Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 1034

 

 

 

 

 

 

  2019          12         17                                         2019/ШЦТ/1034

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Зулаа,

Улсын яллагч: Г.Билгүүжин,

Хохирогч: О.О-,

Шүүгдэгч: Х.М-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х.М-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905037941211 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х.М-, 1977 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон Улсын худалдааны мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Х.М-нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2019 оны 8 дугаар сарын 30-ны өглөө 08 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 01 дүгээр байрны 33 тоотод эхнэр О.О-тэй “2 хүүхдээ хөдөө авч явна” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар түүний зүүн чихэнд гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.М-шүүх хуралдаанд өгсөн: “...Энэ хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтаайгаар үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед уур их хүрсэн байсан. Би уг нь тайван хүн. Манай эхнэр хорон үг хэлж миний уурыг хүргэсэн. Яах аргагүй миний талийгаач аавын нэрийг бариад намайг үгээр доромжлоод байсан болохоор уур хүрсэн. Би тухайн үед тэр өдөртөө хоёр хүүхдээ аваад явна гээгүй. Зүгээр л явах тухай ярилцаж байсан. Хүүхдүүдийнхээ өмнө ээжийг нь алгадсандаа харамсаж байна. Үүнээс болоод гэр бүлийн хүчирхийлэгч гэж нэрлэгдэж байгаадаа харамсаж байна. Гол нь энэ хүнээс уучлалт хүсэж байна. Би анх удаа ял сонсож үзэж байна. Олон жил гадаадад амьдарсан хүчирхийлэл үйлдэх хүн биш” гэв.

Хохирогч О.О-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Бид хоёр тусдаа амьдраад 3 жил болж байна. Тэр өдөр энэ хүн хоёр хүүхэдтэйгээ уулзахаар ирсэн байсан. Аавтайгаа хөдөө явна гээд байхаар нь надтай ярилцалгүй ийм асуудал болголоо гээд би зөвшөөрөөгүй. Би зөвшөөрөөгүй учраас над руу хүүхдүүд уураа гаргаж эхэлсэн. Өмнө нь бага хүүхдээ нялх байхад нь Тэрэлж яваад живж байсан учраас надад явуулах сонирхол байгаагүй. Тэгээд маргаан эхэлсэн. Гэтэл надад чамтай чамгүй аваад явна гэж хэлсэн. Намайг 3 цохисон. Нас барсан эцэгтэй нь холбоотой зүйл хэлсэн гэж байна. Х.М-огцом ууртай. Эцэг нь хүртэл ийм ууртай байсныг нь нутаг усныхан нь мэддэг. Би эцэгтэй нь зүйрлэж хэлсэн болохоос доромжлоогүй. Хоёр хүүхдийнхээ өмнө буйдан дээр дарж байгаад намайг цохисон. Дараа нь өөрөө гараад явсан. Хүүхдүүд уйлаад үлдсэн. Би том хүү рүүгээ чамаас болж ийм асуудал үүслээ гэж хэлсэн. Буцаад хаалга цохиод байхаар нь би онгойлгохгүй байсан учраас энэ хүн өөрөө цагдаа дуудсан байсан. Би хэнгэрэг цоорсон гэж хэлээгүй. Цоорсон байх магадлалтай гэж хэлсэн. Надад гэрчүүд олон байгаа. Одоо чих маань эдгэрсэн. Мөн хүүхдүүдийн маань эцэг тул надад гомдол санал байхгүй. Хэргийг нь нааштайгаар шийдэж өгнө үү” гэв.

Хохирогч О.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай нөхөр Х.М-нь албан ёсны гэр бүлийн баталгаатай ч гэсэн сүүлийн 3 жил тусдаа амьдарч байгаа юм. 2019 оны 8 дугаар сарын 29-ний орой Х.М-нь манай гэрт ирээд ойрд хөдөө ажлаар яваад 2 хүүхэдтэйгээ уулзаагүй санаад байна гэсэн шалтгаанаар хоносон. Маргааш өглөө нь буюу 2019 оны 8 дугаар сарын 30-ны өглөө 08 цагийн орчим надад 3-5 насны 2 хүүхдээ дагуулан хөдөө явна гэж хэлэхээр нь би зөвшөөрөөгүй. Түүнээс болон бид хоёрын дунд маргаан үүссэн. Би Х.М-гэрээсээ хөөсөн чинь Х.М-би хүссэн цагт хүүхдүүдээ өөр дээрээ авна гэж хэлсэн. Үүнээс болж маргаан даамжирсан чинь Х.М-гэрээс гарах гэж байснаа буцаж ирээд миний хоолой боож буйдан руу түлхэн унагасан. Би босоод ирсэн чинь зүүн чих рүү 2-3 удаа цохисон. Миний зүүн чих халуун оргисон чинь 3 настай хүү Ч-, 5 настай Т- нар айж уйлсан чинь Х.М-хүүхдүүдээ аргадсан. Би Х.М-хөөж гэрээсээ гаргасан” гэсэн мэдүүлэг /хх-н 20-22/,

Гэрч Н.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Тайшир 10-аас Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 1-33 тоотод хүүхэд зодоод байна гэсэн дуудлага ирсэн ба очиж шалгахад О- гэх эмэгтэй 2 бага насны хүүхэдтэй байсан. Тухайн үед О- гэх эмэгтэйгээс юу болсон талаар тодруулан асуухад манай нөхөр Х.М-намайг зодсон. Миний чих рүү цохисон хэнгэрэг хагарсан гэж хэлсэн. О- манай нөхөр бараг гэрт ирдэггүй жуулчны бааз ажиллуулдаг гэж байсан. Гомдол санал юу байна гэж асуухад гомдолтой байна, өргөдөл өгнө гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 40-41/,

Шинжээчийн 10544 тоот дүгнэлтэд: “...О.О-ийн биед зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 28/,

Яллагдагчаар Х.М-мөрдөн байцаалтад өгсөн: “...сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-н 36-37/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 8/, аюулын зэргийн үнэлгээ /хх-н 12-14/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 45-56/, хохирогчийн хүсэлт /хх-н 64/,

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Х.М-нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2019 оны 8 дугаар сарын 30-ны өглөө 08 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хороолол 01 дүгээр байрны 33 тоотод эхнэр О.О-тэй “2 хүүхдээ хөдөө авч явна” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар түүний зүүн чихэнд гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч О.О-ийн: “...2019 оны 8 дугаар сарын 30-ны өглөө 08 цагийн орчим надад 3-5 насны 2 хүүхдээ дагуулан хөдөө явна гэж хэлэхээр нь би зөвшөөрөөгүй. Түүнээс болон бид хоёрын дунд маргаан үүссэн. Би Х.М-гэрээсээ хөөсөн чинь Х.М-чи намайг хүссэн цагт хүүхдүүдээ өөр дээрээ авна гэж хэлсэн. Үүнээс болж маргаан даамжирсан ...чинь Х.М-гэрээс гарах гэж байснаа буцаж ирээд миний хоолой боож буйдан руу түлхэн унагасан. Би босоод ирсэн чинь зүүн чих рүү 2-3 удаа цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-н 20-22/, гэрч Н.Б-ын: “...2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Тайшир 10-аас Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 1-33 тоотод хүүхэд зодоод байна гэсэн дуудлага ирсэн ба очиж шалгахад О- гэх эмэгтэй 2 бага насны хүүхэдтэй байсан. Тухайн үед О- гэх эмэгтэйгээс юу болсон талаар тодруулан асуухад манай нөхөр Х.М-намайг зодсон. Миний чих рүү цохьсон хэнгэрэг хагарсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 40-41/, шинжээчийн 10544 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Шүүгдэгч нь дээрх гэр бүлийн хамаарал бүхий хүнийг гэр бүлийн маргаан буюу хүүхдүүдээ хөдөө авч явна гэсэн маргааны улмаас зодож хөнгөн хохирол учруулсан тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.М-үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.М-нь хохирогчтой маргалдаж түүний зүүн чих рүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.О-ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч О.О-ийн нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хоорондоо эвлэрсэн, хоёр хүүхдийн аавд нь хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 64/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Х.М-үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь Х.М-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч Х.М-гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Орлой овогт Хүрэлбаатарын Х.М-“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х.М-450 нэгж буюу 450.0000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР