Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 13

 

“Цанидноров” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар  сарын 03-ны өдрийн 139/ШШ2016/00274 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Цанидноров ХХК-ийн захирал Д.Бат-Өлзийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч  Ө.Гэрэлтсүхэд холбогдох зээл, зээлийн хүү 5310000 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн  давж заалдах гомдлыг үндэслэн  2016 оны 11 дүгээр сарын 04-ний  өдөр хүлээн авч, шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Бат-Өлзий, хариуцагч Ө.Гэрэлтсүх, хариуцагчийн өмгөөлөгч Ё.Мөнхбат  нар оролцов.   

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Бат-Өлзий шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Гэрэлтсүх нь 2015 оны 01 сарын 22-нд “Цанид норов” ХХКомпаниас 11 сая төгрөг зээлж аваад 01 сарын  28-нд 2000000 төгрөг, 6 сарын 12-нд 6000000 төгрөгийг “АТМ” машинаас тус тус шилжүүлсэн. Биеэрээ ирж уулзаагүй. 06 сарын 01-нээс гэрээний хугацаа дуусч 12 хоног дээр нь алданги бодсон. Шилжүүлсэн 8000000 төгрөгөөс нь 540000 төгрөгийг алдангид тооцож, үлдсэн мөнгийг 9000000 төгрөгөөс нь хасахад 3540000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Одоо ийм мөнгөний үлдэгдэлтэй байна, тооцоогоо хийж дуусга гэж утсаар ярихад “Цэрэнцэцэг гэдэг найзад чинь 3000000 төгрөг өгсөн, түүнээс олж ав” гэсэн. Тэгэхээр нь “наадах чинь та нарын хоорондын гэр бүлийн асуудал. Би тэр хүнийг таньдаг байж болно. Гэхдээ надад тэр хүнээс мөнгө авах тооцоо байхгүй учраас та нар өөрсдөө ав. Та нар миний тооцоог дуусга” гэхэд “шүүхдээд олж ав, олж авахыг чинь харна аа” гэсэн учраас шүүхэд хандсан. 3540000 төгрөгийн үлдэгдэл дээрээ хуулийн дагуу 1770000 төгрөгийн алдангийг тооцоод нийт 5310000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ё.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Ө.Гэрэлтсүх надаас мөнгө зээлсэн, Б.Гантуяа өмнө нь зээлсэн мөнгөө дуусгасан гэж яриад байдаг. Ө.Гэрэлтсүх энэ хүнээс огт мөнгө зээлээгүй. Өмнө нь Б.Гантуяа 17000000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр “Цанид норов” ХХК-ий захирал Д.Бат-Өлзийгөөс зээлсэн. Хүүгээс хүү тооцож шилжүүлсээр байгаад үлдэгдэл нь 11000000 төгрөг байдаг. “Цанидноров” ХХК-тай байгуулсан гэрээ нь хууль зөрчиж хийгдсэн. Дээрээ засвартай байдаг. 3540000 төгрөгийн үлдэгдэл дээр 1770000 төгрөгийн алданги тооцсон. Иргэний хуульд заасан байдаг. Хүү, хүүгээс хүү төлөөгүй тохиолдолд алданги тооцно гэж байгаа. Хүү тооцоогүй байж алданги тооцдог хачин заалт гаргаж ирчихээд үүнийгээ хуулийн дагуу гэж яриад байна. Энэ гэрээ бол зээлийн гэрээ биш. Барьцаат зээлийн гэрээ. Ер нь Ө.Гэрэлтсүхийн зээлсэн мөнгө биш гэдгийг өмнөх шүүх хурал дээр хариуцлагатайгаар хэлж байсан. Өмнөх 34000000 төгрөгийн үлдэгдэл болох 11000000 төгрөг дээр хүү, алданги тооцоод яваад байдаг. Баримт гаргаад өг гэхээр өөр баримт гаргаад байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Барьцаат зээлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтээ дэмжиж байна гэв.

 

Анхан шатны шүүх:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Өвгөнхүүгийн Гэрэлтсүх /ЗЮ76021257/-ээс 4500000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан “Цанидноров” ХХК-ий захирал Боржигон модун овгийн  Дольжавын Бат-Өлзий /ЗЮ59122664/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94954 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавин дөрөв/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Гэрэлтсүхээс 86950 /наян зургаан мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Цанидноров” ХХК-ий захирал Д.Бат-Өлзийд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч  Ё.Мөнхбат давж заалдах гомдолдоо:  Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.10.03-ны өдрийн 139/ШШ216/00274 тоот шийдвэрийг эс зөвшөөрч  хуулийн хугацаанд гомдол гаргаж байна. 1. “Цанидноров” ХХК-ний захирал Д.Бат-Өлзийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт өмнө нь  барьцаат зээлийн гэрээний баримт нь Б.Ганхуягийн баримт мөн, биш асуудлыг Шүүхийн шинжилгээний албаар шинжлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд энэхүү хүсэлтийг шүүх хангалгүй асуудлыг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ өмнө нь зээлсэн 17 сая төгрөгийг 34 сая төгрөг болгож хүү бодсон баримтыг “Цанидноров” ХХК-ийн захирал                     Д.Бат-Өлзий гаргаж өгөөгүй болно.

2. “Цанидноров” ХХК-ийн захирал нь барьцаат зээлийн гэрээнд илэрхий засвар оруулсан асуудлыг хууль зөрчсөн хэмээн үзэж байна. Энэ нь зээлийн гэрээ биш юм. Хүү тооцоогүй, алданги тооцсон нь хууль  зүйн үндэслэлгүй хэмээн  үзэж байна.

3. Ө.Гэрэлтсүх нь “Цанидноров” ХХК-аас мөнгө зээлсэн асуудал огт байхгүй байхад зээлсэн мэтээр шүүх хурал дээр ярьж буй нь үндэслэлгүй юм. Харин өмнө нь зээлсэн мөнгөний хүүгийн үлдэгдэл юм гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

         Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан байна.

 

         Нэхэмжлэгч Цанид норов ХХК нь зээлийн гэрээний дагуу авсан 11 сая төгрөгөөс үлдсэн 3540000 төгрөг, алданги 1770000 төгрөг, нийт 5310000 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.

 

Хариуцагч нь Ө.Гэрэлтсүхийн нэрээр мөнгө зээлээгүй Б.Гантуяа 17000000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр “Цанид норов” ХХК-ий захирал Д.Бат-Өлзийгөөс зээлсэн. Хүүгээс хүү тооцож шилжүүлсээр байгаад үлдэгдэл нь 11000000 төгрөг байдаг. “Цанидноров” ХХК-тай байгуулсан гэрээ нь хууль зөрчиж хийгдсэн, гэрээ нь засвартай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ө.Гэрэлтсүхтэй байгуулсан  зээлийн гэрээ / хэргийн 2 дугаар хуудас/ -нээс үүсэх хариуцагчийн үүргийн хувьд маргаан гаргаж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 11.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд бус харин хавтаст хэргийн 101 дүгээр талд авагдсан Цанидноров ХХК-ын Б.Гантуяатай байгуулсан зээлийн гэрээний үнэн эсэхийг шинжээч томилуулж шинжлүүлэх талаар хүсэлт гаргасан байна.

Анхан шатны шүүх шинжээч томилуулах хариуцагчийн хүсэлтийг Б.Гантуяа нь хэргийн оролцогч биш учир гэрээнд зурагдсан гарын үсгийг шинжлүүлэх нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 Хариуцагч талаас 11.000.000 төгрөгийн зээлийн гэрээг Б.Гантуяатай урьд байгуулсан зээлийн гэрээний үргэлжлэл гэж тайлбарладаг боловч 11.000.000 төгрөгийн  зээлийн гэрээнд Ө.Гэрэлтсүхийн хүсэл зоригийн илэрхийлэл тусгагдаагүй гэх буюу гэрээнд зурагдсан гарын үсэг Ө.Гэрэлтсүхийнх биш гэх байдлаар маргаагүй, энэ нөхцөл байдлаа нотлоогүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын  үндэслэл болоогүй Цанидноров ХХК-ний хэргийн оролцогч биш  хүнтэй урьд байгуулсан зээлийн гэрээг тухайн хэрэгт хамааралгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Цанидноров ХХК болон Ө.Гэрэлтсүх нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөгийг,  2016 оны 06 сарын 01-ний өдөр 6.000.000 төгрөгийг Ө.Гэрэлтсүх нь Д.Бат-Өлзийд шилжүүлсэнээс үзвэл Ө.Гэрэлтсүхийн эхнэр Б.Гантуяад мөнгө зээлж байсан, тэр тооцоо дуусч нөхөр Ө.Гэрэлтсүхэд 11.000.000 төгрөгийн зээл олгосон нь тусдаа асуудал гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байжээ.

Хариуцагч гомдолдоо зээлийн гэрээ биш барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан гэх боловч талууд гэрээ байгуулахдаа хөрөнгө барьцаалаагүй байна.  Энэ нөхцөл байдал болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтанд хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зээл алдангийг төлүүлэх, үүрэг гүйцэтгэх дараалалыг Иргэний хуульд заасны дагуу зөв тооцоолсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч  анхан шатны шүүхийн шийдвэрийг 2016 оны 10 сарын 17-ны өдөр гардаж авсан байх бөгөөд Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хугацаа нь 2016 оны 10 сарын 31-ний өдөр дууссан ба уг өдөр нь “Монгол бахархалын өдөр” байжээ. Хариуцагчийн гомдлыг 2016 оны 11 сарын 1-ний өдөр шүүх хүлээн авсан нь  Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн “Хугацаа тодорхойлох” журмын 72 дугаар зүйлийн 72.2-т “Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна.” гэсэнтэй нийцэж байх тул давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч хуулийн хугацаа хэтрүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 Давж заалдах шатны шүүхээс гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцэхдээ гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзсэн бөгөөд шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

         Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар  сарын 03-ны өдрийн 139/ШШ2016/00274 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89650 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ                          Т.БЯМБАЖАВ

 

                                             ШҮҮГЧИД                          Н.НАСАНЖАРГАЛ

 

                                                                                       Ц.ОТГОНЦЭЦЭГ