Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 68

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

Улсын яллагч: Г.Билгүүжин,

Шүүгдэгч: П.Э-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Э-од холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905012870337 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, П.Э-, 1973 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа гутал засдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .... тоот регистртэй,

Шүүгдэгч П.Э-нь 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 3 дугаар сарын 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр баруун 4 замын автобусны буудал дээр байрлах гутал засварын газарт иргэн Ж.Н-тэй маргалдан улмаар гутал оёдог тэвэнгээр хатгаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Ж.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 09-ний орой 21 цагийн үед ажлаа тараад хамт ажилладаг Т-ын төрсөн өдөр болоод Хүүхдийн 100-д бааранд 1 шил 0.75 литрийн архи хоёулаа хувааж уусан. Тэгээд Т-ыг таксинд суулгаад би замдаа баруун дөрвөн зам дээр байрлах гутал засварын газарт найз Э- дээр очсон. Тэгээд бид хоёр гаднаас хүний хоёр, хоёр пиво аваад хөзөр тоглосон. Тэгээд Э- тоглож байгаад надад хожигдоод уурлаад байсан. Тухайн үед бид хоёр хүний 20.000 төгрөг гаргаад тоглож байгаад би хожсон мөнгөө ширээн дээрээс авсан. Тэгсэн Э- уурлаад “чи яахаараа хождог юм” гээд багажнаасаа отверк гаргаж ирээд өмсөж байсан куртик руу хатгаад байхаар нь “чи юугаар хатгаж байгаа юм бэ” гэхэд багажнаасаа шөвөг гаргаж ирээд миний зүүн гарын ар хэсэг рүү 4 удаа, зүүн гуя руу 4 удаа хатгасан. Тэгэхээр нь би мөнгийг нь буцааж өгөөд цагдаагийн 102-т дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/,

Шинжээчийн 3204 тоот дүгнэлтэд: “...Ж.Н-гийн биед зүүн сарвуу, зүүн гуянд хатгагдсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 15 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна. Дээрх гэмтэл нь 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хх-н 17/,

Сэжигтэн, яллагдагчаар П.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд бид хоёр үлдсэн пивоо хувааж уугаад хоорондоо бооцоотой хөзөр тоглосон. Тэгээд Н- надад хожигдоод бооцооны мөнгө надаас булаагаад авахаар нь би уурлаад “мөнгө өг” гэхэд “өгөхгүй” гээд байсан. Тэгэхээр нь лангууны ард байсан гутал оёдог тэвэн аваад зүүн гуя руу нь 2 удаа хатгасан. Тэгэхэд Н- надаас авсан 200.000 төгрөгөө буцааж өгсөн. ...Тухайн үед хохирогч Н-гийн биед учирсан гэмтлийг би учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25, 29-30/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 7/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 34-57/, хохирогчийн хүсэлт /хх-н 62/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч П.Э-нь 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 3 дугаар сарын 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр баруун 4 замын автобусны буудал дээр байрлах гутал засварын газарт иргэн Ж.Н-тэй маргалдан улмаар гутал оёдог тэвэнгээр хатгаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ж.Н-гийн: “...Э- тоглож байгаад надад хожигдоод уурлаад байсан. Тухайн үед бид хоёр хүний 20.000 төгрөг гаргаад тоглож байгаад би хожсон мөнгөө ширээн дээрээс авсан. Тэгээд Э- уурлаад “чи яахаараа хождог юм” гээд багажнаасаа отверк гаргаж ирээд өмсөж байсан куртик руу хатгаад байхаар нь “чи юугаар хатгаж байгаа юм бэ” гэхэд багажнаасаа шөвөг гаргаж ирээд миний зүүн гарын ар хэсэг рүү 4 удаа, зүүн гуя руу 4 удаа хатгасан. Тэгэхээр нь би мөнгийг нь буцааж өгөөд цагдаагийн 102-т дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/, шинжээчийн 3204 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч П.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч П.Э-нь хохирогч Ж.Н-г мөнгө авлаа гэх шалтгаанаар гутал оёдог тэвэнгээр хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх-н 62/ бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч П.Э-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 475 нэгж буюу 475.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж гутал оёдог тэвэнг  тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

          Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч П.Э-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-ыг 475 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 475.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гутал оёдог тэвэнг тогтоол хүчин төгөлдөр болмогц устагасугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Э-од хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР