Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 998

 

 

 

 

 

 

  2019          12         09                                        2019/ШЦТ/998

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Зулаа,

Улсын яллагч: Н.Энхболд,

Хохирогч: Ж.Б-,

Шүүгдэгч: Г.Б-, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

Шүүгдэгч: Д.А-, түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.А-, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Б- нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905032420902 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Б-, 1994 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, циркчин мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А-6 дугаар гудамж, 126 тоотод оршин суух, урьд Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 609 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 10 хоног хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ЗП-94100211 тоот регистртэй,

2. Монгол Улсын иргэн, Д.А-, 1998 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгонд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт .... тоот регистртэй,

Шүүгдэгч Г.Б- нь Д.А-тай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр ахуй үйлчилгээний автобусны буудал дээр иргэн Ж.Б-ы гар утас, баруун гарын ядам хуруун дахь бөгжийг хүч хэрэглэж дээрэмдэн авсан,

- Шүүгдэгч Д.А- нь Г.Б-тай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр ахуй үйлчилгээний автобусны буудал дээр иргэн Ж.Б-ы гар утас, баруун гарын ядам хуруун дахь бөгжийг хүч хэрэглэж дээрэмдэн авсан,

- Мөн Д.А- нь Г.Б-тай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр ахуй үйлчилгээний автобусны буудал дээр иргэн Ж.Б-ы гар утас, баруун гарын ядам хуруун дахь бөгжийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа түүнийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, 2 нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины шарх, зүүн нүдний доод зовхины шарх, зүүн чихний дэлбэнд, зүүн бугалгын цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б-шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 23 цагийн үед Б- гэх найзтайгаа гараад нэг газар пиво уугаад сууж байгаад “+25” баарлуу алхаад модны хоёрын замаар уруудаад явж байхад Энэбишийн хөшөөний сандал дээр хохирогч Б- ойр хавийн хүмүүстэй маргалдах гэж байгаа юм шиг орилоод байсан. Би яасан бэ ахаа гэж асуугаад хажууд нь очсон чинь чамд хамаагүй пизда минь гээд намайг цохисон. Би тэгэхээр нь буцаагаад хоёр удаа цохиод зууралдаад байж байтал найз Б- ирээд хохирогчийн утсыг нь бөгжтэй нь авсан. Би утсыг нь Б-ас аваад тухайн газраас доошоо уруудаад найзтайгаа уулзтал Б- гэнэт алга болсон байсан. Би найзтайгаа уулзчихаад гэртээ очоод амарсан. Маргааш нь би Б-ас нөгөө бөгжөө яасан гэж асуутал Б- бөгж байхгүй гэсэн. Тэрнээс хойш 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагийн үед Нийслэлийн цагдаагийн газраас дуудаад Оргил гэх хүнтэй уулзаад Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтэс рүү ирээд байцаалт өгсөн. Улмаар 48 цаг хоригдоод 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цагт гараад тэрнээс хойшоо цагаа бүртгүүлж байгаа” гэв.

Шүүгдэгч Д.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 04-ний шөнө 22 цаг өнгөрч байсан. Найз А-тай “+25” бааранд орох гээд Гандангаас доошоо уруудаад модны хоёр орох замд Энэбишийн хөшөөний сандал дээр хохирогч орилоод сууж байсан. Манай найз надад хэлэлгүй хохирогчийн сууж байсан газар луу яваад өгсөн байсан. Би сүүлд очиход хохирогчтой А- маргалдсан байсан. Хохирогчийн хамраас цус гарсан байсан. Би тэр зодооныг болиулах явцдаа хохирогчийн ядам хуруун дахь бөгжийг авсан. Харин утсыг нь би аваагүй. 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр цагдаа дээр баригдаж очихдоо утсыг харсан. Би бөгжийг нь аваад зугтаасан зүйл байхгүй. Баар орох замдаа нэг найзтай нь таарсан. Би тухайн үед бие засах гээд байрны араар ороод тэндээ унтсан байсан. Шөнө 04 цаг өнгөрөөд гэртээ харьсан. Мөрдөн байцаалтын явцад цаг тухайд бүртгүүлдэг байсан” гэв.

Хохирогч Ж.Б-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2019 оны 8 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө ажлыхантайгаа бааранд сууж байгаад би түрүүлээд гарсан. Гэртээ харих гээд такси барих гээд зогстол такси баригдаагүй. Тэгээд Энэбишийн хөшөөний урд сандал дээр сууж байгаад хоёр хүн өөдөөс хараад байхаар нь такси бариад өгөөч гэж хэлээд сууж байтал нэг залуу урдаас ирсэн. Тэгээд тэр залууд такси бариад өгөөч гэж хэлж байсан санагдаж байна. Тэгээд босоод явтал араас татаад 2 удаа цохисон. Тэгээд сүүлд харахад хоёулаа болсон байсан. Гар утас, бөгжөө алдсан. Түүнийгээ авсан. Эрүүл мэндийн хохирлоо барагдуулбал гомдол саналгүй. 1.490.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Ж.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ажлын хүмүүстэйгээ Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “Элбэг” их дэлгүүрийн урд талд “Евро лоунж караоке”-д оройн 19 цагийн үед орсон. Тэгээд тэндээ хамт явсан хүмүүстэйгээ хамт 2 шил архи уусан юм. 00:00 цагийн үед гараад “Элбэг” их дэлгүүрийн урд талаас такси барих гээд зогсож байтал гэнэт араас нэг хүн намайг цохисон. Тэгээд би жоохон согтуу байсан учраас шууд газар унасан. Тэгээд босоод ирэхэд 2 залуу миний нүүр рүү цохиод миний халаасанд байсан ногоон өнгийн 2 сим ордог нокиа маркийн гар утас, мөн миний баруун гарын ядам хуруунд байсан монетон бөгжийг аваад зугтаагаад явсан. Тэр үед миний нүүрнээс цус гараад байсан болохоор би араас нь хөөж чадаагүй. ...тэгээд би маргааш өглөө нь босч чадахгүй байсан. Тийм учраас манай эхнэр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. ...Миний зүүн нүдний дотор талын ухархайн яс цөмөрсөн байсан. Мөн 2 нүд хавдсан, хамар гэмтсэн байсан. Маргааш өглөө нь ГССҮТ-д үзүүлж тархины томографик хийлгэж 2019 оны 8 дугаар сарын 05-наас 13-ны өдөр хүртэл Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9/,

Гэрч Б.М-мөрдөн байцаалтад өгсөн: “...А- гэх залуу надтай юм ярьж сууж байгаад надад ийм өнгийн утас байгаа гээд ногоон өнгөтэй нокиа маркийн 2 сим ордог гар утас өгсөн. Тэгэхээр нь би авахгүй гэхэд зүгээрээ энэ утсыг барьчих гээд миний гадуур хувцасны халаасанд хийгээд надад утасныхаа дугаарыг хэлээд, дугаар авахаараа яриарай гээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/,

Гэрч М.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 23 цагийн орчимд өөрийн найз М- хамт Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 нэртэй бааранд орж үйлчлүүлсэн. Тэгээд бид хоёр бааран дотор А- гэх 20-25 орчим насны эрэгтэйтэй танилцсан. Тэгээд А- бид 3 тус бааранд үйлчлүүлж байгаад 03 цагийн орчимд хамт гарсан. Тэгээд бид 3 хамт баарнаас гараад, хамт такси бариад Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 54-р байрны гадна очоод бид 3 таксинаас буугаад, түрүүлээд 57-р байр луу гэрлүүгээ орсон. Тэгээд гэртээ орж амарсан. Тэр өдрөөс хойш 3 хоногийн дараа би өөрийн гар утсаа алдсан. Тэгтэл манай найз М- надад нокиа маркийн, ногоон өнгийн, жижиг, товчлууртай, 2 сим ордог гар утас өгсөн. Тэгээд тэр гар утсыг М- надад өгөхдөө 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр бааранд танилцсан А- гэх залуу надад өгсөн гэж хэлсэн байсан. Тэгээд би тухайн гар утсыг ашиглаж байтал цагдаагийн газраас намайг дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 21/,

Шинжээчийн 9551 тоот дүгнэлтэд: “...Ж.Б-ы биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, 2 нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины шарх, зүүн чихний дэлбэн, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боложмтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 36/,

Яллагдагчаар Г.Б-мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 8 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө өөрийн найз А-тай хамт Гандангийн биллъяарданд орж архи, пиво ууж байгаад модны хоёрын +25 баар руу орохоор явсан. Тэгээд хорооллын замын голд байдаг хөшөөний ойролцоо явж байтал тус хөшөөний хажуу талын сандалд согтуу эрэгтэй хүн сууж байсан. Тэгтэл А- зам гарч тэр согтуу эрэгтэй дээр очиж муудалцсан. Тэгээд А- тэр эрэгтэйтэй муудалцаж байгаад тэр эрэгтэйг цохиж зодсон. Би тэр хоёр дээр яваад очиход тэр хоёр хоорондоо заамдалцан зууралдаж байсан. Тэгэхэд нөгөө согтуу эрэгтэйгийн гарт бөгж харагдсан. Тэгээд би гарнаас нь тус бөгжийг тайлж аваад халаасандаа хийсэн. Тэгээд бид хоёр нөгөө эрэгтэйг байсан газар нь үлдээгээд +25 баар руу явж байтал А- таньдаг хүнтэйгээ тааралдаж, юм яриад зогссон. Тэгээд би алмааз баарны ард талд ороод унтчихсан. Үүрээр 04 цаг болж байх үед сэрсэн. Тэгээд би сэрээд гэртээ харьж амарч байгаад орой 18 цаг өнгөрч байх үед гэрээсээ гараад гандангийн биллъяардны газар очиход А- байж байсан. Тэгээд А- чи өчигдөр бөгжөө аваад муриад алга болчих юмаа гээд бөгжөө яасан гэж асуусан. Тэгэхээр нь би нөгөө бөгж чинь мөнгөн бөгж байна лээ би амандаа хийж явж байгаад хаячихсан гэж хэлсэн. ...би бөгжөө өөрөө 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Lucky нэртэй ломбарданд 200.000 төгрөгийн барьцаанд тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19, 57/,

Яллагдагчаар Д.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд би нөгөө ахыг сандал дээр сууж байхад нь нүүр хэсгийн зүүн талд нь баруун гараараа хоёр удаа цохисон. ...Б- тэр ахын гар утас, баруун гарын ядам хуруунд байсан бөгжийг сугалж авч байгаа нь харагдсан. ...Б-ас нөгөө ахаас дээрэмдсэн утсаа өгчих гээд ногоон өнгийн нокиа маркийн гар утсыг авсан. Б- надад хэлэхдээ нөгөө бөгж чинь монетон бөгж байна лээ. Би тэр бөгжийг 200.000 төгрөгөөр ломбарданд тавиад мөнгөөр нь архи уучихсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 24,62/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, эд зүйл түр хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 4/, Эд зүйлийн үнэлгээ /хх-н 29-31/, шүүгдэгч Д.А-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 66, 84/, шүүгдэгч Г.Б-хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 67, 69-74, 76, 78-79, 85-86, 105-110/, хохирлын баримтууд /хх-н 92-101/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Г.Б- нь Д.А-тай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр ахуй үйлчилгээний автобусны буудал дээр иргэн Ж.Б-ы гар утас, баруун гарын ядам хуруун дахь бөгжийг хүч хэрэглэж дээрэмдэн авсан,

- Шүүгдэгч Д.А- нь Г.Б-тай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр ахуй үйлчилгээний автобусны буудал дээр иргэн Ж.Б-ы гар утас, баруун гарын ядам хуруун дахь бөгжийг хүч хэрэглэж дээрэмдэн авсан,

- Мөн Д.А- нь Г.Б-тай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр ахуй үйлчилгээний автобусны буудал дээр иргэн Ж.Б-ы гар утас, баруун гарын ядам хуруун дахь бөгжийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа зодож эрүүл мэндэд нь биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, 2 нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины шарх, зүүн нүдний доод зовхины шарх, зүүн чихний дэлбэнд, зүүн бугалгын цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ж.Б-ы: “...00:00 цагийн үед гараад “Элбэг” их дэлгүүрийн урд талаас такси барих гээд зогсож байтал гэнэт араас нэг хүн намайг цохисон. Тэгээд би жоохон согтуу байсан учраас шууд газар унасан. Тэгээд босоод ирэхэд 2 залуу миний нүүр рүү цохиод миний халаасанд байсан ногоон өнгийн 2 сим ордог нокиа маркийн гар утас, мөн миний баруун гарын ядам хуруунд байсан монетон бөгжийг аваад зугтаагаад явсан. Тэр үед миний нүүрнээс цус гараад байсан болохоор би араас нь хөөж чадаагүй. ...тэгээд би маргааш өглөө нь босч чадахгүй байсан. Тийм учраас манай эхнэр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. ...Миний зүүн нүдний дотор талын ухархайн яс цөмөрсөн байсан мөн 2 нүд хавдсан, хамар гэмтсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9/, гэрч Б.М-: “...А- гэх залуу надтай юм ярьж сууж байгаад надад ийм өнгийн утас байгаа гээд ногоон өнгөтэй нокиа маркийн 2 сим ордог гар утас өгсөн. Тэгэхээр нь би авахгүй гэхэд зүгээрээ энэ утсыг барьчих гээд миний гадуур хувцасны халаасанд хийгээд надад утасныхаа дугаарыг хэлээд, дугаар авахаараа яриарай гээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/, гэрч М.Б-ийн: “...би өөрийн гар утсаа алдсан. Тэгтэл манай найз М- надад нокиа маркийн, ногоон өнгийн, жижиг, товчлууртай, 2 сим ордог гар утас өгсөн. Тэгээд тэр гар утсыг М- надад өгөхдөө 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр бааранд танилцсан А- гэх залуу надад өгсөн гэж хэлсэн байсан. Тэгээд би тухайн гар утсыг ашиглаж байтал цагдаагийн газраас намайг дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 21/, шинжээчийн 9551 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Б-өмгөөлөгчийн “шүүгдэгч Г.Б- нь хохирогчийн бөгжийг хүч хэрэглэхгүйгээр авсан нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.А- нь хохирогч Ж.Б-ыг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан довтолсон үйлдлийг хийх явцад нь шүүгдэгч Г.Б- нь Д.А-тай бүлэглэн хохирогчийн гар утас болон хуруунд байсан бөгжийг тайлж авсан нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.Б-, Д.А- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн,

Шүүгдэгч Д.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б-, Д.А- нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Д.А- нь хохирогч Ж.Б-ы эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг үйлдэх явцдаа түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б-, Д.А- нар нь урьдчилан үгсэж тохироогүй боловч хохирогчийн гар утас болон бөгжийг үйлдлээрээ санаатай нэгдэж авсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.А-, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Б-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9551 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас 350.945 төгрөгийн баримтыг тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзсэн бөгөөд 350.945 төгрөгийг шүүгдэгч Д.А-аас гаргуулж хохирогч Ж.Б-д олгох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан ба хохирол төлөх талаар шүүгдэгч Д.А-ын өмгөөлөгч ажлын 4 хоногийн завсарлага авч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэх үед шүүгдэгч Д.А-аас хохирогч Ж.Б-д 400.000 төгрөг төлсөн баримт гаргаж өгсөн болохыг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас Энхэс компаниас эм, тариа авсан гэх 1.134.800 төгрөгийн баримт нь хохирлын баримтын шаардлага хангахгүй, эм зүйчийн гарын үсэг байхгүй,  хэн гэдэг хүн, яг тухайн төрлийн эм тариа авсаныг нотолж чадахгүй байх тул хохирогч баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт дээрэмдүүлсэн гар утас болон бөгжөө буцаан авсан гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Г.Баттулгыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Г.Б-, Д.А- нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.А- тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Г.Б- нь учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 жил 6 сар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх, шүүгдэгч Г.Б-өмгөөлөгч хорих ялын доод хэмжээг, шүүгдэгч Д.А-ын өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар дээрмийн гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан шүүгдэгч Д.А-, Г.Б- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг, шүүгдэгч Д.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг тус тус оногдуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоног хорих ялд шилжүүлэн тооцсон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-, Г.Б- нарт шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Д.А-ын урьд цагдан хоригдсон 34 хоног, Г.Б-урьд цагдан хоригдсон 51 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Б-, Д.А- нарыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд,

              - Шүүгдэгч Д.А-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-, Д.А- нарыг тус тус 02 жил хорих ялаар,

              - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял буюу 30 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 02 жил 30 хоногийн хугацаагаар тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 02 жил хорих ял, шүүгдэгч Д.А-т оногдуулсан 02 жил 30 хоногийн хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Г.Б-цагдан хоригдсон 51 хоног, шүүгдэгч Д.А-ын цагдан хоригдсон 34 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч Г.Б- нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
  5. Хохирогч Ж.Б- нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-, Д.А- нарт цагдан хорих арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР