Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 1011

 

 

 

 

 

 

 2019          12         12                                         2019/ШЦТ/1011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,

Улсын яллагч: Б.Мөнгөншагай,

           Шүүгдэгч: Д.Ц-, түүний өмгөөлөгч Ц.Г-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Д.Ц-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903008650385 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Ц-,  1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Д.Ц- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 19 цаг 45 минутын орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, БҮК-ийн хойд замд “Хюндай Соната-5” маркийн ....улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж явган зорчигч Г.Э-, Б.М-нарыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Г.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 19 цаг 45 минутын орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг, БҮК-н хойд зам гудамжинд Б.М-ын хамт гэртээ орохоор явж байтал “Хьюндай Соната 5” маркийн ....улсын дугаартай автомашины жолооч Д.Ц- гэнэт гудамжнаас гарч ирээд хашаа мөргөөд буцаагаад бид хоёр руу жолоогоо дараад машинаа зогсоож чадалгүй Б.М- бид хоёрыг дайрсан” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/,

Хохирогч Б.Б.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...гудамжинд явж байтал Хьюндай Соната 5 маркийн ....улсын дугаартай автомашины жолооч Д.Ц- гэнэт гудамжнаас гарч ирээд хашаа мөргөсөн, энэ үед Энхцэцэг бид хоёр согтуу юм болов уу гээд хойшоо хашаа налаад зогстол Ц- буцаж дараад бид хоёрын зүгт жолоогоо дараад тэгээд бид хоёрыг мөргөөд зогссон” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/,

Гэрч Э.У-мөрдөн байцаалтад өгсөн: “...Ц-ын жолоодож явсан Х.Соната 5 маркийн ....улсын дугаартай автомашиныг би хүргэн болох залуугаас худалдаж авсан юм. Тэгээд өөрийн нэр дээр шилжүүлэг хийж чадахгүй явсаар өдий хүрсэн. 2 жилийн өмнө худалдаж авсан. ...Ц- хүү маань намайг унтаж байх үед дэлгүүр ороод ирэх гээд машины түлхүүр гэрээс авч гараад машин жолоодож яваад хүн мөргөсөн байсан. Үүндээ гэмшиж байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/,

Иргэний хариуцагч Э.Ж-ийн мөрдөн байцаалтад өгсөн:“...Хьюндай Соната 5 маркийн ....улсын дугаартай автомашин миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Би энэ машины Э.У-гэдэг хүнд худалдаад ...02 жил болж байна. Тэгээд уг хүмүүс нэрээ сольж авахгүй өдийг хүрсэн. Э.Уянгад машины шилжилт хөдөлгөөнийг хийж нэрээ шилжүүлж аваач гэж удаа дараа хэлж байсан, тоохгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/,

Шинжээчийн 9117 тоот дүгнэлтэд: “...Г.Э-ийн биед зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, баруун шагайн үений дотор хавчаар ясны хугарал, зүүн тавхайн 1-р хурууны ил хугарал, зүүн шагай, баруун тавхай, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал, няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 34/,

Шинжээчийн 9116 тоот дүгнэлтэд: “...Б.Б.М-ын биед баруун шилбэний шаант ясны далд хугарал, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 38/,

Яллагдагчаар Д.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугар сарын 22-ны өдөр 19 цаг 45 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг, БҮК-н хойд замд өөрийн худалдаж авсан Соната 5 маркийн ....улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ явган зорчигч Энхцэцэг, Б.М- нарыг дайрч биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан. ...Би автомашин жолоодох эрхгүй, жолооч биш” гэсэн мэдүүлэг /хх-н 76-77/,      

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 5-11/, техникийн шинжээчийн 60468 тоот дүгнэлтэд /хх-н 44-52/, хохирогчийн нарын өвчний түүх /хх-н 57-67/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 78-81, 83, 110-130/, хохирогч нарын хүсэлт /хх-н 84-85/  зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Д.Ц- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 19 цаг 45 минутын орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, БҮК-ийн хойд замд “Хюндай Соната-5” маркийн ....улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж явган зорчигч Г.Э-, Б.М-нарыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Э-ийн: “...Хьюндай Соната 5 маркийн ....улсын дугаартай автомашины жолооч Д.Ц- гэнэт гудамжнаас гарч ирээд хашаа мөргөөд буцаагаад бид хоёр руу жолоогоо дараад машинаа зогсоож чадалгүй Б.М- бид хоёрыг дайрсан” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/, хохирогч Б.Б.М-ын: “...гудамжинд явж байтал Хьюндай Соната 5 маркийн ....улсын дугаартай автомашины жолооч Д.Ц- гэнэт гудамжнаас гарч ирээд хашаа мөргөсөн, энэ үед Энхцэцэг бид хоёр согтуу юм болов уу гээд хойшоо хашаа налаад зогстол Ц- буцаж дараад бид хоёрын зүгт жолоогоо дараад тэгээд бид хоёрыг мөргөөд зогссон” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/, гэрч Э.Уянгын: “...Ц-ын жолоодож явсан Х.Соната 5 маркийн ....улсын дугаартай автомашиныг би хүргэн болох залуугаас худалдаж авсан юм. Тэгээд өөрийн нэр дээр шилжүүлэг хийж чадахгүй явсаар өдий хүрсэн. 2 жилийн өмнө худалдаж авсан. ...Ц- хүү маань намайг унтаж байх үед дэлгүүр ороод ирэх гээд машины түлхүүр гэрээс авч гараад машин жолоодож яваад хүн мөргөсөн байсан. Үүндээ гэмшиж байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/, иргэний хариуцагч Э.Ж-ийн:“...Хьюндай Соната 5 маркийн ....улсын дугаартай автомашин миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Би энэ машины Э.У-гэдэг хүнд худалдаад ...02 жил болж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/, шинжээчийн 9117, 9116 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Ц-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Ц- жолоодох эрхийн үнэмлэхгүй жолооч биш атлаа Х.Соната-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хохирогч Г.Э-, Б.Б.М-ын нарыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Э-, Б.М-нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Хохирогч нар нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 84-85/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Д.Ц-ыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 01 жил хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч хорих ялыг хамгийн багаар буюу 06 сар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасч, тус зүйл заалтад заасан хорих ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.Ц-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Ц-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Ц- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Ц-ыг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Ц-ын жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 06 сар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-т шүүхээс оногдуулсан 06 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4.   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.Ц-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР