| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2019/0506/Э |
| Дугаар | 562 |
| Огноо | 2019-08-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 562
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Б,
Улсын яллагч Н.П,
Хохирогч Д.Б,
Шүүгдэгч, хохирогч Ч.Г, түүний өмгөөлөгч Н.О,
Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овогт Ч-н Г, Х овогт Б-н А нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн эрүүгийн ……………….дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, … оны ..дугаар сарын …-ны өдөр …. аймагт төрсөн, …настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дууны оператор мэргэжилтэй, ам бүл …, эхнэр … хүүхдийн хамт, ……….. дүүргийн … дугаар хороо, тоотод оршин суух, хамгаалалтын ажилтнаар ажилладаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х овогт Ч-н Г
Монгол Улсын иргэн, ….. оны …. дугаар сарын …-ний өдөр …. аймагт төрсөн, … настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, ам бүл …, эцэг, эх, … дүүгийн хамт, ….. дүүргийн … дугаар хороо, тоотод оршин суух, үйлдвэрийн механикч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б А
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Ч.Г нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны орой 19 цагийн үед …. дүүргийн …дугаар хороо …… хорооллын гадна байх автомашины зогсоол дээр Д.Б тай машин тавьсаны төлбөрөө төлсөнгүй гэдгээс болж маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Яллагдагч Б.А нь 2018 оны … дугаар сарын …-ны орой … цагийн үед …. дүүргийн …дугаар хороо ……. хорооллын гадна байх автомашины зогсоол дээр аав Д.Б гаа өмөөрч, Ч.Г ын төмсөг рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Болсон үйл явдал бол үнэн. Би цохьсон гэдгээ санахгүй байна. Би өөрийгөө хамгаалах гээд хүрсэн байж магадгүй. Шүд уначихлаа гэсэн ба дусал ч цус гараагүй шүд нь унасан нь эргэлзээтэй. Жоохон ч гэсэн цус гарах ёстой гэтэл нэг ч цус гараагүй...” гэв.
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй…” гэв.
Хохирогч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...оны … дугаар сарын …-ны өдөр …. дүүргийн …н гадна албан газрын хашаа юм шиг байгаа юм. Дотроо манаачтай. Манаач нь нэг хүүхэн байдаг бөгөөд 3-4 хүүхэдтэйгээ байдаг. Би тэдний гуйсан юманд нь явж өгдөг болохоор манай хашаанд машинаа үнэгүй тавьж бай гэж хэлдэг байсан юм. Би үнэгүй тавина гэж юу байхав мөнгө төгрөгийг нь өгнө гэж хэлээд машинаа тавьж байсан. Гэтэл нэг орой машинаа тавих гээд ортол нэг залуу ирснээ надаас шууд мөнгө нэхсэн. Тэгэхээр нь би та ямар учиртай хүн, хаанаас яваа хүн бэ гэхэд би энэ газарт томилогдож ирсэн харуул нь байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би чамайг би танихгүй юм байна. Би чамд мөнгө өгөх шаардлагагүй гэж хэлсэн. Гэтэл энэ хүн машинаа аваад зайл гээд урдаас доромжилсон. Тэгээд машины хажууд маргаад зогсож байхдаа би машинаа цоожлох гээд эргээд хартал цохиод авсан. Бид хоёр энэ хүн рүү дайраагүй манай гэр бүлийн хүн дундуур нь орж салгасан юм. Шинжээч Ч-О дүгнэлт дээр гадны нөлөөгүйгээр шүд унахгүй гэсэн байгаа. Би гомдолтой байна. Гадуур эмчилгээ хийлгэж шүдээ хийлгэх гэхээр 1 сая 800.000 төгрөгнөөс 2 сая төгрөг гээд байгаа. Миний хохирлыг барагдуулаад өгөөч, би шүдээ хийлгэмээр байна...” гэв.
Хохирогч Ч.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...оны … дугаар сарын …-нд …. хорооллын гадна хашаан дотор энэ Б гэдэг машинаа тавих гээд мөнгө нэхээд тэрнээсээ болж маргалдсан. Энэ хүн над руу муу мануухай, гуйлгачин, түүлэгчин гэж доромжлоод байсан. Тэр үед нь би энэ хүний биед гар хүрсэн юм уу шүргэсэн юм уу шүд нь унасан гэдэг зүйл яригдаад хэрэгтэн болоод явж байгаа. Үүний дараа авгай нь юм уу хэн нь юм аавын чинь шүдийг цохичихлоо гээд энэ хүүхдийг дуудах шиг болсон.Хороололоор дүүрэн цуурайтаад алнаа гээд над руу дайрч, аймаар хурдан гүйж орж ирээд өшиглөсөн. Нэг өшиглөөд гараа далайгаад намайг нэг цохих гэсэн боловч гар нь миний биед хүрээгүй. Өшиглөхдөө миний төмсөг рүү өшиглөсөн. Тэгээд энэ хүүхэд орилж хашиграад дөвчигнөөд байсан. Араас нь 2 хүн бариад авах шиг л болсон. Харанхуй байсан. Түүнээс болж төмсөг байнга өвддөг болсон. Бэлгийн ажиллагаа зогсонги болсон. Гэр бүлийн хүнтэйгээ бэлгийн ажил огт байхгүй болсон. Ер нь бол сэтгэл санаагаар маш их унасан. Яасан ч яахав дээ гэж боддог болсон. Гэр бүлээсээ түр хугацаанд салаад нийтийн байранд амьдарсан боловч мөнгө төгрөггүй болоод одоохондоо эргээд гэртээ очоод нэг сар болж байна. Шүүхийн шийдвэрийн дагуу гарсан зардлын дагуу эмчилгээ хийлгэе гэж бодож байгаа боловч одоохондоо зардал мөнгөггүй учраас эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа. 12 сард Мөрдөн байцаагчийг асуухад нь өвчин намдаах эмний мөнгө гэж 150000 төгрөг бичүүлээд оруулсан. Тэр нь надад их сонин санагдаад энэ хүмүүс надаас 2 сая төгрөг нэхээд би 150.000 төгрөг нэхээд байгаа юм шиг санагдаад байгаа юм. Би бол хохирлыг эд нартай адилхан зардал гарна гэж бодож байгаа. 2 саяаар тогтохгүй их нарийн юм мэргэжлийн эмч нар ярьж байна лээ. Хагалгаа хийнэ, Судас таслана гэх мэтээр их л нарийн эмчилгээ хийх юм шиг байна лээ. Би одоо яахаа мэдэхгүй л явна... гэв.
Хохирогч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ….. дүүргийн …. дугаар хороо …. хорооллын зүүн талд байрлах хашаан дотор өөрийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг байршуулсан байсан. Гэтэл хамгаалалтын хувцастай нэг залуу ирээд машин тавиулахгүй мөнгө нэхээд байсан. Тэгэхээр нь албан ёсны ажилтан юм бол бичиг баримтаа үзүүл гэхэд үзүүлэхгүй байсан. Тэр үед эхнэр хажууд байсан бөгөөд бид хоёр машины араас хучлага аваад машинаа хучих гэтэл нөгөө залуу миний нүүрэн тус газар нэг удаа цохьсон. Эхнэр дундуур орж салгасан...” гэжээ /хх-н 20-22 /,
Хохирогч Ч.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би улсын дугаартай ….. маркийн автомашинтай бөгөөд уг машин нь эвдрээд явах боломжгүй болсон тул тавих газар олж улмаар …. дүүргийн … дугаар хороо, …. хорооллын хажуугийн “…..” хашаанд манаач хийдэг Э /Э/ уулзаж тус хашаанд машинаа тавихаар болсон. 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр машинаа эргэх гэж Э /Э/ харж байгаа хашаанд очсон бөгөөд намайг очих үед 30 орчим насны залуу машинаа тавьж байсан. Энэ үед нь би машин тавьсан бол мөнгөө төлөөрэй гэж хэлэхэд удахгүй явлаа мануухай гөлөг минь гэж намайг хэлээд бид хоёр маргалдаж миний бие рүү чичлэхээр нь би гуйлгачин минь гээд түүн рүү зааснаас өөр зүйлгүй. Харин түүний хүүхэд нь миний төмсөг рүү өшиглөөд мөр рүү цохьсон, ахиад нэг цохих гэхээр нь араас нь хүн бариад авах шиг болсон...” гэжээ /хх-н 27-28/,
Гэрч Г.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: "... 2018 оны 12 дугаар сарын 06-ны орой 19 цагийн орчим машинаа хашаанд тавих гээд очиход ногоон эрээн хувцастай 40 орчим насны эрэгтэй мөнгө өг тэгэхгүй бол гар гээд байхаар нь та юу яриад байгаа юм бэ одоо удахгүй буцаад гарлаа гэхэд манай нөхөртэй маргаад байсан. Тэгтэл манай нөхөр түүнийг “мануухай” гэж хэлтэл манай нөхрийн нүүр рүү нэг удаа цохьсон. Тэгээд дахин цохих гээд байхаар нь би дундуур нь орж болиулсан. Манай нөхрийн шүд нь уначихсан байсан...” гэжээ. /хх-н 34-35/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 11-12/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14437 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Д.Бын биед зүүн дээд 1-р шүдний булгарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлдлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-н 48-49/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 187 тоот шинжээчийн дүгнэлтэд: "... Ч.Гын биед зүүн төмсөг, хухнагийн үрэвсэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-н 52/
Шинжээч Т.Ч-О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... Суларсан шүд гадны нөлөөгүйгээр унах боломжгүй. Судас мэдрэлийн багцаар тэжээгдэж байдаг тул гадны нөлөөгүйгээр унах боломжгүй. Дээд баруун 1, 2-р шүд хуучин үгүй, зүүн дээд 1-р шүд булгарсан, буйл хонхор, цустай байсан. Өөр суларсан шүд үүдэн шүдний орчим байхгүй байсан...” гэжээ. /хх-н 55/,
Шинжээч эмч Б.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Шинжээчийн 187 дугаартай дүгнэлтэд тусгагдсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Өшиглөсөн байж болно. Хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэжээ /хх-н 56/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-90, 92/, ял шалгах хуудас / хх-88, 91/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Ч.Г нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны орой 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа 2 хорооллын гадна байх автомашины зогсоол дээр Д.Б-тай машин тавьсаны төлбөрөө төлсөнгүй гэдгээс болж маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.А нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны орой 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа 2 хорооллын гадна байх автомашины зогсоол дээр аав Д.Б гаа өмөөрч, Ч.Г-ын төмсөг рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Б-ын: “...2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа 2 хорооллын зүүн талд байрлах хашаан дотор өөрийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг байршуулсан байсан. Гэтэл хамгаалалтын хувцастай нэг залуу ирээд машин тавиулахгүй мөнгө нэхээд байсан. Тэгэхээр нь албан ёсны ажилтан юм бол бичиг баримтаа үзүүл гэхэд үзүүлэхгүй байсан. Тэр үед эхнэр хажууд байсан бөгөөд бид хоёр машины араас хучлага аваад машинаа хучих гэтэл нөгөө залуу миний нүүрэн тус газар нэг удаа цохьсон. Эхнэр дундуур орж салгасан...” гэх мэдүүлэг, хохирогч Ч.Гын “...2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр машинаа эргэх гэж Э харж байгаа хашаанд очсон бөгөөд намайг очих үед 30 орчим насны залуу машинаа тавьж байсан. Энэ үед нь би машин тавьсан бол мөнгөө төлөөрэй гэж хэлэхэд удахгүй явлаа мануухай гөлөг минь гэж намайг хэлээд бид хоёр маргалдаж миний бие рүү чичлэхээр нь би гуйлгачин минь гээд түүн рүү зааснаас өөр зүйлгүй. Харин түүний хүүхэд нь миний төмсөг рүү өшиглөөд мөр рүү цохьсон, ахиад нэг цохих гэхээр нь араас нь хүн бариад авах шиг болсон...” гэх мэдүүлэг, гэрч Г.А "... 2018 оны 12 дугаар сарын 06-ны орой 19 цагийн орчим машинаа хашаанд тавих гээд очиход ногоон эрээн хувцастай 40 орчим насны эрэгтэй мөнгө өг тэгэхгүй бол гар гээд байхаар нь та юу яриад байгаа юм бэ одоо удахгүй буцаад гарлаа гэхэд манай нөхөртэй маргаад байсан. Тэгтэл манай нөхөр түүнийг “мануухай” гэж хэлтэл манай нөхрийн нүүр рүү нэг удаа цохьсон. Тэгээд дахин цохих гээд байхаар нь би дундуур нь орж болиулсан. Манай нөхрийн шүд нь уначихсан байсан...” гэх мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 11-12/, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоосон №14437,187 тоот дүгнэлтүүд, шинжээч Т.Ч-О “... Суларсан шүд гадны нөлөөгүйгээр унах боломжгүй. Судас мэдрэлийн багцаар тэжээгдэж байдаг тул гадны нөлөөгүйгээр унах боломжгүй. Дээд баруун 1, 2-р шүд хуучин үгүй, зүүн дээд 1-р шүд булгарсан, буйл хонхор, цустай байсан. Өөр суларсан шүд үүдэн шүдний орчим байхгүй байсан...” гэх мэдүүлэг, Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн “...Шинжээчийн ….дугаартай дүгнэлтэд тусгагдсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Өшиглөсөн байж болно. Хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Г, Б.А нарт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч тус бүрийг 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г, Б.А нарт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ч.Г, Б.А нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Хохирол төлбөрийн хувьд:
Хохирогч Д.Б, Ч.Г нарт гэмт хэргийн улмаас хөнгөн хохирол учирсан ба хохирогч Д.Б нь эмчилгээний зардал 2.000.000 төгрөг, хохирогч Ч.Г нь эмчилгээний зардалд 150.000 төгрөг тус тус нэхэмжилсэн бөгөөд мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хохирлын баримтаас нотлох баримтын шаардлага хангасан 120.000 төгрөгийг шүүгдэгч Ч.Гоос гаргуулж хохирогч Д.Бт, шүүгдэгч Ч.Аээс 105.600 төгрөг гаргуулж хохирогч Ч.Год тус тус олгох нь зүйтэй.
Хохирогч Ч.Г, Ч.Б нар нь цаашид гаргах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х овогт Ч Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
-шүүгдэгч Х овогт Б-н А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч-н Г, Б-н А нарыг тус бүрийг 450 нэгж буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.Г, Б.А нарт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.Г, Б.А нар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ч.Г, Б.А нарт оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-оос 120.000 / нэг зуун хорин мянган/ төгрөг гаргуулж, хохирогч олгож, шүүгдэгч Ч.Аээс 105.600 / нэг зуун таван мянга зургаан зуун/ төгрөг гаргуулж хохирогч -д тус тус олгосугай.
8. Хохирогч Д.Б, Ч.Г нар нь цаашид гаргах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Шүүгдэгч Ч.Г, Б.А нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тоглтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ