Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 00031

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн зөрчил хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн хуралдааны  танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Хөвсгөл аймгийн  Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.О,

Хариуцагч: Хөвсгөлийн Улаан тайгын Улсын Тусгай хамгаалалтын захиргааны  Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б-т холбогдох

Гомдлын шаардлага: ... Хөвсгөлийн Улаан тайгын Улсын Тусгай хамгаалалтын захиргааны  Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Болдбаатарын үйлдсэн 2017 оны 08 дугаар сарын  13-ны өдрийн “Шийтгэл оногдуулах тухай” 02 дугаар улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах тухай” дүгнэлт бүхий гомдлыг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагч хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн  Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.О тус шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хөвсгөлийн Улаан тайгын Улсын Тусгай хамгаалалтын захиргааны  Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Шийтгэл оногдуулах тухай” 02 дугаар улсын байцаагчийн актаар Тэнгис Шишгэдийн бэлчирт “Ринд Бридни” ХК-ний загасчин Франц улсын иргэн Bouriez SOPHIE-ыг хууль бусаар завин дээрээс загасчилсан зөрчил гаргасанд нь Монгол Улсын Амьтны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8 дахь заалтыг үндэслэн 480,000 төгрөгөөр торгосон нь буруу байна. Үүнд:

1. Зөрчил гаргачийг шийтгэврийн хуудсаар торгох атал улсын байцаагчийн актаар торгосон.

2. Зөрчлийн тухай хууль болон Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль 2017 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн байхад энэ хуулиар шийтгэл оногдуулаагүй.

3. Зөрчил гаргагч нь иргэний журмаар загасчилсан уу, компаний загасчин уу гэдэг нь тодорхойгүй байхад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дах хэсгийг удирдлага болгон Хөвсгөлийн Улаан Тайгын Улсын Тусгай хамгаалалтын захиргааны  Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б-ын үйлдсэн 2017 оны 08 дугаар сарын  13-ны өдрийн “Шийтгэл оногдуулах тухай” 02 дугаар улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулахаар  бичсэн дүгнэлтээ дэмжиж байна гэв. 

Хариуцагч: Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Тэнгис-Шишгэдийн Гринд Бреждикийн амралтанд амарч байсан спорт загасчин загасчин Франц улсын иргэн Bouriez SOPHIE-ыг хууль бусаар завин дээрээс загасчилсан зөрчил гаргасанд нь Монгол Улсын Амьтны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8 дахь заалтыг үндэслэн акт бичсэн. Зах газар  ажил үүрэг гүйцэтгэж  байсан тул зөрчлийн шинэ хуулиар арга хэмжээ авахад бэрхшээлтэй, хуучин шийтгэврийн хуудас хүчингүй болсон, шинэ бичиг баримт, заавар зөвлөмж ирээгүй байсан тул акт бичиж ашигласан. Зөрчил гаргагч энэ хүн нь завин дээрээс уурга шийдсэн нь манай байгууллагын камер болон олон хүмүүс харсан байдаг. Иймд би шинэ хуулиар заавар зөвлөгөө аваагүй гээд зүгээр өнгөрөөгүй акт бичсэн нь үнэн. Зөрчил гаргагч нь албан ёсны гэрээ, зөвшөөрлийн бичигтэй, спорт загасчин байсан нь үнэн болно. Иймд энэ спорт загасчин нь Амьтны тухай хуулийг  зөрчсөн нь үнэн.Прокурорын дүгнэлтээр актыг хүчингүй болгоход татгзалзах зүйлгүй, намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хөвсгөл аймгийн  Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.О тус шүүхэд Хөвсгөлийн Улаан тайгын Улсын Тусгай хамгаалалтын захиргааны  Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б-ын үйлдсэн 2017 оны 08 дугаар сарын  13-ны өдрийн “Шийтгэл оногдуулах тухай” 02 дугаар улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргаж, дүгнэлт ирүүлсэн байна.

   Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, гомдол гаргагч болон хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүнд хавсаргасан бичгийн нотлох баримт зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.О-ийн дүгнэлт бүхий гомдлыг хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Хөвсгөлийн Улаан тайгын Улсын Тусгай хамгаалалтын захиргааны  Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б нь 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Тэнгис-Шишгэдийн Ринд Бреднийн амралтанд амарч байсан спорт загасчин загасчин франц улсын иргэн Боуриз Софи /Bouriez SорhIe/-ийг хууль бусаар завин дээрээс загасчилсан зөрчил гаргасанд нь Монгол Улсын Амьтны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8 дахь заалтыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын  13-ны өдрийн “Шийтгэл оногдуулах тухай” 02 дугаар улсын байцаагчийн акт үйлдэж, 480,000 төгрөгөөр торгожээ.

Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Зөрчлийн тухай хууль мөрдөгдөж эхэлсэн байхад  Монгол Улсын Амьтны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8 дахь заалтыг зөрчсөн гэж,  мөн хуулийн хүчингүй болсон хэсэг заалтанд зааснаар  зөрчил гаргагчийг торгох шийтгэл оногдуулж хууль буруу хэрэглэж, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон бичиж ирүүлсэн прокурорын дүгнэлтийг шүүх үндэслэлтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ - ийн 17.1 дүгээр зүйлийн 1-т “энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” мөн Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр баталсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-т “энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж зааснаар Амьтны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон бөгөөд хуулийн өмнөх 39 дүгээр зүйлийн 39.1.8 дахь заалт нь хүчингүй болж тус хуулиар тодорхойлсон захиргааны зөрчилд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр тогтоосон байна.

 Гэтэл Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 02 тоот актаар Франц улсын иргэн Боуриз Софи /Bouriez SорhIe/-д Амьтны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8-д заасныг /хуулийн хүчингүй болсон заалтыг/ баримтлан 480 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан хууль зүйн үндэслэлгүй ба Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх заалтыг зөрчжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-д зааснаар зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байх атал улсын байцаагчийн актаар шийтгэл оногдуулсан нь буруу байна.

Түүнчлэн улсын байцаагчийн үйл ажиллагаа нь хуульд үндэслэх зарчмыг баримтлах ёстой ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг баримтлах үүргээ биелүүлээгүй нь буруу байна. Тухайлбал: Монгол Улсын нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагаа, албан хэргийг монгол хэлээр хөтлөн явуулна,  төрийн албаны үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлт нь монгол хэлээр явуулна” гэж заасныг болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж баримтжуулна гэсэн заалтуудыг  зөрчиж зөрчил гаргагчийн  нэрийг  монгол хэлээр  бичээгүй, мөн түүнчлэн зөрчил гаргасан тухай тэмдэглэлд зөрчил гаргачид эрх, үүрэг танилцуулсан эсэх, гарын үсэг зуруулаагүй зэрэг  учир дутагдалтай үйл ажиллагаа явуулсан хариуцагч буюу улсын байцаагч Б.Б-ын буруутай үйлдлүүд тогтоогдож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12, 112 дугаар зүйлийн 112.4.3-т заасныг тус тус удирдлага болгон     ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.27,  Амьтны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасныг тус тус баримтлан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.О-ийн дүгнэлт бүхий гомдлыг  бүхэлд нь хангаж, Хөвсгөлийн Улаан тайгын Улсын Тусгай хамгаалалтын захиргааны  Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б-ын үйлдсэн 2017 оны 08 дугаар сарын  13-ны өдрийн “Шийтгэл оногдуулах тухай” 02 дугаар улсын байцаагчийн актыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Хэргийн оролцогчид  энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ЭНХТАЙВАН