Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 17

 

2017.3.21 №17

Г.Дэрэмрагчаад холбогдох

эрүүгийн хэргийн талаар

226/2017/0018/Э

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв. 

Шүүх хуралдаанд: 

Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга,

Прокурор:Г.Амарсайхан /онлайнаар/

Шинжээч эмч: С.Эрдэнэцэцэг / онлайнаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.Эрдэнэбаатар /онлайнаар/ 

Шүүгдэгч: Г.Дэрэмрагчаа /онлайнаар/  нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 37 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Г.Амарсайханы эсэргүүцлээр Г.Дэрэмрагчаад холбогдох эрүүгийн 201617000315 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1993 онд Сүхбаатар аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар аймаг Мөнххаан  сум 1-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Боржигон овогт Гантулгын Дэрэмрагчаа  /РД:ЛЮ93042639/.

Г.Дэрэмрагчаа нь  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 4 замын уулзвар дээр 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн орчим “Портер” маркийн 53-93 СҮА улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас дугуй унаж явсан С.Батжаргалыг мөргөж, түүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 37 дугаар шүүгчийн захирамжаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Г.Дэрэмрагчаад холбогдох 201617000315 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Сүхбаатар аймгийн Прокурорын газарт буцааж, Г.Дэрэмрагчаад авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ. 

Прокурор Г.Амарсайхан нь давж заалдах журмаар гаргасан эсэргүүцэлдээ: Шинжээчийн 434 дугаартай дүгнэлтэд дурьдахдаа С.Батжаргалын биед гавал тархины няцрал хүнд хэлбэр, тархины гүн дэх дух хэсгийн цусан хураа, 2 талын гайморийн хөндий, суурийн хөндийд цусан хураа, баруун талын хацар яс, шанаа, хоншоор, ухархайн дотор хана, зүүн талын ухархайн гадна хана, суурь ясны далавчийн муруйлт , зүүн талын шуу ясны хугарал, үүдэн шүдний хугарал , дээд уруулын язарсан шарх, зүүн нүдний дээд зовхи, эрүүнд цус хуралт гэмтлүүд учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн. Мөн Г.Дэрэмрагчаагийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас С.Батжаргалын биед олон тооны гэмтлүүд учирсан болох нь тогтоогдсон байхад шүүгчийн 37 дугаартай захирамжинд хохирогчид учирсан олон тооны гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийн алинд нь хамаарахыг ялган зааглаж  нарийвчлан шалгаж тогтоогоогүй гэжээ. 

Хохирогчийн бие махбодид олон тооны гэмтэл шарх учирсан талаар Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн гаргасан дүгнэлтээр түүнд учирсан гэмтлүүдийг дурьдаад дээрх гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гаргасан. 

Яллагдагч Г.Дэрэмрагчаагийн үйлдлийн улмаас дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн, зам тээврийн ослын улмаас үүссэн гэмтлүүд байх бөгөөд уг гэмтлүүдийг хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл гэж ангилах шаардлаггүй, насанд хүрээгүй хохирогч С.Батжаргалын бие махбодид учирсан гэмтлийн хүнд зэргээр Г.Дэрэмрагчаад холбогдох хэргийн зүйлчлэл зүйлчлэгдэнэ. Учир нь насанд хүрээгүй хохирогч С.Батжаргалын биед учирсан хөнгөн, хүндэвтэр гэмтлийн зэргүүд нь хэргийн зүйлчлэлийн хувьд нөлөөлөөгүй болно. Мөн дээрх гэмтлүүдийн талаар шүүх хуралдааны үед шинжилгээ хийлгэх, шинжээчид асуулт тавих эрхийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 271, 272 дугаар зүйлд хуульчилсан.

Мөн хэргийн холбогдогч нэг этгээд байхад эдгээр гэмтлүүдийн алийг нь хэн нэгэн учруулсан байж болзошгүй гэсэн эргэлзээ энэ хэрэгт байхгүй байгааг шүүгч хэргийг шийдвэрлэхдээ дутуу үнэлсэн байна. 

Техникийн шинжээчийн 47 дугаартай дүгнэлтэд “Замын хөдөлгөөний дүрэмд”-д заагдсан уулзварыг нэвтрэхэд хэний буруугаас уг осол гарах болсон шалтгааныг тодорхой заагаагүй орхигдуулсан байна гэжээ.

Гэтэл 47 тоот дүгнэлтэнд: Жолооч Г.Дэрэмрагчаа болон унадаг дугуй унаж явсан С.Батжаргал нар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.

Г.Дэрэмрагчаа нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтын зөрчсөн байна.

Унадаг дугуй унаж явсан С.Батжаргал нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 23.1-д заасан “Унадаг дугуй буюу ердийн хөсгийг 14 наснаас дээш  насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Шинжээч Ч.Уранбор мэдүүлэхдээ “...Жолооч Г.Дэрэмрагчаагийн 2 дугаар байцаалтанд үзэгдэх орчин хязгаарлагдсан гэж өгсөн байх боловч тухайн жолоочийн талаас үзэгдэх орчин хязгаарлагдаж жолоочид аюултай байдал үүссэн байхад жолооч хөдөлгөөний хурдаа хасаж аюулгүй байдлаа хангах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй байдаг” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч С.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “дугуйтай засмал замаар явсан юм. Тэгэхэд 13 дугаар дэлгүүрээс зүүн тийшээ явж байсан. Тэгтэл  дэлгүүрийн урд талд нэг машин намайг мөргөчихсөн. ...Би тэр машиныг хараагүй. Гэнэт л машин гараад ирэхэд тоормозлох гэсэн амжаагүй мөргөсөн. Тухайн үед миний гар, үүдэн хоёр шүд хугарч, тархи гэмтсэн эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн мэдүүлгүүдэд анхаарч дүгнэлт хийгээгүй байна.

Мөн шүүгчийн захирамжинд Прокурорын газраас Г.Дэрэмрагчааг Замын хөдөлгөөний дүрэм зөрчин насанд хүрээгүй хохирогч С.Батжаргалын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн атлаа Дэрэмрагчаагийн машинд учирсан эвдрэлийн хохирлыг төлүүлэхээр насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Сэдэддугарыг иргэний хариуцагчаар татсан нь ойлгомжгүй гэсэн нь үндэслэл муутай. Хавтаст хэргийн 28, 29 дүгээр хуудас дахь баримт нь бүдэг бичигдсэнээс унших боломжгүй нотлох баримтын шаардлага хангаагүй байна гэжээ.

Шинжээчийн дүгнэлтэд: ... 7-14 хүртэлх насны, насанд хүрээгүй болон эрх зүйн чадамжгүй иргэний гэм хор учруулсаны хариуцлагыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг, эх, асран хамгаалагч хариуцан арилгах талаар Иргэний хуулийн 503 дугаар зүйлд тодорхой хуульчилж өгсөн. Иймд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 37 дугаартай тогтоолыг Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1, 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Насанд хүрээгүй хохирогч С.Батжаргалын бие махбодид  олон тооны гэмтлүүд учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй хэдий ч уг гэмтлүүдийг гэмтлийн ямар зэрэгт хамаарахыг тус бүрт нь ялган зааглаж гаргаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байна.

 

Техникийн шинжээчийн 47 дугаартай дүгнэлтэд Замын уулзварыг нэвтрэхэд хэний буруугаас уг осол гарах болсон шалтгааныг тодорхой заагаагүй орхигдуулсан нь тухайн этгээдийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөхөөр байна.

 Иймээс хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах тухай анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх  нь зүйтэй байна.

Харин анхан шатны шүүх насанд хүрээгүй хохирогч С.Батжаргалын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн атлаа Дэрэмрагчаагийн машинд учирсан эвдрэлийн хохирлыг төлүүлэхээр насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Сэдэддугарыг иргэний хариуцагчаар татсан нь ойлгомжгүй гэсэн нь үндэслэлгүй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 37 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Дэрэмрагчаад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Тус шүүхэд эд мөрийн баримт болон бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

 

Энэхүү магадлалд гомдол гаргах эрхгүй болно.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                 ШҮҮГЧИД                                            О.БААТАРСҮХ

                                                                                                    Б.ДЭНСМАА