| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2202002240027 |
| Дугаар | 2026/ХШТ/46 |
| Огноо | 2026-05-21 |
| Зүйл хэсэг | 22.12.1., |
| Улсын яллагч | Б.Бямбадагва |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2026/ХШТ/46
Ж.Б, М.Н, Д.О нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбадагва, шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун, Г.Нацагдорж, шүүгдэгч М.Н, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч О.Баясгалан, Б.Солонго, нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2290 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2026/ДШМ/72 дугаар магадлалтай, Ж.Б, М.Н, Д.О нарт холбогдох 2202002240027 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлээр 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Ж.Б, 1975 оны 08 дугаар сарын 13-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** дүүргийн *** дүгээр хороо, *** байрны *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ***/,
2. Д.О, 1973 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр *** хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, *** дүүргийн *** дугаар хороо, ***тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ***/,
3. М.Н, 1982 оны 02 дугаар сарын 14-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** дүүргийн *** дүгээр хороо, *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ***/.
Шүүгдэгч Ж.Б нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн үйлчилгээний *** нэгдсэн төв дэх Улсын бүртгэлийн тасагт иргэний улсын бүртгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалт “нэгдмэл тогтолцоо, арга зүйтэй байх”, 4.1.5 дахь заалт “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэг “Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан бүртгэл улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд архивын эх нотлох баримт бичиг нь эх сурвалж болно”, 20 дугаар зүйлийн 20.1.12 дахь заалт “лавлагаа, мэдээллийг энэ хуулийн 12.9, 12.10-т зааснаас бусад байдлаар өгөх, эсхүл нотлох баримтаас зөрүүтэй, хуурамчаар гаргаж өгөх” гэж заасныг тус тус зөрчиж, Ц.Э-д давуу байдал бий болгох зорилгоор 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус тус Ж.Г, Ц.Э нарын Иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд гэрлэсний бүртгэлийн мэдээлэл байхгүй байхад гэрлэсэн талаарх мэдээллийг программд шивж, улмаар зориуд худал мэдээлэл бүхий баримт бичиг болох гэрлэсний бүртгэлийн лавлагааг Ц.Э-д олгосон,
шүүгдэгч Д.О нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалт “нэгдмэл тогтолцоо, арга зүйтэй байх”, 4.1.5 дахь заалт “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэг “Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан бүртгэл улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд архивын эх нотлох баримт бичиг нь эх сурвалж болно”, 20 дугаар зүйлийн 20.1.12 дахь заалт “лавлагаа, мэдээллийг энэ хуулийн 12.9, 12.10-т зааснаас бусад байдлаар өгөх, эсхүл нотлох баримтаас зөрүүтэй, хуурамчаар гаргаж өгөх” гэж заасныг тус тус зөрчиж, Ц.Э-д давуу байдал бий болгох зорилгоор цахим мэдээллийн системд бүртгэлгүй, нэгдсэн архивд гэрлэлтийн бүртгэл байхгүй байхад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Цахимжуулсан материалыг харах, ашиглах, засварлах программд хадгалагдсан Ж-ийн Г, Х-ын Э нарын гэрлэлтийн мэдээллийг Иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд нөхрийн мэдээлэл дээр Жа-ийн Г, эхнэрийн мэдээлэл дээр Ц-ын Э гэж зориуд худал мэдээллийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шивж оруулсан, улмаар Иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд оруулсан худал мэдээлэлд үндэслэн худал мэдээлэл бүхий баримт бичиг болох гэрлэлтийн лавлагааг АНУ-ын Вашингтон хот дахь элчин сайдын яам руу илгээж лавлагаа олгосон,
шүүгдэгч М.Н нь *** дүүргийн *** дүгээр хороонд байрлах Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалт “нэгдмэл тогтолцоо, арга зүйтэй байх”, 4.1.5 дахь заалт “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэг “Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан бүртгэл улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд архивын эх нотлох баримт бичиг нь эх сурвалж болно”, 20 дугаар зүйлийн 20.1.12 дахь заалт “лавлагаа, мэдээллийг энэ хуулийн 12.9, 12.10-т зааснаас бусад байдлаар өгөх, эсхүл нотлох баримтаас зөрүүтэй, хуурамчаар гаргаж өгөх” гэж заасныг тус тус зөрчиж, Ц.Э-д давуу байдал бий болгох зорилгоор нэгдсэн архивд гэрлэлтийн бүртгэл байхгүй, улсын байцаагчийн дүгнэлт гараагүй, нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус байхад Ц.Э, Ж.Г нарын гэрлэлт бүртгэлтэй талаарх зориуд худал мэдээллийг Иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр оруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Ж.Б-ыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох зорилгоор хуулиар тогтоосон улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон, шүүгдэгч Д.О-ийг нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох зорилгоор худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон, шүүгдэгч М.Н-г нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох зорилгоор хуулиар тогтоосон улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ж.Б, Д.О, М.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2290 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Б, М.Н, Д.О нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Прокурор Б.Билгүүн хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгуулах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж дүгнэж магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр эсэргүүцэл бичив.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлтийн үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж шийдвэрийг гаргасан байхад давж заалдах шатны шүүх тухайн нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц байдал тогтоогдсон гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана...” гэж заасны дагуу хэргийн үйл баримтыг үндэслэлтэй үгүйсгэж чадаагүй. Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлд заасан “Улсын бүртгэлд худал мэдээлэл оруулах, хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор хуулиар тогтоосон улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээллийг устгасан, өөрчилсөн, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон нийгэмд аюултай үйлдлийг ойлгох бөгөөд хохирол шаарддаггүй, үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг юм.
Нийтийн албан тушаалтан нь хуулиар хориглосон улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах, мэдээллийг устгах, өөрчлөх, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгохдоо өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй гэдгийг ухамсарласан, өөрөөр хэлбэл түүнийг хүсэж үйлдсэн байдаг ба өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилготой байдаг. Энэхүү гэмт хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн гэрч Б.Х, Ц.Э Х.Э, Ч.Э, С.Д, Э.У, Ш.У, Г.Д, Ш.Б, Б.Д, Т.Н, Д.Г нарын мэдүүлэг, Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын газрын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлт, Тагнуулын өрөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын газрын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтүүд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 3430 дугаартай дүгнэлт, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 835 дугаартай “Ж.Г, Ц.Э нарын гэрлэсний бүртгэлийг мэдээллийн санд тусгуулах тухай хүсэлтийг 2022 оны 01 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд шүүж үзэхэд байхгүй байх ба тус хэлтсээс шийдвэрлэгдээгүй тул эх нотлох баримт гаргах боломжгүй байна” гэх албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үзлэг хийсэн тэмдэглэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Цахимжуулсан материалыг харах, ашиглах засварлах санд үзлэг хийсэн тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 323 дугаартай албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог.
Анхан шатны шүүхээс дээрх тогтоогдсон нөхцөл байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн обьектив болон субьектив шинжийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулсан байхад давж заалдах шатны шүүхээс хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.
Давж заалдах шатны шүүх “...шүүгдэгч Ж.Б, М.Н, Д.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан, албан хаагч өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор хуулиар тогтоосон улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, ...худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон гэж үзэхгүй” гэж дүгнэжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан, албан хаагч өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор хуулиар тогтоосон улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээллийг устгасан, өөрчилсөн, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж, “өөрчилсөн” гэдгийг “...улсын бүртгэлийн нэгдсэн санд байгаа хувь хүн, хуулийн этгээд, өд хөрөнгийн талаарх мэдээллийг өөр агуулгатай болгосныг ойлгоно” гэж, “Худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон” гэдгийг “..улсын бүртгэлийн нэгдсэн санд байгаа хувь хүн, хуулийн этгээд, эд хөрөнгийн талаар хуурамч мэдээлэл бүхий баримт бичиг, лавлагаа тодорхойлолт үйлдэж иргэн, хуулийн этгээд бусдад олгосныг ойлгоно” гэж заажээ.
Гэтэл давж заалдах шатны шүүхээс улсын бүртгэгч Д.О-ийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэлтэй байсан Ж-ийн Г, Х-ын Э нарын мэдээллийн нөхрийн мэдээлэл хэсгийг Жа-ийн Г гэж, эхнэрийн мэдээлэл хэсгийг Ц-ын Э гэж өөрчилсөн үйл баримтад үндэслэл бүхий няцаалт хийлгүйгээр зөвхөн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, ..худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон” гэж тайлбарлан тухайн гэмт хэргийн “...өөрчилсөн...” гэсэн обьектив шинжийг орхигдуулж, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг үүсгэсэн гэж үзэхээр байна.
Түүнчлэн Ж.Г, Ц.Э нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар гэрлэлтийн бүртгэлийн асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой байтал улсын бүртгэгч Ж.Б, М.Н нар нь холбогдох нотлох баримт байхгүй, шүүхийн шийдвэр гараагүй, мөн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гараагүй байхад улсын бүртгэлд нэмэлт мэдээлэл оруулж буй үйлдэлд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Прокурор Б.Бямбадагва шүүх хуралдаанд танилцуулсан хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Б, М.Н, Д.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан. Харин давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Д.О-ийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Иргэний бүртгэл мэдээллийн санд байсан Ж-ийн Г, Х-ын Э нарын мэдээллийг Ж-ийн Г, Ц-ын Э гэж өөрчилсөн үйл баримтад үндэслэл бүхий няцаалт хийж чадаагүй, тухайн гэмт хэргийн өөрчилсөн гэсэн объектив шинжид дүгнэлт хийгээгүй. Улсын бүртгэгч Ж.Б, М.Н нар нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж ямар нэгэн баримт нотолгоо, улсын байцаагчийн дүгнэлт, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэргүй байхад улсын бүртгэлд иргэний гэрлэлтийн бүртгэлийг бүртгэсэн үйлдэлд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.
Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ц.Э, Ж.Г нар нь 20 жилийн хугацаанд хамтран амьдарсан, 3 хүүхэдтэй гэсэн амьдралын нөхцөл байдал тогтоогддог боловч энэ нь улсын бүртгэгчийн хийсэн хууль бус үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгэл хийхдээ заавал хууль ёсны анхдагч баримтад үндэслэх ёстой. Архивд эх баримт байхгүй тохиолдолд цахим санд бүртгэл хийх эрх зүйн үндэслэл үүсэхгүй бөгөөд цахим санд байсан өөр иргэний дата мэдээлэл, регистрийн дугаар зэргийг өөрчилж, түүний оронд өөр хүний мэдээлэл оруулсан нь үнэн зөв мэдээлэл гэж үзэх боломжгүй. Нэр бүхий улсын бүртгэгч нарын иргэний бүртгэлд бүртгэгдээгүй мэдээллийг байгаа мэтээр төрийн албан ёсны системээс баталгаажуулан лавлагаа болгож байгаа нь худал мэдээлэл бүхий баримт бичгийг үйлдэж бусдад олгосон гэх шинжийг хангасан байна. Гэр бүлийн тухай хуулиар Монгол Улсад зөвхөн улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрлэлтийг хууль ёсны гэж үзэж, тодорхой эрх, үүрэг үүснэ. Олон жил амьдарч үр хүүхэдтэй болсон нь улсын бүртгэлд хууль ёсоор бүртгэгдээгүй тохиолдолд гэрлэсэн гэсэн эрх зүйн статусыг үүсгэхгүй.
Иргэн Ж.Г нь 2001 онд гэрлэлтээ цуцлуулахаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргахад гэрлэлт бүртгэлгүй болох нь тогтоогдож онцгой ажиллагааны журмаар шүүхэд хандаж иргэний гэр бүлийн бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоолгох хууль ёсны ажиллагаа хийгдэх ёстой байсан. Иймд улсын бүртгэгч нар холбогдох хууль журмыг зөрчиж тодорхой үйл явдлыг тогтоож, улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээллийг өөрчилсөн, худал мэдээлэл бүхий баримтыг бусдад олгосон үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангаж байхад тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.
Шүүгдэгч М.Н-ийн өмгөөлөгч Б.Баатарсайхан шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “Прокурорын эсэргүүцэл хоёр агуулгаар гарсан. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор иргэний бүртгэлийн асуудлыг нарийвчлан ойлгохгүй, зөвхөн худал мэдээлэл гэдэгт хайрцаглагдаад улсын бүртгэлийн ажилтнуудын хийж гүйцэтгэж байгаа ажлынх нь тодорхой агуулгыг сайн ойлгоогүй болох нь харагдаж байсан. Гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийн талаар товч тайлбар гаргахад ХААТР /хүн амын автоматжуулсан төв регистр/ гэдэг нь иргэний бүртгэлийн үндсэн баримт юм. Улсын бүртгэлийн бусад ХААТР гэж мөн байх бөгөөд төрөлт, гадаад паспорт авсан, шилжилт хөдөлгөөн хийсэн зэрэг бүртгэлийн 8 төрлийн, 15 ХААТР гэж байдаг. Гэрлэлтийн бүртгэлийн ХААТР олдохгүй байлаа гэхэд бусад баримтуудаар буюу Ж.Г Ц.Э-тай гэрлэсэн талаарх нотлох баримтуудтай харьцуулж үзэж байгаад ХААТР-т шивж байгаа юм. Худал мэдээлэл гэдэг нь Б.Баатарсайхан гэдэг хүн төрөөгүй байхад төрсөн мэтээр бүртгэвэл энэ нь худал мэдээлэл болно. Цахим мэдээллийн сан гэдэг нь Иргэний бүртгэлийн тухай хуульд зааснаар бүртгэл нь цаасан болон эх нотлох баримтаас бүрддэг. Цахим бүртгэл зөрөх юм бол цаасан бүртгэлийг үздэг. Цаасан бүртгэл байхгүй бол бусад 15 төрлийн ХААТР-тай нь шалгаж үзэж байгаад мэдээллийг нь нөхөн оруулдаг. Тэгэхээр энэ нь гэмт хэргийн шинж мөн үү гэдэгт давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.
Иргэний овог, нэр зөрсөн, гэрлэлт нь бүртгэлгүй байх тохиолдол их байдаг. Хуучнаар Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаа аймаг, сум болгонд анхан шатны нэгж дээр бүртгэл хийгээд, тухайн баримт алга болох тохиолдол маш олон. Орчин цагт “иргэний бүртгэлийн төгөлдөршилт” арга хэмжээний хүрээнд 100 сая гаруй баримтуудыг шинэчилж хийж байсан. Өнөөдөр www.e-mongolia.mn ямар түвшинд ажиллаж байгааг та бүхэн мэднэ. Энэ бүгдийн ард шүүгдэгч нар өдөр, шөнөгүй ажилласан. Гэхдээ ажлын хариуцлага алдсан учраас захиргааны шийтгэл хүлээсэн баримт нь хэрэгт авагдсан байдаг. Улсын бүртгэлд худал мэдээлэл оруулах талаар Улсын дээд шүүхийн тайлбар байдаг бөгөөд энэ хэргийн хувьд өөр агуулгатай юм. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх санаа сэдэл, зорилго нь юу байсан юм бэ гэдгийг тогтоогоогүй. Прокурорын яллах дүгнэлтэд “Ц.Э-д давуу байдал бий болгох зорилгоор нэгдсэн архивд гэрлэлтийн бүртгэл байхгүй, улсын байцаагчийн дүгнэлт гараагүй, нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус” гэж бичсэн нь анхаарал татаж байна. Прокурор яллах дүгнэлтээ үгүйсгэж байгаа нэг үндэслэл нь “бүрэн бус” гэдэг үг байна. Нийт 5 нотлох баримт цуглуулж бүрэн болох юм байна. Гэхдээ үүнээс 2 баримт нь байна гэж үгүйсгэж яллах дүгнэлт дээр бичсэн байдаг. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Энэ гэмт хэргийн шинж хангагдахгүй байх бөгөөд Ц.Э, Ж.Г нарын 2001 оны магадлал, 1 дүгээр хавтаст хэргийн 119 дүгээр талд авагдсан гэрлэлтийн гэрчилгээ, 2001 оны *** аймгийн *** хотын оршин суугч гэсэн тодорхойлолт, ХААТР 1 дугаартай үндсэн эх нотлох баримт дээр Ж.Г, Ц.Э нарын 49 дугаартай гэрлэлтийн бүртгэл гэсэн баримтууд байдаг. Ц.Э, Ж.Г нар гэрлээгүй байхад гэрлэсэн мэтээр мэдээллийн санд шивээгүй гэдгийг прокурор ойлгохгүй байгаа юм. Давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч Б.Солонго хяналтын шатны шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “Давж заалдах шатны шүүх хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэсэн гэж үзэж байна. Учир нь миний үйлчлүүлэгчийг худал мэдээлэл оруулсан гэж буруутгасан. Гэтэл уг мэдээлэл нь худал биш, Ц.Э-ыг нэг ч удаа харж байгаагүй байж давуу байдал бий болгох боломжгүй. Мөн лавлагаа, тодорхойлолт олгосон гэж буруутгаж байгаа юм. Лавлагаа тодорхойлолт биш зүгээр утсан дээрээ зургийг нь аваад Вайбер ашиглаж илгээсэн. Лавлагаа тодорхойлолт гэдэг нь төрийн эрх бүхий байгууллагаас тусгай цаасан дээр хэвлэсэн тамга, тэмдэгтэй баримтыг хэлдэг. Худал мэдээлэл биш болох нь 3 дугаар хавтаст хэргийн 94-101 дэх талд авагдсан 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 3430 дугаартай бүртгэл хүчингүй болгох тухай улсын байцаагчийн дүгнэлтээр нотлогддог. Ц.Э болон Ж.Г нар нь 1980 онд гэрлэлтээ бүртгүүлсэн байна. Дээрх дүгнэлтээр 1980 онд бүртгүүлсэн 49 дугаартай баримтыг 42 жилийн дараа 2022 онд хүчингүй гэж үзэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна.
Өмнөх үеийн гэрлэлтийн бүртгэл 49 дугаартай байдаг. Ж.Г нь би гэр бүлтэй, 3 хүүхэдтэй гэдгээ илэрхийлсэн байдаг. *** аймгийн анхан шатны бүртгэлийг хийсэн улсын байцаагчийн буруутай үйлдлээс болж хүний 42 жилийн амьдралыг баллаж болохгүй. Улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 3430 дугаартай дүгнэлтийн 1.4 дэх хэсэгт “улсын бүртгэлийн нэгдсэн архивд Ж-ийн Г-т холбогдох ХААТР 1, ХААТР 7, ХААТР 21, ХААТР 31, ИУБ 15 гэсэн маягт, мөн дүгнэлтийн 1.5-д “ХААТР 1-д 1988 онд гэрлэсэн, 1980 оны гэрчилгээ, номер 49, эхнэр Ц.Э гээд регистрийн дугаар нь бичигдсэн. ХААТР 7-д 1984 оны маягт, эхнэр Ц.Э гэрчилгээ 40” гэж бичигдсэн байна. Дээрх хүмүүст 49 дугаартай гэрлэлтийн лавлагаа нь байсан бөгөөд 1980 болон 1988 онуудад ХААТР-т зөв, буруу янз бүрээр бүртгэсэн байна. Ингээд 2000 оны маягтад гэрлээгүй гэсэн бичвэртэй, 2012 оны маягтад эхнэрийн мэдээлэл бичвэргүй, зөрүү үүссэн байсан.
Тэгэхээр 2022 оны маягтад *** аймгийн *** сумд бүртгэсэн бүртгэл нь цаасан суурьтай баримт бичиг буюу гэрлэлтийн 49 дугаартай бүртгэлд үндэслэж бүртгэгдсэн учраас хүчинтэй гэж үзнэ. Улсын бүртгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 3430 дугаартай дүгнэлтийн 2.1-д “49 дугаарын бүртгэлд Зэндмэнэ овгийн Ж-ийн Г гэрлэлтийн төрөл шинээр бүртгэсэн, 1980 оны 10 дугаар сарын 10-нд гэсэн маягт байна” гэж бичсэн. Мөн дүгнэлтийн 2.3-т “1981 оны ХААТР 7-д нөхрийн мэдээлэл байхгүй, 1988 оны маягтад Ж Г, 49 дугаартай гэрчилгээтэй” гэсэн байгаа юм. Тэгээд ХААТР 21-д гэрлэсэн буюу 2001 оны баримт байна. Гэтэл 2005 оны маягтад гэр бүлийнх нь байдал бичигдээгүй. Мөн дүрмийн 2.3-т “ИУБ 15 гэсэн 2022 оны маягтийн 1.5-д Ж.Г” гэж дурдсан байгаа юм. *** аймагт 1980 онд гэрлэлтийг нь бүртгээд гэрчилгээг олгохдоо гар бүртгэл хөтлөөгүй байсны төлөө хүчингүй гэж улсын байцаагч дүгнэж байгаа нь бодит байдалд нийцээгүй, худал баримт оруулаагүй.
Хоёрдугаарт, давуу байдал олгосон гэж буруутгасан. Тухайн мэдээллийн талаар миний үйлчлүүлэгч тодорхойлолт, лавлагаа өгөөгүй, зөвхөн зургийг нь аваад явуулсан. Ингэж явуулснаар түүнийг нь ашиглаад Ц.Э ямар давуу байдалтай болсон юм бэ гэдэг нь бас тодорхойгүй. Тэгэхээр хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, төгссөн гэж үзэж байгаа бол зорилго нь өөрөө тогтоогдоогүй гэсэн үг. Яагаад гэвэл давуу байдал бий болгох зорилгоор энэ үйлдлийг хийсэн гээд хэлэх юм бол энэ зорилго нь нотлогдохгүй байна. Дээрх 2 иргэний өвийн маргаанд хэн нь тухайн баримтыг ашиглаад хэдэн төгрөгийн хөрөнгөтэй болсон юм бэ гэдэг нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, Ж.Г нь нас барахаасаа өмнө Иргэний хэргийн шүүхэд хандаж гэрлэлтээ цуцлуулъя гэж хүсэл зоригоо илэрхийлсэн байдаг бөгөөд 2001 оныг хүртэл Ж.Г нь гэрлэлтээ хүчинтэй гэж бодож явсан байна. Энэ үйлдлүүд нь тухайн хүмүүсийн гэрлэлт нь үнэн, бодитой үйл баримт гэдгийг нотолж байна.
Улсын байцаагчийн 3430 дугаартай дүгнэлтийн 3.4-т хүүхдийнх нь мэдээлэл авагдсан байна. Анхны хүүхэд нь 1980 оны 04 дүгээр сарын 24-нд төрсөн, цахим мэдээллийн санд эцгийнх нь мэдээлэл бүртгэлтэй, 2 дахь хүүхэд нь 1985 оны 03 дугаар сард төрсөн, төрсний бүртгэлийн анкет дээр эцгийн мэдээлэл бичигдсэн. Гэтэл цахим мэдээллийн санд төрсний бүртгэл нь бүртгэгдээгүй. Гурав дахь хүүхэд нь 1995 онд төрсөн, цахим санд бүртгэлтэй, эцгийн мэдээлэл бичигдээгүй. Ийм байдлаар бүртгэгдэж ирсэн улсын бүртгэлд 42 жилийн дараа шүүгдэгч нар хариуцлага хүлээнэ гэх юм бол шударга байж чадахгүй. Давж заалдах шатны шүүх хэрэв прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлыг эргэлзээтэй гэж үзвэл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Яагаад гэвэл хэрэгт авагдсан баримтын хүрээнд энэ бүртгэл эргэлзээтэй, миний үйлчлүүлэгчийн засаад оруулсан гэх мэдээлэл нь үнэн зөв байхад, байхгүй 2 хүний талаар зохиож бичээгүй, тухайн үед байсан баримтад үндэслэж бичсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй, прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй гэсэн тайлбарыг гаргаж байна” гэв.
Шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч О.Баясгалан хяналтын шатны шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “Д.О-ийг шөнө унтаж байхад Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны 3 дугаар нарийн бичгийн дарга мэдээлэл байгаа эсэхийг шалгаж өгөөч гэсэн. Тэгээд маргааш өглөө 07.00 цагт ажилдаа ирээд дэлгэц дээр байгаа мэдээллийн зургийг Вайбер сангаар Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны 3 дугаар нарийн бичгийн дарга руу илгээсэн. Гэтэл прокурор Ц.Э-д давуу байдал олгох зорилгоор лавлагаа олгосон гэж яллаж байгаа юм. Хэнд, хаана, ямар лавлагаа олгосон юм бэ, Лавлагаа гэдэг нь дугаартай, үнэт цаасан дээр үйлдэгдсэн маягт байдаг. Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны 3 дугаар нарийн бичгийн дарга тодорхой мэдээллийг шалгах зорилгоор Д.О-т хандаж, Д.О өглөөний 07.00 цагт цахим санд байгаа мэдээллийн зургийг аваад Вайбер сангаар явуулсан үйлдэл байна. Өөрөөр хэлбэл, Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон хот дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд очиж байгаа мэдээллийг шалгах үйл ажиллагаа л явагдаж байгаа юм. Д.О гэдэг хүн хэн нэгэн хүнд цаасаар баримт үйлдэх, нэр дурдагдаад байгаа хүмүүстэй харилцсан ямар ч үйл баримт байхгүй. Тэгэхээр бусдад давуу байдал олгох зорилгоор гэдэг гэмт хэргийн субъектив шинж байхгүй гэсэн үг. Бодит үйлдэл байхгүй зүйлийг байгаа мэтээр улсын яллагч бичээд байгаа юм. Гуравдугаар хавтаст хэргийн 224-250 дугаар тал, 4 дүгээр хавтаст хэргийн 1-33 дугаар талд Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон хот дахь Монгол Улсын Элчин сайдын яаман дээр байгаа бүх баримтууд авагдсан. Эдгээр баримтад ямар ч лавлагаа байхгүй. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд татаж авсан баримт дотор ямар ч лавлагаа байхгүй. Прокурорын зүгээс худал зүйл бичиж хүнийг яллаж байгаа үйл баримт юм.
Нэг зүйлийг анхааруулж хэлэхэд 2001 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ц.Э, Ж.Г нар нь гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан байдаг. Үүний цаад талд хууль ёсны гэрлэлт байсан болох нь шүүхээр тогтоогдсон үйл баримт юм. Мөн улаан паспорт, 49 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ байна. Тэгэхээр үүнийг худал гэж дүгнэвэл 3 хүүхэд нь төрөхдөө эцэг, эхгүй, өвлөх эрхгүй төрсөн буюу Үндсэн хуулиар олгогдсон эдлэх эрхээ хасуулсан 3 иргэн төрсөн гэж прокурор үзэж байгаа юм уу. Яагаад 42 жилийн амьдралыг хэн нэгэн этгээдийн хүсэл зоригийн үүднээс үгүйсгэх гэж байгаа юм бэ. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд прокуророос “давуу байдлыг яаж олж авсан юм бэ” гэж асуухад “ирээдүйд давуу байдал олж болно” гэж хариулж байсан. Ямар хүнд хүсэл зориг, давуу байдал олгох гэж байгаа юм бэ гэдгийг нотолж чадаагүй байж яагаад хүнийг яллаж байгаа юм бэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхгүй гэдгийг прокурор анхан болон давж заалдах шатны шүүхийн шатанд хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан болохыг давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий тогтоосон. Өнөөдөр амьдрал нь үнэн болохоос цаасан баримт худал байж болно гэдгийг нотолж байна. Тэгэхээр хүний амьдралыг үгүйсгэх эрх бидэнд байхгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгч Г.Нацагдорж шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “Прокурорын эсэргүүцлийн 4 дүгээр талд “Ж.Б нь Ц.Э-д давуу байдал бий болгох зорилгоор гэрлэсний бүртгэлийн лавлагааг Ц.Эд олгосон” гэж дүгнэсэн байдаг. Ж.Б лавлагаа олгосон гэдэгтэй маргахгүй. Энэ талаараа анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд мэдүүлж байсан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын лавлагаа олгох тухай журамд үйлчлүүлэгч иргэний үнэмлэхээ өгөөд, регистрийн дугаарыг нь оруулахад мэдээлэл бууж ирвэл хэвлэж өгнө гэж байгаа юм. Үүний дагуу Ц.Э лавлагаа авах гэж ирэхэд нь бууж ирсэн мэдээллийг нь хэвлээд өгсөн, дараа нь 2 сарын дараа дахиад Ц.Э ирэхэд нь регистрийн дугаарыг хийгээд мэдээлэл бууж ирэхэд нь хэвлээд өгсөн. Ж.Б-ын хэвлэж өгсөн материалтай адил мэдээллийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Д.О нь Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон хот дахь Монгол Улсын Элчин сайдын яам руу явуулсан. Миний үйлчлүүлэгчийг хуурамч лавлагаа олгосон гэсэн үндэслэлээр ажлаас нь халсан. Үүний дагуу Захиргааны хэргийн шүүхэд хуурамч баримт биш, мэдээллийн сан дотор байсан баримтыг бид хэвлэж өгсөн гэж маргаан үүсгэсэн. Захиргааны хэргийн шүүх энэ үйлдэлд нь холбогдуулаад эрүүгийн хэрэг үүссэн, гэмт хэрэг гэж үзэж байгаа учраас шийдэхгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Зөрчил гаргасан болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгоогүй.
Хоёрдугаарт, прокурорын эсэргүүцлийн 5 дугаар талд “Ж.Б нь улсын бүртгэлд нэмэлт мэдээлэл оруулж буй үйлдэлд” гэж бичигдсэн байна. Ж.Бад нэмэлт мэдээлэл оруулах эрх байдаггүй. Гэхдээ мэдээлэл нь зөрсөн үндэслэлээр иргэн хандаж болдог. Түүнийг нь улсын бүртгэгч хүлээж аваад энэ хүний мэдээлэл зөрүүтэй байна гэж шивж оруулна. Түүнийг нь ахлах бүртгэгч 3 хоногийн дотор хянаад, зөвшөөрөх юм бол тухайн мэдээлэл нь мэдээллийн нэгдсэн санд ордог. Ж.Б дангаараа бие даан нэмэлт мэдээлэл оруулах боломжгүй, эрх байхгүй. Нийтэд тодорхой үйл баримтыг нотлох шаардлагагүй.
Өөрөөр хэлбэл, 2021, 2022 онуудад Захиргааны хэргийн шүүх дээр иргэдийн мэдээлэл зөрсөн гэсэн агуулгатай маргаан их шийдэгдсэн. Улсын бүртгэл, түүнтэй холбоотойгоор манай системүүд алдаа гаргасан гэдгийг нийтэд зарласан. Анхнаасаа мэдээлэл нь байсан учраас миний үйлчлүүлэгч хэвлэж гаргасан болохоос биш танихгүй Ц.Э, Ж.Г гэдэг 2 хүнийг Дархан-Уул аймагт байгаа хүний материалтай 1984 оны бүртгэлийг холбож гаргах, зохиож оруулах ямар ч шаардлага байгаагүй. Тийм учраас анхнаасаа гэмт хэрэг биш байхад гэмт хэрэг гэж үзэж яллах дүгнэлт үйлдээд хэргийг шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байсан. Шүүгдэгч нар өөрсдөө алдаа гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөөд шийтгэлээ хүлээсэн гэж Б.Баатарсайхан өмгөөлөгч тайлбарлаж байна. Манайх алдаа гаргасан гэж хүлээн зөвшөөрөөгүй. Тийм учраас Захиргааны хэргийн шүүхэд хандсан” гэв.
Шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгасан. Худал мэдээлэл, баримт биш гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байна. “Гэр бүлийн харилцаа байна, гэрлэлт цуцлахдаа тэдний эд хөрөнгийн асуудлыг дахин хянан шалгаж шийдвэрлэ” гэсэн хүчин төгөлдөр магадлал байхад худал мэдээллийг оруулсан гэж прокурор дүгнэсэн учраас худал мэдээлэл биш, үнэн бодит баримт, зохиомол зүйл биш гэсэн тайлбарыг өмгөөлөгчдийн зүгээс гаргаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, объектив талын нөхцөл байдал хангагдахгүй байна. Зургадугаар хавтаст хэргийн 103 дугаар талд авагдсан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 6839 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтэд “гэрлэсэн хүмүүсийн бүртгэл нь манай бүртгэл дээр гэрлээгүй төлөвтэй гарч байна. Гэрлээгүй нь гэрлэсэн төлөвтэй гарч байгаа учраас анхаарч өгнө үү” гэсэн байдаг. Миний үйлчлүүлэгчийн хувьд бусдад давуу байдал олгох зорилго байхгүй бөгөөд прокурорын зүгээс буруутгаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.
Шүүгдэгч М.Н шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: Миний хувьд Ц.Э гэж хүнд давуу байдал олгосон зүйл байхгүй, энэ хүнийг танихгүй. Тийм учраас шүүх үнэн зөвийг тогтоож, цагаатгаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
Шүүгдэгч Ж.Б, Д.О нар шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “Гаргах тайлбар байхгүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Прокурор Б.Билгүүний хяналтын шатны шүүхэд бичсэн “хууль хэрэглээний зөрүүг арилгуулах” агуулга бүхий эсэргүүцлийг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэв.
2.Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг тогтоохдоо хуулийн хэм хэмжээний бүтэц, түүний элементүүд, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг онол, арга зүйн үүднээс задлан шинжилж, түүнд тулгуурлан хууль зүйн хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэхийг магадлах замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлдэг.
“Хууль хэрэглээний зөрүү” гэдэгт шүүх хуулийн нэг зүйл, заалт, эсхүл эрүүгийн эрх зүйн онол, шүүхийн практикт тогтсон ойлголтыг агуулгын хувьд өөрөөр тайлбарласан, хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглээгүй буюу хэрэглэх ёсгүй хэм хэмжээг хэрэглэсэн, эсхүл хууль хэрэглээний асуудлаар хоёр шатны шүүх зарчмын зөрүүтэй шийдвэр гаргасан нөхцөл байдлыг ойлгоно.
3.Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б, Д.О, М.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, тус бүр 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэргийг хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах шатны шүүх бүхэлд нь хянах үүрэгтэй.
4.Давж заалдах шатны шүүх холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахдаа улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, лавлагаа бүхий баримт бичгийг бусдад олгосон гэх шүүгдэгч нарын үйлдэл тус бүрийн шинж чанар, шалтгаант холбоог хуулиар тогтоосон бүртгэлийн журамтай уялдуулан эрх зүйн дүгнэлт хийж чадаагүй байна.
Тодруулбал, давж заалдах шатны шүүх магадлалдаа иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдэд тусгагдсан үйл баримтад тулгуурлаж “...Ж.Г, Ц.Э нар нь сайн дурын үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн амьдарч, 3 хүүхдийн эцэг эх болсон, тэдний 49 тоот гэрлэлтийн баталгаа нь орон нутгийн засаг захиргааны бүртгэлд ороогүй байдал нь тэдний гэр бүлийн хамтын амьдралыг шууд үгүйсгэхгүй...” гэсэн ерөнхий дүгнэлт хийж, үүнийгээ шүүгдэгч нарын үйлдлийн гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэл болгожээ.
5.Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний практикт шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгахдаа шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тухайн гэмт хэргийн объектив болон субъектив шинжийн аль нэгийг, эсхүл бүхэлд нь агуулаагүй болохыг хууль зүйн хувьд хөдөлбөргүй няцаан үгүйсгэсэн байхыг шаарддаг.
Эрүүгийн хуулийн 23.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хамгаалбал зохих объект нь иргэд хоорондын гэр бүлийн бодит харилцаа бус, харин Монгол Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан бөгөөд төрийн өмчид тооцогддог бүртгэлийн эх үүсвэр баримт бичгийн архив, цахим мэдээлэл бүхий “улсын бүртгэлийн үйл ажиллагааны нэгдмэл, үнэн зөв, хууль ёсны байдал” юм.
6.Хэрэгт Ж.Г, Ц.Э нарын 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 49 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, *** аймгийн холбогдох тодорхойлолт авагдсан бөгөөд тэдгээр хүмүүс бодит байдал дээр хамтран амьдарч байсан нь тогтоогдсон хэдий ч энэ нь нийтийн албан тушаалтан буюу Улсын бүртгэгч хуулиар тогтоосон бүртгэлийн журам, хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, эх нотлох баримтад үндэслэхгүйгээр иргэний цахим мэдээллийн санд дур мэдэн халдаж өөрчлөлт оруулах, шинээр мэдээлэл шивэх, улмаар албан ёсны лавлагаа гаргах үйлдлийг зөвтгөхүйц хууль зүйн үндэслэл болох эсэх талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.
Прокуророос Ж.Б-ыг гэрлэлтийн мэдээлэл байхгүй байхад программд хуурамчаар бүртгэж, лавлагааг олгосон, Д.Оийг өөр хүмүүсийн гэрлэлтийн бүртгэл дээрх нэрийг сольж худал мэдээлэл шивсэн, лавлагааг Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон хот дахь Элчин сайдын яаманд илгээсэн, М.Н-г нотлох баримт зөрчилтэй, байцаагчийн дүгнэлт гараагүй байхад цахим санд худал мэдээлэл оруулсан гэж өөр өөр цаг хугацаанд, тусдаа үйлдэлд яллах дүгнэлт үйлджээ.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч тус бүрийн үйлдлийн шинж чанар, оролцооны хэлбэр, гүйцэтгэсэн үүрэг болон субъектив санаа зорилгод тухайлан эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр, хэргийн үйл баримтыг нийтэд нь ерөнхийлөн дүгнэж, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Энэ нь хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг ноцтой зөрчсөн байх бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.
7.Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримт, нотлох баримтад үндэслэн зөвхөн хууль хэрэглээний зөрүүтэй эсэхийг хянах чиг үүрэгтэй.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, аль нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, түүнчлэн шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрх хэмжээгүй болно.
Тодорхой этгээд хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зөрчсөн эсэх нь түүний ухамсарт үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд хамааралтай байдаг. Үйлдэл болон түүний улмаас учирсан үр дагаврыг ухамсарласан байдал, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо зэргийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэх учиртай.
Эрүүгийн хуульд нийгэмд аюултай гэж тодорхойлсон үйлдэл, эс үйлдэхүйг өдөөсөн сэдэлт, зорилгыг зөв тогтоож, хэргийн мөн чанар, үр дагаварт нийцүүлэн зүйлчлэх нь хэргийн бодит байдлыг нотлох, улмаар эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг шударгаар оногдуулах гол нөхцөл болдог.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэх ойлголтод албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг хамааруулан үздэг.
Тиймээс бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны эрх ашгийн эсрэг ажилласан гэх гэмт санаа, зорилгыг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийх замаар тодорхойлох боломжтой.
Гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг нотлох, эсхүл үгүйсгэх замаар хэргийн бодит байдлыг тогтооход шүүгдэгчийн үйлдлийн субъектив талын шинж болох сэдэлт, санаа зорилгыг нарийвчлан дүгнэх нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх чухал урьдчилсан нөхцөл болох тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар тухайлан эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж хяналтын шатны шүүхээс үзэв.
8.Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл тодорхойгүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүгнээгүй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийн “…магадлалыг хүчингүй болгох…” хэсгийг хангаж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хэргийг давж заалдах шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2026/ДШМ/72 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.
2.Ж.Б, Д.О, М.Н нарт урьд авсан нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ч.ХОСБАЯР
Б.ЦОГТ