Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 118

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,  

Улсын яллагч: Л.Соёмбо,

Шүүгдэгч: Э.Э-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Э-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805057581213 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Э-, 1990 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .... тоот регистртэй,

Шүүгдэгч Э.Э-нь 2018 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” бааранд иргэн Ж.Б-г цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Э-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хоёр найзын хамт бааранд ороод бүжиглэж байгаад хүнтэй муудалцсан байсан. Би архи ууж чаддаггүй тул амархан согтдог. Нэг мэдэхэд намайг цагдаа аваад явж байсан. Хүн цохьсон байсан. Хохирлоо төлсөн, хийсэн хэрэгтээ харамсаж байна...” гэв.

Хохирогч Д.Ж-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр залуу нэг залуутай маргалдаад зодоон хийчихээд эргээд намайг цохьсон. Миний хамарнаас цус гараад 00-руу явсан. Төгөлдөр тэр залууг аваад баарны үүд рүү гарсан. ...00-ын өрөөнд өөрийгөө харахад хамар мурийсан байсан. Би цохьсон залууг зугтаачих байх гээд 00-ын өрөөнөөс хурдан гараад баарны үүд рүү очиход тэр залуу гарч явах гэж байхаар нь хүзүүдээд дээш өгсөн шат руу оруулаад хориод зогсож байхад цагдаа ирсэн. ...Э-ыг огт танихгүй, согтуу агсам тавьж байгаад намайг хүнтэй андуураад цохьсон. Би тэр залууг цохиогүй. Төгөлдөр, Э-ыг цохьсон зүйл байхгүй байх. ...эмчилгээний зардал мөнгөө бүрэн төлүүлээд авсан. Одоо гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 12/,

Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...намайг 00 ороод тамхины өрөөнд тамхи татаад гарч ирэхэд Э- бүжиглэж байгаад 3 хүнтэй маргалдаад гараад ирсэн. Тэгэхээр нь Э-ыг салгаад баарны үүд рүү аваад гарсан. Хамгаалагч нар салгаад тус тусад нь байлгасан. Баарны үүд хэсэгт байхад нэг эмэгтэй хүн цагдаа дуудсан. Би бас цагдаа руу залгахад эмнэлэг рүү андуураад залгасан байсан. Зодоон маргаан хийсэн хүмүүс хоорондоо эвлэрч байхад цагдаа ирсэн. Цагдаа Э-ыг гавлаад аваад явсан. Зодуулсан хамар нь хугарсан хүн /Бажуна/-г өргөдлөө өг гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 21/,

Шинжээчийн 13210 тоот дүгнэлтэд: “...Ж.Б-гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстад цус хуралт язралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 24/,

Яллагдагчаар Э.Э-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн өдөр “Стелла” бааранд хоёр найзын хамт орсон. Тэгээд 0.75 литрийн архи нэг шилийг уугаад бүжиглэж байгаад тасарсан байсан. Цагдаад гавлуулаад явж байгаад эрүүлжүүлэхэд сэргэсэн. ...би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. ...эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 24/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, Хохирлын баримтууд /хх-н 13-17/, хохирогчийн хүсэлт /хх-н 18/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 29-37/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Э.Э-нь 2018 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” бааранд иргэн Ж.Б-г нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Ж-гийн: “...Тэр залуу нэг залуутай маргалдаад зодоон хийчихээд эргээд намайг цохьсон. ...Э-ыг огт танихгүй, согтуу агсам тавьж байгаад намайг хүнтэй андуураад цохьсон. Би тэр залууг цохиогүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 12/, гэрч Д.Б-ийн: “...намайг 00 ороод тамхины өрөөнд тамхи татаад гарч ирэхэд Э- бүжиглэж байгаад ...3 хүнтэй маргалдаад гараад ирсэн. Тэгэхээр нь Э-ыг салгаад баарны үүд рүү аваад гарсан. ...Цагдаа Э-ыг гавлаад аваад явсан. Зодуулсан хамар нь хугарсан хүн /Бажуна/-г өргөдлөө өг гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 21/, шинжээчийн 13210  тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Э-ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Э-нь хохирогч Ж.Б-г өөртэй нь маргалдсан хүнтэй андууран цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Б-гийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Э.Э-ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь Э.Э-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Э-нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Э-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР