Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 275

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

Улсын яллагч: Н.Энхболд,

Шүүгдэгч: Ж.Э-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Э-т холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905009150327 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж.Э-, 1969 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт ....тоот регистртэй,

Шүүгдэгч Ж.Э-нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 67 дугаар байрны 90 тоотод хамтран амьдрагч Б.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

            Хохирогч Б.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Өөдөөс хэрэлдээд байхаар нь би мах хэрчиж байсан ганбанзаар цохиод 2 хуваасан. Гэтэл Ж.Э- нүүр рүү гараараа нэг удаа алгадсан. Ингээд бид 2 жижиг өрөөнд ороод маргалдсан. Энэ үед Ж.Э- үснээс зулгаагаад нуруу руу 2 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/,

            Шинжээчийн 2190 тоот дүгнэлтэд: “...Б.Б-гийн биед тархи доргилт, зүүн дал, баруун, зүүн бугалганд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-н 19/,

            Яллагдагчаар Ж.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Маргалдаад харилцан зодолдсон биеийнх нь аль хэсэгт хэдэн удаа яаж цохьсон оо санахгүй байна. Би архи уусан байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу. Бид 2 одоо эвлэрсэн хамт амьдарч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-н 38-39/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 6/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 23-29, 32-33, 48-59/, Хохирогчийн хүсэлт /хх-н 47/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.Э-нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 67 дугаар байрны 90 тоотод хамтран амьдрагч Б.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Б-гийн: “...Өөдөөс хэрэлдээд байхаар нь би мах хэрчиж байсан ганбанзаар цохиод 2 хуваасан. Гэтэл Ж.Э- нүүр рүү гараараа нэг удаа алгадсан. Ингээд бид 2 жижиг өрөөнд ороод маргалдсан. Энэ үед Ж.Э- үснээс зулгаагаад нуруу руу 2 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/, шинжээчийн 2190 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Шүүгдэгч Ж.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Э-нь хамтран амьдрагч Б.Б-тай маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гомдол саналгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /хх-н 47/ бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Ж.Э-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ж.Э-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Э-т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.ОТГОНБАЯР