Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 138

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,  

Улсын яллагч: А.Намдаг,

Хохирогч: С.Д-,

Шүүгдэгч: Д.Н-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Н-ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905000200067 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Н-, 1993 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт ....... тоот регистртэй,

Шүүгдэгч Д.Н-нь 2018 оны 12 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө 00 цаг 50 минутын орчим Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны орчим иргэн С.Д-тэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө найз, нөхөр нарын хамт таксинд суух гээд зогсож байтал нэг машин манай нөхрийг шүргэсэн. Юу болж байна аа гэтэл нөгөө машины жолооч цонхоо онгойлгоод зайлаач гэсэн тул хоорондоо маргалдаж манай нөхөр, уг машины жолооч ах хоёр заамдалцаж авсан. Энэ үед жолоочийн эхнэр нь АТМ-ээс гарч ирээд нөхрөө өмөөрсөн. Шалтгаан нөхцөлийг нь огт ойлгоогүй, мэдээгүй байж эцсээ хүртэл нөхрөө өмөөрөөд маргаан үүссэн. Тэгээд цагдаа дуудчихаад хүлээж байтал хохирогч гэх энэ эмэгтэй намайг 2 удаа маш хүчтэйгээр толгой доргитол алгадаад авсан. Миний хувьд хэрэлдсэн нь үнэн. Гэхдээ надад зодоон хийх ямар ч бодол байгаагүй. Гэнэт хүн алгадаад авахад нь өөрийн мэдэлгүй хариу үйлдэл хийж хохирогчийн үсдээд авсан. Цохиж зодсон зүйл огт байхгүй. Үсдээд тавьсан...” гэв.

Хохирогч С.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Би тухайн шөнө шинэ жилийн арга хэмжээ тараад 01 цаг 30 минутад Хаан банкны АТМ-д мөнгөө хийх гээд ирсэн. Нөхөр машин барьж байсан. Би хэдийгээр шинэ жилийн арга хэмжээнд оролцоод явж байсан боловч архи огт хэрэглээгүй байсан. Би төв зам дээр машинаас буугаад АТМ рүү орсон. Би нилээд хэмжээний төгрөгтэй явсан тул АТМ орохоосоо өмнө орчин тойрноо ажиглахад 3 хүн зогсож байсан. АТМ-д мөнгөө хийчихээд гараад иртэл манай нөхөр нэг залуутай заамдалцсан байсан. Юу болов гэтэл эдгээр хүмүүс машины зогсоол дотор зогсчихоод холдохгүй байсан юм байна лээ. Манай нөхөр ирээд сигналдсан, мөн гэрлээрээ дохисон гэсэн. Холдохгүй болохоор нь цонхоороо амьнаасаа уйдаа юу гээд хэлтэл маргаан болсон гэсэн. Намайг гарч ирэхэд машины хаалга онгорхой, энэ хүүхэн танай нөхөр хүн дайрчихлаа гээд орилоод байхаар нь тэгвэл цагдаа дуудаач, яагаад зууралдаад байгаа юм, та нар согтуу байна явцгаа гэхэд Н- намайг харснаа өө нөгөө 21000 шоунд орсон, залилан хийсэн авгай байна гээд орилоод байсан. Би нимгэн хувцастай явсан тул даараад цагдаа хүлээж байх хооронд машиндаа суух гэтэл буугаад ир, явдалтай авгай энэ тэр гээд машинд суулгахгүй дахин дахин хаалга онгойлгоод дээд зэргээр доромжлоод байсан. Би бүр тэсэхээ болиод миний хүүхдүүдээс жоохон хүүхдүүд байна. Миний дүү чи амаа татчих, хэлж байгаа үгээ бод гэтэл өөдөөс доромжлоод байхаар нь эх захаа мэддэггүй юм бэ гээд нэг удаа алгадтал миний үснээс зулгаан, чирээд, намайг цохьсон. Олон удаа цохиж, толгойгоор машины гупер мөргүүлсэн. Энэ үед цагдаа ирсэн. Бид бие биенээ огт танихгүй байж шалтгаангүйгээр дээрэлхэж зодсон нь үнэхээр зэрлэг байсан. Иймд энэ хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү. Залуу хүний алдааг ойлгож болох ч  надаас биеэр ирж огт уучлалт гуйгаагүй. Над руу хэрэг болсноос хойш хоёр сарын дараа ээж нь яриад хүүхдүүдээ өмөөрсөн зүйл хэлсэн. Гэмтэл учирснаа шүүх эмнэлэгт үзүүлж байж мэдсэн. Би ресторан ажиллуулдаг бөгөөд шинэ жилийн эд ачаалалтай үед 7 хоног бариа засалд явсан. Мөн би энэ охиныг алгадсаныхаа төлөө зөрчлийн хуулиар шийтгэгдсэн. Надад энэ хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Хохирогч С.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 10-ны орой баярын арга хэмжээнд нөхрийн хамт орчихоод харих гээд явж байхдаа байгууллагын орлого биед явсан болохоор байгууллагын дансанд хийх гэж банк руу орсон. Гараад иртэл банкны үүдэнд зам дээр зогсож байсан хоёр охин, нэг залуу манай нөхөртэй маргалдчихсан зогсож байсан. ...би машинаасаа буугаад очтол нөгөө гурван хүүхдийн цэнхэр куртиктэй охин намайг элдвээр хэлээд дайраад байхаар нь би эгч хүний үүднээс тэр охиныг нэг удаа хацарт нь алгадсан. Тэр үед нөгөө охин намайг чи муу намайг алгадсан, чи эхлээд хүн зодсон шүү гээд миний үснээс зулгаагаад доош нь дарж байгаад чирээд толгой руу цохиод байсан. ...надад учирсан гэмтлийг хэрэг болсон өдөр цэнхэр куртиктэй байсан охин үснээс зулгааж чирсэн, тэр үед нь би баруун хөлний шагайгаар эвгүй гишгэж гэмтсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/,

Гэрч Э.У-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...нөгөө эгч дахин машинаасаа бууж ирээд манай найз Н-тай маргалдаж байснаа хоёр удаа Н-ыг алгадаад авсан. Тэр үед Н- нөгөө эгчийн үснээс зулгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 25/,

Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...хэл амаар доромжлоод байснаа манай эхнэр Н-ыг алгадаад авахаар нь би нөгөө эгчийг салгаад та яаж байгаа юм бэ гэтэл, нөгөө эгчийн нөхөр нь намайг зуураад холдуулсан. Тэр үед манай эхнэр нөгөө эгчийн үснээс зулгаасан асуудал гаргасан юм шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/,

Гэрч А.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр үед манай эхнэр Хаан банкнаас гарч ирээд намайг танихгүй гурван хүүхэдтэй маргалдаж байгааг хараад надад чи яагаад хүмүүстэй маргаад байгаа юм бэ гээд бид хоёр явах гэтэл, нөгөө хоёр охин, нэг залуу эхнэр бид хоёртой маргалдаад эхэлсэн. ...манай эхнэрийг маргаан хийж байсан хоёр охины нэг болох цэнхэр куртиктэй охин үснээс нь зулгааж ийш, тийш чирсэнээс болоод толгой нь маш их өвдсөн учраас цагдаад хандан шүүх эмнэлэгт үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/,

Шинжээч Ө.Сарангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...хохирогч С.Д-ийн биед учирсан гэмтлүүд нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хохирогчийн үснээс зулгаах 2-3 удаа татах үед тархи доргилт гэмтэл үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-н 39-40/,

Шинжээчийн 64 тоот дүгнэлтэд: “...С.Д-ийн биед тархи доргилт, зүүн хөлийн шагайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 37/,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн сидинд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...хохирогч С.Д- нь сэжигтэн Д.Н-ын зүүн хацар орчим баруун гараараа нэг удаа алгадаад, дахин сэжигтний баруун хацар орчим алгадаж байх ба ...сэжигтэн Д.Н-хохирогч руу дөхөж очоод үснээс нь зулгаах үед улаан куртиктэй сэжигтний нөхөр Энхбатыг өөр нэг бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн татаад сэжигтэн, хохирогч нараас холдуулах үед сэжигтэн Д.Н-нь хохирогч С.Д-ийн үснээс зулгаасан чигээрэй хэд хэдэн удаа нааш, цааш нь татаж байв...” гэсэн тэмдэглэл /хх-н 49-50/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 5/, компьютер томографийн оношлогоо /хх-н 33/, хохирлын баримтууд /хх-н 34-35/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 60-87/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Д.Н-нь 2018 оны 12 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 01 цаг 50 минутын орчим Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны орчим иргэн С.Д-тэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч С.Д-ийн: “...би машинаасаа буугаад очтол нөгөө гурван хүүхдийн цэнхэр куртиктэй охин намайг элдвээр хэлээд дайраад байхаар нь би эгч хүний үүднээс тэр охиныг нэг удаа хацарт нь алгадсан. Тэр үед нөгөө охин намайг чи муу намайг алгадсан, чи эхлээд хүн зодсон шүү гээд миний үснээс зулгаагаад доош нь дарж байгаад чирээд толгой руу цохиод байсан. ...надад учирсан гэмтлийг хэрэг болсон өдөр цэнхэр куртиктэй байсан охин үснээс зулгааж чирсэн, тэр үед нь би баруун хөлний шагайгаар эвгүй гишгэж гэмтсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/, гэрч Э.У-ийн: “...нөгөө эгч дахин машинаасаа бууж ирээд манай найз Н-тай маргалдаж байснаа хоёр удаа Н-ыг алгадаад авсан. Тэр үед Н- нөгөө эгчийн үснээс зулгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 25/, гэрч Б.Э-ын: “...хэл амаар доромжлоод байснаа манай эхнэр Н-ыг алгадаад авахаар нь би нөгөө эгчийг салгаад та яаж байгаа юм бэ гэтэл, нөгөө эгчийн нөхөр нь намайг зуураад холдуулсан. Тэр үед манай эхнэр нөгөө эгчийн үснээс зулагаасан асуудал гаргасан юм шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/, гэрч А.М-ын: “...манай эхнэрийг маргаан хийж байсан хоёр охины нэг болох цэнхэр куртиктэй охин үснээс нь зулгааж ийш, тийш чирсэнээс болоод толгой нь маш их өвдсөн учраас цагдаад хандан шүүх эмнэлэгт үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/, шинжээчийн 64 тоот дүгнэлт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Н-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Н-нь хохирогчтой маргалдан өөрийг нь алгадлаа гэх шалтгаанаар түүний үснээс нь зулгааж, нааш цааш нь татаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Д-ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Д.Н-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь Д.Н-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгч Д.Н-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн оногдуулсан ялын саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Н-нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Н-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР