Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 653

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч П.Энхболд /томилолтоор/, шүүгдэгч Л.М, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б овогт Л-ийн М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 00000000 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1967 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 13б байр, 73 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4, 126.2.5, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт тус тус зааснаар 11 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 27 дугаар шүүгчийн захирамжаар ялаас чөлөөлөгдсөн, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Л-ийн М /РД: ШЗ000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Л.М нь 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХХХ” ХХК-ийн гадаа хохирогч Т.Г-тай машины гарц таглаж тавьсан гэх шалтгаанаар маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Л.М: “...Хохирогч Т.Г-ын биед учирсан гэмтлийг би учруулсан, энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохиролд 250,000 төгрөг төлсөн, торгуулийн мөнгийг цалингаасаа 3 сарын хугацаатай төлнө, сард 650,000 төгрөгийн цалин авдаг...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Т.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХХХ” ХХК-ийн хашааны баруун талд “ХХХ” ХХК-ийн харуул 00-00 ХХХ “ХХХ” маркийн автомашинаа ажлын талбай хааж тавьсан. Би тухайн хүнийг машинаа холдуул гэхэд холдуулахгүй уурлаж маргалдсан. Би тухайн хүнийг машинаа холдуул гэж хэлээд машин дотроос нь түлхтэл тухайн эрэгтэй машинаасаа бууж ирээд машиныхаа түлхүүрээр хэвлийн тус газар 2 удаа хүчтэй цохиж урсан. Мөн баруун гар талын шууны хойд хэсгээр урж гэмтээсэн.

Би 10 удаа толгойгоо бариулсан бөгөөд баримтаа авч чадаагүй байгаа. Нэг бариулахдаа 23,000 төгрөгөөр бариулж байсан. Мөн би ажилдаа 10 хоног явж чадаагүй. Ажилгүй байсан хугацааны цалин 866.667 төгрөг болж байгаа. Түүнийгээ нэхэмжилнэ. Баримт нь байгаа. Би гомдолтой байна, эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ...” /хх-ийн 8-10, 11-12/ гэсэн,

 

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХХХ” ХХК-ийн ажилчид манай компан руу орох гарцыг хааж бетон хавтан гагнаж хааж байсан. Тухайн замыг хаалгахгүй гээд манай ажлын харуул машинаа тухайн газар тавьсан байсан. Гэтэл уг газрын захирлын туслах гээд Г гэх залуу ирээд манай харуулын машиныг холдуул гээд өргөж хүчээр холдуулна гээд байсан. Би тухайн үед наад машиныг чинь хүчээр холдуулаад яах вэ, түрээд холдуулчихъяа гэтэл Г машины копудан дээр гарж зогсоод байсан. Би тухайн үед чи машин холдуулахын оронд заавал ингээд яах вэ, наад машин дээрээсээ буучих гэхэд буугаагүй. Тухайн үед машины эзэн манай харуул Мөнхбаяр ирээд чи машин холдуулахын оронд, яагаад машин дээр гараад байгаан надтай яриач гэхэд, болж байна хоёулаа үзье гэж хэлээд Ганбат Мөнхбаярыг хоёр удаа цохиод авсан, гэтэл Мөнхбаяр зөрүүлээд хоёр удаа цохиод, барьцалдаж аваад унацгаасан. Тэгээд тэр хоёр босоод ирэхэд нь хацарнаас нь цус гарсан байсан ба цусаа хараад одоо та нарт эрүү үүсгэнэ, энэ хүний чинь мууг үзнэ бүх юм бүрдчихлээ гэж орилоод байсан...” /хх-ийн 17-18/ гэсэн,

 

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 8 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө  “ХХХ” ХХК-ийн ажилчид манай байгууллагын ажилчид ордог хаалгыг хааж машин байрлуулсан бөгөөд би маргааш өглөө нь буюу 8 дугаар сарын 24-ний өглөө 09 цаг 00 минутад Л.Мт ээлжээ хүлээлгэж өгөөд ажлаасаа буусан хойгуур энэ асуудал үүссэн юм шиг байна лээ. Би тухайн үед байгаагүй, ажлаасаа буучихсан байсан учраас тэнд ямар асуудал болсныг мэдэхгүй...” /хх-ийн 19-20/ гэсэн,

 

Гэрч М.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би ХХХ ХХК-д гагнуурчнаар ажилладаг бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр манай механик цехийн дарга Д надад хашааг битүүлж гагнана шүү гэж хэлсэн. Тэгээд би хаалган дээр очоод аппарад бусад зүйлээ авчаад байж байтал “ХХХ” ХХК-ийн харуул гэх хүн машинтайгаа хүрч ирээд хаах хэсэгт машинаа тавьчихсан. Тэгээд маргаан гарсан, тэгтэл нөгөө харуул гэх залуу нь машиныхаа түлхүүрийг гартаа барьчихаад хүн хүн рүү дайрч байснаа захирлын туслах Г-ын хэвлий хэсэг рүү хоёр удаа хатгасан, бас шанаа руу нь нэг удаа гараараа цохисон, тэгэхээр нь бид нар салгаж, цагдаа дуудсан...” /хх-ийн 21-22/ гэсэн,

Гэрч С.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 8 дугаар сарын 23-ны орой 18 цагийн үед самсволь гэдэг машиныг “ХХХ” банкруу ордог хаалга буюу “ХХХ” ХХК руу явдаг замын хаалгыг хааж тавьсан бөгөөд тухайн үүргийг надад захирал Батболд, албаны дарга Ч-О нар өгсөн. 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр амралтын өдөр байсан ба “ХХХ” ХХК-ийн машинууд орох гээд тавьчихсан байсан. Тэгхээр нь манай ажилчид “ХХХ” ХХК-ийн борлуулалтын албаны дарга гэх хүнтэй нь ярилцаж байгаад “ХХХ” ХХК-ийн машинуудыг холдуулсан. Тэгээд машинуудыг гаргачихаад хаалгаа бөглөж хаах гэтэл “ХХХ” ХХК-ийн харуул гэх залуу цагаан машинтай хүрч ирээд хаалга бөглөх гэж байгаа хэсэгт машинаа тавьчихсан. Тэгээд байж байтал манай захирлын туслах Г хүрээд ирсэн. Г та нар наад машинуудаа холдуул гэж хэлсэн. Жолоочид түлхүүр нь байгаа гэж хэлсэн бөгөөд машины жолооч залуу /Л.М/ гартаа машиныхаа түлхүүрийг атгачихаад нүд рүү чинь хатгачихана шүү, тахир дутуу болгоно шүү гээд байсан. Ганбат хэдүүлээ машиныг өргөөд холдуулчих гэж хэлсэн ба өөрөө тэр цагаан машины урд хэсгээс нь өргөж байгаа харагдсан, өөр хүн өргөлцөөгүй. Тэгээд би машиныхаа хажууд байж байтал Г, “ХХХ” ХХК-ийн харуул /Л.М/ нар хоорондоо зодолдсон...” /хх-ийн 23-25/ гэсэн,

Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай байгууллага руу “ХХХ” ХХК-ийн хашаагаар дамжиж ордог бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “ХХХ” ХХК нь хашааныхаа хаалгыг ховогоор хаагаад тавьчихсан байсан. Түүний хажууд манай харуул Л.Мын машин бас зогсож байсан. Тэгээд байж байтал “ХХХ” ХХК-ийн ажилчид хаалгаа цементээр хаах гээд өргөгч кран авчирсан байсан. М ахыг машиныг холдуул гэсэн шаардлага тавьсан бөгөөд албаны дарга Б ирээд М ахыг машинаа холдуулчих гэж хэлтэл “ХХХ” компанийн ажилтан гэх шар царайтай залуу ирээд машинаа холдуул гэж хэлээд, машины хамар дээр нь нэг хөлөө тавьчихаад энэ сэгээ холдуул гэж хэлсэн. М ах машинаасаа бууж ирээд “ХХХ” ХХК-ийн ажилтан гэх шар царайтай залуутай маргалдсан тэгээд маргалдаж байтал “ХХХ” ХХК-ийн ажилтан гэх залуу М ахын машины копудан дээр хоёр хөлөөрөө гишгээд зогсоод, дээшээ үсрээд, дэвсээд байсан. Хажууд нь байсан хүмүүс чи ингэж хүний хувийн өмчид халдаж болохгүй гэж хэлсэн, тэгтэл тэр залуу машин дээрээс нь бууж ирээд Мөнхбаяр ахтай маргалдаж байгаад М ахыг гараараа цохих гээд далайсан, тэгтэл М ах толгойгоо доошоо болгоод бултсан. М ах тэр залууг гараараа нэг удаа цохих шиг болсон. Тэр хоёр замдалцаад авсан ба М ах тэр залууг түлхчихсэн чинь газар тавьсан байсан гагнуурын аппаратанд тээглээд унасан, тэр залуугийн баруун шанаа хавиас нь цус гарсан байсан, тэгээд цагдаа дууд гээд цагдаа дуудаад байх шиг байсан, тэгтэл манай албаны дарга Б бид нарыг та нар одоо явцгаа өнөөдөр ажиллахгүй гэж хэлсэн, тэгээд би явчихсан...” /хх-ийн 26-28/ гэсэн,

 

Шүүгдэгч Л.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 8 дугаар сарын 24-ний өглөө би 09 цагт ажлаа хүлээж авсан, намайг ажил дээр очиход миний ажилладаг “ХХХ” ХХК-ийн ачаатай машинууд замын нэгдүгээр эгнээд тавьчихсан байсан ба “ХХХ” ХХК-ийн ажилчид манай байгууллага руу ордог хаалгыг Хово машинаар хаагаад тавьчихсан байсан, 11 бетонон хавтангаар хаалгаа таглах гэхээр нь би машинаа хаалган дээр тавьчихсан чинь “ХХХ” ХХК-ийн ажилтан Ганбат гэх залуу ирээд намайг хэл амаар доромжлоод байсан, юу гэж хэлж байсныг нь санахгүй байна. Миний машиныг эргэж тойрч яваад машиныг чинь өргөөд зайлуулчихна шүү гэж хэлсэн. Маргалдаж байтал манай захирал Б ирсэн ба Б захирал надад машинаа холдуулчих, хаавал хаана биз дээ гэсэн. Би машиндаа ороод машинаа асаагаад хөдлөх гэтэл “ХХХ” ХХК-ийн ажилтан Г гэх хүн миний машины урд ирж зогсоод копудан дээр нэг хөлөө гаргаад тавьчихсан тэгтэл Батмөнх захирал чи хүний машин дээрээс хөлөө буулгаач гэж хэлтэл Г хөлөө машины копудан дээрээс буулгаснаа зөрүүлээд нөгөө хөлөө дахиад копудан дээр тавьсан. Холдооч би машинаа холдуулъя, хөлөө авчих гэж хэлтэл хөдлөхгүй байгаад байхаар нь би машинаасаа буугаад түлхсэн чинь Г гэх залуу миний шанаа руу гараараа нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би заамдаад авсан. Бид хоёр түлхэлцэж байтал Г гагнуурын аппаратанд тэглээд хойшоо болхоор нь би гараараа шанаа руу нэг удаа цохьсон, тэгтэл Г цаашаа газар унасан. Бид хоёрын голоор хүмүүс орж ирээд салгасан, Ганбатын баруун шанаанаас цус гарсан байсан. Г энийг чинь хүлээж байсан гэж хэлээд миний машины копудан дээр гарч зогсчихоод хөлөөрөө дэвсээд байсан, бас намайг чамайг харна аа, би хуулийн мэргэжилтэй хүн гэж заналхийлж байснаа Ганбат цагдаад дуудлага өгсөн. Тэгтэл Б захирал намайг чи ажлын байрлуугаа яв гэж хэлсэн. Би цаашаа ажлын байран дээрээ очоод байж байтал цагдаа ирсэн, тэгээд намайг цагдаа нар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Би Т.Г-ын баруун шанаа руу нь нэг удаа гараараа цохьсон тэгээд Г гагнуурын аппаратанд тээглээд унасан, Т.Г миний зүүн шанаа руу нэг удаа гараараа цохьсон...” /хх-ийн 86-88/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8  дугаар сарын 28-ны өдрийн №10279 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Т.Г-ын биед баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, эрүү, хэвлийд язарсан шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн шуу, бугалга, шилбэ, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-ийн 36/ гэсэн дүгнэлт,

 

- Өргөдөл /хх-ийн 5/,

- Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 39/,

- Цалингийн тодорхойлолт /хх-ийн 41/,

- Автомашины гэмтэлд үнэлгээ хийлгэсэн тухай баримт /хх-ийн 47-51/,

- Хохирогч Т.Г-ын биед үзлэг хийсэн гХХХ зэргийн үзүүлэлтүүд /хх-ийн 76-77/,

- Хохирогч Т.Г-ын гаргасан хүсэлт /хх-ийн 93/,

- Шүүгдэгч Л.М-ын хувийн байдалтай холбоотой гэрч Н.Н-гийн мэдүүлэг /хх-ийн 29-30/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/, шийтгэх тогтоол, шийдвэр, шүүгчийн захирамжийн хуулбарууд /41-44, 44-45, 65-66, 57-63, 63-65/, тодорхойлолт /хх-ийн 46, 67, 68, 70/, лавлагаа /хх-ийн 69/, аттестатны хуулбар /хх-ийн 71/, /хх-ийн 44-45/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Л.М-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                                 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Л.М нь 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХХХ” ХХК-ийн гадаа Т.Г-тай гарц таглаж машин тавьсан гэх шалтгаанаар маргалдан зодолдож эрүүл мэндэд нь баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, эрүү, хэвлийд язарсан шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн шуу, бугалга, шилбэ, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.Г-ын “...Би тухайн хүнийг машинаа холдуул гэж хэлээд машин дотроос нь түлхтэл тухайн эрэгтэй машинаасаа бууж ирээд машиныхаа түлхүүрээр хэвлийн тус газар 2 удаа хүчтэй цохиж урсан. Мөн баруун гар талын шууны хойд хэсгээр урж гэмтээсэн...” /хх-ийн 8-10, 11-12/ гэсэн, гэрч Б.Б-ийн “...Тухайн үед машины эзэн манай харуул М ирээд чи машин холдуулахын оронд, яагаад машин дээр гараад байгаан надтай яриач гэхэд, болж байна хоёулаа үзье гэж хэлээд Ганбат Мөнхбаярыг хоёр удаа цохиод авсан, гэтэл М зөрүүлээд хоёр удаа цохиод, барьцалдаж аваад унасан. Тэгээд тэр хоёр босоод ирэхэд нь хацарнаас нь цус гарсан байсан...” /хх-ийн 17-18/ гэсэн, гэрч М.У-ийн “...“ХХХ” ХХК-ийн харуул гэх хүн машинтайгаа хүрч ирээд хаах хэсэгт машинаа тавьчихсан. Тэгээд маргаан гарсан, тэгтэл нөгөө харуул гэх залуу нь машиныхаа түлхүүрийг гартаа барьчихаад хүн хүн рүү дайрч байснаа захирлын туслах Ганбатын хэвлий хэсэг рүү хоёр удаа хатгасан, бас шанаа руу нь нэг удаа гараараа цохьсон, тэгэхээр нь бид нар салгаж, цагдаа дуудсан...” /хх-ийн 21-22/ гэсэн, гэрч Г.Т-ын “...Манай байгууллага руу “ХХХ” ХХК-ийн хашаагаар дамжиж ордог, 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “ХХХ” ХХК нь хашааныхаа хаалгыг Хово маркийн машинаар хаагаад тавьчихсан байсан. Түүний хажууд манай харуул Л.М-ын машин бас зогсож байсан. Тэгээд байж байтал “ХХХ” ХХК-ийн ажилчид хаалгаа цементээр хаах гээд өргөгч кран авчирсан байсан. Мөнхбаяр ахыг машиныг холдуул гэсэн шаардлага тавьсан бөгөөд албаны дарга Б ирээд М ахыг машинаа холдуулчих гэж хэлтэл “ХХХ” компанийн ажилтан гэх шар царайтай залуу ирээд машинаа холдуул гэж хэлээд, машины хамар дээр нь нэг хөлөө тавьчихаад энэ сэгээ холдуул гэж хэлсэн. М ах машинаасаа бууж ирээд “ХХХ” ХХК-ийн ажилтан гэх шар царайтай залуутай маргалдсан, тэгээд маргалдаж байтал “ХХХ” ХХК-ийн ажилтан гэх залуу М ахын машины копудан дээр хоёр хөлөөрөө гишгээд зогсоод, дээшээ үсрээд, дэвсээд байсан. Хажууд нь байсан хүмүүс чи ингэж хүний хувийн өмчид халдаж болохгүй гэж хэлсэн тэгтэл тэр залуу машин дээрээс нь бууж ирээд М ахтай маргалдаж байгаад М ахыг гараараа цохих гээд далайсан, тэгтэл М ах толгойгоо доошоо болгоод бултсан. Мөнхбаяр ах тэр залууг гараараа нэг удаа цохих шиг болсон. Тэр хоёр замдалцаад авсан, М ах тэр залууг түлхчихсэн чинь газар тавьсан байсан гагнуурын аппаратанд тээглээд унасан, тэр залуугийн баруун шанаа орчим цус гарсан байсан...” /хх-ийн 26-28/ гэсэн, шүүгдэгч Л.М-ын “...Миний машиныг эргэж тойрч яваад машиныг чинь өргөөд зайлуулчихна шүү гэж хэлсэн. Маргалдаж байтал манай захирал Б ирсэн ба Б захирал надад машинаа холдуулчих, хаавал хаана биз дээ гэсэн. Би машиндаа ороод машинаа асаагаад хөдлөх гэтэл “ХХХ” ХХК-ийн ажилтан Г гэх хүн миний машины урд ирж зогсоод копудан дээр нэг хөлөө гаргаад тавьчихсан, тэгтэл Б захирал чи хүний машин дээрээс хөлөө буулгаач гэж хэлтэл Г хөлөө машины копудан дээрээс буулгаснаа зөрүүлээд нөгөө хөлөө дахиад копудан дээр тавьсан. Холдооч би машинаа холдуулъя, хөлөө авчих гэж хэлтэл хөдлөхгүй байгаад байхаар нь би машинаасаа буугаад түлхсэн чинь Г гэх залуу миний шанаа руу гараараа нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би заамдаад авсан. Бид хоёр түлхэлцэж байтал Г гагнуурын аппаратанд тэглээд хойшоо болхоор нь би гараараа шанаа руу нэг удаа цохьсон, тэгтэл Г цаашаа газар унасан...” /хх-ийн 86-88/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №10279 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Т.Г-ын биед баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, эрүү, хэвлийд язарсан шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн шуу, бугалга, шилбэ, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-ийн 36/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Л.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Г-ын эрүүл мэндэд баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, эрүү, хэвлийд язарсан шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн шуу, бугалга, шилбэ, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой хохирол төлбөр гаргуулж авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт гаргасан /хх-ийн 93/ байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Л.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Л.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 0000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Л-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Л-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу)нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Л.М-т оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.М оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 00000000 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

         

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР