Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 338

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баярмаа,

Улсын яллагч: Д.Пүрэвдагва,

Шүүгдэгч: Ц.Т-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Т-т холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905009880292 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.Т-, 1992 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Ц.Т-нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  “Пламенго” бааран дотор Ж.Д-гийн нүүр рүү пивоны шил шидэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Т-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Ж.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өргөө кино театрын урд байрлах Пламенго баар руу эхнэр С-, эхнэрийн найз Т- нарын хамт орсон. Пиво захиалчихаад сууж байтал С-, Т- хоёр бүжгийн талбай руу гарж бүжиглэсэн. Би суудалдаа суугаад пивоо уугаад сууж байтал миний нүүр рүү сууж байсан ширээний залгаа сууж байсан залуу пивоны шил авч шидсэн. Шидсэн шил нь миний хөмсгийг оноод хөмсөгнөөс цус гарахаар нь би бармен дээр очоод миний хажууд сууж байсан залуу нүүр рүү шил шидчихлээ гэж хэлсэн. Бүжиглэж байсан эхнэр С-т бас хэлсэн. Тэгтэл миний нүүр рүү шил шидсэн залуу 2 найзтайгаа баарнаас гарах гэж байсныг хамгаалагч хориод энэ хооронд эхнэр цагдаа дуудсан. Дүгнэлттэй танилцсан санал хүсэлт байхгүй. Миний биед гэмтэл учруулсан залуугийн нэрийг мэддэг болсон Төгөлдөр гэх залуу шил шидсэнээс болж гэмтэл учирсан. Төгөлдөр нь ямар ч шалтгаангүйгээр шил шидсэн, би түүнтэй маргалдаагүй. ...500.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн, эмчилгээний 500.000 төгрөгийг өгсөн. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 25-26, 47/,

Гэрч Б.АТ-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...бүжгийн талбай руу гарч бүжиглээд 5 минут болтол Д- нүүр нь цус болсон хүрээд ирсэн. Д- миний хажууд сууж байсан залуу нүүр рүү шил шидчихлээ гэсэн. Цагдаа ирэхэд тэр залуу яагаачгүй гэснээ Д- рүү хараад би чамайг алчих уу гээд байсан..” гэсэн мэдүүлэг /хх-н 32/,

Гэрч С.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манай нөхөр над дээр нүүрээ дарчихсан ирээд нүүр рүү хүн шил шидчихлээ гээд ирсэн. Тэгээд сууж байсан ширээн дээрээ очиход залгаа ширээнд сууж байсан залуу руу заагаад энэ залуу шил шидчихлээ гэсэн. Тэгтэл нөгөө 3 залуу гарах гээд байхаар нь найз АриунТ-тай нийлж тэр залуучуудыг барьж байгаад цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-30/,

Шинжээчийн 2657 тоот дүгнэлтэд: “...Ж.Д-ийн биед баруун хөмсөгт шарх, баруун нүдний дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-н 20/,

Яллагдагчаар Ц.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 23 цагийн үед хорооллын Пламенго бааранд орсон. Бааранд ороод юу болсныг огт санахгүй байна. Өглөө эрүүлжүүлэхэд сэрсэн. Д-гийн эрүүл мэндэд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүлжүүлэхээс гарсны дараа манай найз Наранхүү надад чи хүн рүү пивоны шил шидсэн гэж хэлсэн. ...эмчилгээний зардалд 500.000 төгрөг өгсөн. Бид эвлэрсэн, гэм буруугаа ойлгож байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-н 40, 45/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 14-15/, хохирол төлсөн баримт /хх-н 33/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 34-38/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч .Төгөлдөр нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  “Пламенго” бааран дотор шалтгаангүйгээр Ж.Д-гийн нүүр рүү пивоны шил шидэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ж.Д-гийн: “...Би суудалдаа суугаад пивоо уугаад сууж байтал миний нүүр рүү сууж байсан ширээний залгаа сууж байсан залуу пивоны шил авч шидсэн. Шидсэн шил нь миний хөмсгийг оноод хөмсөгнөөс цус гарахаар нь би бармен дээр очоод миний хажууд сууж байсан залуу нүүр рүү шил шидчихлээ гэж хэлсэн. Бүжиглэж байсан эхнэр С-т бас хэлсэн. Тэгтэл миний нүүр рүү шил шидсэн залуу 2 найзтайгаа баарнаас гарах гэж байсныг хамгаалагч хориод энэ хооронд эхнэр цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26, 47/, гэрч Б.АриунТ-ын: “...бүжгийн талбай руу гарч бүжиглээд 5 минут болтол Д- нүүр нь цус болсон хүрээд ирсэн. Д- миний хажууд сууж байсан залуу нүүр рүү шил шидчихлээ гэсэн. Цагдаа ирэхэд тэр залуу яагаачгүй гэснээс Д- рүү хараад би чамайг алчих уу гээд байсан..” гэсэн мэдүүлэг /хх-н 32/, гэрч С.С-ийн: “...манай нөхөр над дээр нүүрээ дарчихсан ирээд нүүр рүү хүн шил шидчихлээ гээд ирсэн. Тэгээд сууж байсан ширээн дээрээ очиход залгаа ширээнд сууж байсан залуу руу заагаад энэ залуу шил шидчихлээ гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-30/, шинжээчийн 2657 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.Т-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Т-нь хохирогч Ж.Д-гийн нүүр рүү шалтгаангүйгээр пивоны шил шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс хохирол төлбөрт 500.000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Ц.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

   Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.Т-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Т-т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР