| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0664/Э |
| Дугаар | 663 |
| Огноо | 2019-11-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 663
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,
улсын яллагч Г.Эсэн,
хохирогч О.Ж, түүний өмгөөлөгч Г.Н,
шинжээч эмч Т.А,
шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Д.С,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч овогт С-ын М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Дундговь аймгийн Хулд суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, телеграфикч мэргэжилтэй, “MCS” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 000 дугаар хороо, 0 дүгээр хэсэг, сургуулийн 000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ч овогт С-ын М /РД: ЗМ00000000/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.М нь 2019 оны 4 дүгээр 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХХХХ” хотхоны баригдаж байгаа барилга дээр иргэн О.Ж-тай маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шинжээч эмч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогч О.Ж: “...2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ажлын ачаалал ихтэй, хүн багатай байсан, хоёр портер машин ирсэн байсан, тэр машины ачааг хурдан буулгах ёстой байсан, шалны ажил хийж, шалыг тэгшлэх ёстой байсан, энд хугацаа алдвал дахиж хийх ёстой байсан, тийм болохоор би энэ ажлаа хий гэхэд хийхгүй гэсэн, тэгэхээр нь би солонгос захирал руу залгаад энэ талаар хэлэхэд надад ажиллахгүй хүн байвал яв гэж хэл гэхээр нь би ажиллахгүй хүн байвал яв гэж байна гэхэд С.М босож ирээд миний нүүрэнд цохисон, мөн өшиглөсөн, ингээд бид хоёрыг зууралдсан байхад ажилчдаас ирж салгасан, модоор цохих гэж байсан, тогооч эмэгтэй модыг булааж авсан, өөрийгөө цохиулахгүй гэж би аль болох бултаж байсан. Ийм үйл явдал болсон. Эмчилгээнд 3 сая төгрөг зарцуулсан, ажлаа хийж чадахгүй, тодорхой хугацаа өнгөрсөн, тэгээд ажлаа хийлгүй удлаа гээд ажлаа хийхгүй болсон. Тийм учир гэмт хэрэг гарснаас хойш өнөөдрийг хүртэлх цалин 6,500,000 төгрөг, нийтдээ 9,5 сая төгрөг нэхэмжилж байна. “Сэжүн” ХХК-иас надад 2019 оны 5 дугаар сарын 10-ны үед өгсөн 1,000,000 төгрөг бол тусламжийн мөнгө, энэ мөнгийг тухайн компани С.М-эс аваагүй, авахгүй гэдэг баталгааг манай ээжид бичиж өгсөн байдаг. Би тухайн компанид ажиллаж байхдаа сард 1,500,000 төгрөгийн цалин авдаг байсан, гэмт хэргийн улмаас 5 сар ажилгүй байсан, энэ хугацааны цалин 7,500,000 төгрөг, эмчилгээний зардалд 2 сая төгрөг гарсан, нийтдээ 9,500,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
Шинжээч эмч Т.А: “...О.Ж-ийн өөрийнх нь биед би өөрөө үзлэг хийсэн, зовиурыг асуусан, холбогдох баримт бичиг болох компьютер томографын зураг зэргээр дүгнэлтээ гаргасан. Эрүүний баруун хэсэгт хавдартай байсан, тухайн хавдарт хэмжээ байгаагүй, хүрэхэд эмзэглэлтэй байсан. Эрүүний ясны хугарлын шинжийг нь багажийн шинжилгээгээр буюу компьютер томографын зургаар тогтоох боломжтой, үзлэг хийж, дүгнэлт гаргах үед ашигласан компьютер томографын зурагт эрүүний ясны зураг авагдаагүй байсан. Эрүүний яс хугарсан үед ам ангайхад, үг хэлэхэд хязгаарлагдмал болно, одоо тухайн хүний ам ангайхад дуугараад байгаа нь эрүүний ясны хугарал биш. Эрүүний яс хугарсан бол ярьж болох боловч, их зовиуртай, амны хөдөлгөөн хязгаарлагдана, үзлэг хийхэд тийм зүйл байгаагүй...” гэв.
Шүүгдэгч С.М: “...2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 13 цаг 30 минутын үед барилгын талбай хоолны асуудлаас болж Ж-тай маргалдсан, барилгын талбай дээр гараараа шавар зуурч байсан учир их ядарсан байсан, цайны цаг болж ажилчдаа хоолонд орьё гээд хоолонд орж байхад Ж ирээд хоолонд оруулахгүй гээд маргаан болсон. Ж маргалдаад гараараа нэг удаа урууланд нь цохисон, ажилчид гарч ирээд салгасан. Бид хоёр харилцан зодолдсон, эхлээд толгойд О.Ж цохисон. Гэрч М, М нар салгасан, компаниас 1,180,000 төгрөгийг хохирогчид өгсөн, тэгээд тухайн мөнгийг миний цалингаас суутгасан, миний буруугаас болж хохирогчид гэмтэл учирсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч О.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 12 цагийн орчимд Хан-уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХХХ хотхоны барилга дээр ажиллаж байгаад С.М барилгын шаврыг тогоо хэлбэртэй болгох хэрэгтэй байна гэж хэлсэн чинь М цайгаа ууж байна дараа нь хийнэ гэхээр нь Солонгос захиралтай утсаар яриад энэ хүмүүс чинь ажлаа хийхгүй байгаа талаар хэлтэл ажлаа хийхгүй байгаа хүмүүсийг явуулах хэрэгтэй гэсэн заавар өгсөн тул би М хоолоо идэж дуусаад яваарай гэж хэлсэн. Гэтэл С.М чи яагаад намайг явах эсэхийг мэдэж байна. Чи ер нь хэн бэ гэх мэтээр маргалдаж байгаад нүүрэн тус газар гараараа хэд хэдэн удаа цохиж доош тонгойх үед мөн нүүрэнд 2-3 удаа өшиглөж зодсон. Энэ үед хажууд байсан хүмүүс дундуур ороод салгах үед нь би өөрийн утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний баруун шанаа хавдартай, дээд уруул язарсан, хамар хавдартай хугарсан байсан. Би эмчилгээний зардлыг тооцож байгаад нэхэмжлэх болно зодуулсандаа гомдолтой байна.
Би 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр цагдаагийн байгууллагад ирж өргөдөл өгчхөөд шүүх эмнэлэгт үзүүлсэн. Шүүх эмнэлгийн эмч үзээд хамар хугарсан байна. Эрүү чинь хавдартай байгаа болохоор гэмтлийн эмнэлэгт үзүүл гэхээр нь би 2019 оны 4 дүгээр сарын 30-нд Гэмтлийн эмнэлэгт үзүүлтэл намайг эмч Мөнгөнгүүр эмнэлэгт зураг авахуул гэхээр нь би Мөнгөнгүүр эмнэлэгт зураг авахуулчхаад, буцаад гэмтлийн эмнэлэг дээр очсон. Эмч намайг үзээд хамар хугарсан байна. Эрүүний гажилт байна тэгэхдээ гайгүй гэж байна. Чи үзүүлсэн баримтуудаа шүүх эмнэлэгт очоод өгчих гэхээр нь би шүүх эмнэлэгт дээр очтол шинжээч эмч яаралтай хагалгаанд ор тэхгүй бол хамар чинь гамрит болно гэсэн. Би Улсын 1 дүгээр эмнэлэг дээр очоод хагалгаанд орох гээд очтол зураг авахуулж шинжилгээ хийлгэх шаардлагатай гэхээр нь би Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр шинжилгээ өгсөн. Очер дараалал ихтэй байсан болохоор зарим шинжилгээг 1 дүгээр эмнэлэгт өгсөн. Тэгээд би 1 дүгээр эмнэлэгт хагалгаанд орох гэтэл очер ихтэй 9 дүгээр сарын 12 хүртэл хүлээ гэхээр нь би “Сонс” нэртэй хувийн эмнэлэгт 2019 оны 5 дугаар сарын 12-нд хагалгаанд ороод гэртээ дэглэм барьсан. Хамрын хагалгаа хийлгээд зүгээр болсон. Ам ангахаар эрүү гацаад мултрах гээд байгаа юм шиг байгаа бусдаар бол биеийн байдал зүгээр байгаа. Одоогийн байдлаар Мөнх-Эрдэнэ надаа эмчилгээний мөнгө өгөөгүй. Эмчилгээний зардал болох 2,000,000 төгрөг, ажилгүй байсан 2 сарын мөнгө болох 3,000,000 төгрөг нийт 5,000,000 төгрөг нэхэмжилж байгаа...” /хх-ийн 16-18, 144-145/ гэсэн,
Гэрч П.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...Хан-уул дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа ХХХХ хотхоны 7 номерын барилгын өргөтгөл дээр ажиллаж байх үед 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 13-14 цагийн орчимд цайны цаг болоод өнгөрсөн байх үед ажилчид цайны газар хоолоо идэх санаатай ирэх үед манай орчуулагч ажилтай О.Ж ирээд ажил дуусаагүй зуурмагаа хийх хэрэгтэй гэж хэлээд хүмүүсийг хөөгөөд гаргасан. Энэ үед туслах ажилтан С.М бид хоёр хоолоо аягандаа хийгээд авсан байсан учир С.М хоолоо аваад гарсан. Удалгүй Ж араас нь гараад, би мөн араас нь дагаад цайны газраас гарсан чинь О.Ж М-ийн нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Энэ үед би очоод салгах үед Ж С.М-ийг цохих шиг болсон. Ингээд салгаад зогсож байхад С.М гартаа мод барьсан О.Ж-ыг цохих гэж дайрах үед тогооч М дундуур нь ороод М-ийн гарт байгаа модыг аваад шидсэн. Тэгээд би чөлөө авсан байсан учир шууд яваад өгсөн түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна...” /хх-ийн 22-23/ гэсэн,
Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр Хан-ул дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэжү ХХК-н барилга дээр гал тогоонд хоол хийгээд байж байтал гаднаас Жамц оруулагч орж ирээд С.М-ийг хоол өгөх өгөхгүй би мэдэж байна гэж хэлээд маргалдаад байхаар нь би хажуугаас нь Ж-д хандан чи ингэж болохгүй хүнд ажил хийж байгаа хүмүүс хоолоо цагтаа идэж байх ёстой гэж хэлээд уг хүмүүсийг цайны газраас гаргасан. Тэгээд О.Ж-ыг цайны газраас гарах үед М цаана сууж байгаад аягатай хоолоо газар тавиад гүйж ирээд Жамцын нүүрэн тус газар нь нэг удаа цохиод Ж ч гэсэн М-ийг зөрүүлж нүүрэнд нь гараараа цохиж байгаа харагдсан. Энэ үед тэнд байсан хүмүүс дундуур нь ороод салгах үед М гал тогооны урд талаас мод аваад дайрах үед нь би барьж аваад модыг нь авч хаясан. О.Ж цагдаагийн газар дуудлага өгсөн байсан...” /хх-ийн 25-27/ гэсэн,
Шинжээч эмч Т.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Намайг үзэхэд эрүүний баруун талд хавдартай хугарсан гэсэн эмчийн бичиг баримт байхгүй байсан. КТГ-ийн зураг үзүүлсэн. Тэр зурагны хариуд эрүүний яс гэмтсэн гэсэн бичиг байхгүй байсан. Тодотгож эрүүний яс гэмтсэн гэсэн зураг үзүүлээгүй...” /хх-ийн 171-173/ гэсэн,
Шүүгдэгч С.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа ХХХХ хотхоны барилга дээр хамт ажиллаж байсан орчуулагч ажилтай О.Ж-тай цайны цагаар шалны шавар зуурсангүй гэж маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийг үйлдсэн...” /хх-ийн 41-44/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №5307 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. О.Ж-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дээд уруулын язрал, хамрын нуруу, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
5. Уг гэмтэл нь тухайн хэрэг болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой...” /хх-ийн 33/ гэсэн дүгнэлт,
- Өргөдөл /хх-ийн 4/,
- Хүний гадна биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13/,
- Хохирлын баримт /хх-ийн 47-56, 106-121, 125-128, 161-170/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 148-159/,
- Шүүгдэгч С.М-ийн хувийн байдалтай холбоотой гэрч Г.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 19-21/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 57/, гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 58/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 60/, гэрлэлтийн гэрчилгээ /хх-ийн 61/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан өсөхийг шалгах хуудас /хх-ийн 67/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 74/, “Энхийн төлөө” медалийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 75/, боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 76/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, С.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч С.М нь 2019 оны 4 дүгээр 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХХХХ” хотхоны баригдаж байгаа барилга дээр иргэн О.Жтай маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дээд уруулын язрал, хамрын нуруу, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч О.Ж-ын: “...С.М чи яагаад намайг явах эсэхийг мэдэж байна. Чи ер нь хэн бэ гэх мэтээр маргалдаж байгаад нүүрэн тус газар гараараа хэд хэдэн удаа цохиж доош тонгойх үед мөн нүүрэнд 2-3 удаа өшиглөж зодсон. Энэ үед хажууд байсан хүмүүс дундуур ороод салгах үед нь би өөрийн утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний баруун шанаа хавдартай, дээд уруул язарсан, хамар хавдартай хугарсан байсан. Би эмчилгээний зардлыг тооцож байгаад нэхэмжлэх болно зодуулсандаа гомдолтой байна...” /хх-ийн 16-18, 144-145/ гэсэн, гэрч П.М-ийн: "... С.М бид хоёр хоолоо аягандаа хийгээд авсан байсан учир С.М хоолоо аваад гарсан удалгүй Жамц араас нь гараад би мөн араас нь дагаад цайны гадраас гарсан чинь О.Ж М-ийн нүүрэн тус газар нь нэг удаа цохисон энэ үед би очоод салгах үед Ж С.М-ийг цохих шиг болсон ба салгаад зогсож байхад С.М гартаа мод барьсан О.Жыг цохих гэж дайрах үед тогооч М дундуур нь ороод М-ийн гарт байгаа модыг аваад шидсэн. Тэгээд би чөлөө авсан байсан учир шууд яваад өгсөн түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна...” /хх-ийн 22-23/ гэсэн, гэрч М.М-ын: “...М гал тогооны урд талаас мод аваад дайрах үед нь би барьж аваад модыг нь авч хаясан гэтэл О.Ж цагдаагийн газар дуудлага өгсөн байсан...” /хх-ийн 25-27/ гэсэн, шинжээч эмч Т.А-ийн: “...Тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Намайг үзэхэд эрүүний баруун талд хавдартай хугарсан гэсэн эмчийн бичиг баримт байхгүй байсан. КТГ-ийн зураг үзүүлсэн. Тэр зурагны хариуд эрүүний яс гэмтсэн гэсэн бичиг байхгүй байсан. Тодотгож эрүүний яс гэмтсэн гэсэн зураг үзүүлээгүй...” /хх-ийн 171-173/ гэсэн, шүүгдэгч С.М-ийн: “...Би 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа ХХХХ хотхоны барилга дээр хамт ажиллаж байсан орчуулагч ажилтай О.Ж-тай цайны цагаар шалны шавар зуурсангүй гэж маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийг үйлдсэн...” /хх-ийн 41-44/ гэсэн мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №5307 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. О.Ж-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дээд уруулын язрал, хамрын нуруу, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Уг гэмтэл нь тухайн хэрэг болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой...” /хх-ийн 33/ гэсэн дүгнэлт, өргөдөл зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч О.Ж-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дээд уруулын язрал, хамрын нуруу, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардал баримтаар 1,960,875 төгрөг, энэ гэмт хэргийн улмаас ажилгүй болсон, өөрөөр хэлбэл тухайн компанийн ажилчдын нийгмийн даатгал төлдөггүй талаарх асуудлыг ил болгосон гээд намайг ажилд авахгүй, өөр орчуулагч авсан байгаа тул олон сар ажил хийгээгүй, ажилгүй болсон, ажилгүй байсан хугацааны цалин 7,500,000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн агуулга бүхий гомдлыг гаргасан.
Хавтаст хэргийн 47-55 дугаар талд авагдсан хохирлын баримтаар хохирогч О.Ж нь өөрт учирсан гэмтэлтэй холбоотойгоор 1,960,857 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирол төлбөр төлөгдөөгүй байх тул эмчилгээний зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Ажилгүй байсан хугацааны цалин гэж 7,500,000 төгрөг нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй байна, учир нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч сард 1,500,000 төгрөгийн цалин авдаг, тогтмол орлоготой гэж мэдүүлэх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад “ХХХ” ХХК-иас О овогтой Ж нь тус компанид орчуулагч, менежерээр ажилладаг ба өдрийн цалин 50,000 төгрөг авдаг гэсэн тодорхойлолтыг гаргаж өгсөн /хх-ийн 80/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар сарын орлого 1,200,000 төгрөг /хх-ийн 123/ гэсэн баримтуудаас үзэхэд хохирогч нь тухайн байгууллагад хэзээ ажилд орж, ямар хугацаанд хэдэн төгрөгийг цалин авдаг талаарх баримтууд хэрэгт авагдаагүй, тухайн албан тушаалаас хэзээнээс ямар шалтгаанаар чөлөөлөгдөж цалин аваагүй талаарх баримтууд дутуу байх тул ажилгүй байсан хугацааны цалинг гаргах боломжгүй байна. Иймд хохирогч О.Ж энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч С.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй зэргийг харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 0000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг хугархай сиди хураагдаж ирүүлснийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч О.Ж гомдолтой гэснийг, шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүх хуралдааны явцад шүүгдэгч нь компанийн зүгээс хохирогчид 1 сая төгрөг төлсөн бөгөөд энэ мөнгийг миний цалингаас сар бүр суутгаж авсан гэж мэдүүлэх боловч хавтаст хэргийн 70 дугаар талд авагдсан баримтаар хохирол төлөгдсөн гэж үзэх боломжгүйн дээр шүүгдэгчийн цалингаасаа хохирлын мөнгийг суутгуулсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй нь хохирол төлөгдсөн гэсэн нь няцаагдаж байна. Тухайн баримт нь хохирогч, компани хоёрын хооронд тохирсон гэрээ гэж шүүх үзэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт С-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-ийг 280 /хоёр зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С.М-д оногдуулсан 280 /хоёр зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-ээс / РД: ЗМ000000, Баянзүрх дүүрэг, 000 дугаар хороо, 000 тоотод оршин суух хаягтай/-аас 1,960,875 /нэг сая есөн зуун жаран мянга найман зуун далан тав/ төгрөгийг гаргуулж, хохирогч О.Ж /РД: ЙР00000, Чингэлтэй дүүрэг, 000 дугаар хороо, 00 тоотод оршин суух хаягтай/-д олгож, хохирогч О.Ж нь гэмт хэргийн улмаас ажилгүй болсон хугацааны цалинтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 0000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг хугархай сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Эрүүгийн 0000000 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч О.Ж гомдолтой гэснийг, шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР