| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0572/Э |
| Дугаар | 636 |
| Огноо | 2019-10-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.1., 20.7.1., |
| Улсын яллагч | Т.Мандахнаран |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 636
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,
улсын яллагч Т.Мандахнаран (томилолтоор),
шүүгдэгч Ч.Ө, түүний өмгөөлөгч О.Б,
шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Б.Ч,
нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Х овогт Ч-ийн Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Б овогт Э-ын Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 00000000000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт О аймаг, Б сум, Дэнж баг 00-00 тоотод оршин суух хаягтай боловч, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, 00-00 тоотод нагац эгч Г-д түр оршин суудаг, урьд нь:
Орхон аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаартай шүүгчийн захирамжаар 4 сар 6 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Ч-ийн Ө /РД: НН0000000/.
2. Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт О аймаг, Б сум 00 дугаар баг, 0 дугаар байр 00 тоотод оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, 00 тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Э-ын Б /РД: НН0000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Ө нь 2019 оны 3 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө ХХ дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б-ны Самсунг Жи-6 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж авсан,
Мөн 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ХХХХХ гэх газраас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай Каннабис “өвс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж шавар гэх бодис бэлтгэсэн,
Улмаар 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд өөрийн биедээ болон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 0.1 грамм “шавар” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 3 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө ХХХ дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонсголонгийн гүүрний орчим Б.Б-ны нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Ч.Ө: “...2019 оны 3 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө найз Б, О нартай хамт машинтай явж байгаад тамхи авахаар хххх автобусны буудал дээр зогссон. Би тамхи авчихаад эргээд ирэхэд нэг согтуу хүн машинд суучихсан байсан. Тэгээд би ямар хүн бэ гэж асуухад “хххх хүргээд өг, 3000 төгрөг байна гээд байна” гэж хэлсэн. Тэгээд машинд суугаад явж байтал тухайн хүн надад “сагсны тэмцээн болоод медаль авсан гээд медаль үзүүлээд, ажлынхантайгаа архи уучихлаа” гэж байсан. О бие засах хэрэгтэй байна гэхээр нь нэг газар машинаа зогсоосон. Энэ үед би нэг найз руугаа ярих гээд хохирогчийн гар утсыг аваад найздаа “хаалга битгий цоожлоорой, удахгүй очлоо” гэж хэлэх гэж байсан. Харин гар утсыг нь бүр авах бодолгүй байсан. Би утсаар ярих гэтэл утас нь кодтой байсан тул кодыг нь асуухад код нь 0205 гэж хэлсэн. Тэгээд утсаар нь найз руугаа ярьчихаад эргээд хартал найз Б хохирогчийг цохих шиг болсон. Би найзыгаа цохиулчих байх, мөн тэнд зодоон болно байх гэж сандарч очихдоо хохирогчийн гар утсыг нь халаасандаа хийсэн байсан. Тэгээд найзыгаа аваад машинд суугаад яваарай гэж хэлээд Ононжаргал, Бямбадорж бид гурав машинтай хөдөлсөн.
Би шавар гэх зүйл бэлтгэсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм зүйл хэрэглэхгүй гэж амлаж байна, надад нэг удаа боломж олгож, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Э.Б “...2019 оны 3 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Ө, О нар над дээр ирээд бид гурав хотын төвөөр явж байгаад тамхи авахаар хххх буудал дээр очоод байж байтал нэг согтуу залуу ирж машинд суугаад цааш хөдлөөд О ххх гүүр дээр бие засах гээд буусан. Тэгээд машинаасаа буугаад зогсож байхад хохирогч надаас тамхи байна уу гэж асуухаар нь би яахаараа би чиний тамхийг бэлдэж өгдөг юм бэ гээд бид хоёр маргалдаад би түүний нүүр рүү нь нэг удаа цохиод газар унахаар нь цээж рүү нь өшиглөсөн. Тэгсэн Ө над дээр ирээд намайг тухайн залуугаас салгаад бид машинд суугаад машинтайгаа хөдлөөд явсан, хохирогочид учирсан гэмтлийг би учруулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Шүүгдэгч Ч.Ө нь 2019 оны 3 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө ХХХ дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б-ны Самсунг Жи-6 загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж авсан,
Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 3 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонсголонгийн гүүрний орчим Б.Б-ны нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр би ажлынхантайгаа тэмцээнд амжилттай оролцсон учир тэмцээн тараад архи, шар айраг уусан. Тэгээд гэр Налайх дүүрэгт байдаг учраас унаагүй болчихоод найзынхаа гэрт очиж хонохоор нисэх явах гээд Саппоро төвийн буудал дээр зогсож байхад саарал өнгийн приус-20 загварын машин ирж зогссон. Би Нисэх явах уу? 3000 төгрөг байна гэж хэлэхэд суу, суу гэж хэлсэн. Машинд ороод суухад жолооны ард нэг эмэгтэй хүн байсан, харин хажууд нэг эрэгтэй хүн сууж байсан. Намайг суусны дараа машинд дахин нэг эрэгтэй хүн суусан. Замдаа явж байхад би тэр гурвыг найзууд гэдгийг ярианаас нь мэдсэн. Тэгээд явж байгаад Сонсголонгын гүүр өнгөрөөд хамт явж байсан охин бие засаар ирье гээд замын хажуу руу явсан. Надтай хамт хойно сууж байсан эрэгтэй намайг утсаа өгч байгаач нэг ярьчихаад өгье гэхээр нь би өгсөн. Машины гадаа тамхи татаад бие засах гэж байхад утас авсан залуу утасныхаа кодыг хэлчих гэхээр нь би хэлсэн. Би хашаа руу бие засч байхад жолоо барьж байсан залуу хажууд ирээд бие зассан. Тэгээд би тэр залуугаас нэг юм асууснаас болж маргалдаж эхэлсэн. Тэгтэл тэр залуу намайг заамдаад гараараа зүүн нүд рүү нэг удаа хүчтэй цохисон. Энэ үед би хойшоо хашаа налаад унасан. Тэгээд цээж, нуруу руу хэд хэдэн удаа цохисон. Тэгээд цаана байсан залуу ирээд найзыгаа салгаж аваад машинд суулгаад хөдлөөд явчихсан. Би цагдаагийн байгууллагад анх мэдүүлэг өгөхдөө ганц утас алга болсон гэвэл хүнийг нь хайж өгөхгүй байх гэж бодоод утсаа олж авахын тулд их зүйл алдсан мэтээр ярьсан. Би тухайн үед өөрийн гар утсаа алдсан. Өөр зүйл алдаагүй...” /хх-ийн 9-10/ гэсэн,
Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр би найз Б-ны эзэмшлийн Приус-20 загварын тээврийн хэрэгсэлийг гуйж авсан. Тэгээд тэр өдрөө найз Ө уулзмаар санагдаад яг хэдэн цагийн үед гэдгийг нь санахгүй байна, орой болсон байсан, утсаар яриад гэрт нь очихоор болсон. Тэгээд би Ө-ыг шархадны эцсийн буудал орчмоос очиж авсан. Тухайн үед Батсайханы машинтай явж байсан. Би Ө-тай машин дотор юм ярьж сууж байгаад хамт Б-той уулзахаар болоод Орбит руу явсан. Тэгээд Б-ийг гэрээс нь очиж авсан. Ингээд зам дагуу явсаар байгаад Саппоро орчим ирэхэд Саппоро төвийн автобусны буудал дээр онгорхой түц байсан. Ө машинаас тамхи авахаар буусан. Б машины урд сууж байсан. Ө-ыг хүлээгээд байж байхад нэг танихгүй согтуу архи үнэртүүлчихсэн 25 орчим насны залуу ирээд “уучлаарай надад 2000 төгрөг байна, нисэх рүү хүргээд өгөөч, манай ажлынханы дунд тэмцээн болоод би хожсон, тэгээд баяр тэмдэглээд би бүх цалингаараа хамт олноо дайлчихсан, хүргээд өгөөч” гэж хэлсэн. Би тухайн үед тэр залууд бид нар гурвуулаа явж байгаа гэж хэлсэн. Тэгсэн ч гэсэн хамаагүй гээд гуйгаад байсан. Б бид хоёр ярилцаад хийх юмгүй юм чинь хүргээд өгье гээд машиндаа суулгасан. Энэ үед Ө тамхи аваад ирсэн. Тэгээд бид нар хөдлөөд Сонсголон чиглэлтэй явсан. Явах замд нөгөө согтуу залуу бид нарт цүнхнээсээ цом гаргаж үзүүлээд тэмцээнд түрүүлсэн талаараа ярьж байсан. Тэр залуу хойд талын суудал дээр Ө-тай л юм яриад яваад байсан. Би машин барьж байсан ба Б-той ойр зуур яриад явж байсан. Тэгээд сонсголонгийн гүүр өнгөрөөд явж байхад би бие засах гээд замаас гараад түр зогссон. Энэ үед бүгд бие засна гээд буусан. Би цаана очиж бие засчихаад гадаа хүйтэн байсан учраас машиндаа шууд суусан. Би машинд суугаад тамхи асаагаад хөгжим сонссон. Харин нөгөө гурав гадаа ойролцоогоор 1-2 минут орчим болсон байх би яагаад тэгж бодож байна гэхээр би тамхи асаагаад талд нь хүргэж байхад Ө, Б хоёр гаднаас гүйгээд ороод ирсэн. Би тэр хоёроос нөгөө залуу яасан бэ гэхэд, шууд яв, хурдан хөдөл гэж хэлсэн. Би шууд машинаа асаагаад цаашаа явсан. ...Харин маргааш нь Ө над руу залгаад хороололд Өргөө кино театрын хойно хүрээд ир гэсэн. Би яваад очиход надад бэлнээр 200,000 төгрөг өгсөн. Надад энэ мөнгийг өгөхдөө машинаа журмын хашаанаас гаргаж аваарай гээд өгсөн. Би урд нь айраг уучихсан явж байхдаа цагдаад баригдаад машинаа хураалгасан байсан. Энэ тухай Ө мэдэж байсан. ...Тухайн үед ахын цалин буусан түр зээлчихлээ гэж байсан. Өөр зүйл хэлээгүй...” /хх-ийн 13-14/ гэсэн,
Гэрч Э.Н мөдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Ч.Ө гэж хүн өөрийнхөө бичиг баримтаар “Самсунг Жи-6 плас” загварын гар утсыг 310,000 төгрөгийн барьцаанд 10 хоногий хугацаатай тавьсан...” /хх-ийн 24-25/ гэсэн,
Шүүгдэгч Э.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр найзууд болох О, Б нарын хамт Тоёота Приус загварын машинаар таксинд явж байхдаа Саппоро төвийн автобусны буудлаас 23 цагийн орчим 25 орчим насны согтуу эрэгтэйг машиндаа суулгасан. Би уг залуугийн хамт машины хойд талын суудал дээр сууж байсан. Тэр залуу Нисэх орно гэж хэлж байсан, амнаас нь архи үнэртсэн нилээн согтуу байсан. Ингээд бид нар Нисэх рүү явж байхдаа машин барьж байсан О бие засмаар байна гээд Нисэхийн гүүр өнгөрөөд явж байгаад замаас гарч замын хажуугийн гудамжинд зогссон. Тэгээд О бие засхаар буусан, энэ үед би тэр залуугаас утсаа өгч бай гэж хэлээд “Самсунг Жи-6” загварын гар утсыг нь авсан. Би машинаас буугаад уг утсаар найз Мөнх-Ирээдүй рүү залгасан. Ингээд гадаа утсаар ярьж байхад тэр согтуу залуу машинаас буусан байсан ба Бямбадоржтой хэрүүл маргаан хийгээд байсан. Би утсаар ярьж дуусчихаад Бямбадорж дээр очиход Б тэр залууг газар унагаачихсан өөрөө хажууд нь зогсож байсан. Би шууд Б-ийг тэр залуугаас холдуулаад машинд суулгасан ба энэ үед гар утсыг нь халаасандаа хийгээд дууг нь хаачихсан юм. Ингээд би О-ыг хөдөл гэж хэлээд шууд тэр залууг орхиод явсан. Бид гурав Яармагийн замаар явж байгаад гурвалжингийн гүүр даваад Орбитод Б-ийг гэрт нь буулгасан ба дараа нь О намайг Шар хадны эцэст хүргэж өгсөн. Би маргааш нь Өргөө кинотеатрын хажууд байх ломбарданд уг утсыг долоо хоногийн хугацаатай 320,000 төгрөгийн барьцаанд тависан. Тэгээд мөнгөнөөсөө О-д 220,000 төгрөгийг өрөө төл, ахаасаа мөнгө авчихлаа гэж хэлээд өгсөн, тэгээд шууд Б-той уулзаад өчигдрийн залуугийн утсыг нь авчихсан байсан, ломбарданд тависан талаараа хэлээд 50,000 төгрөг өгөөд хамт биллъяард тоглож, пиво ууж үрж дуусгасан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Би тэр залууд учруулсан хохирлоо төлж барагдуулна. Тухайн үед миний үерхэж байсан О нь машинаа журмын хашаанд хураалгачихсан хүнээс мөнгө зээлчихсэн байсан. Би О-д тус болохыг хүсээд л түүний утсыг нь авчихсан. Миний утас авсныг О мэдээгүй. Б-д маргааш өдөр нь хэлсэн...” /хх-ийн 40-41/ гэсэн,
Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр найзууд болох О, Өнөбат нарын хамт О-ын унаж байсан Тоёота Приус загварын машинаар таксинд явж байхдаа Саппоро төвийн автобусны буудлаас 23 цагийн орчим 25 орчим насны согтуу эрэгтэйг машиндаа суулгаж Нисэх рүү хүргэж өгөхөөр болсон. Тухайн үед би нимгэн хувцастай явж байсан учраас машины урд талын суудал дээр сууж байсан. Тухайн залуу 3000 төгрөг байна хүргээд өгчих гээд гуйгаад байсан. Тэр залуу Ө-ын хамт машины хойд талын суудал дээр суусан. Ингээд явж байхад Нисэхийн гүүр өнгөрөөд О бие засна гээд машинаа замын хажууд гаргаад зогссон. Би бас бие засахаар буусан. Тэр үед Өнөбат болон тэр залуу нар буусан. Би ойролцоо байсан хашааны дэргэд очоод бие засч байхад нөгөө согтуу залуу ирээд намайг тамхи асаагаад өг гэж хэлсэн. Би хариуд нь “би чиний татах тамхыг бэлдэж өгөх үү” гэхэд сүртэй гөлөг гэлүү пизда гэлүү нэг тийм хараалын үг хэлсэн. Би уурлаад түүнийг заамдаж байгаад баруун гараараа нэг удаа нүүрэн тус газар нь цохисон. Тэр залуу хойшоо хашаа налаад унасан. Тэр үед тэр залуу хар өнгийн үүргэвч үүрчихсэн, гартаа тортой зүйлээ барисан байсан. Тэгээд унангуут нь би нуруу руу нь хэд хэд цохисон, энэ үед Бямбадорж гүйж ирээд намайг татаад холдуулж машинд суулгаад тэгээд шууд хөдөл гэж хэлсэн. Ононжаргал машинд суусан тамхи татаж байсан. Тэгээд бид гурав хөдлөөд шууд явсан. Эхлээд намайг хүргэж өгөөд О, Б нар хамт явсан. Маргааш өдөр нь намайг гэртээ байхад Ө яриад уулзъя гэсэн. Би Ө-тай уулзахад надад өчигдөр машинд сууж явсан хүний утсыг нь авчихсан, ломбарданд тавиад 200,000 төгрөгийг О-д өгсөн гэж хэлээд үлдсэн мөнгийг нь бид хоёр биллъярд тоглож, архи ууж дуусгасан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Би тэр залууд учруулсан хохирлоо төлж барагдуулна. Тэр залууг надаас өөр цохиж зодсон хүн байхгүй. Ө ирээд намайг татаж холдуулаад машинд суулгасан, тэгээд л шууд явсан. Би цохиж гэмтэл учруулсан. О машинд сууж байсан. Тухайн шөнө гадаа их салхитай хүйтэн байсан. Би машины урд талын суудал дээр сууж байгаад машин зогсох үед О-ын араас буусан. Ө тэр залуу хоёр араас бууж байгаа харагдсан, тэр үед намайг бие засаж байхад Ө ирээд тэр залуугаас код чинь юу юм бэ гэж асууж байсан санагдаж байна, яг гуйж авсаныг нь бол сонсоогүй. Тэгээд Ө бид хоёроос хэдэн метрийн зайтай утсаар яриад байх шиг байсан, өөр зүйл мэдэхгүй байна. Харин маргааш нь утсыг нь авсан талаар мэдсэн. Ө өөрөө надад хэлсэн...” /хх-ийн 47-48/ гэсэн мэдүүлгүүд,
- Хохирогч Б.Б-ны өргөлдөл /хх-ийн 4/,
- Гар утас худалдан авсан баримт /хх-ийн 53-56/,
- Барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 59/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №3087 дугаартай хүний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.Б-ны биед хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 27/ гэсэн дүгнэлт зэрэг баримтуудаар,
Шүүгдэгч Ч.Ө нь 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ХХХХ гэх газраас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай Каннабис “өвс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж шавар гэх бодис бэлтгэсэн,
Улмаар 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд өөрийн биедээ болон ХХХХ дүүргийн нутаг дэвсгэрт 0.1 грамм “шавар” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Ө мөрдөн шалгах ажиллагааы явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ганцаараа ХХХ гэх газраас каннабис өвсийг түүж хатаагаад хуванцар саванд хийж дээрээс нь ахуйн хэрэглээний газ шахан доошоо гарсан шингэнийг нь гялгар уутанд авч хатаан шавар гэх бодисыг гаргаж авч ганцаараа 4 удаа тугалган цаасан дээр тавьж доороос нь халааж гарсан утааг нь мөнгө хуйлж сорон хэрэглэсэн ингээд үлдсэнийг нь түрийвчин дотроо хадгалж байгаад цагдаад баригдсан. Энэ талаараа урьд өгсөн мэдүүлэг дээрээ мэдүүлсэн байгаа. Би ямар нэгэн хүнтэй хамт каннабис өвсийг түүсэн зүйл байхгүй, мөн хэрэглэсэн зүйл байхгүй. Хар тамхины хэрэг болон хүний гар утсыг авсан хэргээ нэгтгэн шалгуулж шийдүүлэх хүсэлтэй байна...” /хх-ийн 130-131/ гэсэн мэдүүлэг,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 95-97/,
- Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 98/,
- Хэв загвар дээж авсан тэмдэглэл /хх-ийн 99/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн №2212 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Ч.Ө” гэж хаягласан шээсний дээжнээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ийн “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” /хх-ийн 114-115/ гэсэн,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 29- ний өдрийн №2617 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн шавар мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.
2. Манай лабораторын тодорхойлох хүрээнд хамаарахгүй болно...” /хх-ийн 118-119/ гэсэн,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн №661 дүгээр магадлагаанд: “...Дүгнэлт: Ч.Ө урьд өмнө нь каннабинолын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ сэтгэцийн эмгэгээр өвчилж байсан байх боломжтой.
Одоо Ч.Ө нь каннабинолын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна.
Ч.Ө нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
Ч.Ө нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна.
Ч.Ө нь каннабинолын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээтэй байна.
Ч.Ө сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Сайн дурын эмчилгээнд өөрийн хүсэлтээр хамрагдах боломжтой...” /хх-ийн 122-123/ гэсэн дүгнэлтүүд,
- Шүүгдэгч Ч.Ө-ын хувийн байдалтай холбоотой гэрч Д.Ч, Д.А нарын мэдүүлэг /хх-ийн 22, 112/, ял шалгах хуудас /хх-ийн 60/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 166-169, 179-183/ төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 149/,
- Шүүгдэгч Э.Бийн хувийн байдалтай холбоотой гэрч О.О-ийн мэдүүлэг /хх-ийн 23/, ял шалгах хуудас /хх-ийн 61/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, шүүгдэгч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Э.Б, Ч.Ө нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Ч.Ө нь 2019 оны 3 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б-ны самсунг жи-6 загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,
Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 3 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонсголонгийн гүүрний орчим Б.Б-ы нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Б-ны “...Надтай хамт хойно сууж байсан эрэгтэй намайг утсаа өгч байгаач, нэг ярьчихаад өгьё гэхээр нь би өгсөн. Машины гадаа тамхи татаад бие засах гэж байхад утас авсан залуу утасныхаа кодыг хэлчих гэхээр нь би хэлсэн. Миний хажууд бие засаж байсан залуутай нэг зүйл асууснаас болж маргалдсан. Тэгтэл тэр залуу намайг заамдаад гараараа зүүн нүд рүү нэг удаа хүчтэй цохисон, би хойшоо хашаа налаад унасан, тэгсэн цээж, нуруу руу хэд хэдэн удаа цохисон. Тэгэхэд цаана байсан залуу ирээд найзыгаа салгаж аваад машинд суулгаад хөдлөөд явчихсан. Би тухайн үед гар утсаа алдсан, миний утсыг нэг залуу нь авсан, нөгөө залуу нь намайг зодож биед гэмтэл учруулсан...” /хх-ийн 9-10/ гэсэн, гэрч Б.О-ын “...Ө, Б хоёр гаднаас гүйгээд ороод ирсэн. Би тэр хоёроос нөгөө залуу яасан бэ гэхэд шууд яв, хурдан хөдөл гэж хэлсэн. Би шууд машиндаа асаагаад цаашаа явсан...” /хх-ийн 13-14/ гэсэн, гэрч Э.Н-ийн “...2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Ч.Ө гэж хүн өөрийнхөө бичиг баримтаар “Самсунг Жи-6 плас” загварын гар утсыг 310,000 төгрөгийн барьцаанд 10 хоногийн хугацаатай тавьсан...” /хх-ийн 24-25/ гэсэн, шүүгдэгч Э.Ө-ын “...Тэгээд О бие засах гээд буусан, энэ үед би тэр залуугаас утсаа өгч бай гэж хэлээд самсунг жи-6 загварын гар утсыг нь авсан, найзтаагаа утсаар ярьж дуусчихаад Бямбадорж дээр очиход Бямбадорж тэр залууг газар унагаачихсан хажууд нь зогсож байсан. Би Б-ийг тэр залуугаас холдуулаад машинд суулгасан ба энэ үед гар утсыг нь халаасандаа хийгээд дууг нь хаачихсан юм. Маргааш нь Өргөө кино театрын хажууд байх ломбарданд уг утсыг 7 хоногийн хугацаатай, 320,000 төгрөгийн барьцаанд тавиад 220,000 төгрөгийг О-д өгсөн...” /хх-ийн 40-41/ гэсэн, шүүгдэгч Э.Б-ийн “...Би бас бие засахаар буусан, ойролцоо байсан хашааны дэргэд намайг бие засаж байхад нөгөө согтуу залуу ирээд намайг тамхи асаагаад өг гэж хэлсэн, би хариуд нь “чиний татах тамхийг би бэлдэж бэлдэж өгөх үү” гэхэд сүртэй гөлөг вэ гэхээр нь би уурлаад заамдаж байгаад баруун гараараа нүүрэнд нь цохисон, тэр залуу хойшоо хашаа налаад унасан, унангуут нь би нуруу руу нь хэд хэдэн удаа цохисон, энэ үед Бямбадорж ирээд намайг татаад холдуулж машинд суулгаад шууд хөдөл гэж хэлсэн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, дахин гэмт хэрэгт холбогдохгүй, би тэр залууд учруулсан хохирлоо төлж барагдуулна...” /хх-ийн 47-48/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны №3087 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.Б-ны биед хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 27/ гэсэн дүгнэлт, барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 59/, гар утас хурааж авсан баримт /хх-ийн 53-56/, өргөдөл /хх-ийн 4/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ө, түүний өмгөөлөгч нараас “...Хохирогч Б.Б-ны гар утсыг дээрэмдэж аваагүй, ярьчихаад өгьё гэж аваад мартаад, буцааж өгөлгүй аваад явсан, тухайн гар утсыг дээрэмдэж авах санаа зорилго Ч.Өад байгаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж мэдүүлж, тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв. Учир нь:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь хохирогчийн мэдэлд байгаа, эсхүл түүний хамгаалалтанд байгаа эд зүйлс, өмч хөрөнгийг ил аргаар бусад хүмүүсийн болон хохирогчийн нүдэн дээр харсаар байтал шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар хүч хэрэглэхгүйгээр авч ашиглан шамшигдуулах хэлбэрээр үйлдэл төгсдөг бөгөөд шүүгдэгч Ч.Ө нь 2019 оны 3 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө найз Б.О-ын тээврийн хэрэгсэл дотор иргэн Б.Батсайханаас самсунг жи-6 загварын гар утсыг нь “утсаар ярьчихаад өгьё” гэж гуйж аваад, нууц кодыг нь асууж мэдсэнийхээ дараа найзтайгаа утсаар ярьж дуусаад буцааж өгөлгүйгээр халаасандаа хийж, улмаар Б.Б-ныг орхиод зугатааж байгаа үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ч.Ө-ын дээрх үйлдэлд Б.О, шүүгдэгч Э.Б нар оролцоогүй болох нь хохирогч Б.Б, гэрч Б.О, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзэв.
Шүүгдэгч Ч.Өын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-д 799.900 төгрөгийн хохирол учирсан /хх-ийн 55/ бөгөөд хохирогч хохирлоо барагдуулж авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 174/ гэсэн тул энэ гэмт хэрэгтэй холбоотой шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Ч.Ө нь 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ХХХХ гэх газраас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай каннабис “өвс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, шавар гэх бодис бэлтгэсэн,
Улмаар 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд өөрийн биедээ болон ХХХХ дүүргийн нутаг дэвсгэрт 0.1 грамм “шавар” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ч.Өын “...Би 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ганцаараа ХХХ гэх газраас каннабис өвсийг түүж хатаагаад хуванцар саванд хийж дээрээс нь ахуйн хэрэглээний газ шахан доошоо гарсан шингэнийг нь гялгар уутанд авч, улмаар хатааж шавар гэх бодисыг гарган авч, ганцаараа 4 удаа тугалган цаасан дээр тавьж доороос нь халааж гарсан утааг нь мөнгө хуйлж сорон хэрэглэсэн, ингээд үлдсэнийг нь түрийвчин дотроо хадгалж байгаад цагдаад баригдсан...” /хх-ийн 130-131/ гэсэн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 95-97/, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 98/, хэв загвар дээж авсан тэмдэглэл /хх-ийн 99/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №2212 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Ч.Ө” гэж хаягласан шээсний дээжнээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” /хх-ийн 114-115/ гэсэн,
мөн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №2617 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн шавар мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна...” /хх-ийн 118-119/ гэсэн,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдын 2019 оны №661 дүгээр магадлагаанд: “...Дүгнэлт: Ч.Ө урьд өмнө нь каннабинолын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ сэтгэцийн эмгэгээр өвчилж байсан байх боломжтой. Одоо Ч.Ө нь каннабинолын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. Ч.Ө нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна. Ч.Ө нь каннабинолын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээтэй, сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. Сайн дурын эмчилгээнд өөрийн хүсэлтээр хамрагдах боломжтой...” /хх-ийн 122-123/ гэсэн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Шүүгдэгч Ч.Ө нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-ийн жагсаалтад багтсан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, мөн худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Ч.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэж байна.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул тэднийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ны эрүүл мэндэд хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч Б.Б өөрт учирсан гэмтэлтэй холбоотой гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 174/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн тул энэ гэмт хэрэгтэй холбоотой шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Э.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно гэж заажээ.
Шүүгдэгч Ч.Ө нь 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 158 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж байсан /хх-ийн 179-180/, өөрөөр хэлбэл нэг төрлийн гэмт хэргийг дахин үйлдсэн үйл баримттай байна. Иймд энэ шийтгэх тогтоолоор түүнд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулж байсан ялаас дээгүүр хорих ял оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч Ч.Өын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд маргадаг тул түүнд энэ зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулах боломжгүй байна.
Иймд шүүгдэгч Ч.Өад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг нэмэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж заажээ.
Шүүгдэгч Ч.Ө нь Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 158 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, тус шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаар захирамжаар 4 сар 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан /хх-ийн 181/ бөгөөд энэ хугацаа 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр дуусахаар байжээ.
Гэтэл шүүгдэгч Ч.Ө энэ хугацаа дуусаагүй байхад буюу 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн байх тул түүнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Ч.Ө нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ч.Өын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 03-ны өдрийг хүртэл /хх-ийн 124, 125/ баривчлагдсан 2 хоног, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс /хх-ийн 202, 216/ өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 13 хоног, бүгд 15 /арван тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн 00000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хуйлж ороосон Монгол Улсын хорьтын мөнгөн дэвсгэрт, 4х5 хэмжээтэй хагас шатсан байдалтай мөнгөлөг цаас, 1 грамм бор өнгийн шавар мэт зүйлс нь Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, уг хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.Б цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1468 дугаартай захирамжаар шүүгдэгч Э.Бид Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлах тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан /хх-ийн 210-211/ бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц дээрх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хувийг Хил хамгаалах Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ч-ийн Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Б овогт Э-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өад 2 (хоёр) жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ялыг нэмж 3 (гурав) жилийн хорих ял дээр Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 (дөрөв) сар 6 (зургаа) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ч.Өыг биечлэн эдлэх ялыг 3 (гурав) жил 4 (дөрөв) сар 6 (зургаа) хоногийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өын цагдан хоригдсон 15 (арван тав) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өад оногдуулсан 3 жил 4 сар 6 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Э.Бид оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хуйлж ороосон Монгол Улсын хорьтын мөнгөн дэвсгэрт, 4х5 хэмжээтэй хагас шатсан байдалтай мөнгөлөг цаас, 1 грамм бор өнгийн шавар мэт зүйлс (Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа)-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
9. Эрүүгийн 00000000000 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.Б цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Б-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлах тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ч.Ө-д урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ч.Ө-ын эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.
11. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоолын хувийг Хил хамгаалах Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ч.Ө-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР