Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 1047

 

 

 

 

 

 

  2019          12         20                                         2019/ШЦТ/1047

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,

Улсын яллагч: Б.Батсайхан,

Шүүгдэгч: Д.Л-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Л-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 190504476185 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Л-, 1988 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Д.Л-нь 2019 оны 11 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис” бааран дотор үл ялих зүйлээр шалтаглан иргэн Ч.С-гийн толгойн тус газарт нь пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь зүүн зулайн зөөлөн эдийн няцрал, шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Д.Л-гийн шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

            Хохирогч Ч.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...гэтэл хамт явсан нэг залуу нь миний толгой руу гартаа байсан пивоны шилээр цохисон. Тэгээд толгой манараад байж байх хооронд манай найз нөгөө залууг бариад авсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-30/,

          Гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Л- хэлэхдээ Т.Э- муудалцаагүй би муудалцсан. Би тэр хүнийх нь толгойг цохисон, одоо эхнэр ирж байгаа, ийм тиймээ асуудал гарвал над руу хэлээрэй гэж хэлчихээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 24/,

Гэрч Т.Э-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...миний ард Л- дагаад алхаж байсан, би уучлаарай гээд эргээд харахад манай найз Л- нөгөө залуутай маргалдаад эхэлсэн. Тэгээд нэг мэдсэн чинь манай найз Л- нөгөө залууг хаанаас авсан нь мэдэгдэхгүй нэг шил аваад нөгөө залууг цохисон санагдаж байна. Тэгээд би боль гэхэд хамт явсан гэх найз нар нь над руу дайраад хамгаалагч нар салгасан юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-12/,

Шинжээчийн 13556 тоот дүгнэлтэд: “...Ч.С-гийн биед зүүн зулайн зөөлөн эдийн няцрал, шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хх-н 32/,

Яллагдагчаар Д.Л-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Миний зүгээс асуух зүйл байхгүй. ...Тэгээд яасан юунаас болоод маргаад байгаа юм гэтэл чамд хамаагүй гээд намайг хэлэхээр нь би зөрөөд маргаан хийж байгаад Сэнднасаа өөдөөс босоод ирэхээр нь хажуугийн ширээн дээр байсан нэг пивоны шил аваад толгой дээр нь нэг удаа цохисон. Энэ үед хамгаалагч нар ирээд салгасан. ...Надад гар хүрээгүй, зодоон гэх зүйл бараг болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 41-43/,

Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 8, 45-54/, хохирол төлсөн баримт /хх-н 65-66/, хохирогчийн хүсэлт /хх-н 69/ зэрэг болно.                                  

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Д.Л-нь 2019 оны 11 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис” бааран дотор үл ялих зүйлээр шалтаглан иргэн Ч.С-гийн толгойн тус газарт нь пивоны шилээр цохиж  эрүүл мэндэд нь зүүн зулайн зөөлөн эдийн няцрал, шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ч.С-гийн “...миний толгой руу гартаа байсан пивоны шилээр цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-30/, гэрч Б.О-ийн: “...Л- ...тэр хүнийх нь толгойг цохисон, одоо эхнэр ирж байгаа, ийм тиймээ асуудал гарвал над руу хэлээрэй гэж хэлчихээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 24/, гэрч Т.Э-ы: “...нэг мэдсэн чинь манай найз Л- нөгөө залууг хаанаас авсан нь мэдэгдэхгүй нэг шил аваад нөгөө залууг цохисон санагдаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12/,шинжээчийн 13556 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Л-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Л-нь хохирогч Ч.С-тай үл ялих зүйлээр маргалдаж түүний толгойн тус газарт нь пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.С-гийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 69/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Л-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул шүүх түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Л-нь учруулсан хохирлыг төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч Д.Л-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Л-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-г 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Л-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР