Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2020/0588

 

Л.Д-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 22 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор Л.Д-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.8, 101 дүгээр зүйлийн 101.2, Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 13.12 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажлаа зохих ёсоор хийгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хариуцагч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас охин Р.Э-д учирсан хохирол болох хүүхдийн мөнгөн тэтгэмж 480.000 төгрөг, Р.Э-д учирсан хохирол болох хүүхдийн мөнгөн тэтгэмж 480.000 төгрөг буюу нийт 960.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Д-д олгож шийдвэрлэжээ.

  Хариуцагч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч Л.Д-ийн өрх нь 2017 онд зохион байгуулагдсан Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдахдаа мэдээллээ худал өгсөн нь төрийн бусад байгууллагуудын мэдээлэлтэй зөрснөөр тогтоогдсоныг шүүх харгалзан үзээгүй. Хүүхдийн мөнгө олгохтой холбоотой Засгийн газрын 2017 оны 18 дугаар журмыг бүрэн хангаж шийдвэр гаргаагүй, хүүхдийн мөнгө түр зогсоогдсон болон төрөөс нөхөж олгоогүй талаарх хариуцагчийн тайлбарыг үнэлээгүй. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2017 оны А/246 тушаалын дагуу аймгийн хэмжээнд 15799 өрхийн мэдээллийн зөрүүг арилгах ажлыг зохион байгуулж ажилласан. Энэ ажлын хүрээнд сумдын Засаг дарга нарт багийн Засаг даргаараа дамжуулан иргэдэд мэдээлэл өгөх албан тоотыг сум, баг бүрээр мэдээлэл зөрүүтэй өрхийн жагсаалтыг хүргүүлсэн. Мөн Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн нийгмийн сүлжээ, зурагт самбар гэх мэтчилэн мэдээллийн зөрүүгээ арилгуулах талаар сурталчилгааг бүрэн хийн ажилласан. Мөн судалгааны асуулгын хуудсанд байсан Л.Д-ийн өрхийн үүрэн холбооны дугаар нь холбогдоогүй тул багийн Засаг даргаас нэмэлт утасны дугаарыг нь авч холбогдохыг оролдсон талаар анхан шатны шүүхэд мэдүүлсэн. Энэ нь тухайн иргэнтэй ажлын цагаар холбогдох бүх талын арга хэмжээ авсныг гэрчилж байгааг анхан шатны шүүх үнэлээгүй. Зөвхөн Мөрөн суманд 4836 өрхийн мэдээлэл зөрүүтэй байсан бөгөөд Мөрөн сум хариуцсан 1 мэргэжилтэнд 1612 өрх оногдож байсан. Энэ нь хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн бусад үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байгаа Мөрөн сум хариуцсан 3 мэргэжилтэнд өрхүүдээр явж нэг бүрчлэн мэдээллийн зөрүүгээ арилгуулах шаардлагатай байгаа талаар мэдэгдэх боломжгүй байсныг шүүх, шүүгч итгэл үнэмшлээрээ шийдвэр гаргахдаа үнэлээгүй. Мэдээллийн зөрүү арилгах хугацаа давчуу, сум хариуцсан мэргэжилтний хүрэлцээ муу /нэг нийгмийн ажилтанд 3000 хүн оногдох стандарт хэд дахин хэтэрсэн/, мэдээллийн зөрүүтэй өрх их, Төрийн холбогдох байгууллагаас холбогдох баримт бичгээ авч ирсэн өрхийн мэдээллийг хүлээн авах, программд оруулах, бусад үндсэн ажлаа хийх гээд ажлын цаг битгий өдөртөө ажлаа хийгээд амжихгүй байсан талаарх тайлбар, ажлын онцлогийг шүүх үнэлээгүй шууд буруутай гэж үзсэн нь нөхцөл байдлыг үнэн зөв тодорхойлж шийдвэр гаргаагүй гэж үзэж байна. Өрхийн оноог бодох аргачлалыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Улсын бүртгэл Статистикийн ерөнхий газрын даргын хамтарсан 2015 оны А/64, А/460 тоот тушаалаар баталсан байдаг. 2017 оноос одоог хүртэл энэ аргачлалаар өрхийн оноо бодож тодорхойлсоор байгаа болно. Нэхэмжлэгч Л.Д-ийн өрхийн оноо 2017 онд мэдээллийн зөрүүгээ арилгуулан өрхийн мэдээллийн нэгдсэн санд зөрчилгүй болсон ч Засгийн газраас тогтоосон хүүхдийн мөнгө олгох босго шугамнаас дээгүүр буюу олгогдох боломжгүй байсныг өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны үр дүнг тооцох аргачлал 2015 оноос хойш өөрчлөгдөөгүй байгаагаар нотлогдож байгааг шүүх үл ойшоосон. Тухайн өрх мэдээллийн зөрүүгээ 2020 онд арилгуулан амьжиргааны түвшин нь 724,85 оноогоор батлагдсаар байтал шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэхэд хүргэж байна. Мөн шүүх хуулийг буруу ашиглан 2019 онд хүчингүй болсон Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийг дурьдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү”  гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.           

Нэхэмжлэгч Л.Д нь Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан “Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, охин Г.Э, Г.Э нарт хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл сар бүрийн 20.000 төгрөгөөр тооцож нийт 960.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.12-т “Энэ хуулийн 13.1.5-д заасан хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмыг Засгийн газар батална” гэж зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам” батлагдсан байх бөгөөд уг журмын 1.2-т зааснаар  нэхэмжлэгч Л.Дэнсмаа /иргэн Р.Ганбат/-ийн өрх 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа”-нд хамрагдаж, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргаснаар охин Г.Эмүжин, Г.Эмүлэн нарт 2017 оныг дуустал хугацаанд тэтгэмж олгогдож байжээ.

Харин тухайн үед хүчин төгөлдөр байсан дээрх журмын 3.9-д “Тухайн өрхийн амьжиргааны түвшний оноо нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.11-д заасны дагуу нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн Газрын гишүүний баталсан босго шугамаас доогуур байгаа тохиолдолд хүүхдэд нийгмийн халамжийн сангаас сар бүр хүүхдийн мөнгийг бэлэн мөнгөөр олгох ажлыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцна” гэж заасныг үндэслээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Босго шугам тогтоох тухай” А/15 дугаар тушаал гарч хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох өрхийн босго шугамыг амьжиргааны түвшний үнэлгээний 554 болон түүнээс доош оноогоор тогтоож уг шаардлагыг хангасан өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд 2018 оны 1-5 дугаар саруудын хүүхдийн мөнгөн тэтгэмж олгосон бол мөн сайдын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Босго шугам тогтоох тухай”  А/137 дугаар тушаалаар амьжиргааны түвшний үнэлгээний босго шугамыг 670 болон түүнээс доош оноогоор тогтоож 2018 оны 6 дугаар сараас 2019 оныг дуустал хугацаанд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгосон байна.

Нэхэмжлэгч нь дээр дурдсан босго шугам тогтоосон хугацаанд буюу 2018 оны 1 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд 2 хүүхдийн мөнгөн тэтгэмж аваагүй хохирол учирсан, энэ нь Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар 2017 оны өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгах арга хэмжээг зохих ёсоор хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйтэй холбоотой гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн байх ба энэ тохиолдолд хохирол болон эс үйлдэхүй хоорондоо шалтгаант холбоотой байх ёстой.

Өөрөөр хэлбэл, хариуцагч захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй буюу мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгах арга хэмжээг зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас хохирол учирсан нь тогтоогдсон байхыг ойлгоно.

Гэтэл тухайн үед мэдээллийн зөрүүг залруулах арга хэмжээг зохих ёсоор хэрэгжүүлж, нэхэмжлэгчийн өрхийн амьжиргааны түвшний оноог тогтоосон ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын дээр дурдсан тушаалуудаар тогтоогдсон босго шугамаас дээгүүр буюу 724.85 оноогоор тогтоогдох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байна.

Энэ тохиолдолд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн зарим үзүүлэлтийг баталгаажуулах ажлын заавар батлах тухай” А/246 дугаар тушаалыг хэрэгжүүлж мэдээллийн зөрүүг арилгаагүйгээс нэхэмжлэгчийн 2 хүүхдийн мөнгөн тэтгэмж зогсоогдсон гэж үзэх боломжгүй, шүүхийн шийдвэрт дүгнэсэнчлэн “хүүхдийн мөнгөн тэтгэмж авах босго шугамаас дээгүүр байгааг цаг тухайд нь тогтоож тухайн өрхөд мэдэгдэх үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй” гэх эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, учирсан гэх хохирол болон эс үйлдэхүй шалтгаант холбоогүй гэж үзнэ.

Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.4-д “Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан атал нэхэмжлэлд тодорхойлсон эс үйлдэхүйн эсрэг ямар захиргааны акт гаргахыг даалгуулахыг хүссэн нь ойлгомжгүй, уялдаа холбоогүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх шаардлагатай нийцэхгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй нь буруу байна.

Иймд хариуцагчийн гаргасан “Л.Дэнсмаагийн өрхийн оноо 2017 онд мэдээллийн зөрүүгээ арилгуулан өрхийн мэдээллийн нэгдсэн санд зөрчилгүй болсон ч Засгийн газраас тогтоосон хүүхдийн мөнгө олгох босго шугамнаас дээгүүр буюу олгогдох боломжгүй байсныг өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны үр дүнг тооцох аргачлал 2015 оноос хойш өөрчлөгдөөгүй байгаагаар нотлогдож байгаа, тухайн өрх мэдээллийн зөрүүгээ 2020 онд арилгуулан амьжиргааны түвшин нь 724,85 оноогоор батлагдсан” гэх гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121  дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Д-ийн “Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, охин Г.Э, Г.Э нарт хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл сар бүрийн 20.000 төгрөгөөр тооцож нийт 960.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                ШҮҮГЧ                                                         Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                         д.оюумаа       

                ШҮҮГЧ                                                         О.НОМУУЛИН