Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 19

 

2017.3.22 №19

З.Батжаргалд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

226/2017/0021/Э

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

Шүүх хуралдаанд: 

Нарийн бичгийн дарга: Н.Энхзул, 

Прокурор: П.Эрдэнэбаатар,/онлайнаар/

Ялтны өмгөөлөгч: Г.Ганбадрах /онлайнаар/

Хохирогчийн өмгөөлөгч: Д.Оюунцэцэг,

Хохирогч: Х.Мэндсайхан нар оролцов.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум  дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаярын даргалж шийдвэрлэсэн тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч Х.Мэндсайханы давж заалдах гомдлоор З.Батжаргалд холбогдох эрүүгийн 201623010060 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Дархан суманд 1957 онд  төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, хувийн малаа малладаг, ам бүл 2, эхнэрийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар баг “Зүүн далан түрүү”-д оршин суух, улсаас авсан гавъяа, шагналгүй, урьд нь 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 1-д  зааснаар 7 сарын хорих ялаар шийтгүүлж байсан гэх Цоохор овогт Зундуйн Батжаргал /РД: СК57092119/

З.Батжаргалын тэжээвэр нохой нь 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар багийн нутаг  “Зүүн далан түрүү” гэх газар иргэн Х.Мэндсайхан руу дайрч хазан биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум  дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор: Цоохор овогт Зундуйн Батжаргалыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогчийн бие махбодийг хүндэвтэр гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Батжаргалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл шүүх торгох ялын хэмжээнээс хамаарч 3 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар сольж болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Батжаргалаас 379.833 төгрөгийг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сум 18 дугаар баг Хөтөл хорооллын 1-14 тоотод оршин суух Боржигон овогт Хумбарайн Мэндсайханд олгож, шүүгдэгч З.Батжаргал нь хохирогч Х.Мэндсайханд 400.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэг бүртгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээхээр 

тус тус шийдвэрлэжээ.

Хохирогч Х.Мэндсайхан нь давж заалдах гомдолдоо: ... Намайг эмнэлэгт байхад шүүх хурал товлогдож надад тов хэлсэн. Би тухайн үед хуралд өөрийн биеэр оролцмоор байсан. Энэ удаагийн хуралд бол очиж чадахгүй гэж хэлсээр байхад намайг оролцуулахгүй шүүх хурал хийж миний эрхийг зөрчсөн. 

Нохойд уруулснаас болж баруун гаргүй болсон. Одоогийн байдлаар миний гар ямар ч мэдрэлгүй зөвхөн ясан дээр тохсон арьс л болсон. Яваандаа гараа тайруулахаас өөр аргагүй болж байгаа тайруулахгүй ч гэсэн , эрүүл саруул болох ямар ч боломжгүй,  ажил хийх чадваргүй болсон. Одоо ч сайн эдгэрээгүй байна. Иймд би шүүх эмнэлгийн “хүндэвтэр” гэж гаргасан дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан гэрчүүдийн мэдүүлэг нь дандаа араатан амьтныг өмгөөлж байгаа хаацайлсан мэдүүлэг байгаа нь зөвхөн Батжаргалын эрх ашгийг хамгаалсан хохирогчийн эрх ашгийг үл тоосон дүгнэлт гэдэг нь тодорхой харагдаж байна. Тэр нохой хүн урдаг, урдаггүй нь хамаагүй , ямар ч байсан над руу дайрч урж тасдан,  гэмтэл учруулсан нь ойлгомжтой байгаа.

Нохойны эзэн Батжаргал болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж орчиндоо аюул учруулж болох амьтнаа хамгаалалтгүй байлгаснаас ийм байдалд хүрсэнд гомдолтой байгаа. Нохойны эзэн энэ бүх хугацаанд над 400 000 төгрөг өгснөөс өөрөөр ямар ч тусламж үзүүлээгүй. Энэ хэргийн улмаас надад хүнд хор уршиг учирч гаргүй болж эрхтэнээсээ салсан. Шүүх эмнэлэгийн дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлт байна. Иймд хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирогч Х.Мэндсайханы баруун гарын үйл ажиллагаа бүрэн алдагдсан эсэх, гэмтлээс үүссэн үлдэц, уршгийн талаар дахин дүгнэлт гаргуулах шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 318 дугаар зүйлийн 318.2.1, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум  дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Прокурорт буцаасугай.

 

2. Хэргийг Прокурорт очтол шүүгдэгч З.Батжаргалд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Тус шүүхэд эд мөрийн баримт болон бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

 

Энэхүү магадлалд гомдол гаргах эрхгүй болно.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                 ШҮҮГЧИД                                            О.БААТАРСҮХ

                                                                                                    Б.СҮХГОМБО