Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 687

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,

улсын яллагч Б.Гүнсэл,

хохирогч Г.Г,

шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Ц.Эд холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .. оны … дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “Эфэс” дэлгүүрт худалдагч ажилтай, ам бүл .., .......... хамтаар Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, .............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Соёолон бор ургийн овогт Ц.Э-д, /РД: ................/.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Э нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дээд бодь” хийдийн гадна 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр иргэн Г.Гтай маргалдан, улмаар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч Г.Г: “...2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр эхнэр Э-тэй маргалдаад 1 дүгээр хорооны хийдний гаднаас авч явах гэхэд Э араас ирээд намайг цохисон, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Э: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, тэр мэдүүлгүүд дээр нэмж мэдүүлэг өгөхгүй, хохирол төлбөр төлөөгүй, тухайн үед архи хэрэглээгүй байсан, шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлүүдийг би учруулсан...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай эхнэр гэртээ харихгүй гээд байхаар нь машин руугаа суулгах гээд гарнаас нь татсан. Тэгтэл манай эхнэрийн дүү Э миний хойноос толгой руу гараараа 2-3 удаа цохиод миний зүүн чихнээс зулгаагаад байсан. Харин манай эхнэр миний энгэр хэсгээс зулгаагаад хүзүү маажаад байсан. Миний биед учирсан дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чихний сувгийн амсар хэсгийн шарх гэмтлийг Э учруулсан. Харин хүзүү, зүүн мөрний цус хуралт, зулгаралтууд гэмтлийг манай эхнэр Э маажиж учруулсан...” /хх-ийн 18/ гэсэн,

 

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нөхөр Г-тай муудалцаад орой нь найзуудтайгаа уулзсан, шөнө 23 цагийн үед нөхөртэйгөө ярихад уурлаад “битгий ирээрэй” гэхээр нь эмэгтэй найзынхаа гэрт очоод хоночихсон юм. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед дүү Этай хамт Яармагийн хоёрдугаар буудал дээр байдаг “Дээд бодь” хийд дээр ном уншуулж байтал Г- залгаад “хаана байна” гэхээр нь байгаа газраа хэлсэн. Тэгтэл удалгүй Г- хүрч ирээд намайг хувцаснаас чирээд хийдээс аваад гарсан. Тэгээд намайг хэл амаар доромжлоод хувцаснаас чирээд машинд суулгах гэтэл манай дүү Э Г-ыг “болиоч” гээд фудболкноос нь зулгаагаад бид гурав хоорондоо Г- намайг машинд суулгах гээд, манай дүү Г-ыг болиулах гээд, харин би Г-ын гарыг цааш нь түлхээд 30 орчим минут гадаа ноцолдсон. Тэгээд сүүлдээ салахгүй болохоор нь манай дүү цагдаа дуудсан...” /хх-ийн 21/ гэсэн,

 

Шүүгдэгч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Г- нь эгч Э-ийг машинд суулгах гээд чирээд яваад байхаар нь би очоод болиулах гэтэл Г- чи яах гээд байгаа юм гээд намайг түлхсэн ба бид хоёр маргалдсан, тэгээд би Г-ыг болиулах гээд ноцолдсон. Г- манай эгчийг зуураад, татаад байхаар нь салгах гэж оролдсон...” /хх-ийн 36/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн №3059 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Г.Гын биед дагзны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чихний сувгийн амсар хэсгийн шарх, хүзүү, зүүн мөрний цус хуралт, зулгаралтууд бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 25/ гэсэн дүгнэлт,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг ханГ-тай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Ц.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

Гурав. Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Ц.Э нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дээд бодь” хийдийн гадна 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр иргэн Г.Гтай маргалдан, улмаар толгойнд нь цохиж эрүүл мэндэд нь “биед дагзны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чихний сувгийн амсар хэсгийн шарх, хүзүү, зүүн мөрний цус хуралт, зулгаралтууд” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Гын “...Манай эхнэр гэртээ харихгүй гээд байхаар нь машин руугаа суулгах гээд гарнаас нь татсан. Тэгтэл манай эхнэрийн дүү Э миний хойноос толгой руу гараараа 2-3 удаа цохиод миний зүүн чихнээс зулгаагаад байсан. Харин манай эхнэр миний энгэр хэсгээс зулгаагаад хүзүү маажаад байсан. Миний биед учирсан дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чихний сувгийн амсар хэсгийн шарх гэмтлийг Э учруулсан...” /хх-ийн 18/ гэсэн, гэрч Ц.Э-ийн “...2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед дүү Этай хамт Яармагийн хоёрдугаар буудал дээр байдаг “Дээд бодь” хийд дээр ном уншуулж байтал Г- залгаад “хаана байна” гэхээр нь байгаа газраа хэлсэн. Тэгтэл удалгүй Г- хүрч ирээд намайг хувцаснаас чирээд хийдээс аваад гарсан. Тэгээд намайг хэл амаар доромжлоод хувцаснаас чирээд машинд суулгах гэтэл манай дүү Э Г-ыг “болиоч” гээд фудболкноос нь зулгаагаад бид гурав хоорондоо Г- намайг машинд суулгах гээд, манай дүү Г-ыг болиулах гээд, харин би Г-ын гарыг цааш нь түлхээд 30 орчим минут гадаа ноцолдсон...” /хх-ийн 21/ гэсэн, шүүгдэгч Ц.Эын “...Г- нь эгч Э-ийг машинд суулгах гээд чирээд яваад байхаар нь би очоод болиулах гэтэл Г- чи яах гээд байгаа юм гээд намайг түлхсэн ба бид хоёр маргалдсан, тэгээд би Г-ыг болиулах гээд ноцолдсон. Г- манай эгчийг зуураад, татаад байхаар нь салгах гэж оролдсон...” /хх-ийн 36/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны №3059 дугаартай дүгнэлт /хх-ийн 25/ болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно гэсэн хүсэлтийг бичиж, шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон болохыг тус тус тэмдэглэв.

 

Шүүгдэгч Ц.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн байдал, үйлдсэн хэрэгтээ чинь санаанаасаа гэмшиж буй түүний хувийн байдлыг харгалзан түүнд хуульд зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Э 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 9 /ес/ хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 15,000 төгрөгөөр тооцож 135 нэгж /15,000х9=135,000/ буюу 135,000 төгрөгийг түүнд оногдуулсан торгуулийн ялаас хасч тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн .................. дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.Г гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Э-дыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эын цагдан хоригдсон 9 /ес/ хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 15,000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож, нэг зуун гучин таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 135,000 /нэг зуун гучин таван мянга/ төгрөгийг түүнд оногдуулсан 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялаас хасч 365,000 /гурван зуун жаран таван мянга/  төгрөгийн /500,000-135,000=365,000/ торгох ялаар тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Ц.Эд оногдуулсан 365,000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Э оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн 1910008390530 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.Г гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.АЛТАНЖИГҮҮР