хариуцагчид үүсээгүй тул хариуцагчийн  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/00816 дугаар шийдвэрийн

 

    Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Содмонгол групп” ХХК-иас 595 395 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ажет лимитэд” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 13 395 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 

              2 дахь заалтыг Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул шатахуун хадгалсны төлбөр 300 774 ам.доллар буюу 664 018 759 төгрөг гаргуулах тухай “Содмонгол групп” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,

    3 дахь заалтыг “...үлдээж...” гэсний дараа “...хариуцагч “Содмонгол групп” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3 134 925 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ажет лимитэд” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ажет лимитэд” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 210 443 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                         Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                               Д.БАЙГАЛМАА