| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 184/2016/00849/И |
| Дугаар | 184/ШШ2016/00764 |
| Огноо | 2016-09-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 184/ШШ2016/00764
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум 6-р баг 3-р гудамж 7 тоотод оршин суух, эрэгтэй, ВЮ81080411 регистрийн дугаартай, Хадныхан овогт Баярсайханы Батсүрэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Баруун туруу энгэрийн 7-14 тоотод оршин суух, эмэгтэй, ГО84030962 регистрийн дугаартай, Шавь овогт Тогоогийн Сүнжидмаад холбогдох
гэрлэлт цуцлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Батсүрэн, хариуцагч Т.Сүнжидмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Батсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Т.Сүнжидмаатай 2006 онд танилцаж, 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид хамтдаа амьдрах хугацаанд 2007 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүү Б.Улсболд төрсөн. Хамтдаа амьдрах хугацаанд зан харилцааны таарамжгүй байдал гарч 2010 оны 10 сараас тусдаа амьдрах болсон. Энэ үеэс хойш хүү Б.Улсболд ээжийнхээ асрамжид байгаа. Т.Сүнжидмаа бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй.
Иймд 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 0072216 дугаар гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдийг эхийн асрамжид үлдээнэ. Мөн хүү Б.Улсболдын нэр дээр арилжааны банкны данс нээлгэж 6 012 000 төгрөгийн 2016 оны 10 дугаар сарын 30-ны дотор байршуулах, насанд хүрэхээс нь өмнө хэн ч авахгүй ба хүүгээ насанд хүртлэх хугацаанд сар бүрийн тэтгэлэг төлнө гэж тохиролцсон гэв.
Хариуцагч Т.Сүнжидмаа шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.Батсүрэнтэй 2006 онд танилцаж, 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Хамтдаа амьдрах хугацаанд 2007 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүү Б.Улсболд төрсөн. Хамт амьдрах хугацаанд зан харилцааны таарамжгүй байдал үүссэн тул тусдаа амьдарч эхэлсэн ба нэхэмжлэгч Б.Батсүрэн нь өөр хүнтэй хамтын амьдралтай болсон тул гэрлэлт цуцлуулахад татгалзах зүйлгүй. Хүү Б.Улсболдыг өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа тул шүүхийн зүгээс хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Хүү Б.Улсболдыг хүссэн үед нь аавтай нь уулзуулж болно. Өмнөх хугацааны хүүхдийн тэтгэлгийг Б.Батсүрэнгээс авахаар болсон.
Иймд бидний гэрлэлтийг цуцлахыг зөвшөөрнө. Хүүхдээ өөрөө авна. Өмнөх 6 жилийн тэтгэлэг 6 012 000 төгрөгийг авна. Энэ мөнгийг хүүхдийн нэр дээрх данс нээж хийх ба насанд хүртэл нь хэн ч хөдөлгөхгүй байхаар тохиролцсон. Энэ өдрөөс хойш тэтгэлэг тогтоолгоно. Эд хөрөнгийн маргаангүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Б.Батсүрэн, Т.Сүнжидмаа нар нь 2008 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болж 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, 2007 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүү Б.Улсболдыг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, 156 дугаар гэрлэлтийн гэрчилгээ, 0153567-4450 тоот төрсний гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ”, 14.5-т “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заажээ.
Б.Батсүрэн, Т.Сүнжидмаа нар нь хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, эвлэрэх боломжгүй гэж тайлбарласан, нэхэмжлэгч нь өөр хүнтэй хамтын амьдралтай болсон, 2010 оны 10 дугаар сараас тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцалж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Б.Батсүрэн, Т.Сүнжидмаа нарын хороонд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болгосон баримт байгаа болно.
Гэрлэгчид хүүхдийг хэний асрамжид үлдээх талаар харилцан тохиролцсон тул 2007 оны 10 дугаар сарын 27-нд төрсөн хүү Б.Улсболдыг эх Т.Сүнжидмаагийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул хуульд заасны дагуу эцэг Б.Батсүрэнгээс тэтгэлэг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар үйлийн 10.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т зааснаар гэрлэгчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээх ба хариуцагч нь нэхэмжлэгч Б.Батсүрэнтэй хүү Б.Улсболдыг хүссэн үед нь уулзуулж байхаар тохиролцсон болно.
Б.Батсүрэн, Т.Сүнжидмаа нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Батсүрэн нь 2007 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Б.Улсболдод өмнөх 6 жил буюу 72 сарын тэтгэлгийг сарын 83 500 төгрөгөөр тооцож, нийт 6 012 000 төгрөг нөхөн төлөхөөр тохиролцсон тул тэдний тохиролцсоны дагуу шийдвэрлэв.
Мөн 6 012 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны дотор арилжааны банкинд хадгаламжийн данс нээж байршуулах ба хүү Б.Улсболдыг насанд хүртэл нь авахгүй байхаар тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж нэхэмжлэхгүй гэсэн тул гаргуулаагүй болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хандныхан овогт Баярсайханы Батсүрэн, Шавь овогт Тогоогийн Сүнжидмаа нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 10 дугаар сарын 27-нд төрсөн хүү Б.Улсболдыг эх Т.Сүнжидмаагийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2007 оны 10 дугаар сарын 27-нд төрсөн хүү Б.Улсболдийг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, түүнийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.Батсүрэнгээр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэрлэгчдийн дунд эд хөрөнгийн байхгүй, маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар Б.Батсүрэнгээс 6 012 000 төгрөгийг гаргуулан Т.Сүнжидмаад олгосугай.
6.Зохигч 6 012 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны дотор арилжааны банкинд хадгаламжийн данс нээж байршуулах ба хүү Б.Улсболдыг насанд хүртэл нь авахгүй байхаар тохиролцсон болохыг дурдсугай.
7. Хариуцагч Т.Сүнжидмаа нь нэхэмжлэгч Б.Батсүрэнтэй хүү Б.Улсболдыг хүссэн үед нь уулзуулж байхаар тохиролцсон болохыг дурдсугай.
8. Нэхэмжлэгч Б.Батсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ