Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 1032

 

 

 

 

 

 

 2019          12         17                                         2019/ШЦТ/1032

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Зулаа,

Улсын яллагч: М.Мөнхцэцэг /томилолтоор/,

           Шүүгдэгч: М.Т-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Дэлдгэр М.Т-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905040471218 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дэлдгэр М.Т-, 1996 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүүгийн хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч М.Т-нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин Эрүүл мэндийн 7 дугаар төвийн орчим гудамжинд насанд хүрээгүй хүүхэд болох Б.С-ын Самсунг эс 8 плас загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрмийн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Т-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Б.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Оюуны Ундраа сургууль руугаа Эрүүл мэндийн 7 дугаар төвийн хажуугийн замаар явж байхад үл таних эрэгтэй хүн миний барьж явсан Самсунг Эс 8 Плас маркийн гар утсыг шүүрч зугтаасан. Би араас нь хөөгөөд гүйцээгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 28-30/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...34 дүгээр байрны Мини маркетын 6 дугаар хяналтын камерын бичлэгт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 07:09:54 цаг минут секундэд хар өнгийн куртиктэй дотроо саарал өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн саравчтай малгайтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, Jordan-1 загварын цагаан хар өнгийн пүүз өмсчихсөн эрэгтэй хүн хохирогч гэх эмэгтэйн гар утсыг нь булаан авч зугтан араас нь хохирогч охин хөөж байгаа бичлэгийг харуулав” гэжээ. /хх-н 10-14/,

Яллагдагчаар М.Т-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ...07 цагийн үед гэртээ орох гээд явж байсан юм. Ингээд яг 41 дүгээр байрны орчимд үл таних арван жилийн сурагч гэхээр охин ганцаараа утсаа оролдоод явж байсан. Тэгээд тэр охины утсыг булааж аваад мөнгөтэй болох бодол төрсөн. Ингээд хохирогчийн араас дагасан бөгөөд араас нь гүйж очоод оролдож байсан гар утсыг авсан. Зарах бодолтой байсан бөгөөд маргааш нь над руу Баянголын цагдаагаас залгаад ирж уулзах шаардлагатай байгаа гэхээр нь за за нэгэнт цагдаа нар мэдсэн юм чинь очиж асуудлаа хөнгөнөөр шийдүүлье гэж бодоод өөрийн биеэр авсан утсаа аваад ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 44-45/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 20-22/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 36-38/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 48-53/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч М.Т-нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 07 цагийн орчим Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин Эрүүл мэндийн 7 дугаар төвийн орчим гудамжинд насанд хүрээгүй хүүхэд болох Б.С-ын Самсунг эс 8 плас загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрмийн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч Б.С-ын: “...Би 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Оюуны Ундраа сургууль руугаа Эрүүл мэндийн 7 дугаар төвийн хажуугийн замаар явж байхад үл таних эрэгтэй хүн миний барьж явсан Самсунг Эс 8 Плас маркийн гар утсыг шүүрч зугтаасан. Би араас нь хөөгөөд гүйцээгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 28-30/, эд зүйлийн үнэлгээ, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.Т-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Т-нь хохирогчийн гар утсыг булааж авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Насанд хүрээгүй хохирогч Б.С-, түүний хууль ёсны төлөөлөгч Б.С-нар нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч М.Т-г гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.Т-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч М.Т-д ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ...хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч М.Т-ы холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

  Иймд шүүхээс шүүгдэгч М.Т-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч М.Т-д ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч М.Т-нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Дэлдгэр М.Т-ыг “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-г хорих ял оногдуулахгүйгээр, 02 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй. 
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Т-д оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Т-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР