Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 12

 

“Хөрх булаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Бямбажав, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар  сарын 06-ны өдрийн 139/ШШ2016/00282 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Хөрх булаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Р.Суусалмаад холбогдох, “Хөрх булаг” ХХК-ийн Мандал худалдааны төвийн 1 давхарын 8 нэрийн барааны хүнсний дэлгүүрийг 2012 оны 1 сарын 31-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээний дагуу 2012 оны 6 сараас 2013 оны 1 сарыг дуустал  нийт 8 сарын түрээсийн төлбөр 12.000.000 төгрөг, гэрээний хугацаандаа төлбөрөө төлөөгүйн торгууль болох  нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож 6.000.000 төгрөг, нийт 18.000.000 төгрөг гаргуулах, 2013 оны 1 сарын 31-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд “Хөрбулаг” ХХК-ний хүнсний дэлгүүрийг суллаж өгөөгүй, зориулалтын дагуу ашигласнаас бий болсон үр шимийг мөнгөн дүнгээр тооцож 69600000 /жаран есөн сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах, “Хөрхбулаг” ХХК-ний Мандал худалдааны төвийн 1 давхарын 8 нэрийн барааны хүнсний дэлгүүр, 3 агуулахын хамт суллаж, компанид хүлээлгэх өгөхийг Р.Суусалмаад даалгах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, Р.Суусалмаагийн 2012 оны 01 сарын 31-ний өдрийн 01 дугаартай түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг  хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн  2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Бямбажавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Батбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн, хариуцагчийн төлөөлөгч Б.Минжүүрдорж нар оролцов.   

 

 

Нэхэмжлэгч: “Хөрх булаг” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хөрхбулаг ХХК”-ний Мандал худалдааны төвийн 1 давхарын 8 нэрийн барааны хүнсний дэлгүүрийг 2012 оны 1 сарын 31-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрийг 2012 оны 6 сараас 2013 оны 1 сарыг дуустал нийт 8 сарын төлбөр 12000000 /арван хоёр сая/ төгрөг, гэрээний хугацаандаа төлбөрөө төлөөгүйн торгууль болох нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож 6000000 /зургаан сая/ төгрөг нийт 18000000 /арван найман сая/ төгрөг гаргуулах, 2013 оны 1 сарын 31-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд “Хөрбулаг ХХК”-ний хүнсний дэлгүүрийг суллаж өгөөгүй, зориулалтын дагуу ашигласнаас бий болсон үр шимийг мөнгөн дүнгээр тооцож 69600000 /жаран есөн сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулах, “Хөрхбулаг” ХХК-ний Мандал худалдааны төвийн 1 давхарын 8 нэрийн барааны хүнсний дэлгүүр, 3 агуулахын хамт суллаж, компанид хүлээлгэн өгөхийг Р.Суусалмаад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд үндэслэлдээ “Хөрхбулаг” ХХК нь  2012 оны 1 сарын 31-ний өдөр Мандал худалдааны төвийн 1-р давхарт байрлах 8 нэрийн хүнсний дэлгүүрийг 3 агуулахын хамт Р.Суусалмаад түрээслүүлэхээр 2012 оны 01 сарын 31-ний өдөр “Түрээсийн гэрээ” байгуулсан билээ. Тус гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан ба түрээслэгч тал нь түрээсийн төлбөрт 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, зуны улиралд 1400000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг тус тус төлж байхаар харилцан тохиролцсон юм. Өөрөөр хэлбэл 12 сарын 6 сард нь 1.500.000 /нэг сая таван зуун мянга/, үлдэх 6 сард нь 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг төлж байхаар тохиролцсон.

Түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрийг сар бүрийн 20-ны өдөр төлж байхаар гэрээний 2 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт тус тус заасан боловч 2012 оны 5 сараас хойш түрээсийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүйгээр манай компанийг хохироосоор байна. Түрээслэгч гэх Р.Суусалмаагаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж түрээсийн төлбөрийг төлөх мөн дэлгүүрийг суллаж өгөхийг удаа дараа амаар болон албан бичгээр шаардсаар байхад бидний шаардлагыг биелүүлэхгүйгээр өнөөг хүрлээ. Иймд Р.Суусалмаагаас нийт 8 сарын түрээсийн төлбөр болох 12.000.000 /арван хоёр сая/ төгрөг нь түрээсийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож 6.000.000 /зургаан сая/ төгрөг нийт 18.000.000 /арван найман сая/ төгрөгийг төлүүлэх үндэслэлтэй юм. Мөн түрээсийн гэрээний хугацаа дууссанаас хойш өнөөдрийг хүртэл хугацааны “Хөрхбулаг” ХХК-ний хүнсний дэлгүүр болон 3 агуулахыг “Хөрхбулаг” ХХК-д хүлээлгэн өгөлгүйгээр ашиглаж, ашиг орлого олж байгаа тул Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт зааснаар .... “эд юмсыг  зориулалтын дагуу ашигласны үр дүнд гаргаж авсан бүтээгдэхүүн нь эд юмсын үр шим байна”, 88 дугаар зүйлийн 88.3 дахь хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол эд юмсын болон эрхийн үр шимийг тухайн эд юмс болон эрхийн хууль ёсны эзэмшигч олж авах эрхтэй. 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж заасныг үзэхэд “Хөрхбулаг” ХХК-ний Мандал худалдааны төвийн 1 давхарын 8 нэрийн барааны хүнсний дэлгүүр, 3 агуулахын хууль ёсны эзэмшигч нь “Хөрх булаг” ХХК  мөн бөгөөд компаний эд хөрөнгө ашиглаж үндэслэлгүйгээр олж авсан хөрөнгийг нэхэмжлэх эрхтэй юм. Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын үнийн дүн нь өмнөх үнийн дүнгээс өөрчлөгдөөгүй тул тэмдэгтийн хураамж төлөгдсөн гэж үзэж байгааг анхаарна уу гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөрхбулаг” ХХК-ний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэсэн боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаас 2013 оны 1 сарын 31-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд “Хөрхбулаг” ХХК-ний хүнсний дэлгүүрийг суллаж өгөөгүй, зориулалтын дагуу ашигласнаас бий болсон үр шимийг мөнгөн дүнгээр тооцож 69.600.000 /жаран есөн сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, “Хөрхбулаг” ХХК-ний Мандал худалдааны төвийн 1 давхрын 8 нэрийн барааны хүнсний дэлгүүрийн  түрээсийн төлбөр болох  2012 оны 6 сараас 2013 оны 1 сарыг дуустал хугацааны 8 сарын түрээс 12.000.000 /арван хоёр сая/ төгрөг, гэрээний хугацаандаа төлбөрөө төлөөгүйн торгууль болох нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож 6.000.000 /зургаан сая/ төгрөг нийт 18.000.000 /арван найман сая/ төгрөгийг гаргуулж, “Хөрхбулаг” ХХК-ний Мандал худалдааны төвийн 1 давхарын 8 нэрийн барааны хүнсний дэлгүүр, 3 агуулахын хамт суллаж, компанид хүлээлгэх өгөхийг Р.Суусалмаад даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Хөрхбулаг” ХХК-ний 2016 оны 7 сарын 26-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тухай гэх нэхэмжлэлийг хүлээн аваад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай гэсэн нэхэмжлэлийн агуулга ойлгомжгүй, тодорхой бус. Нэхэмжлэгч “Хөрхбулаг” ХХК  2015 оны 3 сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хөрхбулаг” ХХК нь  2012 оны 1 сарын 31-ний өдөр Мандал худалдааны төвийн 1-р давхарын 8 нэрийн барааны хүнсний дэлгүүр, 3 агуулахын түрээсийн 46.400.000 /дөчин зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн төлбөр, гэрээний үүргээ биелүүлээгүйн алданги болох нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож 23.200.000 /хорин гурван сая хоёр зуун мянга/ төгрөг нийт 69.600.000 /жаран есөн сая зургаан зуун мянга/ төгрөгийг түрээслэгч Р.Суусалмаагаас гаргуулах гэсэн шаардлага гаргаж байсан бол 2016 оны 7 сарын 26-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 1 сарын 31-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд “Хөрбулаг” ХХК-ний хүнсний дэлгүүрийг суллаж өгөөгүй, зориулалтын дагуу ашигласнаас бий болсон үр шимийг мөнгөн дүнгээр тооцож 69.600.000 /жаран есөн сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулах гэсэн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч анх гаргасан нэхэмжлэлдээ дурьдсан 69.600.000 /жаран есөн сая зургаан зуун мянга/ төгрөг нь түрээсийн төлбөр, гэрээний үүргээ биелүүлээгүйн алданги болж байсан бол сүүлд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад “Хөрбулаг” ХХК-ний хүнсний дэлгүүрийг суллаж өгөөгүй, зориулалтын дагуу ашигласнаас бий болсон үр шим болж өөрчлөгдөж байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн нийт дүн адилхан мөртлөө нэхэмжлэлд дурьдагдсан шаардлагын агуулгаа нэг хэрэгт өөр, өөрөөр  тодорхойлж нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа бол өмнө нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа эсвэл багасгаж, эсвэл нэмэгдүүлж байгаа талаар огт дурьдаагүй байна. Өмнө нэхэмжилсэн түрээсийн төлбөр, алдангийг хүнсний дэлгүүр ашигласнаас бий болсон үр шим гэж нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй атал 69.600.000 төгрөгний үр шим хэрхэн тооцсон, үр шим гэдгийг нотолж байгаа нотлох баримтаа нэхэмжлэлдээ хавсаргаж өгөөгүй байна.

2.Нэхэмжлэгчийн 18.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2015 оны 3 сарын 18-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ “түрээсийн 46.400.000 төгрөг” гэж нэхэмжилж байсан бол 2016 оны 7 сарын 26-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ 12.000.000 төгрөг, торгуультайгаа 18.000.000 төгрөг гэж дурьджээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж эсвэл багасгаж, өөрчлөөд байгаа нь тодорхой бус, ямар нэгэн санхүүгийн баримт, тооцоо нийлсэн акт зэргээр нотлогдохгүй байна.

3.“Хөрх булаг ХХК-ний Мандал худалдааны төвийн 1 давхрын 8 нэрийн барааны хүнсний дэлгүүр, 3 агуулахын хамт суллаж компанид хүлээлгэн өгөхийг даалгах гэсэн шаардлагын тухайд уг шаардлагаа мөн 2015 оны 3 сарын 18-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ дурьдсан, мөн хэрхэн яаж өөрчлөгдсөн гэдэг нь тодорхойгүй, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т энэ хуулийн 106.1-д заасан шаардлага гаргаснаас хойш эрх зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж заасны дагуу өмчлөгч шаардах эрхтэй боловч хариуцагчийн хувьд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшээгүй, өмчлөгчийн эрхэд ямар нэгэн хэлбэрээр халдаж, эрхийг нь зөрчөөгүй.

4.“Хөрх булаг” ХХК-ний 2016 оны 7 сарын 26-ны өдөр гаргасан нэхэмжлэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасан нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргана гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

5.Нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлдээ “Хөрх булаг” ХХК-ний захирал Нэргүй овогтой Батбаяр гэж дурьдсан байна. Хариуцагчийн хувьд “Хөрх булаг” ХХК-ний захирал Нэргүйн Батбаяртай түрээсийн гэрээ байгуулаагүй, харин “Хөрх булаг” ХХК гэх хуулийн этгээдтэй уг компаний өмчлөлийн дэлгүүр, агуулахыг түрээслэх гэрээ байгуулсан болно.

Дээрх үндэслэлийг харгалзан “Хөрх булаг” ХХК-ний 2016 оны 7 сарын 26-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн тухай гэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Р.Суусалмаа 2015 оны 07 сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Р.Суусалмаа миний төрсөн дүү Р.Энхбаяр нь 2012 оны 01 сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн “Хөрх булаг” ХХК-ний Мандал худалдааны төвийн 1 давхарт байх хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт тавих, ашиг орлогыг нь бодитоор тодорхойлж мэдэх зорилгоор өөрөө ажиллуулах болсон байдаг. Дэлгүүрийн ашиг орлогыг бүрэн бодитой үнэн зөв тодорхойлохын тулд дээрх түрээсийн гэрээг миний нэрээр байгуулж түрээсийн орлого, дэлгүүрийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын орлого зарлага ашгийг тооцож үзсэн юм. Тооцоо бүртгэлээр “Хөрх булаг” ХХК-ий захирал Н.Батбаяр нь дэлгүүрийн орлого, зарлага, ашгийн талаар Р.Энхбаярт худал хэлж, татварын байгуулагад тайлан мэдээг худал гарган өгч хууль зөрчиж байсан нь илэрсэн байдаг. Миний бие тухайн түрээсийн гэрээг өөрийн хүсэл сонирхлынхоо дагуу хийгээгүй үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд л байгуулсан. Надад уг хэлцлийг хийх хүсэл зориг угаасаа байгаагүй, тухайн дэлгүүрийг ажиллуулах, ашиг орлого олох сонирхол байгаагүй болно. Иймд 2012 оны 01 сарын 31-ний өдрийн 01 дугаартай “Түрээсийн гэрээ “ нь Иргэний хуулийн 56, 57, 58 дугаар зүйлд нийцээгүй, зөрчсөн байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд  тооцож өгнө үү гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Н.Батбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид нар харилцан тохиролцоод гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Тэр үед Р.Суусалмаа  хуулийн заалт, гэрээний заалтыг  ойлгохооргүй чадваргүй байгаагүй. Гэрээний заалтуудыг ойлгоод, нэг бүрчлэн уншаад, гэрээг байгуулсан. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл дээр Р.Суусалмаа гуай энэ хөрөнгө нь манай дүүтэй холбоотой маргаан учраас Хөрх булаг ХХК-ний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэсэн утгатай байгаа. Энхбаяр гэдэг хүн манай компаний хувьцаа эзэмшигч огт байгаагүй. 2010 онд би “Хөрх булаг” ХХК-ийг худалдаж авсан. Энхбаяраас дэмжлэг хүсэж үл хөдлөх хөрөнгийг нь барьцаалж байсан. Зөвхөн барьцаалсныхаа шанд би Энхбаярт 100 сая төгрөг өгсөн. Би Энхбаярыг хувьцаа эзэмших үү? гэж асуухад эзэмшихгүй гээд гарсан. Энхбаяр үүнийг худлаа гэж эрүүгийн журмаар шалгуулсан. Мөн иргэний шүүхэд ч гэсэн нэхэмжлэл гаргасан. Эрүүгийн хэрэг нь 2 жил шалгагдаад хэрэгсэхгүй болгосон. Иргэний шүүхэд гаргасан нэхэмжлэл нь бас 2, 3 жил болоод энэ жил буюу 2016 оны 5 сарын 24-ний өдөр Энхбаярын гаргасан нэхэмжлэл нь ямарч хууль зүйн үндэслэлгүй байна гэж шийдэгдсэн. Энхбаяр нь Төв аймгийн сум дундын иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хуульд нийцэхгүй байна гээд хэрэгсэхгүй болгосон. Би Төв аймгийн шүүхийн шийдвэрийг хүчинтэй гэж үзэж байгаа. Иймээс хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл учраас хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Анхан шатны шүүх:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Равжирын Суусалмаагаас 17.250.000 /арван долоон сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, “Хөрхбулаг” ХХК-д  олгож, Мандал худалдааны төвийн 1 давхарын 8 нэрийн барааны хүнсний дэлгүүр, 3 агуулахын хамт суллаж “Хөрхбулаг” ХХК-д хүлээлгэн өгөхийг хариуцагч Р.Суусалмаад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч 69.600.000 /жаран есөн сая зургаан зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдаж,

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч  Равжирын Суусалмаагийн “Хөрх булаг” ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 753.900 /долоон зуун тавин гурван мянга есөн зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Суусалмаагаас 244200 /хоёр зуун дөчин дөрвөн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж,  “Хөрх булаг” ХХК-д олгож, Р.Суусалмаагийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч М.Минжүүрдорж давж заалдах гомдолдоо:   Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.10.06-ны өдрийн 139/ШШ2016/00282 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.       

  1. Шүүх шийдвэр гаргахдаа хариуцагч Р.Суусалмаад Мандал худалдааны төвийн 1 давхарын 8 нэрийн барааны дэлгүүр,  3 агуулахын хамт суллаж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл үгүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д  “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т  “энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардлага гаргаснаас хойш эрх зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж заасны  дагуу өмчлөгч шаардах эрхтэй боловч хариуцагчийн хувьд дээрх үл хөдлөх хөрөнгийг  өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшээгүй, өмчлөгчийн эрхэд ямар нэг хэлбэрээр халдаж эрхийг нь зөрчөөгүй. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагч  Р.Суусалмаа өмчлөх эрхэд нь халдаж хохироосон талаарх баримт шүүхэд ирүүлээгүй.
  2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт  “хариуцагч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн бол”  гэж дүгнэжээ. Хариуцагч түрээсийн гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулсан боловч уг дэлгүүрийг 5 сар ажиллуулаад гуравдагч этгээдэд шилжүүлэн өгсөн байдаг. Хариуцагч нь уг дэлгүүрийг ажиллуулсан хугацааны түрээсийн төлбөрийг төлсөн болох нь нотлогдож байгаа.  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.2-т “ түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг  олж авах эрх эдэлнэ” гэж заасан бөгөөд  хариуцагч Р.Суусалмаа нь дэлгүүрийн зориулалтын дагуу ашиглаж орлого олж байсан 5 сарын хугацааны төлбөрөө төлсөн.  Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө хариуцагч Р.Суусалмаад  5 сар ашиглаж орлого олоод түрээсийн төлбөрөө төлсөн, өөр этгээд уг дэлгүүрийг ажиллуулж байгаа гэдгийг мэдсээр байж Р.Суусалмаагаас дэлгүүр түрээслэн ажиллуулсны төлбөр нэхэмжилж байгаа нь  үндэслэлгүй, шүүх уг төлбөрийг түрээслэгч бус хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь бодитой бус гэж үзэж байна.
  3. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн хэзээ гаргасан аль нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн талаар огт дурьдаагүй учраас шүүхийн шийдвэр бодитой байх шаардлага хангаагүй. 2016.07.26-ны өдрийн өөрчилсөн гэх нэхэмжлэлийн шаардлагын хувьд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргана гэсэн хуулийн шаардлага хангаагүй. 2015 оны 03 сарын 18-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн хувьд 12.000.000 төгрөг, 18.000.000 төгрөг гэж дурьдсан нэхэмжлэлийн шаардлага бичигдээгүй. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасан “нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргана” гэсэн хуулийн шаардлага хангаагүй. 2016 оны 07 сарын 26-ны өдрийн “өөрчилсөн” гэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл үгүй. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн  Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 06-ны өдрийн 139/ШШ2016/00282 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

          Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй, хууль хэрэглээний алдаа гаргаагүй байна.

         Нэхэмжлэгч Хөрхбулаг ХХК нь тус компаний Мандал худалдааны төвийн 8 нэрийн барааны хүнсний дэлгүүрийг түрээсэлсэн түрээсийн төлбөр төлөөгүй хугацааны буюу  2012 оны 6 дугаар сараас 2013 оны 1 дүгээр сарыг дуустал хугацаанд түрээсэлсэн түрээсийн төлбөр 12 сая төгрөг, гэрээний хугацаанд түрээсийн төлбөрөө төлөөгүйн торгуулийн 50 хувь  болох 6 сая төгрөг, дэлгүүрийг суллаж өгөөгүй, зориулалтын дагуу ашигласнаас бий болсон үр шимийг мөнгөн дүнгээр тооцож 69 сая 600 мянган төгрөгийг гаргуулах, дэлгүүрийг 3 агуулахын хамт суллаж компанид хүлээлгэж өгөхийг даалгасан шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дэлгүүрийг ашигласнаас олсон үр шим болох 69 сая 600 мянган төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн хувьд дэлгүүр, агуулахыг хууль бусаар эзэмшээгүй, нэхэмжлэгчийн эрхэд ямар нэгэн хэлбэрээр халдаж зөрчөөгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн шаардлагаа өөрчлөх тухай гэсэн нэхэмжлэлийн агуулга ойлгомжгүй, тодорхой бус .

            Нэхэмжлэгчийн 18 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд анхны нэхэмжлэлдээ “түрээсийн  46.400.000 төгрөг” гэж нэхэмжилж байсан бол 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ “ 12 сая төгрөг,  торгуультайгаа 18 сая төгрөг” гэж дурьдсан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, эсвэл багасгаж, өөрчлөөд байгаа нь тодорхой бус, ямар нэгэн санхүүгийн баримт, тооцоо нийлсэн акт зэргээр нотлогдохгүй байна гэсэн  тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

    

             Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гаргасан бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн  /хуу-1-р хавтас-172/   бөгөөд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг шүүхээс хариуцагчид  гардуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

               Хариуцагч Р.Суусалмаа нь Хөрх булаг ХХК-ний 8 нэрийн барааны хүнсний дэлгүүр, 3 агуулахыг 1 жилийн хугацаатайгаар түрээслэх гэрээг 2012 оны  01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулаад 5 сарын хугацааны түрээсийн төлбөрөө  төлсөн боловч түүнээс хойшхи түрээсийн төлбөрийг төлөөгүй бөгөөд төлөхгүй байгаа шалтгаанаа  өөр этгээд түрээсэлж байгаа гэж тайлбарладаг. Одоо дэлгүүр, агуулахыг  Р.Суусалмаагийн  төрсөн дүү Р.Энхбаяр ажиллуулж байгаа болох нь хариуцагч Р.Суусалмаагийн тайлбар, эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулах тогтоол, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох прокурорын тогтоол, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл зэргээр нотлогдож байгаа бөгөөд Р.Суусалмаагийн  Хөрхбулаг ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээг дуусгавар болгох, түрээслэгчийг солих талаар түрээслэгч  талаас түрээслүүлэгчид санал тавьж байгаагүй байх тул анхан шатны шүүхээс түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь хуульд нийцжээ.

          Шүүхээс түрээсийн гэрээний төлбөр 11.500.000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх торгууль 5.750.000 төгрөг, нийт 17.250.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, дэлгүүр, 3 агуулахыг суллаж Хөрхбулаг ХХК-д хүлээлгэж өгөхийг хариуцагч Р.Суусалмаад даалгаж, хариуцагч Р.Суусалмаагийн гаргасан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. 

             Нэхэмжлэгч анх 69.600.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүнд ногдох 505.950 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 18.000.000 төгрөгөөр нэмэгдүүлж түүнд ногдох 247.950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 2015 оны 11 дүгээр сарын  04-ний өдөр тус тус  төлсөн байна.  2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай /1-р хавтас хуу-172/  нэхэмжлэлийн үнийн дүнд өөрчлөлт ороогүй байх тул  нэмэгдүүлсэн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй  гэсэн хариуцагчийн давж заалдах гомдлыг  хангах боломжгүй байна гэж үзэв.

          

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10  дугаар сарын 06-ний өдрийн 139 /ШШ2016/00282 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

           2.Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн  248000 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                              Ц.ОТГОНЦЭЦЭГ

                                     ШҮҮГЧИД                                Н.НАСАНЖАРГАЛ

                                                                                       Т.БЯМБАЖАВ