Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 1033

 

 

 

 

 

 

 2019          12         17                                         2019/ШЦТ/1033

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Зулаа,

Улсын яллагч: М.Мөнхцэцэг /томилолтоор/,

Шүүгдэгч: Б.Д-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Д-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905036371135 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Д-, 2001 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны 406 тоотод оршин суудаг,  урьд ял шийтгэлгүй, УШ-01291072 тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Д-нь 2019 оны 9 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sea” баарны гадаа иргэн С.Д-ын хамар хэсэгт цохиж хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийнн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.Д-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

            Хохирогч С.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 10-ны орой Д-, Ц- хоёртой уулзаад хоол идээд, караоке ороод нэг, нэг пиво уугаад дуулж байгаад гараад харих гээд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Москва их дэлгүүрийн автобусны буудал дээр такси барих гээд зогсож байхад хажуугаас хүүхдүүд бужигнаж ирээд миний хамар луу нэг нь цохисон, тэгээд миний хамраас цус гараад би цусаа цэвэрлээд хамраа дараад яагаад цохисон гэхэд “хүн андуурчихлаа уучлаарай” гэсэн тэгээд салаад явах гэж байхад нэг залуу нь үгээр идээд байхаар нь цагдаа дуудаад нэгийг нь эрүүлжүүлсэн, бусад нь зугтчихсан. ...Цагаан куртиктэй залуу намайг цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-16/,

            Гэрч С.П-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 10-ны орой Д- ах, Д- нарын хамт хоол идчихээд гараад караокед ороод дуулаад нэг нэг пиво уусан. Тэгээд гэр гэртээ харих гээд Москва их дэлгүүрийн автобусны буудал дээр такси барих гээд зогсож байсан. Хэдэн хүүхдүүд бужигнаад юу болов гэхийн зуургүй Д- ахыг цохиод авсан, хамарнаас нь цус гарсан. Яав гээд очиход цагдаагаа дууд та нар яах юм гэсэн. Тэгээд юу болов гэхэд урдаас дайраад байсан. Тэгээд цагдаа дуудаад цагдаагийн газар ирсэн нэг залууг нь эрүүлжүүлсэн бусад нь зугтсан байсан. ...Цагаан куртиктэй малгайтай, нэг нь цээжээрээ нүцгэлээд байсан, срочкан цамцтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 24-26/,

Гэрч Б.Д-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Д-, ах П- нарын хамт. ...гэр гэртээ харих гээд ...автобусны буудал дээр такси барих гээд зогсож байсан хэдэн хүүхдүүд бужигнаад Д- ахыг цохиод авсан. Та нар хүн андуураад байна гээд салгасан, тэгэхэд уг хүүхдүүд та нар зайлахгүй яасан юм гээд намайг 2 удаа алгадсан. Тэгээд Д- ахын хамарнаас цус гарсан. Тэгээд уг хүүхдүүд одоо та нар зайлцгаа гэсэн. Тэгээд бид нар явах гэж байхад хэрүүл өдөөд маргалдаад байсан. Д- ах цагдаа дуудаад цагдаагийн газар ирсэн нэг залууг нь эрүүлжүүлсэн. Бусад нь зугтсан байсан. ...Цагаан куртиктэй эрүүлжүүлэхэд хоносон хүүхэд цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 27-29/,

Насанд хүрээгүй гэрч Д.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө БГД-ийн 14-р хороо, “Sea” баранд Д-, Б-нартай ороод нэг нэг шил пиво ууж, бүжиглэж байтал Д- байхгүй байхаар нь баарнаас гарахад гадаа Д- цохиулчихлаа гээд сууж байсан. Тэгээд хажууд нь нэг залуу байсан. Д- босоод уг залууг цохисон. Б-бид хоёр бас зодолдох гэхэд Д- хүн андуурч цохисон гээд бид нар зодолдохоо болиод салсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 31-33/,

Насанд хүрээгүй гэрч Ж.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Д- босоод уг залууг цохисон. Тэгээд Мягмарсүрэн бид хоёр бас дайрсан. Тэгээд Д- хүн андуураад цохисон гээд бид нар зодолдохоо болиод салаад байж байхад уг цохиулсан залуу бид нар луу ирээд нэг залуу нь Д- руу дайрсан. Зодоон болоогүй маргалдаад уг залуугаас бид нар андуурчихлаа гээд уучлалт гуйсан. Тэгээд цагдаа нар ирж байхаар нь зугтчихсан. Тухайн үед Мягмарсүрэн, Д- бид 3 байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 35-36/,

Шинжээчийн 11107 тоот дүгнэлт: “...С.Д-ын биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хх-н 21/,

Яллагдагчаар Б.Д-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 47/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, хохирогчийн өргөдөл /хх-н 5/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 40, 48-49, 52 -75/, хохирогчийн хүсэлт /хх-н 59-60/ зэрэг болно.                                  

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Д-нь 2019 оны 9 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sea” барны гадаа иргэн С.Д-ын хамар хэсэгт цохиж хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийнн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч С.Д-ын: “...хажуугаас хүүхдүүд бужигнаж ирээд миний хамар луу нэг нь цохисон тэгээд миний хамраас цус гараад би цусаа цэвэрлээд хамраа дараад яагаад цохисон гэхэд “хүн андуурчихлаа уучлаарай” гэсэн...Цагаан курткатай залуу намайг цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-16/, гэрч С.П-ын: “...хэдэн хүүхдүүд бужигнаад юу болов гэхийн зуургүй Д- ахыг цохиод авсан, хамарнаас нь цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 24-26/, гэрч Б.Д-ы: “...хэдэн хүүхдүүд бужигнаад Д- ахыг цохиод авсан. ...Д- ахын хамарнаас цус гарсан. ...Цагаан куртиктэй, эрүүлжүүлэхэд хоносон хүүхэд цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 27-29/, насанд хүрээгүй гэрч Д.М-гийн: “...Д- босоод уг залууг цохисон Б-бид хоёр бас зодолдох гэхэд Д- хүн андуурч цохисон гээд бид нар зодолдохоо болиод салсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 31-33/, насанд хүрээгүй гэрч Ж.А-ийн: “...Д- босоод уг залууг цохисон. Тэгээд Мягмарсүрэн бид хоёр бас дайрсан. Тэгээд Д- хүн андуураад цохисон гээд бид нар зодолдохоо болсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 35-36/, шинжээчийн 11107 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Д-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Д-нь хохирогч С.Д-ыг хүнтэй андуурч нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Д-ын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт гаргасан /хх-н 59/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Д-ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Д-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж, андуурсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч Б.Д-ы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

       Шүүгдэгч нь шүүхийн шатнаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба нийт 06 хоног цагдан хоригдсоны 01 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт 48 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд оруулан тооцож, үлдэх 192 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Д-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ы урьд цагдан хоригдсон 06 хоногийн 01 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт 48 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд оруулан тооцож, үлдэх 192 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-нь шүүхээс оногдуулсан 192 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 06 хоног цагдан хоригдсон, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР