Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 1013

 

 

 

 

 

 

  2019          12         12                                         2019/ШЦТ/1013

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,

Улсын яллагч: Б.Батсайхан,

           Шүүгдэгч: С.Б-, түүний өмгөөлөгч М.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С.Б-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905005210134 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.Б-, 1960 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, механикийн инженер мэргэжилтэй, Заамар Гоулд ХХК-д ашиглалтын инженер ажилтай, ам бүл 1, ганцаараа ..... тоот регистртэй,

Шүүгдэгч С.Б- нь 2019 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 104 дүгээр байрны 28 тоотод хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Ч.А-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа гараараа нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Б-ын шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтэд дурдсан зүйл бүгд үнэн зөв” гэв.

Хохирогчийн төлөөлөгч А.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед бол талийгаач А- нь зодуулж цохиулсан нь бол илт байсан учир тэр талаар асуугаагүй. Б- ээж А-ийг зодож цохьчихоод гэртээ байлгаал байсан юм шиг байгаа юм. Б- нь манай ээж А-ийг урьд зодож цохиж байсан удаа бол байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 17-20/,

Гэрч Э.Хишигсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би шөнө 4-6 цагийн хооронд нэг эмэгтэй хүний дуу чангараад орилж, чарлаад юм яриад байх шиг байсан. Тухайн үед өөр хүний дуу чимээ миний сонсож байгаагаар сонсогдоогүй. Би тухайн үед хоорондоо хэрэлдээд байх шиг байна гэж бодсон” гэсэн мэдүүлэг /хх 1-н 17-20/,

Гэрч Ц.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...А-ийн зүүн гарын булчин хэсэгт хөхөрсөн толботой харагдаж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 39-40/,

Гэрч Э.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 21-22 цагийн орчимд манай байрны 104-28 тоотод амьдардаг айлд эрэгтэй, эмэгтэй хүн орилох дуу чимээ гараад, удаа ч үгүй эмэгтэй хүн ёолоод бөөлжөөд байсан. ...Тэгсэн чинь миний утас руу цагдаагаас залгаж байна. Дуудлагын дагуу ирсэн чинь хаалгаа онгойлгож өгөхгүй байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 43-45/,

Гэрч Б.Цогзолмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед бол ил харагдах гэмтэл байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 150-152/,

Шинжээчийн 358 тоот дүгнэлтэд: “...Талийгаач цогцост хийсэн задлан шинжилгээгээр элэгний эдийн няцрал, цус хуралт, хэвлийн хөндийд цус хуралдалт /20мл/, баруун 2, 3, 4, 5 зүүн 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирганы хугарал, цус хуралт, дух, дагзны хуйх, баруун чамархайн булчин, үнхэлцэг хальс, бөөрний өөхөн эслэг, дух, баруун, зүүн нүдний зовхи, баруун, зүүн шуу, хэвлий, умдаг, баруун, зүүн ташаа, баруун, зүүн гуя, баруун, зүүн өвдөг баруун, зүүн шилбэ, баруун шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Талийгаач нь элэгний архаг үрэвсэлийн улмаас олон эрхтэний дутагдалд орж нас баржээ. Талийгаачийн цусанд спиртийн зүйл илрээгүй мөн эд эрхтэн болон ходоодны шингэнд хорт бодис эмийн бодис мансууруулах бодис илрээгүй байна. Талийгаач нь О/I/ бүлгийн цустай байна” гэсэн дүгнэлт /хх 1-н 53-56/,

Шинжээчийн 580 тоот дүгнэлтэд: “...Ч.А-ийн биед учирсан ...Дух дагзны хуйх, баруун чамархайн булчин, үнхэлцэг хальс, бөөрний өөхөн эслэг, дух, баруун, зүүн нүдний зовхи, баруун, зүүн чихний дэлбэн, хүзүү, цээж, нуруу, баруун, зүүн бугалга, баруун, зуун шуу, хэвлий, умдаг, баруун, зүүн, ташаа, баруун, зүүн гуя, зүүн шилбэ, баруун шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь тус тусдаа хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 1-н 159-163/,

 Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 764 тоот дүгнэлтэд: “...Цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №421 үндэслэлтэй, 2019.03.13-ны нэмэлт №358-ийн 2, 4-р хариулт, 2019.4.26-ны нэмэлт №580-н 2-р дугаар хариултын Ч.А-ийн биед учирсан элэгний эдийн няцрал, цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралдалт /20 мл/ гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3-р хариултууд үндэслэлгүй байна. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр элэгний хальс доорхи цус хуралт, баруун 2, 3, 4, 5, зүүн 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирганы хугарал, цус хуралт, дух, дагзны хуйх, баруун чамархайн булчин, үнхэлцэг хальс, бөөрний өөхөн эслэг, дух, баруун, зүүн нүдний зовхи, баруун, зүүн чихний дэлбэн, хүзүү, цээж, нуруу, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, хэвлий, умдаг, баруун, зүүн ташаа, баруун, зүүн гуя, баруун, зүүн өвдөг баруун, зүүн шилбэ, баруун шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон байна. Талийгаачид учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэл буюу цохих, доргих, цээжийг дарах шахах үед үүснэ. Баруун хавирганы хугарлууд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, биеийн гадаргуугын цус хуралтууд элэгний хальс доорхи цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д цээж, хэвлий, аарцгийн хөндий болон хэвлийн гялтангийн гаднах эрхтэний битүү гэмтэл: Үүнд цээж, хэвлий, аарцгийн хөндийн эрхтэнүүд бяцрах, няцрах, тасрах, урагдах, задрах үүний улмаас цээж, үнхэлцэг, хэвлийн хөндийд цус, агаар хуралдах гэмтэл хамаарах ба харин эрхтэн доргих, хальсанд цус харвах, хальс язрах гэмтэл энэ ангилалд хамаарахгүй гэсний дагуу элэгний хальс доорхи цус хуралт нь хөнгөн гэмтэл юм. Эдгээр гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Талийгаач нь элэгний өөхлөлт, үрэвслийн улмаас олон эрхтэний дутагдалд орж нас баржээ. Талийгаач архины архаг хордлого элэгний өөхлөлт, үрэвсэлээр өвдөж байсан нь үхэлд хүргэжээ. Арьсны олон тооны цус хуралтууд нь гэмтэл ба элэгний дутагдалтай хүнд цус бүлэгнэлт алдагдсаны улмаас цус хуралтууд нь хэмжээгээр том, их талбайтай байдаг” гэсэн дүгнэлт /хх 1-н 191-198/,

Шинжээч эмч Г.Энхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Баруун зүүн нүдний зовхи дахь цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн мэдүүлэг /хх 2-н 36/,

Сэжигтэн яллагдагчаар С.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Бид хоёр жаахан халамцуу байж байгаад маргалдсан. Талийгаач дураараа аашлаад мөнгө төгрөгнөөс болоод муудалцаад миний үснээс зулгаасан байх, тэгэхээр нь би гараараа самардсан зүйл болсон байх. ...Тэгсэн маргааш нь аль нүд нь билээ доод хэсэгтээ хөхөрсөн байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 71-74, 150,152, 2-н 42-43/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 2/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 4-12/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 87, 166-169/, хохирогчийн өвчний түүх /хх 1-н 100-119/, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 127-136/, хохирогчийн төлөөлөгчийн хүсэлт /хх 2-н 14/,   

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч С.Б- нь 2019 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 104 дүгээр байрны 28 тоотод хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Ч.А-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа гараараа нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн төлөөлөгч А.А-гийн: “...Тухайн үед бол талийгаач А- нь зодуулж цохиулсан нь бол илт байсан учир тэр талаар асуугаагүй. Б- ээж А-ийг зодож цохьчихоод гэртээ байлгаал байсан юм шиг байгаа юм. Б- нь манай ээж А-ийг урьд зодож цохиж байсан удаа бол байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 17-20/, гэрч Э.Хишигсүрэнгийн: “...Би шөнө 4-6 цагийн хооронд нэг эмэгтэй хүний дуу чангараад орилж, чарлаад юм яриад байх шиг байсан. Тухайн үед өөр хүний дуу чимээ миний сонсож байгаагаар сонсогдоогүй. Би тухайн үед хоорондоо хэрэлдээд байх шиг байна гэж бодсон” гэсэн мэдүүлэг /хх 1-н 17-20/, гэрч Ц.Х-ын: “...А-ийн зүүн гарын булчин хэсэгт хөхөрсөн толботой харагдаж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 39-40/, гэрч Э.Д-гийн: “...Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 21-22 цагийн орчимд манай байрны 104-28 тоотод амьдардаг айлд эрэгтэй, эмэгтэй хүн орилох дуу чимээ гараад, удаа ч үгүй эмэгтэй хүн ёолоод бөөлжөөд байсан. ...Тэгсэн чинь миний утас руу цагдаагаас залгаж байна. Дуудлагын дагуу ирсэн чинь хаалгаа онгойлгож өгөхгүй байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 43-45/, шинжээчийн 358, 580, бүрэлдэхүүнтэй шинжээчийн 764 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Шүүгдэгч С.Б- нь хамтран амьдрагч Ч.А-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Б- нь согтуурсан үедээ хохирогч Ч.А-тэй маргалдан түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.А-ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогчийн төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх 2-н 14/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч С.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь С.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч С.Б- нь 30 хоног цагдан хоригдсон иймд торгох ялд дүйцүүлж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан ба шүүх шүүгдэгч С.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогчийн төлөөлөгч гомдол саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгуулийн ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ын урьд цагдан хоригдсон 30 хоногийн 1 хоногийг  торгох ялын 15 нэгжээр тооцож, түүнийг торгох ял эдэлсэнд тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ын урд цагдан хоригдсон 30 хоногийн 1 хоногийг  торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, нийт 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцсугай.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 30 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР