Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 997

 

 

 

 

 

 

 2019          12         09                                         2019/ШЦТ/997

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Зулаа,

Улсын яллагч: Г.Билгүүжин,

Шүүгдэгч: Ч.У-, түүний өмгөөлөгч О.Даваажаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Ч.У-од холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905029130909 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.У-, 1997 оны  01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Ч.У- нь 2019 оны 7 дугаар сарын 06-ны өглөө 08 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэгээ” нэртэй зочид буудлын 210 тоот өрөө буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтрэн, уг өрөөнд амарч байсан иргэн Э.С-ийн эзэмшлийн Хуавей-7 маркийн гар утсыг хулгайлан авч нийт 669.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.У-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 06-ны өглөөний 04 цагт найзтайгаа Баянгол дүүргийн “Тааз” зочид буудалд хонохоор орсон. Тэрнээс өмнө бааранд хоёр хүүхэнтэй танилцаад тэр буудал руу хамт орсон. Буудалд ороод 1 шил архи уусан. Нэг сэрээд хартал хамт байсан хоёр эмэгтэй миний гар утсыг аваад явчихсан байсан. Би доошоо ресепшин рүү бууж очоод нөгөө хоёр хүүхнийг асуутал гараад явсан гэсэн. Би тэр хавиар хайгаад олоогүй. Буцаад дээшээ гараад зүүн гар тийшээ эргээд эхний хаалга таттал цоожтой байсан. Дахиад өөр хаалга таттал өрөөнд хоёр хүн унтаж байсан. Би өөрийн эд зүйлээ алдсан байсан. Тэгээд шалан дээр утас байхаар нь авсан. Цэрэгт алдсан зүйлээ тэр аргаа олж ав гэдэг байсан болохоор утсыг нь авсан” гэв.

Хохирогч Э.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таац” нэртэй зочид буудалд найз Ж-, С- тэгээд өөр нэг залуугийн хамт ороод С- бид хоёр тэр буудлын 210 тоот өрөөнд ороод унтсан. Өглөө 08 цагийн үед миний унтаж байсан өрөөнөөс хүн гараад явах чимээ сонсогдохоор нь сэрээд гар утсаа хайхад миний гар утас байхгүй байхаар нь С-огийн утсаар өөрийн 99976798 гэсэн дугаар руу залгахад дуудаад авахгүй байсан. Тэгээд ресепшин дээр очоод хяналтын камер шүүлгэхэд миний байсан өрөөнд үл таних эрэгтэй хүн 08 цагт ороод 30 минут орчимын дараа гараад саарал өнгийн 19-56 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад явж байгаа нь бичигдсэн байсан бөгөөд буудлын ресепшин хэлэхдээ манай буудалд хоносон хүн байна гээд хоносон хүмүүсийн бүртгэлээсээ хараад ...регистрийн дугаартай Чинбат овогтой Улсболд гэдэг хүн байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/,

Гэрч Н.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...У- ахын найзууд гээд хоёр охин ирсэн. Тэгээд бид нар “Таац” нэртэй буудалд хоносон. Шөнө 03 цагийн үед хамт байсан хоёр охин уурлаад гараад явсан. Бид хоёр араас нь гарсан боловч хайгаад олоогүй. Би машиндаа орж унтсан. У- ах буцаад буудал руу орсон. Өглөө 06 цаг болж байхад У- ах нэг гар утас барьчихсан орж ирсэн. Би өөрийнх нь утас байх гэж бодоод юу ч мэдээгүй. Намайг ажилд хүргээд өгчих гэхээр нь Хархорин худалдааны төвийн тийшээ хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/,

Гэрч Д.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Харин бүртгэлээс харахад гар утсаа алдсан гэх 203 тоот өрөөнд ....регистрийн дугаартай Ч.У- гэх хүн орсон байна. Уг өрөө нь 2 давхарын уг жигүүрийн баруун зүгт харсан зэрэгцээ 3 хаалганы голын хаалга байна. Харин гар утсаа алдсан гэх С- нь 210 тоот өрөөнд байсан гэх бөгөөд уг өрөө нь буудлын 2 давхарын хойд жигүүрийн зүүн зүгт харсан 3 хаалганы голын хаалга байна. ...буудалд хоногоор орсон тохиолдолд өдрийн 12 цагт орсон тохиолдолд маргааш өдрийн 12 цаг хүртэл буюу 24 цаг хүртэл байрлах боломжтой. ...Миний ажиллаж байсан буудал 2019 оны 5 дугаар сараас Гэгээ гэх нэртэй байсан. Харин гадна хаяг нь Таац гэж нэртэй байсан юм. Ингээд гадна хаягаа 8 сард сольсон. Гар утас хулгайлсан гэх хүн 203 тоот өрөөнөөс гарч гадагшаа гараад гаднаас буцаж орж ирэхдээ шууд 210 тоот өрөө рүү орж байгаа бичлэг байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 84-85, 92-93/,

Яллагдагчаар Ч.У-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...буцаад өрөөндөө орсон чинь өөрийнхөө өрөөг андуурч хажуу өрөө рүү орсон байсан. Уг өрөөнд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нэг орон дээр унтаж байсан бөгөөд шалан дээр гар утас байхаар нь утсыг нь аваад гарчихсан. Миний авч гарсан гар утас нь Хуавей 7 маркийн гар утас байсан. Хулгайлсан утсаа Хархорин зах дээр очиж 7 хоногийн дараа зарсан ба хулгайлсан утас гэж хэлээгүй. Мөнгөний хэрэг болоод гар утсаа зарж байгаа юм гэж хэлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...учруулсан хохирлыг барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 49-50/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, хохирогчийн өргөдөл /хх-н 4/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 17-19/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 28-32/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 86/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ч.У- нь 2019 оны 7 дугаар сарын 06-ны өглөө 08 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэгээ” нэртэй зочид буудлын 210 тоот өрөө буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтрэн, уг өрөөнд амарч байсан иргэн Э.С-ийн эзэмшлийн Хуавей-7 маркийн гар утсыг хулгайлан авч нийт 669.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э.С-ийн: “...Өглөө 08 цагийн үед миний унтаж байсан өрөөнөөс хүн гараад явах чимээ сонсогдохоор нь сэрээд гар утсаа хайхад миний гар утас байхгүй байхаар нь С-огийн утсаар өөрийн 99976798 гэсэн дугаар руу залгахад дуудаад авахгүй байсан. Тэгээд ресепшин дээр очоод хяналтын камер шүүлгэхэд миний байсан өрөөнд үл таних эрэгтэй хүн 08 цагт ороод 30 минут орчимын дараа гараад саарал өнгийн 19-56 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад явж байгаа нь бичигдсэн байсан бөгөөд буудлын ресепшин хэлэхдээ манай буудалд хоносон хүн байна гээд хоносон хүмүүсийн бүртгэлээсээ хараад ...регистрийн дугаартай Чинбат овогтой Улсболд гэдэг хүн байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/, гэрч Н.М-гийн: “...Би машиндаа орж унтсан. У- ах буцаад буудал руу орсон. Өглөө 06 цагт болж байхад У- ах нэг гар утас барьчихсан орж ирсэн. Би өөрийнх нь утас байх гэж бодоод юу ч мэдээгүй намайг ажилд хүргээд өгчих гэхээр нь Хархорин худалдааны төвийн тийшээ хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/, гэрч Д.Б-гийн: “...Харин бүртгэлээс харахад гар утсаа алдсан гэх 203 тоот өрөөнд ....регистрийн дугаартай Ч.У- гэх хүн орсон байна. ...Гар утас хулгайлсан гэх хүн 203 тоот өрөөнөөс гарч гадагшаа гараад гаднаас буцаж орж ирэхдээ шууд 210 тоот өрөө рүү орж байгаа бичлэг байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 84-85, 92-93/, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “орон байранд нэвтэрсэн гэдэг нь тогтоогдохгүй байна. Иймд зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

    “Орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгох хууль зүйн ойлголт юм.

    Шүүгдэгч Ч.У- нь зочид буудлын өрөөнд амарч байгаа хүмүүсийн өрөөнд зөвшөөрөлгүй орж, тэдний хувийн орон зайд нэвтрэн хохирогчийг унтаж байхад нь гар утсыг авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд  нэвтэрч” үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэлээ.

Түүчнлэн, шүүгдэгчийн “хулгайд гар утсаа алдсан тул алдсан аргаараа олдог гэж цэрэгт зааж байсны дагуу гар утас  хулгайлсан” гэсэн мэдүүлэг, камерын бичлэгээр шүүгдэгч нь өөрийнх биш өрөөнд шууд орсон. Гар утсыг нь авсан даруй уг буудлаас гарч явсан зэрэг нь дээрх гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч Ч.У-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд  нэвтэрч” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.У- нь өөрийн гар утсаа алдсан гэх шалтгаанаар хохирогчийн амарч байсан буудлын өрөөнд нэвтрэн орж “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 669.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гар утсаа буцаан авсан гэж мөрдөн байцаалтад мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ч.У-ыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 02 жил 01 сар хорих ял оногдуулах санал гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй ял оногдуулах...” гэж заажээ.

Шүүх шүүгдэгч Ч.У-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.У-од шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ч.У-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.У-ыг 01 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ч.У-од оногдуулсан 01 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.У-од цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР