Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00420

 

У.У-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 138/ШШ2017/00835 дугаар шийдвэр,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 201/МА2017/00034 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч У.У-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргад холбогдох,

Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Галтогтохын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: хариуцагч П.Гунгаацэрэн, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар томилогдсон боловч Эрүүл мэндийн төвийн даргыг Засаг дарга Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөн томилох ёстой гээд Эрүүл мэндийн газрын даргын Б/23 тоот тушаалыг хүчингүй болгож, Баянтүмэн сумын Засаг дарга 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаартай тушаалаар Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Засаг дарга Эрүүл мэндийн төвийн даргыг сонгон шалгаруулах тухай хүсэлт илгээсний дагуу Дорнод аймгийн Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалт 2013 оны 10 сард болж Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын орон тоон дээр надтай хамт 3 хүн орсон. Сонгон шалгаруулалтын дүнгээр миний бие 81 оноотой 1 дүгээрт, Ц.Идэрзориг 74 оноотой 2 дугаарт эрэмбэлэгдсэн. Түүнээс хойш Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргаар 4 жил ажиллаж байна. Засаг дарга 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр миний албан тушаалыг үндэслэлгүй бууруулсан учир шүүхэд хандсан. Шүүхээс Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эргүүлэн тогтоосон бөгөөд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Гэтэл Баянтүмэн сумын Засаг дарга Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Засаг дарга 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/10 дугаартай тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Засаг даргын хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын баримталсан зүйл нь гэрээ цуцлах заалт биш гэж үзэж байна. Засаг дарга хууль бус шийдвэр гаргаж, Эрүүл мэндийн төвийн даргаар Ц.Идэрзоригийг томилсон.

Баянтүмэн сумын Засаг дарга нь хууль бус шийдвэр гаргаж хөдөлмөрийн гэрээг цуцалсан учир У.У- намайг Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Байгууллагын ерөнхий менежер болон төсвийн байгууллагын дарга нар нь төрийн албаны шалгалтанд тэнцсэн төрийн жинхэнэ албан хаагч байна гэсний дагуу төрийн албаны салбар зөвлөлд Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргыг сонгон шалгаруулалт хийх хүсэлт тавьсан. 2013 оны 10 сард төрийн албаны шалгалт болсон. Шалгалтанд тэнцсэн эсэх талаар тогтоолыг надад ирүүлээгүй. Тухайн үед У.У- нь Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгч гэсэн албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Төрийн албан хаагчийн шалгалтанд тэнцсэн тохиолдолд жинхлэх хуулийн заалттай учир У.У-г үүрэг гүйцэтгэгчээр томилсон. У.У- нь нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж өөрийн төрсөн эхийг өөрийн дор ажиллуулсан. Энэ зөрчлийн талаар өөрт нь мэдэгдэж, албан бичиг хүргүүлсэн боловч У.У- нь алдаагаа засаагүй. Нийтийн алба болон нийтийн ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиар шууд ажил албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болно гэсэн хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтэн Нарангаравын дүгнэлтийг үндэслэн У.У-г албан тушаал бууруулан 3 дугаар багийн эмчээр томилсон. 2013-2015 онуудад У.У- нь ажиллаж байхдаа ёс зүйн доголдол маш их гаргаж байсан. Төрийн албаны салбар зөвлөл болон Эрүүл мэндийн газрын ёс зүйн салбар хороонд очиж байсан. Салбар хорооны дүгнэлтүүд ч гарч байсан. Төрийн албаны салбар зөвлөлөөс У.У-д хариуцлагын арга хэмжээ ав гэсэн шийдвэр гарч, хариуцлага тооцож байсан. 2015 онд Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Хулантай ажлын доголдол дахин гаргахгүй гэж гурвалсан гэрээ байгуулсан. Гэтэл У.У- нь ахин ёс зүйн зөрчил , ажлын доголдол гаргаж байсан. Харьяалал бус эмчлүүлэгчид эмнэлгийн түүх нээж ажлын хариуцлага алдсан байгаа. Энэ нь мэргэжлийн хяналтын шалгалтаар тогтоогдсон. Шүүхийн шийдвэрт ажилд нь эргүүлэн томил гэсэн үгийг ойлгохдоо өмнө ажиллаж байсан ажил албан тушаалд нь тогтооно гэж ойлгож байгаа. У.У- нь өмнө нь Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгч гэх албан тушаал дээр ажиллаж байсан учраас үүрэг гүйцэтгэгчээр эргүүлэн ажилд нь томилсон. Тухайн үед Төрийн албаны салбар зөвлөлийн шалгалтын дүн надад ирээгүй байсан. Шалгалтын дүнг үндэслэж байж даргаар томилох байсан. Тухайн үед Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан У.У- нь Дундговь аймагт байгаа аавын бие муу байгаа гэж Эрүүл мэндийн төвийн даргаас 1 сарын цалингүй чөлөө авсан байдаг. Ажлын хамт олон нь мөнгө төгрөг цуглуулж өгсөн. Гэтэл У.У- нь Солонгос улсад ажил хийхээр явсан байсан. У.У- нь Солонгос улс руу явсан байсан учир ажилд авсан захирамжийн хувийг албан бичгээр нөхөрт нь хүргүүлсэн. Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтанд У.У-, Ц.Идэрзориг нар нь тэнцсэн байдаг.

У.У- нь удаа дараа ёс зүйн доголдол гаргаж байсан учир Эрүүл мэндийн газрын дарга Оюун, Эрдэнэтуяа нартай зөвшилцөн, Төрийн албаны тухай хуулийн 10.1.4-т төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, байгууллагын дотоод журамд заасны дагуу Төрийн албаны салбар зөвлөлийн нөөцөд буй Ц.Идэрзоригийг Баянтүмэн сумын эрүүл мэндийн төвийн даргаар томилсон байгаа. У.У-г 2017 оны 01 сард ажилд эргүүлэн томилсноос хойш Эрүүл мэндийн төвийн 13 ажилчдаас нь У.У-г Солонгос улс руу худал хэлж явсан, ёс зүйн доголдол гаргасан, ажлын дарамт үзүүлсэн талаар надад өргөдөл, гомдлууд ирсэн байгаа.

Иймээс У.У-г Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эргүүлэн авах боломжгүй учир нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 138/ШШ2017/00835 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Улаанхүүгийн Уртнасанг Дорнод аймгийн Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Баянтүмэн сумын Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны олговор 3 326 723 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.У-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар байгууллагаас төлөх ёстой нийгмийн даатгалын болон бусад шимтгэлүүдийг төлж нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар бүрээр шимтгэл төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвд үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 68 178 төгрөг гаргуулж төсвийн орлого болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 201/МА2017/00034 дүгээр магадлалаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 138/ШШ2017/00835 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...3 326 723 төгрөгийг ... олгосугай.” гэснийг “...2 965 994 төгрөгийг ... олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 360 729 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 4 дэх заалтын “...68 178 төгрөг...” гэснийг “...62 406 төгрөг...” гэж тус тус өөрчилж, Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч тал улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурджээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх нь тус хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

...2017 оны хуанлигаас харахад 2017 оны 04 дүгээр сарын 26-аас 30-ыг дуустал ажлын 3 хоног, 05 сард ажлын 23 хоног, 06 сард ажлын 22 хоног, 07 сард ажлын 20 хоног, 08 дугаар сарын 21-ийг дуустал ажлын 15 хоногтой байжээ. Өөрөөр хэлбэл дээрхи саруудад нэхэмжлэгч У.У- нь ажлын нийт 83 хоног ажилгүй байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрхи хугацаанд У.У-гийн ажилгүй байсан хугацааг 74 хоног хэмээн хэрхэн тооцсон тухайгаа тайлбарлаагүй, үндэслэлээ тусгаагүй учир тус магадлал ойлгомжгүй болсон байна. Дорнод аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх нь нэхэмжлэгч У.У-гийн ажилгүй байсан хугацааг нийт 83 хоног хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байх учир давж заалдах шатны шүүхийн 201/МА2017/00034 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 138/ШШ2017/00835 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                   ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулахдаа тооцооны алдаа хийснийг давж заалдах шатны шүүх залруулсан нь үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч У.У- нь хариуцагч Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргад холбогдуулан сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б\10 дугаар захирамжийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан аль нэг үндэслэлд хамаараагүй, хууль зөрчсөн эрх зүйн акт гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг буруу тооцсон байх тул давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар амралтын болон нийтээр амрах баярын өдрүүдийг тооцон нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй болно.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 201/МА2017/00034 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.            

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН