Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 250

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баярмаа,  

Улсын яллагч: Л.Соёмбо,

Шүүгдэгч: Б.Т-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Т-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805059330136 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Т-, 1989 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ....тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Т-нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол Газар” ХХК-ны хашаанд Оросын Холбооны Улсын иргэн З.Г-той машин руу өшиглөлөө гэсэн шалтгаанаар маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Т-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч З.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...битгий наад машинаа оролдоод бай эндээс яв гэж хэлсэн. Тэгтэл энэ машин чинийх юм уу, чамд хамаагүй гээд намайг хэл амаар доромжлоод өвдгөөрөө гэдэс өвдөглөсөн. Тэгэхээр нь би тухайн үед энэ хоёр залуугийн унаж явсан приус 30 маркийн машины дугуй руу нь өшиглөсөн. Тэгээд эргэж хараад явах гэтэл нэг залуу нь миний гэдэс, нүүр рүү хоёр удаа гараараа цохиод авсан. ....Миний хувьд хамар хугарсан, нүдний орчим гэмтсэн.Би хамаг ажлынхаа цагийг алдсан. Би 7.000.000 төгрөгийн ажил хийх гэрээ хийсэн байсан. Тэр гэрээ зодуулсанаас болж цуцалсан. Миний хувьд одоо хамраа үзүүлэхээр 2.800.000 төгрөгийн эмчилгээ хийж хамар тэгшлэх ёстой гэсэн. Одоогоор би эмчилгээ хийлгээгүй байгаа. Намайг зодсон хүнээс мөнгөө авч эмчилгээ хийх хэрэгтэй байна. Миний хувьд зодуулсандаа гомдолтой байгаа. Шүүх хуралд шаардлагатай бол оролцож болно...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-16, 72/,

Гэрч М.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би яг юунаас болж маргалдсаныг бол мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь орос эрэгтэй хүнтэй Т- хоёр хэрэлдээд эхэлсэн. Тэгтэл орос иргэн гартаа барьж явсан гялгар ууттай торноосоо данхраатны иш бариад Т- рүү дайрсан. Тэгэхээр нь би машинаас буугаад Т-г боль, боль гээд суулгаад тэндээсээ хөдлөөд ухраад орос эрэгтэйн хажуу талаар явах гэтэл миний машины зүүн хойд талыг данхраатны ишээр цохьсон. Тэгтэл Т- машинаас буугаад нөгөө орос эрэгтэй рүү очсон. Би машинаа зогсоогоод машинаас буугаад нөгөө хоёр дээр яваад очтол тэр хоёр барьцалдаад авсан байсан. Тэгээд би очоод Т-г салгаад машинд суулгаад хөдлөөд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 32/,

Гэрч Д.У-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...миний харсанаар бол приусийн жолооч машин дотроо хараад байсан. Харин нөгөө талд нь сууж байсан залуу машинаас буугаад орос эрэгтэй хүнтэй барилцаж муудалцаад байсан. Харин сүүлд нь приус машины жолооч эрэгтэй машинаасаа буугаад тэр хоёрыг салгаад хамт явж байсан залуугаа машинд суулгаад авч явж байгаа харагдсан. Оростой нэг Монгол залуу маргалдаж барилцаж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 26/,

Шинжээчийн 13851 тоот дүгнэлтэд: “...Гереев Залимхан-ны биед хамар ясны цууралт, зүүн нүдний зовхи болон гадна буланд цус хуралт, зулгаралт, хамарт хавантай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно...” гэсэн дүгнэлт /хх-н 18/,

Яллагдагчаар Б.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...А- бид хоёр машины чиргүүл дундуур машинаа гаргах гэхэд багтахгүй малаа гэж маргалдсан. Үүнээс эхлээд л бид хоёрын үл ойлголцол эхэлсэн ба сүүлдээ машин цохихоор нь буугаад очтол гартаа барьж явсан цэнхэр торноос данхраатны иш барьж ирээд цохих гэхээр нь би гарыг нь барьж байгаад өөрөөсөө холдуулж түлхээд, нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 85/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 4-5/, Хохирлын баримтууд /хх-н 40-46/, Хохирлын мөнгө хүлээлцсэн баримт /хх-н 47-48/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 63-65, 87/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Т-нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол Газар” ХХК-ний хашаанд Оросын Холбооны Улсын иргэн З.Г-той машин руу өшиглөлөө гэсэн шалтгаанаар маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч З.Г-ийн: “...битгий наад машинаа оролдоод бай эндээс яв гэж хэлсэн. Тэгтэл энэ машин чинийх юм уу, чамд хамаагүй гээд намайг хэл амаар доромжлоод өвдгөөрөө гэдэс рүү өвдөглөсөн. Тэгэхээр нь би тухайн үед энэ хоёр залуугийн унаж явсан приус 30 маркийн машины дугуй руу нь өшиглөсөн. Тэгээд эргэж хараад явах гэтэл нэг залуу нь миний гэдэс, нүүр рүү хоёр удаа гараараа цохиод авсан. ....Миний хувьд хамар хугарсан, нүдний орчим гэмтсэн би хамаг ажлынхаа цагийг алдсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-16, 72/, гэрч М.А-ын: “...Би яг юунаас болж маргалдсаныг бол мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь орос эрэгтэй хүнтэй Т- хоёр хэрэлдээд эхэлсэн. Тэгтэл орос иргэн гартаа барьж явсан гялгар ууттай торноосоо данхраатны иш бариад Т- рүү дайрсан. Тэгэхээр нь би машинаас буугаад Т-г боль, боль гээд суулгаад тэндээсээ хөдлөөд ухраад орос эрэгтэйн хажуу талаар явах гэтэл миний машины зүүн хойд талыг данхраатны ишээр цохьсон. Тэгтэл Т- машинаас буугаад нөгөө орос эрэгтэй рүү очсон. Би машинаа зогсоогоод машинаас буугаад нөгөө хоёр дээр яваад очтол тэр хоёр барьцалдаад авсан байсан. Тэгээд би очоод Т-г салгаад машинд суулгаад хөдлөөд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 32/, гэрч Д.У-ын: “...миний харсанаар бол приусийн жолооч машин дотроо хараад байсан. Харин нөгөө талд нь сууж байсан залуу машинаас буугаад орос эрэгтэй хүнтэй барилцаж муудалцаад байсан. Оростой нэг Монгол залуу маргалдаж барилцаж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 26/, шинжээчийн 13851 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Т-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Т-нь хохирогчтой маргалдаж түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Г-ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс хамрын хагалгаанд орох 2.800.000 төгрөг, зодуулсны улмаас ажил гүйцэтгэх гэрээ цуцалсан 7.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4, 11.5, 11.6 дугаар зүйлүүдэд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаархи баримт хавтас хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийг хангаж хохирлыг гаргах боломжгүй гэж шүүх үзлээ.

Гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн болон гэрээ цуцлагдсан талаархи баримт хавтас хэрэгт авагдаагүй, хохирогч нь хамрын хагалгаанд ороогүй байх бөгөөд уг хор уршиг бодитой учраагүй байх тул хохирогчийн хамрын хагалгаанд орох, ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь хохирогчид хавтаст хэрэгт баримтаар авагдсан 300.000 төгрөгийг төлсөн болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Т-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Т-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгч Б.Т-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн оногдуулсан ялын саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Т-нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Т-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 300.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  4. Хохирогч Гереем Залимхан Гаджимеджидович нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР