Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 328

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,  

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

Хохирогч: Д.Г-,

Шүүгдэгч: Э.Ж-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Ж-ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905003640164 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Ж-, 1995 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний био технологич мэргэжилтэй, ам бүл 1, ганцаараа ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Э.Ж-нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Г-тэй үл ялих зүйлээс шалтгаалан маргалдах явцдаа Г-г мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Ж-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Д.Г-шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өргөөгийн хажуу талын байранд явж байгаад урсгал сөрлөө гэснээс болоод маргаан үүссэн. Миний хамар хугарсан байгаа. Би банкны өртэй болохоор хагалгаанд орох мөнгө байхгүй. Одоо хагалгаанд орох шаардлагатай байна” гэв.

Хохирогч Д.Г-мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө эгч О-ынд очих гээд кино театрын баруун талд байрлах байр руу дүү Д-тай хамт явж байсан юм. Эгчийн байр руу эргээд ороход цагаан өнгийн машин өөдөөс урсгал сөрөөд гараад ирсэн юм. Би буугаад “урсгал сөрөөд байна шүү дээ, наадах чинь нэг урсгалтай замтай” гэхэд тэр урсгал сөрж ирсэн цагаан машинаас нэг залуу бууж ирээд “яасан овоо гар вэ” гээд үгийн зөрүүгүй миний хамар руу толгойгоороо мөргөсөн. Миний хамарнаас цус гоожоод тонгойсон машин дотроос дүү Д- гарч ирээд цагдаа дуудсан удалгүй цагдаа ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 22/,

Гэрч Б.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...машин дотроос эрэгтэй хүн бууж ирээд “янхан минь, гичий минь, мал минь, хөдөөний муу” гэж хэлээд энэ нэг урсгалтай зам гэж хэлсэн чинь манай найз Ж- буугаад нөгөө залуутай барьцалдаж авсан. Тэр залуу Ж-ыг цохих гээд далайхад нь Ж- тэр залуугийн нүүр рүү мөргөчих шиг болсон. Тэр залуугийн хамраас цус гоожиж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-16/,

Гэрч П.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Г-ах чи урсгал сөрөөд байна хойшил гэхэд машины жолоочийн хажууд сууж байсан улаан куртиктэй залуу машинаас бууж ирэхэд Г-ах бас машинаас буусан. Тэгтэл тэр залуу шууд ирээд Г-ахын нүүр рүү мөргөсөн, ахын хамранаас цуг гараад тонгойсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 47-48/,

Шинжээчийн 1345 тоот дүгнэлтэд: “...Г-н биед хамар яс, хамрын таславчийн хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар, хоёр нүдний дотор буланд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 17/,

 Сэжигтэн, яллагдагчаар Э.Ж-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...машины жолоочийн хажууд сууж байсан эрэгтэй хүн хаалгаа онгойлгочихоод манай найз охин Нандинцэцэгийг “пизда, янхан, гичий” зэрэг хараалын үг хэлж доромжилж байснаа машин луу өшиглөх гээд байхаар нь би бууж очоод тэр залууг хаалгатай нь цааш нь түлхэсэн чинь тэр залуу бууж ирээд намайг цохих гээд далайхаар нь гарыг нь татаж аваад нүүр рүү нь нэг удаа мөргөсөн чинь тэр залуугийн хамраас цус гарч байсан. ...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Ган-Эрдэний биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна, буруугаа ойлгосон. Энэ бүгд миний буруу...” гэсэн мэдүүлэг /хх-н 25-27, 43-44/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирлын баримт /хх-н 30/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 33-38/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Э.Ж-нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Г-тэй автозамын урсгал сөрлөө гэх шалтгааны улмаас маргалдаж Г-г мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г-: “...Эгчийн байр руу эргээд ороход цагаан өнгийн машин өөдөөс урсгал сөрөөд гараад ирсэн юм би буугаад “урсгал сөрөөд байна шүү дээ, наадах чинь нэг замтай” гэхэд тэр урсгал сөрж ирсэн цагаан машинаас нэг залуу бууж ирээд “яасан овоо гар вэ” гээд үгийн зөрүүгүй миний хамар руу толгойгоороо мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 22/, гэрч Б.Н-ийн: “...Ж- буугаад нөгөө залуутай барьцалдаж авсан. Тэр залуу Ж-ыг цохих гээд далайхад нь Ж- тэр залуугийн нүүр рүү мөргөчих шиг болсон. Тэр залуугийн хамраас цус гоожиж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-16/, гэрч П.Д-гийн: “...Г-ах “чи урсгал сөрөөд байна хойшил” гэхэд машины жолоочийн хажууд сууж байсан улаан куртиктэй залуу машинаас бууж ирэхэд Г-ах бас машинаас буусан. Тэгтэл тэр залуу шууд ирээд Г-ахын нүүр рүү мөргөсөн, ахын хамранаас цуг гараад тонгойсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 47-48/, шинжээчийн 1345 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Ж-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Ж-нь хохирогч Д.Ган-Эрдэнтэй урсгал сөрлөө гэх шалтгааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Г-биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь хамрын хагалгаа хийлгэх ёстой байгаа боловч мөнгөний бололцоогүй тул орж чадахгүй байгаа тул уг хагалгааны төлбөрийг нэхэмжилжээ.

Хохирогч нь тухайн хагалгаанд ороогүй байх бөгөөд уг хор уршиг бодитой учраагүй, түүчнлэн, хармын хагалгаанд ороход хэдэн төгрөг шаардагдах талаар албан ёсны баримтгүй байх тул хохирогчийн энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь хохирогчид хавтаст хэрэгт баримтаар авагдсан 190.000 төгрөгийг төлсөн болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Э.Ж-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Ж-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгч Э.Ж-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Ж-нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Ж-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 190.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  4. Хохирогч Д.Г- нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ж-ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР