Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 109

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

Хохирогчийн төлөөлөгч: Т.Д-, түүний өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн,

Гэрч: И.Э-,

Шүүгдэгч И.Д-, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт И.Д-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805031640830 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, И.Д-,  1967 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нярав, бараа судлаач мэргэжилтэй, Хүрээ амаржих газарт асрагч ажилтай, ам бүл 4, хүү, охин, зээгийн хамт .... тоот регистртэй,

Шүүгдэгч И.Д- нь 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо “Цоглог” хотхон 201-130 тоотоос хадам дүү Т.С-итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох шкаф, буйдан, ширээ, ор, тоглуулагч зэрэг гэрийн тавилгуудыг завшиж 2.493.545 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч И.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Улсын яллагчийн яллах дүгнэлтэд зарим зүйлийг буруу бичсэн байна. Намайг хөлсний байранд амьдарч, гэр оронгүй юм чинь энэ байранд амьдар гэж хэлсэн гэж байна. Хадам ээж “бид Америк улс руу явах боллоо, та нар энэ байранд ирж амьдар” гэсэн. Би дүүгийн байранд амьдрах сонирхолгүй байсан. Би хүнд зээлсэн мөнгөнийхөө хүүнд нь үнэгүй байранд сууж байсан. Би өөрөө бүрэн тавилгатай байранд амьдарч байсан. Тэгээд манай нөхөр гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн. Т.С-Америк улс руу явсны дараа хадам ээж надад хүлээлгэн өгч, та нар зүгээр амьдар гээд үлдээсэн. Тэгсэн мөртлөө одоо 650.000 төгрөгөөр хөлслөх гэж байсан байрандаа үлдээсэн гэж байгааг ойлгохгүй байна. Хохирогчийн төлөөлөгчийн дүү, миний нөхөр огт ажил хийдэггүй. Яагаад байрныхаа мөнгө төгрөгийг дүүгээсээ нэхэмжилж болдоггүй юм бэ, энэ хүний дүү нь 14 жил архи ууж байна. Би ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж, ар гэрээ авч явж байна. Ганзул өнөөдөр шүүх хуралд ирэх ёстой байсан ч миний эгч намайг мэдүүлэг өгвөл эгч дүүгийн холбоо тасарна гэсэн гээд өчигдөр архи уугаад эрүүлжүүлэхэд орсон байна. Энэ бол зөвхөн тавилгатай холбоотой бус өс хонзонгийн зүйл явагдаад байна. Үүнийг би гайхаж байна. Тавилганууд хуучин байсан. Одоо зах зээл дээр зарсан гээд байгаа тавилгуудтай адил тавилгууд шинэ нь 900.000 гэж байна. Гэтэл үнэлгээ хэт өндөр гарсан тул үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүмүүсийн байранд би дураараа ирж суугаагүй. Энэ тавилгуудыг бид авахгүй та нарт өгч байна гэж аман хэлцэл хийчихээд дараа нь нэхэмжилж байгааг гайхаж байна. Үнэхээр хүний хэрэгцээнээс гарсан зүйл байсан. Тийм зүйлийг маш өндөр үнээр нэхэмжилж байгаад гомдолтой байна. Зарсан нь миний буруу...” гэв.

Хохирогчийн төлөөлөгч Т.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт өсгөн: “...Энэ тавилга хуучин байгаагүй. Шинэ байранд орсон учраас Мишээлээс шинээр авч байсан. 2 жил хэрэглээд АНУ явсан. Хэрэв элэгдэл хорогдол байвал эдгээр хүмүүс л эвдэж гэмтээсэн байх. Хэргийг хурдан шийдвэрлүүлэх саналтай байна. Иймд хавтаст хэрэгт авагдсан үнийн дүнгээс сиди тоглуулагчийн үнийн дүнг хасаад үлдсэн хэмжээгээр хохирол нэхэмжилж байна...” гэв.

Гэрч И.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өсгөн: “...Би дүүгийндээ 7 хоног хүүхэд харж амьдарч байсан. Энэ үед хуучин тавилганууд байсан. Эх үүсвэрийг нь сайн мэднэ. Манай дүү уг нь Сонгинохайрхан дүүргийн 21 хороололд 1 өрөө байранд амьдарч байсан. Дараа нь хадам ир гээд байна гээд нүүсэн. Тэдгээр тавилгыг хадмууд нь амьдарч бай гээд өгсөн юм байна лээ. Тавилгууд нилээд хуучирч, эвдэрсэн байсан. Би зарим тавилгыг нь засаж байсан...” гэв.

Хохирогчийн төлөөлөгч Т.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний дүү Т.С-АНУ-руу явахдаа ээж Хишигчулуун болон төрсөн ах Ганзул түүний эхнэр Долгорсүрэн нарт үлдээгээд явсан. Миний дүү Т.С-явахдаа бид нарыг дуудаад бүрэн тавилгатай байраа би ахдаа үлдээгээд явъя, ах маань түрээсийн байранд амьдарч байгаа түрээсийн мөнгө төлөхгүйгээр амьдрал ахуйгаа дээшлүүл, харин та нар сарын хэрэглээний зардлаа өөрсдөө төлөөрэй гэж хэлээд үлдээсэн. ...2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр орцны дүрс бичлэгээр гэрээс буруу харсан Г хэлбэрийн буйдан, үүдэнд байсан 3 хэсэг бүхий хаалгатай хувцасны шкаф, унтлагын өрөөнд байсан унтлагын ор, гоо сайхны хэрэглэл тавьдаг тольтой шүүгээ /ширээ/ 4 хэсэг бүхий шургуулгатай /комот/ шүүгээ зэрэг 5 төрлийн тавилгыг аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 35, 139/,

Хохирогч Л.Х-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр тавилгын ченж дуудаад унтлагын ор, орны хажуу талын 2 шүүгээ, гоо сайхны ширээ, гурван нүдтэй шүүгээ, сунадаг буйдан, коридорын угсраа 3 өндөр шүүгээнүүдийг зарсан байсан. ...Энэ Цоглог хотхоны байр миний охин Т.Соёл-Эрдэнийн нэр дээр байгаа байр миний охин АНУ-руу явахдаа Ш.Г- эхнэр И.Д- хоёрт хандаж би сард 650.000 төгрөгөөр түрээслэх бүрэн тавилгатай байраа орхилоо байранд маань түрээс төлөхгүй амьдар гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 30/,

Гэрч Ш.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Төрсөн дүү Т.С-нь Америк улс руу явахаасаа өмнө өөрөө гэртээ амьдарч байхдаа 4 жилийн хугацаандаа тавилгыг ашигласан. Харин дүү явахдаа эхнэр бид хоёрыг сууж бай гээд үлдээсэн. ...Дүү С-нь Америк улс руу явахдаа миний байрыг хараад гэрт амьдарч бай, эд зүйлсийг маань хараад байж байгаарай гэж хэлээд үлдээгээд явсан. Нэг ёсондоо бол итгэмжлэн хариуцуулаад үлдээгээд явсан. ...бүр асуудал шүүхээр орж шийдэгдэнэ, шүүхээр шийдэгдэхэд 2-5 жилийн хорих ялтай байж таарсан. Эхнэр маань ял аваад явчих юм бол надад болон хүүхдүүдэд хэцүү зүйл болно....Ер нь бол зарах ёсгүй байсан. Тэгтэл зарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 144/,

Яллагдагчаар И.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний нөхрийн төрсөн дүү Т.С-2016 онд АНУ-руу суралцахаар явахаар болоод манай нөхөр бид хоёрыг дуудаад та хоёр түрээсийн байранд амьдарч байхын оронд манай гэрт ирээд амьдар гэж хэлээд үлдээсэн. Т.С-АНУ-руу явахдаа гэрийнхээ цахилгаан бараануудаа зараад тавилгануудаа үлдээгээд явсан. Унтлагын өрөөний ор, гоо сайхны ширээ, 3 нүдтэй татдаг хувцасны шүүгээ, том өрөөний буйдан, үүдний хувцасны шкафнуудыг нийтэд нь 450.000 төгрөгөөр худалдсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 46/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 3-7/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 42-43/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 50-59/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхий улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-н 61/, итгэмжлэл /хх-н 68-75, 151-156/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч И.Д- нь 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо “Цоглог” хотхон 201-130 тоотоос хадам дүү Т.С-итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох шкаф, буйдан, ширээ, ор зэрэг гэрийн тавилгануудыг бусдад худалдан завшиж 2.437.545 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн төлөөлөгч Т.Д-ын: “...Миний дүү Т.С-явахдаа бид нарыг дуудаад “бүрэн тавилгатай байраа би ахдаа үлдээгээд явъя ах маань түрээсийн байранд амьдарч байгаа түрээсийн мөнгө төлөхгүйгээр амьдрал ахуйгаа дээшлүүл, харин та нар сарын хэрэглээний зардлаа өөрсдөө төлөөрэй” гэж хэлээд үлдээсэн. ...2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр орцны дүрс бичлэгээр гэрээс буруу харсан Г хэлбэрийн буйдан,  үүдэнд байсан 3 хэсэг бүхий хаалгатай хувцасны шкаф, унтлагын өрөөнд байсан унтлагын ор, гоо сайхны хэрэглэл тавьдаг тольтой шүүгээ /ширээ/ 4 хэсэг бүхий шургуулгатай /комот/ шүүгээ зэрэг 5 төрлийн тавилгыг аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 35, 139/, хохирогч Л.Х-ы: “...2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр тавилгын ченж дуудаад унтлагын ор, орны хажуу талын 2 шүүгээ, гоо сайхны ширээ, гурван нүдтэй шүүгээ, сунадаг буйдан, коридорын угсраа 3 өндөр шүүгээнүүдийг зарсан байсан....” гэсэн мэдүүлэг /хх-н 30/, гэрч Ш.Г-ын: “...Дүү С-нь Америк Улс руу явахдаа миний байрыг хараад гэрт амьдарч байгаа, эд зүйлсийг маань хараад байж байгаарай гэж хэлээд үлдээгээд явсан. Нэг ёсондоо бол итгэмжлэн хариуцуулаад үлдээгээд явсан. ...Ер нь бол зарах ёсгүй байсан. Тэгтэл зарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 144/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 42-43/, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди бичлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нь тухайн тавилгануудыг өөрт нь үнэ төлбөргүй өгсөн, ашиг олох зорилгоор зараагүй, Ш.Г- нь ажил хийдэггүй, архи уудаг учир хүүхдийн төлбөрт зарцуулах зорилгоор зарсан гэж мэдүүлж байгаа боловч шүүгдэгч И.Д- нь тухайн тавилгануудыг зарж борлуулах эрхтэй этгээд биш болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох хохирогчийн төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, эд хөрөнгийн өмчлөгч болох Т.Соёл-Эрдэнийн АНУ-ын элчин сайдын яамаар дамжуулан албан ёсоор ирүүлсэн өргөдөл, итгэмжлэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Түүнчлэн, дээрх орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан хохирогч Л.Х-ы шаардлагын дараа хэн нэгэнд мэдэгдэлгүйгээр хуучин тавилга худалдаж авдаг хүмүүст уг орон сууцанд байсан өөрийнх нь эзэмшлийн бус тавилгуудыг худалдан борлуулсан нь нотлох баримтаар нотлогдлоо.

Шүүгдэгч И.Д-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч И.Д- нь хадам дүү Т.С-итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох шкаф, буйдан, ширээ, ор зэрэг гэрийн тавилгануудыг бусдад зарж 2.437.545 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нь эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй хуучин тавилганууд байсан гэсэн боловч тухайн эд зүйл хуучин өмнө нь хэрэглэж байсан боловч хэрэгт хамааралгүй эд хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий зөвшөөрөлтэй байгууллагын тусгай мэдлэг бүхий шинжээч эд зүйлийн үнэлгээг гаргасан тул тухайн үнэлгээг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй болно.

Хавтаст хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангаар 2.493.545 төгрөгийн үнэлгээ тогтоогдсон байна. Хохирогчийн төлөөлөгч Т.Д- нь ДВД тоглуулагчийг манай дүү өөрөө зарж борлуулсан гэж байгаа тул түүний үнийг нэхэмжлэхгүй гэсэн тул ДВД тоглуулагчийн үнэ болох 56.000 төгрөгийг хасч нийт 2.437.545 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн төлөөлөгч Т.Д- /хохирогч Т.Соёл-Эрдэнэ/ нарт олгохоор шийдвэрлэв.

        Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч И.Д-г гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэг, өрх толгойлсон эмэгтэй тул түүнд 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 02 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч И.Д-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан торгох ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч И.Д- нь Хүрээ амаржих газарт асрагч ажилтай ба түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 02 жилийн хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч И.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч И.Д-г “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч И.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч И.Д-д шүүхээс оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг 02 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг  даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Д-гээс 2.437.545 төгрөг гаргуулж хохирогчийн төлөөлөгч Т.Д- /хохирогч Т.Соёл-Эрдэнэ/ нарт олгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Д-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР