Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1941

 

Х.Ундралын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/05262 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Ундралын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮ газарт холбогдох

           

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч С.Үлэмж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Ундралын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Ундрал нь тус байгууллагад 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр захирлын туслахаар ажилд орсон боловч хэсэг хугацааны дараа шинэ захирал өөрөө туслахаа авна гээд түүнийг түгээлтийн няравын ажилд ор гэсэн. Ингээд 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс түгээлтийн няраваар ажиллахаар болсон боловч түгээлтийн машингүй гэсэн учир тухайн байгууллагад хий гэснийг нь хийгээд явж байсан. Гэтэл 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр засварын ажил хийж байхад ажлаа хүлээлгэж өгөөд өргөдлөө бичээд ажлаас гар гэсэн. Миний бие энэ байгууллагад 6 сар ажиллахдаа хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай саналаа хэлэхэд байгуулдаггүй байсан. 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш ажлаас халсан гэх атлаа тушаалаа нэхэхээр өгдөггүй. Мөн намайг ажлын байранд нэвтрэн орох боломжгүй болгож хурууны хээ уншиж ирц тооцдог төхөөрөмжөөс нэр хассан байсан. Миний бие хэсэг хугацаанд харж, ажил үүрэг хийлгүүлэх болов уу гэж хүлээсэн. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, түгээлтийн няравын ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажиллаагүй байсан бүх хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт баталгаажилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэнгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ нь Х.Ундралыг ажлаас халаагүй бөгөөд ажлаа хийхэд татгалзах зүйлгүй. Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоох, ажилд эгүүлэн тогтоолгох, цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Х.Ундралыг “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-т түгээлтийн няравын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт 7 563 429 төгрөгийг хариуцагч “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч Х.Ундралд олгож,  

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийн баталгаажуулахыг хариуцагч “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-т даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Ундрал нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэнгэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шүүгч хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Тухайлбал: Х.Ундрал нь 2015 оны 9 дүгээр сарын сүүлээр "...өөр төслийн ажилд орох болсон тул ажлаасаа гармаар байна. Нийгмийн даатгалын дэвтрээ авья..." гэж хэлээд нийгмийн даатгалын дэвтрээ аваад явсан. Манай байгууллагын ажилтан Х.Ундралыг ажил олгогчийн санаачлагаар ажлаас халсан тохиолдол байхгүй бөгөөд 2015 оны 11 дүгээр сард түгээлтийн машинаа худалдаж авмагц ажилтан Х.Ундралыг ажилдаа эргэж орох боломжтой тухай өөрт нь мэдэгдэх гэсэн боловч Х.Ундрал 2015 оны 9 дүгээр сараас өөрийн дураар ажлаа хаяж явсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,  гэрч н.Дэлгэрцэцэгийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн цалингийн дансны хуулга,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2015 оны 9 дүгээр сарын 01-нээс хойш Х.Ундрал ажилдаа ирээгүй тухай шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад маргадаггүй зэргээс үзэхэд дээрхи нотлох баримтуудыг үнэлж Х.Ундрал нь 2015 оны 9 дүгээр сарын 01-нээс хойш ажиллаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.5 дахь хэсэгт заасныг үндэслэх шаардлагатай тухай миний бие тайлбартаа удаа дараа дурдаж байсан ч шийдвэр гаргахдаа зөвхөн нэг талын тайлбарыг үнэлж хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, нотлох баримтуудыг хэрхэн авч үзэж байгаа талаар хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь шийдвэрийн үндэслэх хэсгээс харагдана. Дээрхи үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 118 дугаар зүйлийн 118.4, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэх үндэстэй байна.

2. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "...2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цаг бүртгэх төхөөрөмжөөс нэрийг нь хассан учраас цагийн бүртгэл хийлгэх боломжгүй болсон тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь цаг бүртгэгч Л.Гэрэлтуяагийн гарын үсэг бүхий цагийн бүртгэлээр тогтоогдож байна" гэх боловч Л.Гэрэлтуяа нь Х.Ундралын хүсэлтээр цаг бүртгэлийн цахим машин дээрээс 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар түүний ажлын ирцийн талаар мэдээллийг харж гараар бичиж өгсөн байх бөгөөд тус нотлох баримт нь Х.Ундралын 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх түүний ажлын ирцийн талаарх мэдээллийг харуулж байгаагаас өөрөөр Х.Ундралын хурууны хээ цаг бүртгэлийн машин дээрээс хасагдсан гэдгийг нотлохгүй юм. Миний бие тус шүүхэд "...нэхэмжлэгчийн хурууны хээг цаг бүртгэлийн машинаас хассан зүйл байхгүй бөгөөд одоог хүртэл Х.Ундралын хурууны хээ бүртгэлтэй байгаа, энэ тухай бичгэн нотлох баримтаар нотлох боломжгүй тул тус цаг бүртгэлийн машинд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхээр үзлэг хийлгүүлэх..." хүсэлт гаргасан боловч шүүх үзлэг хийгээгүй мөртлөө дээрх хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна хэмээн шийдвэртээ үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэстэй байна.

3. Х.Ундралыг "Өсвөр үе хүнс" ОНӨААТҮГ нь 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх туршилтын 3 сарын хугацаанд захирлын туслахаар ажиллуулж байгаад тус ажлын байранд мэргэжлийн ур чадвар дутагдалтай гэж үзсэн тул туршилтын хугацаа дууссаны дараа Х.Ундралыг түгээлтийн няравын орон тоонд 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс шилжүүлэн ажиллуулахаар тохиролцсон бөгөөд 2015 оны 6 дугаар сард түгээлтийн машингүй байсан учир Х.Ундралыг түгээлтийн машинтай болтол 3 сарын түр хугацаанд туслах ажилтанаар ажиллуулж цалинг нь cap бүр олгож байсан. 2015 оны 11 дүгээр сард түгээлтийн машин авмагц түгээлтийн ажилтны хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулахаар өөрт нь мэдэгдсэн. Гэвч Х.Ундрал нь 2015 оны 9 дүгээр сарын сүүлээр "өөр төслийн ажилд орох болсон тул ажлаасаа гармаар байна. Нийгмийн даатгалын дэвтрээ авья" гээд нийгмийн даатгалын дэвтрээ аваад явсан. Шүүх хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,  40.2 дахь хэсэгт заасныг зөрчин үнэлэлгүйгээр шийдвэр гаргасан нь хариуцагчийн хуулиар олгосон эрх, ашиг сонирхлоо тэгш, шударгаар хамгаалуулах боломжийг хязгаарлаж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.  

 

Нэхэмжлэгч Х.Ундрал нь хариуцагч “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮ Газарт холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч “Х.Ундралыг ажлаас халаагүй байгаа” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Х.Ундралыг “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮ газрын захирлын 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/04 тоот тушаалаар “бичиг хэрэг, архив, захирлын туслах”-ын ажилд томилж /хх-83/, 2015 оны 6 дугаар  сарын 02-ны өдрийн Б/26 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж /хх-81/, мөн өдрийн Б/28 тоот захирлын тушаалаар няравын үүрэгт ажилд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл ажиллуулахаар томилсон /хх-82/ боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй байна.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр сарын 24.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогчоос ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй байхыг ажлаас халсантай адилтган үзнэ.

 

Гэвч нэхэмжлэгч нь “2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс ажилгүй байсан”, мөн хариуцагч байгууллагаас “нэхэмжлэгч 2015 оны 9 дүгээр сараас ажлаагүй” гэх тайлбар гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар маргааны үйл баримтад хамаарах нотолгооны хэрэгсэл болох бөгөөд мөн “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГазрын 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 130 тоот албан бичигт “...Х.Ундрал нь 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл няравын үүрэгт ажил эрхэлж байсан” гэх баримтуудыг харьцуулан үзэхэд ажилтныг ажлаас халаагүй байгаа гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иймд хариуцагчийн “...ажлаас халаагүй байхад ажилд томилон цалин гаргуулахаар шийдвэрлэсэн” гэх гомдлыг хангах боломжгүй юм.

 

          Ажилтан Х.Ундрал нь 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс ажил олгогч “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГазарт няраваар ажиллаж байсан нь тогтоогдсон байх ба анхан шатны шүүх хэрэг авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

 

          Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахдаа ажилтны ажилгүй байсан хугацаа, дундаж цалин олговрын хэмжээний хувьд тооцооллын алдаа гаргасан тул давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзэв.

 

        Нэхэмжлэгч нь 2015 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажилгүй байсан бөгөөд 1 сарын дундаж цалин хөлс 415 832 төгрөг /577 510+551 220+118 767=1 247 497 төг:3=415 832 төгрөг/ байх тул ажилгүй байсан 10 сар 8 хоногийн дундаж цалин 4 313 048 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцнэ.

 

          Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/05262 дугаар шийдвэрийн

 

 Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...7 563 429...” гэснийг “...4 313 048...” гэж,

 3 дахь заалтад “... дурдсугай” гэснийг “...дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 83 959 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                        А.МӨНХЗУЛ

 

                                                                                              Д.БАЙГАЛМАА