Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2020/0602

 

Зэ ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г нарыг оролцуулан Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Зэ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх заалтуудыг тус тус баримтлан Зэ ХХК-ийн Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/127 дугаар “Газар эзэмших эрх сэргээх тухай” захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.5, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг тус тус баримтлан Зэ ХХК-ийн Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “... маргаан бүхий энэ тохиолдолд гуравдагч этгээд Р.Э-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/127 дугаар захирамжаар олгосон 40*50 метрийн хэмжээтэй газар нь нэхэмжлэгч Зэ ХХК-д Цэнхэр сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 171 дүгээр захирамжаар олгогдсон жимс, жимсгэнийн зориулалттай 2 га газартай ямар нэгэн давхцалгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг бодитойгоор зөрчөөгүй, эрх зүйн үр дагавар үүсгээгүй байна. Мөн нэхэмжлэгчийн маргаж буй бусад үндэслэлүүд нь маргаан бүхий А/127 дугаар захирамжийг хүчингүй болгох шууд үндэслэлд хамааралгүй, эдгээр үндэслэлээр А/127 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна..."гэх дүгнэлт, бусад дүгнэлтүүд нь илтэд үндэслэл муутай болсон байхаас гадна шүүгч, шүүх бүрэлдэхүүн энэхүү дүгнэлтээрээ мэргэжлийн хувьд ноцтой алдаа гаргасан гэж үзэхээр байгааг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн онцгой анхаарч энэ талаар магадлалдаа тусгаж өгнө үү.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий А/127 дугаар захирамж эрх зүйн үр дагавар үүсгээгүй учраас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэх дүгнэлт ойлгомжгүй, тодорхойгүй байх ба хэрэв тус захирамж эрх зүйн үр дагавар үүсгэсэн тохиолдолд бусдын эрх, ашиг сонирхлыг зөрчиж болох агуулга бүхий дүгнэлт хийсэн нь мэргэжлийн хувьд ноцтой алдаа гэж үзэхээр байгааг дурдаж байна.

Захиргааны байгууллага маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа болон бодит нөхцөл байдлыг нарийвчлан судлан тогтоосон эсэх талаар шүүх огт дүгнэлт хийгээгүйгээс болж шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг огт явуулаагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг огт олгоогүй, эвлэрсэн захирамжийн дагуу газар эзэмших эрхийг сэргээсэн талаар нэхэмжлэгч талд мэдэгдээгүй байхад маргаан бүхий актыг үндэслэлтэй байна гэж эргэлзээгүй дүгнэх нь учир дутагдалтай юм.

Р.Э гэгч этгээдийг нэхэмжлэгч тал өмнө нь огт таньж мэддэггүй байсан бөгөөд 2019 оны 05-р сарын 28-ны өдөр хэсэг бүлэг хүмүүсийг дагуулан ирж ЗэХХК-ний жимс жимсгэний зориулалттай газарт зэрэгцүүлэн хашаа хатгах, гэр барих зэрэг оролдлого гаргасны дагуу анх олж мэдсэн. Тухайн үед Р.Э нь надад шүүгчийн захирамж байгаа, би өмнө нь энд газар эзэмшиж байсан, миний газар эзэмших эрхийг сэргээсэн зэрэг тайлбарыг хэлснээр тухайн Цэнхэр сумын газрын албанд хандаж түүний нэр дээр анх 2009 онд газар эзэмших эрхийг олгож байсан, 2016 онд А/90 дүгээр захирамжаар хүчингүй болгосныг олж мэдсэн.

Эвлэрсэн захирамжийг үндэслэн Цэнхэр сумын засаг даргын 2017 оны 10-р сарын 17-ны өдөр Газар эзэмших эрх сэргээх тухай А/127 дугаар захирамж гарахаас өмнө нэхэмжлэгчийн нэр дээр газар эзэмших захирамж гарсан байсан тул маргаан бүхий захирамж гаргахад бусдын эрх ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй нөхцөл байдлыг захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу судлан тогтоох ёстой байсан боловч энэ үүргээ огт биелүүлээгүй байхад шүүх сонсох ажиллагааны талаар дүгнэлт хийгээгүй нь хууль бус болсон.

Мөн захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт: “...Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно...”, мөн хуулийн 24.4 дэх хэсэгт: “...тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно...” гэж хуульчилсан байхад энэ талаарх ажиллагаануудыг захиргааны байгууллага хэрэгжүүлээгүй байхад шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10-р сарын 03-ны өдрийн Ю9/ШШ2017/0041 дугаар захирамжаар “...Иргэн Р.Э-д Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэр “Халуун-Ус” гэх нэртэй газар орчимд аялал жуулчлалын зориулалттай газрыг аль нэгэн аж ахуй нэгж, иргэний газартай давхцуулалгүйгээр газар эзэмших захирамж гаргаж өгнө...” гэх нөхцөлөөр эвлэрсэн.

Гэтэл цэнхэр сумын Засаг дарга 2009 оны газар эзэмших эрхийг сэргээж захирамж гаргаж байгаа үйлдэл нь талуудын эвлэрсэн дээрх нөхцөлийг шууд зөрчиж байх ба эвлэрсэн захирамж биелэгдээгүй буюу засаг дарга шинээр захирамж гаргаагүй байхад шүүх энэ талаар буруу дүгнэлт хийсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Зэ ХХК нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэр, Алтан-Овоо багийн Халуун-Ус гэх нэртэй газарт аялал жуулчлалын зориулалтаар 2 газрыг, жимс жимсгэний зориулалтаар 2 га газрыг тус тус эзэмшдэг болох нотлогддог бөгөөд гуравдагч этгээд, сонирхогч этгээдийн зүгээс Зэ ХХК-ийн эзэмшиж буй газрын талаар ямар нэгэн маргаан огт үүсгээгүй.

Тодруулбал, Цэнхэр сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 171 дугаар захирамжаар 2 га газрыг 15 жилийн хугацаатай “...жимс, жимсгэний зориулалт...”-аар эзэмшдэг, мөн 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 173 дугаартай захирамжаар 2 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа ба уг захирамжуудыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, газар эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулагдсанаар бидний хооронд газрын харилцаа үүссэн. Газрын харилцаа үүссэн цагаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу зохих хэмжээний тогтоосон газрын төлбөрийг зохих ёсоор, шударгаар төлж ирсэн.

Хавтаст хэргийн /1 дүгээр/ 194 талд авагдсан газрын давхцалыг харуулсан зургаас үзэхэд нэхэмжлэгч талд олгосон жимс жимсгэний зориулалттай газрын урд хэсгээр хашаатай нийлүүлэн 2019 оны 08 дугаар сарын 14-ны өдөр ГХБХБГ-ын мэргэжилтэн Б, Р.Э-ийн нэрээр кадастрын зураг үйлдэж баталгаажуулсан байдаг. Үүнээс өмнө нэхэмжлэгч тал урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар болон шүүхэд хандсан байсан ба маргаан үүсгэх үед болон үүсгэхээс өмнө кадастрын зураг үйлдэгдээгүй байсан юм.

Шүүхээс 2020 оны 07-р сарын 30-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлээр “...зэргэлдээ хашаатай давхцаагүй буюу 2-р цэг зэргэлдээ хашаанаас 0.55 метрийн зайтай, зүүн хойд буюу 3-р цэг зэргэлдээ хашаатай залгаа байгаа тогтоогдсон байхад давхцалгүй гэх дүгнэлтийг эргэлзээгүй хийх, улмаар нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй гэх дүгнэлт хийх боломжгүй юм.

Мөн Р.Э-ийн гэх кадастрын зураг бүхий газар дээр ЗэХХК-ний хувьцаа эзэмшигч Н.Ц-ын зуслан, намаржааны зориулалттай газар, Т.С-ын өвөлжөөний зориулалттай газар байдаг ба үүнээс урагшаа газар олгох боломжгүй буюу Халуун рашааны хязгаарлалтын бүс байдаг тул энд дахин газар олгох боломжгүй юм. Р.Э-д олгосон газар нь Усны тухай хуульд заасны дагуу хязгаарлалтын бүсэд орж байгааг шүүх үзлэг хийхдээ болон шийдвэр гаргахдаа огт анхаарч үзээгүй.

Гуравдагч этгээд Р.Э-ийн эзэмшдэг гэх газрын хувьд иргэн Д нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт 40x50 хэмжээтэй буюу 2000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээг анх 2002 оны 12 дугаар сарын 20-ны өдөр олгосон байсан ба Д нь 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Худалдах, худалдан авах гэрээ”-ээр Р.Э-д шилжүүлсэн байдаг.

Дээрх худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлийг үзэхэд Д нь Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багт байрлах 2000 м.кв газрын эрхийг шилжүүлсэн буюу Төрийн мэдлийн газрыг худалдсан талаарх гэрээ нотлох баримтаар хэрэгт авагдсан мөн Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 14 дүгээр захирамж гарч Р.Ээд Алтан-Овоо багийн нутаг Халуун-Ус гэдэг газар 50x40 хэмжээтэй газрыг эрхийг олгож 2008 оны 03 дугаар сарын 9 дүгээр сарын 16-ны өдөр 0223601 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож гэрээ байгуулсан зэрэг үйл баримт хэргийн баримтаар нотлогддог. Анх газар олгохдоо ч байршлыг тодорхой нэрлэн заагаагүйг шүүх шийдвэр гаргахдаа анхаараагүй байна.

Мөн гуравдагч этгээд нь өөрийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх шалтгаанаар Цэнхэр сумын Засаг даргын захирамж гарч газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Энэ захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан зэрэг үйл баримт хэргийн баримтаар давхар нотлогддог ба одоог хүртэл газрын төлбөр төлсөн талаарх нэг ч баримтыг гаргаж өгөөгүй юм.

Дээр дурдсан гуравдагч этгээд Р.Э-ийн эзэмшилд олгосон газрын талаарх маргааныг шүүх шийдвэрлэсэн, талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байхад дахин Р.Ээд газар олгосон талаарх болон Д нь хаана газар эзэмшдэг байсан зэрэг баримтууд нь энэ хэрэгт ач холбогдолгүй, энэ талаар өмнө нь шүүх дүгнэсэн захирамж хүчин төгөлдөр байх тул үүнийг дахин нотлох шаардлагагүй юм.

Маргаан бүхий А/127 дугаартай захирамжийг хүчингүй болгосноор гуравдагч этгээд болох Р.Э-ийн хууль ёсны эрх ашиг, сонирхол хөндөгдөхгүй бөгөөд талуудын эвлэрлийг баталсан захирамж хүчин төгөлдөр хэвээр байх тул бусад иргэн, аж ахуй нэгжийн газартай давхцуулалгүйгээр дахин захирамж гаргах замаар захирамжийг биелүүлэх боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Зэ ХХК-аас “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрх сэргээх тухай” А/127 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/127 дугаар захирамжаар Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Эвлэрлийг батлах тухай” 41 дүгээр захирамжийг үндэслэн Р.Ээд тус сумын нутаг Алтан-Овоо багийн “Халуун ус” нэртэй газарт олгосон 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0223601 дугаартай эрхийн гэрчилгээг сэргээж, эзэмшилд олгогдсон газрыг эзэмшигч иргэнд “Алтан нутаг” аялал жуучлалын баазын дээд талд хил заагийг тогтоон тэмдэглэж, газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, улсын бүртгэлд өөрчлөлтийг тусгахыг сумын газрын даамалд даалгасныг нэхэмжлэгч Зэ ХХК эс зөвшөөрч “... аль нэг аж ахуйн нэгж, иргэний газартай давхцуулалгүйгээр шинээр газар эзэмших захирамж гаргаж өгөх байсан атал хариуцагч өмнөх шийдвэрээ хүчингүй болгож Р.Э-ийн газар эзэмших эрхийг сэргээж байгаа нь захиргааны шийдвэр гаргаж журам зөрчиж, бусдын газартай давхцуулан газар эзэмшүүлсэн, ... шийдвэр гаргахдаа буруу хууль хэрэглэсэн ... үүний улмаас нэхэмжлэгч Зэ ХХК-тай хамаарал бүхий этгээдийн газар эзэмших эрх зөрчигдсөн” гэх үндэслэлээр маргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар маргаан бүхий акт нь хууль бус, эсхүл эрх зүйн илэрхий алдаатай байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхээс мөн хуулийн 106 дугаар зүйлд зааснаар захиргааны акт хуульд нийцээгүй бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол тухайн актыг хүчингүй болгох, эсхүл илт хууль бус болохыг тогтоох шийдвэрийг гаргахаар зохицуулжээ.

Гэтэл нэхэмжлэгчийн тухайд, маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргаж байгаагүй, уг газар нь тэдгээрийн үйл ажиллагаа явуулж буй жимс жимсгэний зориулалтаар олгосон газартай давхцалгүй байхад “...шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн, ...сонсох ажиллагаа явуулаагүй, ... шийдвэр гаргахдаа буруу хууль хэрэглэсэн, хүчингүй болох захиргааны актын шинжийг агуулсан” хэмээн өөрт огт хамааралгүй асуудлаар маргаж, үүнийгээ маргаан бүхий газар дээр гурван үеэрээ мал маллан амьдарч байсан нэхэмжлэгч Зэ ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын ээжийн газар эзэмших эрх нь зөрчигдөх үндэслэл болсон гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй, шүүхээс Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын А/127 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянахад хамаарахгүй үндэслэлээр маргасан байна.

Учир нь Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргаас Р.Э-д газрыг эзэмшүүлснээр нэхэмжлэгчийн жимс, жимсгэнэ тариалах болон газар эзэмших эрхийг хөндөхгүй тул хариуцагчаас газар эзэмшүүлэх захирамжийг гаргахдаа шийдвэр гаргах ажиллагааны журмын дагуу сонсох ажиллагаа явуулаагүйг буруутгах үндэслэлгүй, энэ үндэслэлээр маргах эрх нэхэмжлэгчид байхгүй юм.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий А/127 дугаар захирамж нь Р.Ээд эрх олгож, зөвхөн түүнд чиглэгдсэн бөгөөд олгож буй газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх тул нэхэмжлэгч Зэ ХХК-д эрх зүйн үр дагавар үүсгээгүй, түүний газар эзэмших эрхийг бодитойгоор зөрчөөгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Р.Э өөрийн газар эзэмших эрхийг цуцалсан Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/90 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, өмнө нь эзэмшиж байсан 2000 м.кв газрыг эзэмшүүлэхээр захирамж гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох нөхцөлтэйгөөр эвлэрчээ.

Уг эвлэрлийг баталж Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох” 41 дүгээр захирамж гарч, энэ эвлэрлийн хүрээнд хариуцагчаас бусдын газартай давхцуулалгүй, Зэ ХХК-ийн зэргэлдээ байрлалд Р.Э-ийн газар эзэмших эрхийг сэргээжээ.

Нэгэнт хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Зэ ХХК болон Р.Э нарын газар давхцалгүй болох нь кадастрын зураг, талуудын тайлбараар нотлогдож байх тул маргаан бүхий А/127 дугаар захирамжийн улмаас Зэ ХХК-ийн газар эзэмших эрх зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Түүнчлэн тухайн олгосон газар нь Усны тухай хуульд заасан хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа гэх үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй.

Өөрөөр хэлбэл, Зэ ХХК нь Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийг сэргээх тухай” А/127 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар маргасан бөгөөд уг захирамжийн үндэслэл болсон “Эвлэрлийг батлах тухай” 41 дүгээр захирамжаар Р.Э-д тус сумын нутаг Алтан-Овоо багийн “Халуун ус” нэртэй газарт олгосон 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0223601 дугаартай эрхийн гэрчилгээг сэргээж, эзэмшилд олгогдсон газрыг эзэмшигч иргэнд “А” аялал жуучлалын баазын дээд талд хил заагийг тогтоон тэмдэглэж, газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, улсын бүртгэлд өөрчлөлтийг тусгахыг сумын газрын даамалд даалгаж өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...сонсох ажиллагааг огт хийгээгүй байтал шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй нь хууль бус, шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Эвлэрлийг батлах тухай” 41 дүгээр захирамжийг үндэслэн гарсан маргаан бүхий А/127 дугаар захирамжаар гуравдагч этгээд Р.Эийн газар эзэмших эрхийг сэргээхдээ нэхэмжлэгч Зэ ХХК-ийн газар эзэмших эрхийг хөндөөгүй байх тул хариуцагчийн сонсох ажиллагаа хийгээгүйг буруутгах боломжгүй байна.

Эцэст нь хариуцагч хуулийн хүчин төгөлдөр дээрх шүүгчийн захирамжийг үндэслэн бусдын газартай давхцуулалгүйгээр Р.Эийн газар эзэмших эрхийг сэргээсэн нь үндэслэлтэй, харин Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар шинээр өөр байрлалд газар эзэмших эрх олгох эсэх нь хариуцагчийн бүрэн эрхэд хамаарна.

 Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хариуцагч 2009 оны газар эзэмших эрхийг сэргээж захирамж гаргаж байгаа үйлдэл нь талуудын эвлэрсэн нөхцөлийг шууд зөрчиж байх ба эвлэрсэн захирамж биелэгдээгүй буюу Засаг дарга шинээр захирамж гаргаагүй байхад шүүх энэ талаар буруу дүгнэлт хийсэн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Нэгэнт нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газартай гуравдагч этгээд Р.Э-ийн эзэмших эрх бүхий газар давхцалгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг маргаан бүхий захиргааны акт хөндөөгүй уг нөхцөлд Р.Э хууль зөрчиж газар эзэмших эрх олж авсан, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй болон бусдын эзэмшил, ашиглалтад байдаг газартай давхцалтай гэх тайлбар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэгдэхгүй, нэхэмжлэгчийн шүүхэд маргах үндэслэл болохгүй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/127 дугаар захирамжаар Р.Ээд газар эзэмшүүлсний улмаас нэхэмжлэгч Зэ ХХК-ийн жимс, жимсгэнэ тариалах болон газар эзэмших эрх хөндөгдөөгүй, хариуцагчийн дээрх шийдвэр Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ