Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 146

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,  

Улсын яллагч: Г.Билгүүжин,

Хохирогч: Б.Э-,

Шүүгдэгч: С.Б-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905000550052 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.Б-, 1995 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, Дашваанжил ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт ....тоот регистртэй,

Шүүгдэгч С.Б-нь 2018 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” зочид буудал дотор иргэн Б.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирогч намайг хэл амаар доромжилсон бөгөөд мэдүүлэгтээ намайг 2-3 удаа цохьсон гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүн өөрөө эхэлж намайг нэг цохиод би зөрүүлэн нэг цохьсон. Цагдаад дуудлага өгөөгүй, цагдаа уг буудлын 2 давхраас бууж ирж таарсан. Зөрүүтэй байдлаар мэдүүлсэнд гайхаж байна. Түүнээс биш би гэмтэл учруулсандаа гэмшиж байна...” гэв.

Хохирогч Б.Э-ы шүүхийн хэлэлцүүлэгт өсгөн: “...Тухайн өдөр миний төрсөн өдөр болоод би харих гээд явж байтал манай 2 найз намайг буудалд хүрээд ир гээд дуудсан. Тэгээд би “Эрхэс” гэдэг буудалд очиж, найз нарынхаа тооцооны дутуу мөнгийг нь өгөөд зогсож байхдаа хошигноод “гоймон чинь бантан боллоо” гэсэн чинь энэ залуу намайг шууд цохьсон. Тиймээс цагдаад дуудлага өгч удалгүй цагдаа ирсэн. Тухайн буудлын камерын бичлэгт үйл явдал бичигдсэн байсан бөгөөд дуудлагаар ирсэн цагдаа нар гар утсаараа бичлэгийг хуулбарлаж авсан. Миний хувьд шүүгдэгчийг цохьсон зүйлгүй. Харин С.Б- миний нүүр болон зүүн чих рүү нэг, нэг удаа цохьсон. Би урууландаа оёдол тавиулаад иртэл чихнээс цус гараад байсан тул маргааш нь эмнэлэгт үзүүлсэн. Миний нэг шүд хугарч унасан. Эмчилээний зардлаа авмаар байна. Хохирлоо төлвөл надад гомдол байхгүй” гэв.

Хохирогч Б.Э-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр миний төрсөн өдөр болсон. ...Би гэртээ харих гээд явж байхад найз М-, Н- хоёр утсаар залгаад “буудал орох гэсэн чинь мөнгө дутчихлаа” гэж хэлсэн. Би Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрхэс нэртэй зочид буудалд хоёр найз дээрээ яваад очсон, очоод 25.000 төгрөг дутуу байсан тооцоог нь төлөөд зогсож байтал 20 гаран насны эрэгтэй гоймон дэвтээсэн зогсож байсан. Би “гоймон чинь бантан болчихлоо” гэж хошигноод хэлсэн чинь над дээр ирж маргалдаад нүү рүү гараараа нэг удаа, баруун чих рүү нэг удаа цохьсон. Би шууд цагдаад дуудлага өгсөн. Удалгүй 2 цагдаа ирсэн. ...Үүнээс болоод үүдэн нэгдүгээр шүд хугарч унасан, доод урууланд 3 оёо тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9/,

Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ган-Эрдэнэ гэх эрэгтэй нэг эмэгтэй, нэг эрэгтэйн хамтаар орж ирсэн. Өрөө авахаар болоод Б- гоймон дэвтээгээд өг гэж хэлсэн. Гэтэл гаднаас Э- гэх эрэгтэй нэг эрэгтэйтэй хамт орж ирээд гоймон чинь лаг боллоо шүү дээ гэж хэлээд маргалдаад зодоон болсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 36-37/,

Шинжээчийн 668 тоот дүгнэлтэд: “...Б.Э-ы биед тархи доргилт, нэг шүдний булгарал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, гэмтлийн дараах зүүн чихний үрэвсэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Тархи доргилт, доод уруулын шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-н 16/,

Яллагдагчаар С.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...наад гоймон чинь лавшаа боллоо гээд би өөдөөс нь чамд ямар хамаатай юм гэж хэлсэн чинь өөдөөс юу гээд байгаа пиздаа вэ гэж хэлсэн. Би зүгээр байгаарай өөрт чинь ямар ч хамаагүй, миний гоймон гэж хэлсэн. Би лавшаагаа иднэ үү, гоймонгоо иднэ үү чамд хамаагүй гэж хэлэн барьцалдаж авсан. Миний нүүр рүү гараараа нэг удаа цохьсон. ...би зөрүүлээд нүүр рүү нь 1 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 44-45/,

Хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, компьютерт томографийн оношлогоо /хх-н 15/, хохирлын баримтууд /хх-н 19-21/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 27-30, 50-57/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч С.Б-нь 2018 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” зочид буудал дотор иргэн Б.Э-тай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Э-ы: “...Эрхэс нэртэй зочид буудалд хоёр найз дээрээ яваад очсон, очоод 25.000 төгрөг дутуу байсан тооцоог нь төлөөд зогсож байтал 20 гаран насны эрэгтэй гоймон дэвтээсэн зогсож байсан. Би “гоймон чинь бантан болчихлоо” гэж хошигноод хэлсэн чинь над дээр ирж маргалдаад нүү рүү гараараа нэг удаа, баруун чих рүү нэг удаа цохьсон. Би шууд цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9/, гэрч Б.Б-гийн: “...Э- гэх эрэгтэй нэг эрэгтэйтэй хамт орж ирээд гоймон чинь лаг боллоо шүү дээ гэж хэлээд маргалдаад зодоон болсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 36-37/, шинжээчийн 668 дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Б-нь хохирогчтой маргалдан түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Э-ы биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг,  компьютер томографикт харуулсан 120.000 төгрөг, ЭМЖЖ эмнэлэгт үзүүлсэн төлбөр 35.000 төгрөг, эм тариа авсан 18.300 төгрөг, нийт 181.300 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.Э-д олгох нь зүйтэй.

Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт цаашид шүд хийлгэнэ гэж мэдүүлсэн бөгөөд уг эмчилгээг хийлгэсний улмаас хор уршиг бодитой учраагүй, хэдэн төгрөгийн эмчилгээ хийлгэх талаарх баримт байхгүй байх тул хохирогчийн энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч С.Б-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь С.Б-д ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгч С.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал буюу урьд ял шийтгэл эдэлж байсан, хохирогчийг хохирлыг төлөөгүй зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч С.Б-нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-нь шүүхээс оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-гээс 181.300 төгрөг гаргуулж хохирогч Б.Э-д олгосугай.
  6. Хохирогч Б.Э- нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР