Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 66

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: Н.Энхболд,

Хохирогч: Б.У-,

Гэрч: Э.Б-,

Шүүгдэгч: Л.Т-, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Т-ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805057361185 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л.Т-, 1996 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Сэргээгдэх эрчим хүчний инженер мэргэжилтэй, Хөшигтийн хөндийн нарны цахилгаан станцад туслах инженер ажилтай, ам бүл 2, эхийн хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Л.Т- нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гоёхон” бааранд иргэн Б.У-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  Л.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай найз охины ангийхан сүнсний баяр тэмдэглэсэн бөгөөд энэ үед би найз охиноо авахаар очсон. Тэдний ангийнхан орой 11 цагаас ангийн хүүхэд нь ажиллуулдаг гэх “Гоёхон” пабад орцгоосон байсан. Тус пабад сууж байгаад гадаа тамхи татахаар гарахад хохирогч У-г хэдэн залуучууд хоргоосон байдалтайгаар зогсож байсан. Би буцаж орж ирээд найз охиндоо “танай ангийн охиныг гадаа хэдэн залуучууд хоргоогоод” байна гээд хэлж байтал У- уйлчихсан байдалтай, нүдний будаг нь урсаж, уруулын будаг нь хацарт нь наалдсан байдалтай байсан. Тэгээд манай найз охин бид хоёрын хажууд суугаад манай найз охинтой юм ярьж суусан. Энэ үедээ У- манай найз охинд хандан “би чамайг прокурор болгоод өгөх үү” гэх зэргээр ярьж байсан нь огт таалагдаагүй. Үүний дараа манай найз охин бид хоёрын дунд бага зэргийн маргаан гарсан. Би найз охиноо “явъя” гэтэл манай найз охин жоохон зөрүүдэлсэн. Би явах гээд зогсож байтал У- хажуунаас ирээд намайг түлхэн “чи зайлаач ээ, найз охин чинь чамайг яв гэж байна шүү дээ” гэхэд би тоогоогүй. Миний зүүн гарнаас татаад “чи зайлаач ээ” гээд ёс бус үг хэлсэн. Энэ үед нь би уурлаад зүүн гараа татаад авсан. Тэгэхэд У- унасан. Тухайн пабыг ажиллуулдаг Б- гэх охин “У- чи болиоч ээ” гэж байсан. Энэ үед У- босч ирээд над руу дайраад байсан тул би цаана нь 5-10 минут сууж байтал тэдний ангийхан “за за гарцгаая” гэж байсан. Би найз охин болон найз охиныхоо дүүг дагуулаад тэндээс гарсан...” гэв.

Хохирогч Б.У-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө энэ хэрэг гарсан. Тухайн үед “Гоёхон” пабад ангийнхаа хэсэг бүлэг хүүхдүүдтэй хамт байж байтал Б-гийн нөхөр Т- ирсэн. Бид нар ширээнд суугаад юм ярьж байтал Б-, Т- хоёр хоорондоо маргалдсан. Хардалтын шинжтэй байсан. Сүүлдээ чимхэх түлхэх зэргээр маргаан нь томорсон. Энэ үед нь би найз Б-г өмөөрч Т-тай муудалцсан. Тэгэхэд эхлээд намайг шанаадаж унагаагаад, дараа чи яаж байна аа гээд цамцны малгайнаас нь таттал зайлаач гээд намайг түлхэж унагаасан. Унахдаа би текний булан мөргөж унасан. Уначихаад газарт 2-3 минут орчим толгой манараад сууж байхад цаанаас хэдэн залуучууд чи эмэгтэй хүнийг яаж байнаа гэхэд Т- найз охиноо дагуулан зугтаж гарсан. Т- намайг татаж босгоогүй, миний нүүр царай руу ч хараагүй...” гэв.

Гэрч Э.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Анх пабад 20-оод хүн орсон. Энэ үед У- байхгүй байсан бөгөөд бид нарыг гарахын өмнөхөн орж ирсэн. Бид нар пабын текний ойролцоо нэг урт ширээнд сууж байсан. Энэ үед Т- бид хоёр утаснаас болж бага зэрэг үл ойлголцсон бөгөөд би Т-ыг “яв яв” гэхэд манай найз залуу босоод явах гэтэл хойноос нь У- “чамайг яв гэж байна шүү дээ, зайлаач” гэх зэргээр хэлсэн. Тэгснээ нөгөө талд нь гараад цамцнаас нь татаад чамайг “яв гэж байна” гэж байсан. Т-ын тухайд У-г цохиж зодсон асуудал гаргаагүй. Гараа татах үед нь У- газар унасан” гэв.

Хохирогч Б.У-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ангийхантайгаа хамт сүнсний баяр тэмдэглээд ангийн охин Бямбасүрэнгийн ажиллуулдаг “Гоёхон” пабад орцгоосон. Тэгээд сууж байгаад гадагш гарч хүнтэй уулзаад эргээд орж иртэл Б-гийн найз залуу ирчихсэн сууж байсан.  Уг нь гайгүй яриа хөөрөөн болоод сууж байснаа найз охинтойгоо маргалдаж муудалцаад байхаар нь гайгүй болох байх гээд нэг хэсэг жаахан харсан боловч дуугаа өндөрсгөөд Б-д агсрах шинжтэй байхаар нь “чи ингээд аятайхан явчих аа” гэж хэлэхэд “тэр чамд ямар хамаатай юм бэ” гээд уурлаж байснаа муудалцаад би гарах гээд суудлаас бостол тэр залуу босож ирээд миний баруун талын нүдний доод хэсэг рүү гараа атгаж байгаад цохиж унагаасан. Би газар унаад эргэж босож ирээд “чи яаж байгаа юм бэ” гээд тэр залуугийн цамцны малгайнаас нь таттал миний цээж рүү хүчтэй түлхтэл би нэг юманд бүдрээд газар унасан, унахдаа духаараа юм мөргөж унасан. Тэр үед нөгөө ширээн дээр сууж байсан танихгүй залуус “чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ” гэхэд түүний найз Б- нь гарнаас нь татаад аваад гүйгээд гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 4, 09-10/,

Гэрч Э.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд Бямбасүрэнгийн ажиллуулдаг гэх “Гоёхон” паб руу ангиараа явсан. Тэнд ороод байж байтал бид нарын араас Б- нөхөр Т- бас дүүгийн хамт ирсэн. Ингээд бид нар ярьж сууж байтал Б-, Т- 2 ширээний ард сууж байгаад гэнэт маргалдаж муудалцсан бөгөөд Т- босож ирээд хувцсаа өмсөхөөр нь У- “хөөе чи болиоч” гэж хэлээд түүний хувцаснаас хойш татсан бөгөөд Т-, У- руу эргэн хараад гараараа түүнийг цохьчихсон. Тэгтэл У- шалан дээр уначихсан. Тэд нарыг явсны дараа У-г хартал түүний баруун талын шанаа болон хацар нь зулгараад улайсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 29/,

Гэрч Б.З-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б- нөхөртэйгээ муудалцаад тэгтэл У-, Б-г өмөөрөөд маргалдсан. Тэгээд Б-гийн нөхөр болох Т- явахаар болоод гадуур хувцсаа өмссөн бөгөөд У- малгайнаас нь татахад тэр арагш эргэн хараад уурлаад их хүчтэй түүнийг цохьсон. Тэгтэл У- эрчинд нь газар унасан бөгөөд босож ирээд маш их уйлж Т- руу дайрахаар нь би тэр 2-ын голоор орж салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 30-31/,

Гэрч Э.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Т- ямар лайтай гээд гараа хүчтэй угз татсан. Тэгтэл У- газар унасан бөгөөд Зулцэцэг, У-г татаж босгосон...” гэсэн мэдүүлэг /хх-н 33-34/,

Шинжээчийн 13233 тоот дүгнэлтэд: “...Б.У-гийн биед тархи доргилт, баруун хацар, зовхинд зулгаралт, духанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, сарвуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 12/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирлын баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 36-39/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь хохирогч Б.У-г зодож гэмтэл учруулаагүй гэж мэдүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, тухайн үед байсан гэрч нараас мэдүүлэг авахуулах тухай санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Л.Т- нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гоёхон” бааранд өөрийн найз Э.Б-тай маргалдах явцад нь тэднийг салгаж, яв гэж хэлсэн Б.У-г цохих, түлхэж унагаах ззргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч Б.У-гийн: “...гадагш гарч хүнтэй уулзаад эргээд орж иртэл Б-гийн найз залуу ирчихсэн сууж байсан.  Уг нь гайгүй яриа хөөрөөн болоод сууж байснаа найз охинтойгоо маргалдаж муудалцаад байхаар нь гайгүй болох байх гээд нэг хэсэг жаахан харсан боловч дуугаа өндөрсгөөд Б-д агсрах шинжтэй байхаар нь “чи ингээд аятайхан явчих аа” гэж хэлэхэд “тэр чамд ямар хамаатай юм бэ” гээд уурлаж байснаа муудалцаад би гарах гээд суудлаас бостол тэр залуу босож ирээд миний баруун талын нүдний доод хэсэг рүү гараа атгаж байгаад цохиж унагаасан. Би газар унаад эргэж босож ирээд “чи яаж байгаа юм бэ” гээд тэр залуугийн цамцны малгайнаас нь таттал миний цээж рүү хүчтэй түлхтэл би нэг юманд бүдрээд газар унасан, унахдаа духаараа юм мөргөж унасан....” гэсэн мэдүүлэг /хх-н 4, 09-10/, гэрч Э.Ц-гийн: “...Б-, Т- 2 ширээний ард сууж байгаад гэнэт маргалдаж муудалцсан бөгөөд Т- босож ирээд хувцсаа өмсөхөөр нь У- “хөөе чи болиоч” гэж хэлээд түүний хувцаснаас хойш татсан бөгөөд Т- У- руу эргэн хараад гараараа түүнийг цохьчихсон. Тэгтэл У- пельтан шалан дээр уначихсан. Тэд нарыг явсны дараа У-г хартал түүний баруун талын шанаа болон хацар нь зулгараад улайсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 29/, гэрч Б.З-ийн: “...Б-гийн нөхөр болох Т- явахаар болоод гадуур хувцсаа өмссөн бөгөөд У- малгайнаас нь татахад тэр арагш эргэн хараад уурлаад их хүчтэй түүнийг цохьсон. Тэгтэл У- эрчинд нь газар унасан бөгөөд босож ирээд маш их уйлж Т- руу дайрахаар нь би тэр 2-ын голоор орж салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 30-31/, гэрч Э.Б-гийн: “...Т- ямар лайтай юм гээд гараа хүчтэй угз татсан. Тэгтэл У- газар унасан бөгөөд Зулцэцэг У-г татаж босгосон...” гэсэн мэдүүлэг /хх-н 33-34/, шинжээчийн 13233  тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч болон хохирогч Б.У- нарын хооронд маргалдах болон хохирогчийг цохьсон, түлэж унагаасан үйлдлээс өмнө хохирогч нь нүүрэндээ ямар нэгэн гэмтэлгүй байсан нь хохирогч, гэрчүүд, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр нотлогдсон байна.

Хохирогч шүүгдэгч нарын хооронд маргаан болсон, шүүгдэгч нь хохирогчийг түлхэж унагаасан үйл баримт болсон нь хангалттай тогтоогдсон. Шүүгдэгч, гэрч Э.Б- нарын мэдүүлгээр шүүгдэгч нь хохирогчийг боль гээд угз татахад унасан гэж, хохирогч, гэрч Э.Ц-, Б.З- нарын мэдүүлгүүдээр хохирогчийг шүүгдэгч цохьсон, түлхсэн талаар мэдүүлсэн байх тухайн нөхцөлд шүүгдэгч, хохирогч нарын хооронд болсон үйлдлийн улмаас хохирогч нь унасан болох нь мөн тогтоогдсон. 

Тухайн үйл баримтын улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан нь гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Т-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Т- нь хохирогч Б.У-г цохиж, түлхэж унаган бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.У-гийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт баримтаар авагдсан хохирогчийн шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, Компьютер томографийн зураг авахуулсан 120.000 төгрөг, эм тариа, эмчилгээний төлбөр 451.925 төгрөг, нийт 579.925 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч тархины тэжээл буюу “трансфер фактор” нь сүлжээний эм, тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэх эмчийн заавар байхгүй тул хохирлоос хасаж өгнө үү гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хохирогч нь өөрт учирсан гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэх, эм тариа хэрэглэх нь зүй ёсны асуудал бөгөөд эмчийн жоргүй гэсэн үндэслэлээр түүний өөрт учирсан гэмтэлийн улмаас авч хэрэглэсэн эмийг хохирлоос хасах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Л.Т-ыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох, шүүгдэгчийн өмгөөлөгч торгуулийн ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргасан ба шүүх шүүгдэгч Л.Т-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Л.Т-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т-ыг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т-аас 579.925 төгрөг гаргуулж хохирогч Б.У-д олгосугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Т-ад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ч.ОТГОНБАЯР