Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 1082

 

 

 

      

 

 

    2019           10          15                                          1082

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн,

улсын яллагч М.Амарзаяа /томилолтоор/,

шүүгдэгч О.Ү, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1476/,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч А.Очбадрал /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

М овогт Бийн Дыг:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт;

С овогт Огийн Үийг:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаар, 2 хавтас хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, М овогт Бийн Д:

1995 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ...  тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

            -Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан (РД:...).

           

2. Монгол Улсын иргэн, С овогт Огийн Ү:

1979 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Налайх дүүргийн 6 дугаар хороо, Усан сан гудамжны 1 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2, 1231.4, 239 дүгээр зүйлийн 3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 362 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 15 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 17.8 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Хархорин сум дахь сум дундын шүүхийн 64 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан (РД:...).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Д нь:

-ганцаараа 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Я.Долгорсүрэнгийн хос алтан ээмгийг хүч хэрэглэн дээрэмдэн авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан;

-дээрмийн гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Я.Долгорсүрэнг өндөр настай, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан;

-ганцаараа 2019 оны 5 дугаар сарын 09-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5 шараас “Залуус” хорооллын баруун талд байрлах “555” нэртэй караокены зүүн талаар явж байхад нь иргэн Д.Баасандоржийн “Redmi6A” маркийн гар утсыг хүч хэрэглэн, толгойн дагз хэсэг рүү нь цохиж дээрэмдэн авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан;

-О.Үтэй бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” дэлгүүрийн автобусны буудлын орчим байрлах хүүхдийн тоглоомын баруун хойд талд иргэн Б.Оын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж, улмаар түүнийг зодож, “Samsung Note 4” маркийн гар утас, 2 ширхэг монетон бөгж, түрийвч, бэлэн 160.000 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэн авч, нийт 1.470.000 төгрөгийн хохирол учруулсан;

-бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Б.Оыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт;

 

Шүүгдэгч О.Ү нь:

-Б.Дтай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” дэлгүүрийн автобусны буудлын орчим байрлах хүүхдийн тоглоомын баруун хойд талд иргэн Б.Оын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж, улмаар түүнийг зодож, “Samsung Note 4” маркийн гар утас, 2 ширхэг монетон бөгж, түрийвч, бэлэн 160.000 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэн авч, нийт 1.470.000 төгрөгийн хохирол учруулсан,

-бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Б.Оыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг

Шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ:

2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр архи хэрэглэсэн байдалтай Үийн гэр рүү явж байсан. Архи уусан байсан учраас өндөр настай хүний ээмгийг дээрэмдсэнээ санахгүй байна.

-2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Баасандоржийн гар утсыг аваад зугтаасан, зодоогүй.

-Оын эд хөрөнгийг авсан үйлдлийн тухайд Ү, Отгонцэцэг нартай хамт караоке орох гээд явж байсан. Хохирогч гээд байгаа хүн Отгонцэцэгийн хөхнөөс бариад авахаар нь яаж байгаа юм гэсэн чинь зайл пизда минь гэсэн. Тэгэхээр нь О бид хоёр хоорондоо зодолдоход Ү ах салгасан. О эргэж ирээд бид хоёр дахин зодолдсон. Зодоон болж байхад Ү ах явчихсан байсан. Дараа нь би утас, түрийвч, ээмэг, бөгжийг нь авсан. Оаас салаад караокены гадаа очиход Үтэй таарсан гэв. 

 

Шүүгдэгч  О.Үөөс: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж  мэдүүлэх зүйл байхгүй гэв.

            Хоёр Эрүүгийн ... дугаартай хэргээс яллах, өмгөөлөх талын судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд. Үүнд:  

 

            1.Хохирогч Я.Долгорсүрэнгийн эд хөрөнгийг дээрэмдсэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийн баримтууд:

 

1.1 Хохирогч Я.Долгорсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 27-нд 16 цагийн орчим ...нөхөр Ганболдын хамт Толгойтын хуучин эцэс орж хүнсний материал авахаар гарсан. Хуучин эцсийн замын баруун талд хойшоо харсан хаалгатай тоосгон дэлгүүр рүү орж хүнсний зүйл аваад гараад иртэл дэлгүүрийн үүдэнд 2 залуу зогсож байсан. Би толгойтын хуучин эцсийн автобусны хойд талд байрлах зурагт, хөргөгч засварын газар орчоод араас чинь очно гэж хэлээд нөхрөө гэр рүүгээ явуулсан. Зурагт, хөргөгч засварын газар очиход хаалттай байсан. Тэгээд би харих гээд “Боржигон” караокены урдуур гарч ертөнцийн зүгээр баруун тийш явж байтал нөхөр бид хоёрыг Толгойтын хуучин эцсийн дэлгүүрээс хүнсний материал аваад гарч ирэхэд зогсож байсан хоёр залуугийн нэг нь болох улаан малгайтай залуу нь намайг хуучин эцсийн “Боржигон” караокены хажуугаас дагаж эхэлсэн. Би дагаж байгааг нь гадарлаад хаяг нь үл мэдэх гудамж руу орж тэр улаан малгайтай хүнээс холдсон. Гэрийн ойролцоо “Монополь” дэлгүүрийн ертөнцийн зүгээр баруун талд явж байтал “Боржигон” караокены дэргэдээс дагаж байсан залуу гэнэт гарч ирснээ миний баруун гарын бугуй хэсгээс чанга барьж аваад “эмээ надад 10.000 төгрөг өгчих” гэсэн. Би тухайн залууд хандаж “мөнгө алга” гэхэд “тэгвэл таны ээмгийг чинь авна” гээд над руу дайрч баруун, зүүн чихэнд байсан алтан хос ээмгийг авах гээд намайг газар угзарч унагаагаад алтан ээмгийг чихнээс мулталж авсан. Улаан малгайтай залууг надтай ноцолдож байх хооронд би туслаарай гэж орилсон, ойр орчим хүн харагдаагүй. Тухайн залуу миний хос алтан ээмгийг аваад шууд зугтсан. ...Миний зүүн гарын тохой, толгой хэсэг, баруун өвдөг хэсгээр маш их өвдөж байна. Ээмгийн онцлох содон шинж тэмдэг дугуй зуувин хэлбэртэй, битүү хээтэй орц /5.7 гр сорьц 999 / хос алтан ээмэг байсан. ...Намайг дээрэмдсэн залуу 25 нас орчим, бор царайтай, туранхай, 150-160 см өндөртэй байсан. Өмссөн хувцасны хувьд цагаан бичиглэлтэй улаан өнгийн саравчтай малгайтай, саарал ноосон цамц өмссөн байсан. Би тухайн залууг харвал бор царай, шөвгөр эрүүгээр  нь шууд танина. Гэгээтэй өдөр миний эд зүйлийг дээрэмдсэн болохоор би шууд танина. ...Монетон ээмэг болон намайг зодож дээрэмдсэн залуугаас эмчилгээний мөнгөө гаргуулж авмаар байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 9-10 дугаар тал),

 

1.2 Хохирогч Я.Долгорсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1948 оны 7 дугаар сарын 04-ний өдөр төрсөн/, түүний эмнэлэгт үзүүлсэн үзлэг, оношилгоо, шинжилгээний баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 52-59 дүгээр тал),

 

1.3 “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 724 дугаартай ...хос алтан ээмгийг 400.000 төгрөгөөр тогтоосон” үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар тал),

 

1.4 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “Ачлал” барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан Д.Баярмагнайгаас 5.7 гр хос алтан ээмэг хураан авсан, мөн өдөр хохирогч Я.Долгорсүрэнд хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 68, 71 дүгээр тал),

 

1.5 Иргэний нэхэмжлэгч Д.Баярмагнайн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өгсөн:

“...Намайг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн орчим “Ачлал” нэртэй барьцаалан зээлдэх газар ажиллаж байхад зүс таних Ү гэх залуу ээмэг авах уу гэж орж ирсэн. Би ямар ээмэг юм гэхэд алтан ээмэг гээд алтан шармал өнгийн хос ээмэг гаргаж ирсэн. Сорьцолж үзэхэд алтан ээмэг байсан. Зах зээлийн ханшаар бодож үзэхэд ээмэг нь 400.000 төгрөг болж байсан. Үөд хандан 400.000 төгрөг болж байна барьцаанд тавих юм уу гэж асуухад зөвшөөрсөн. Бид хоёр барьцаалан зээлдэх гэрээ байгуулж Үөөс тус хос алтан ээмгийг 30 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэй 400.000 төгрөгөөр барьцаанд авсан. Үийн барьцаанд тавьсан хос алтан ээмгийг цагдаагийн байгууллагаас хурааж авсан. Манай барьцаалан зээлдэх газарт 432.000 төгрөгийн хохирол учирсан, нэхэмжилнэ. ... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 12-13 дугаар тал),

 -2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр дахин өгсөн:

 “...Сүүлд цагдаагийн байгууллагын ажилтан ирж прокурорын хураан авах зөвшөөрөлтэй албан бичиг үзүүлж учрыг тайлбарлан ойлгуулж тус 5.7 грамм жинтэй хос алтан ээмгийг хураан авч намайг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Тухайн үед 432.000 төгрөг нэхэмжилж байсан. Ү гэх залуугаас 432.000 төгрөг бэлнээр авсан, нэхэмжлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 14-15 дугаар тал),

 

1.6 “Ачлал” барьцаат зээлийн газрын хос алтан ээмгийг барьцаалсан гэрээ, иргэний нэхэмжлэгч Д.Баярмагнай 432.000 төгрөг О.Үөөс хүлээн авсан тухай 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 64, 72 дугаар тал),

 

1.7 Гэрч Б.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...Би 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Толгойтын хуучин эцэс орчим амьдрах хуучны танил Эрка хочтой Эрдэнэчулуун, бас нэг үл таних залуугийн хамт хуучин эцэст байрлах “Нарлаг” нэртэй хүнсний дэлгүүрээс нэг шил архи аваад гарч байснаа  санаж байна. Миний санаж байгаагаар бор царайтай, саарал цамцтай, улаан малгайтай залуу байсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр тал),

 

            1.8 Гэрч Х.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “...Б.Д миний найз залуу байгаа юм. ...Би 2019 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Ү, Д нартай хамт хоносон. ...Д ...би “Монет үгүйг нь сайн мэдэхгүй байна, хос хоёр ээмэг Ү ахад өгөөд явууллаа гэж хэлсэн. ...Хэсэг хугацааны дараа Ү архи, пиво, гурил, өндөг, банш, салат, сүү авч орж ирсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 34-35 дугаар тал),

 

1.9 Гэрч О.Үийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “ ... 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Д надад алтан ээмэг өгсөн юм шиг байна лээ, согтуу байсан болохоор авсан гэдгээ мэдэхгүй байна. Өөрийн жинсэн өмдний халааснаас хос алтан ээмэг ломбардад тавьсан бичгээ олсон. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар тал),

 

1.10 Шүүгдэгч Б.Дын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өгсөн:

“... 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр найз охин Анирын хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, 5-276 тоотод байдаг О.Үийн гэрт хоносон. 2019 оны 6 дугаар сарын 27-ны өглөө 10 цагийн үед босоход О.Ү ах гэрээс гараад явсан байсан. ...Дэлгүүрийн үүдэнд байсан хүмүүстэй хамт 2 шил архи хувааж уучихаад О.Ү ахын гэр рүү явсан юм. ...14 цагийн үед буцаж гараад Толгойтын хуучин эцэс дээр очсон. Өмнө нь уусан хүмүүстэй архи уухаар очсон, очиход 7, 8 хүмүүс байсан. Тэд нартай нийлээд /нэрийг нь мэдэхгүй/ 0.75 литрийн 3 шил архи хувааж уугаад тарсан. Тэгээд би О.Ү ахын гэр рүү явах гээд ертөнцийн зүгээр хойшоо гудамжаар алхаад явж байхад нэг үл таних эмээгийн чихэнд алт бололтой шар өнгийн ээмэг харагдахаар нь явж очоод “Архины мөнгө өгчих” гэж хэлсэн чинь “Залуу хүн байж архи уулаа” гэж өөдөөс хэлэхээр нь тэр эмээгийн хоёр гарыг нь зүүн гараараа барьж байгаад баруун зүүн чихний ээмгийг нь аваад хойшоо гудамжаар гүйгээд О.Ү ахын гэрт нь очсон.  О.Ү ахад дээрэмдсэн хоёр ширхэг ээмгээ “Алт, монет” эсэхийг мэдэхээр өгсөн. Орой би Анираас “О.Ү ахад хос ээмэг өгсөн, тэр яасан бэ” гэж асуухад “О.Ү ах хоол хүнсний юм авахаар явсан” гэж хариулсан. Удалгүй О.Ү ах архи, пиво, банш, будаа, сүү авчирсан. Бид гурав архи, пиво хувааж уусан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 87 дугаар тал/,

 

1.11 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 8027 тоот дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: : Баруун, зүүн чихний омгонд 0,3х0,2 см хүрэн бор өнгийн тав бүхий шархтай, баруун сарвууны гадна гадаргууд 8х8 см, зүүн сарвууны гадна гадаргууд 9х7 см бүдэг хөх өнгийн цус хуралттай, бага зэрэг овойж хавдсан, зүүн тохой орчим тэмтэрч үзэхэд эмзэглэл ихтэй.

2019.6.29-ний давтан үзлэгээр: Зүүн бугалганы дээд 1/3 хэсгээс хурууны уг хүртэл үргэлжилсэн аравч гөлтгөнөн боолт хийгдсэн.

ДҮГНЭЛТ:

-Я.Долгорсүрэнгийн биед баруун, зүүн чихний омгоны язарсан шарх, баруун зүүн сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. /шинжээч Н.Энхцолмон/...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 47 дугаар тал),

 

            2.Хохирогч Д.Баасандоржийн эд хөрөнгийг дээрэмдсэн хэргийн баримтууд:

            2.1 Хохирогч Д.Баасандоржийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “... Би 2019 оны 5 дугаар сарын 09-ний ...21.00 цагийн орчим багын найз Мөнхжаргал, Төрхүү хоёрын хамт Бөхийн өргөөний хойд талд байрлах Уушийн газар орж пиво авч уусан. 23 цагийн үед гарч 2 найзаасаа салсан. Хөдөө аж ахуйн буудлаас Залуус хороололд байрлах гэр рүү явахаар такси барьж суугаад таван шарын буудал дээр бууж, “555” нэртэй караокены зүүн талаар алхаад явж байтал араас нэг хүн толгой, дагз хэсэг рүү гэнэт хатуу зүйлээр цохисон. Намайг цохисоны дараа би бага зэрэг манаран доош бөхийгөөд өндийгөөд дээш бостол өмсөж явсан ягаан куртикны дотор талын халааснаас маш хурдтай “Redmi 6A” маркын гар утсыг шүүрч аваад зугтаасан. Эргэж харахад цайвар өнгийн хувцастай залуу зугтааж яваа харагдсан. Тухайн залуу маш хурдтай гүйгээд явсан. Би алдсан гар утсаа 2019 оны 01 дүгээр сарын эхээр “Тэди” төвд байрлах “Mi” брэндийн төвөөс 359.000 төгрөгөөр худалдан авч байсан. Гар утас нь хар өнгөтэй, шилэн наалт нь хагарсан байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 213-214 дүгээр тал),

           

2.2 “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 718 дугаартай ... Mi Redmi 6A гар утасны үнийг 350.000 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 231 дүгээр тал),

 

            2.3 Гэрч Л.Өлзийсайханы мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “...Хархорин зах руу ганцаараа явж захын гэрлэн дохионы арын жижиг түцний харалдаа 30 гаран насны нэг залуу утас зарна гээд зогсож байхаар нь асуухад хар өнгийн, цагаан өнгийн гар утас гаргаж ирэхээр нь хар өнгийн Хятад улсад үйлдвэрлэсэн “Mi” загварын гар утсыг 100.000 төгрөгөөр худалдан авч, мөнгөө бэлнээр өгсөн. Тухайн утас И-мэй код нь 866789046281524 дугаар гарч ирж байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 218 дугаар тал),

 

            2.4 Шүүгдэгч Б.Дын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар өгсөн “... “555” караокены нийтийн зааланд ганцаараа суусан. Караокед таван шил пиво авч, дуулж, 00 цагийн үед гараад Болдбаатар ахын гэр рүү алхаж явж байгаад “Wellmart”-тай байрны урд талд халамцуу бололтой нэг үл таних залуу утсаар яриад зогсож байхаар нь гарнаас нь утсыг шүүрч авч гүйсэн. Маргааш өглөө нь хар өнгийн Redmi 6A маркийн гар утсыг Хархорин зах дээр гар утас зардаг хүмүүст 60.000 төгрөгөөр зарсан. Мөнгөөрөө ойр зуурын хэрэгцээний юм аваад дууссан. Би тухайн үед согтуу байхдаа гар утсыг нь авчихмаар санагдаад дээрэмдсэн. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 241 дүгээр тал),

 

            2.5 Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...хар өнгийн Mi брэндийн гар утас, дэлгэцийг асааж үзэхэд ажиллагаа хэвийн,...E-Mei 1 866789046281524 E-Mei2 866789046281532 дугаар гарч ирсэнийг гэрэл зургаар бэхжүүлсэн тэмдэглэл, мөн уг гар утсыг хохирогч Д.Баасандоржид хүлээлгэн өгсөн тэмдэглэл” (1 дүгээр хавтаст хэргийн 207 дугаар тал),

 

            3. Хохирогч Б.Оын эд хөрөнгийг дээрэмдсэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийн баримтууд:

            3.1 Хохирогч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн үед найз Батсүх, түүний эхнэр Уугий нартай уулзаж, Сувдаагийн гэрт очиж бид архи, пиво уусан. 2019 оны 6 дугаар сарын 28-ны шөнө 00 цагийн үед Батсүхийн эхнэр Уугий Сувдаагийн гэрээс гараад явсан. Тэгээд байж байгаад би араас нь гараад замын ертөнцийн зүгээр баруун талаар нь урагшаа нарангийн голын ... дэлгүүр рүү алхаад явсан. Нэг мэдэхэд хүмүүс намайг цохиж зодоод байх шиг байсан. Би тэр зодуулсан газраа хэвтэж байгаад сэргэхээр нь босоод гэр лүүгээ алхаж, гэртээ орсон чинь эхнэр эмнэлэг явъя гэсэн.  Эмнэлэг дээр ирээд үзэхэд миний Samsung note-4 маркын гар утас, баруун гарын ядам хуруунд байсан 7 граммын монетон бөгж, зүүн гарын ядам хуруунд байсан 7 граммын монетон бөгж, бор өнгийн түрийвч, дотор нь бэлнээр 160.000 төгрөг зэрэг эд зүйл байхгүй байсан. Миний санаж байгаагаар 2 залуу 1 эмэгтэй байх шиг байсан. 2 ширхэг монетон бөгжний грамм, шинж тэмдэг адилхан. Нийт 1.000.000 төгрөгөөр нэгийг нь 500.000 төгрөгөөр үнэлж байна. Samsung note-4 загварын гар утсаа 2018 онд 150.000 төгрөгөөр авч байсан,100.000 төгрөгөөр үнэлнэ. ...Би ухаан орж гараад байсан болохоор тэр хүмүүсийг танихгүй. ...2019 оны 6 дугаар сарын 31-ний өдөр гар утас, 1 ширхэг монетон бөгж, түрийвч зэргийг цагдаагаас хүлээн авсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 150 дугаар тал),

 

3.2 “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 815 дугаартай ...монетон бөгж 2 ширхэгийг 1.190.000 төгрөгөөр, Samsung Note 4 маркын гар утсыг 100.000 төгрөгөөр, бор өнгийн эрэгтэй түрийвчийг 20.000 төгрөгөөр тус тус тогтоосон” үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 172 дугаар тал),

3.3  2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр шар өнгийн бөөрөнхий кольцо хэлбэртэй монетон бөгж, Samsung note-4 загварын гар утас, мемори карт 1 ширхэг зэргийг О.Үөөс хураан авсан тэмдэглэл, дээрх эд зүйлийг мөн өдөр хохирогч Б.От хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 132-133 дугаар тал),

3.4 Гэрч Б.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 28-ны орой Сувдаа, Уугий, О, Зулаа нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Гүнгэрваа” худалдааны төвийн гаднах зогсоолд машинаа байрлуулаад Сувдаагийн гэрт очоод 0.75 литрийн архи нэг шилийг ууж дуусгасан. Би гэр лүүгээ харьлаа гэж хэлээд явсан. О хойноос гарч ирээд алхаж байсан. “...” дэлгүүрийн автобусны буудлын урд талд үл таних 3 залуутай юм яриад зогсож байхаар нь би очтол О нэг үл таних залуутай маргалдаад байсан. Оыг нэг залуутай зодолдоод байхаар нь бид хоёр салгасан. Маргааш нь Отай уулзахад “Зодоон хийж байхдаа би гар утас, бөгж, түрийвчээ алдсан” гэж ярьсан. ...О нэг үл таних залуутай нь маргалдаад зодоон эхэлсэн. ...Би зодоон хийсэн гэх хүмүүсийг танихгүй. Хоёр залуу, нэг эмэгтэй байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 154 дүгээр тал),

 

            3.5 Гэрч Х.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 27-ны орой найз залуу Д,  Ү нарын хамтаар гэрт нь уусан. Шөнө бид гурав караокед дуулъя гээд Ү ахын гэрээс явсан. ... дэлгүүрийн буудлын ойролцоо явж байгаад Ү үл таних хоёр ах дээр очоод юм яриад байсан. ...Ү үл таних хоёр залуутай муудалцаад, дараа нь Д муудалцаад тэд хэд хоорондоо зодолдсон. Зодоон дууссан чинь тэр үл ганих нэг эрэгтэй нь намайг элдвээр хараагаад энгэр задгай байсан болохоор миний хөхөнд хүрээд янхан гичий гэж хараагаад байсан. ...Дан цамцтай махлаг бор царайтай саравчтай малгайтай 160 см орчим өндөртэй эрэгтэй хүн байсан. ...Дт бөгж нь байсан. Бөгжийг нь Д тэр хоёр үл таних хоёр ахтай зодолдож байхдаа гараас нь сугалж авсан гэж надад хэлсэн. ...Эхлээд Ү ах нэг ахтай маргалдаж байгаад хоорондоо цохилцоод байсан. Нөгөө ах нь Ү ахыг түлхэж унагаад зодоон эхэлсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 161 дүгээр тал),

 

3.6 Шүүгдэгч Б.Дын мөрдөн шалгах ажиллагаанд

-2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Шөнө 00 цагийн үед бид гурав дахиж архи уухаар гараад Нарангийн голын ...ийн автобусны буудлын тэнд байдаг караоке орох гэж байгаад үл таних 2 залуутай маргалдаж, ноцолдож байх хооронд би тэр 2 залуугийн Samsung note-4 маркийн гар утас, алтан бөгж, түрийвчийг халааснаас нь авч, цааш нь 21 дүгээр хорооллын “Хишигт-Од” нэртэй бааранд ууж байгаад би О.Ү ахад “Энийг зараад ууя" гэж хэлээд тэр утас, бөгж хоёрыг өгсөн. ...Маргааш нь О.Ү ахын гэрт байж байхад цагдаа нар ирээд намайг аваад явсан. ...Би архи уух зорилготой дээрэмдсэн ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 87 дугаар тал),

2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар өгсөн:

 “... 2019 оны 6 дугаар сарын 27-ны орой ах Үийн гэрт найз охин Анир бид гурав архи уусан. Шөнө караоке орж дуулъя гэж ярилцаад Үийн гэрээс гараад “...” дэлгүүр рүү орсон. Дэлгүүрийн хойд талын автобусны буудлын ойролцоо явж байсан үл таних хоёр эрэгтэй хүнтэй Ү маргалдаж зодолдохоор нь би Үийг өмөөрөөд тэр хоёр эрэгтэй хүнтэй зодолдож, арай өндөр эрэгтэй хүнтэй нь газарт хэвтээд дээр доороо орж ноцолдож байхдаа халааснаас нь Samsung note-4 маркийн гар утас, түрийвчийг аваад өөрийнхөө халаасанд хийгээд, хуруунаас нь шар өнгийн бөгжийг нь сугалж аваад халаасандаа хийсэн. Samsung note-4 маркийн гар утас, шар өнгийн бөгж хоёрыг Ү ахад өгөөд “энийг зараад архи авчих” гэж хэлсэн. Ү ах юм хэлэлгүйгээр бөгж, гар утсыг авсан. Бид гурав таксигаар Ү ахын гэрийнх нь гадна очоод Үүрээ ах нэг айл руу орчихоод гарч ирэхдээ бөгж, гар утсыг дүүгийндээ үлдээчихлээ гэсэн. Түрийвчинд нь байсан 5000 төгрөгийг таксины мөнгөнд өгсөн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 187 дугаар тал),

 

3.7 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр яллагдагч Б.Даас хохирогч Б.Отай маргалдсан газрыг заалгасан, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 120-126 дугаар тал),

 

3.8 Шүүгдэгч О.Үийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 6 дугаар сарын 27-нд 16 цагийн үед Д манайд ирэхдээ хос алтан ээмэг өгсөн. Би авч гараад Нарангийн голын эцэст байдаг ломбарданд 400.000 төгрөгөөр тавьсан. Мөнгөөрөө 0.75 литрийн архи, 0.75 литрийн Цагаан нэртэй архи, 2.5 литрийн пиво авсан. 20 цагийн үед Д, түүний найз охин нартай манай гэрт уусан. Шөнө караоке орж дуулъя гээд гэрээс гарч “...” дэлгүүрийн автобусны буудлын орчим явж байхад хоёр үл таних залуу таарч, би тамхилж байхдаа танилцаад хамт явж ууя, би даая гэж уриалж байсан чинь нэг залуу нь Анирын хөхнөөс барихаар нь Анир уурлаад, би нэг залуутай нь зодолдож байгаад салсан. Д, Анир бид гурав такси бариад 21 дүгээр хорооллын “Хишигт-Од” караокед пиво ууж сууж байгаад харих гээд зам гараад алхаад явж байсан чинь Д бөгж, “Samsung note-4 маркийн гар утас гаргаж ирээд “энийг ломбарданд тавиад ууя” гэсэн. Тэгэхээр нь би аваад төрсөн эгч болох Пүрэвжавын гэрт оруулж тавиад буцаж Д, Анир дээр очоод өөрт байсан мөнгөнөөсөө 40.000 төгрөг өгөөд бид гурав такси бариад Нарангийн голын эцэст караоке орж ууж байгаад харьсан. Тухайн үед Оын нүүр рүү би цохиж зодсон. Хулгай хийсэн эд зүйлийг би зарж борлуулаагүй. Тэр залууг зодож, цохиод гэмтээсэн нь үнэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 193 дугаар тал),

 

3.9 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өнгийн хотхон” хүнсний дэлгүүрээс хуулбарлан авсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:

 “... Хүүхдийн тоглоомын талбайн хойд талд зам дагуу ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш явж байгаа урт хувцас өмссөн эмэгтэй хүнийг Сувдаа түрүүлээд явж байх шиг байна гэж хохирогч Б.О хэлэв. Ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээ чиглэн гэрэл нь асаалттай жижиг машины хойд талаар гуйвсан хоёр эрэгтэй хүн оров. Мөн ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэн гэрэл нь асаалттай жижиг суудлын машины хойд талаар гуйвсан гурван хүн оров. Хүүхдийн тоглоомын талбайн баруун хойд талд буюу саарал өнгийн жижиг суудлын автомашины зүүн талд 4-5 хүн хоорондоо муудалцан улмаар зодолдож байгаа бичлэг байв. Дээрх зодоон дуусч хамгийн сүүлд гуйвсан байдалтай эрэгтэй хүн хашаа түшин ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явж байв...” гэсэн тэмдэглэл, бичлэгийг зургаар буулгасан баримт (1 дүгээр хавтаст хэргийн 137-139 дүгээр тал), 

 

3.10 “Өнгийн хотхон” хүнсний дэлгүүрээс хуулбарласан хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 134 дүгээр тал),

3.11 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 8048 тоот дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Баруун хөмсөгний дээд хэсэг хагас саран хэлбэрийн 3,5х0,1 см оёдол тавигдсан зах ирмэг тэгш бус няцарсан шархтай. Баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, хамрын үзүүр хэсэгт хүрэн улаан өнгийн цус хуралттай. 2 хөмсөгний голд 1х0,1 см улаан ягаан өнгийн зулгаралттай.  

2019 оны 6 дугаар сарын 28-ны “Лазер мед” эмнэлгийн толгойн КТГ-д: Дух, зулайн ар хэсгийн болон эрүү нүүрний зөөлөн эдэд хаван хавдартай гэжээ.

ДҮГНЭЛТ:

-Б.Оын биед хөмсөгт няцарсан шарх, зовхи, хамрын нуруу, хамрын үзүүрт цус хуралт, хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  /шинжээч Н.Туяа/...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 64 дүгээр тал),

 

3.12 Хохирогч Б.Оаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтууд (2 дугаар хавтаст хэргийн 141-144 дүгээр тал),

4. Шүүгдэгч Б.Дын иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 244 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (2 дугаар хавтаст хэргийн 11 дүгээр тал), шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 17-23 дугаар тал),

- Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2019 ны 8 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаартай тогтоолоор Б.Дын хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн улсын бүртгэлийн Ү-2001000612 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Шарын гол хайрханы 8 дугаар байрны 4 тоот орон сууцыг битүүмжилсэн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 99-100 дугаар тал),  “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний ...Дархан-Уул аймгийн Шарын гол Хайрханы 8 дугаар байрны 4 тоот хаягт байрлах 1 өрөө байрыг 30.000.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээ (1 дүгээр хавтаст хэргийн 97 дугаар тал),

 

5. Шүүгдэгч О.Үийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 246 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 250 дугаар тал), шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 4-10, 25-28 дугаар тал), түүний нэр дээр эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 247 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 248 дугаар тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 244 дүгээр тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Б.Д, О.Ү нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “...Шүүгдэгч Б.Д нь ганцаараа:

-хохирогч Я.Долгорсүрэнгийн хос алтан ээмгийг хүч хэрэглэн дээрэмдэн авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Я.Долгорсүрэнг өндөр настай, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

- иргэн Д.Баасандоржийн Redmi6A маркийн гар утсыг хүч хэрэглэн, толгойн дагз хэсэг рүү нь цохиж дээрэмдэн авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

- О.Үтэй бүлэглэн иргэн Б.Оын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж, улмаар түүнийг зодож, “Samsung Note 4” маркийн гар утас, 2 ширхэг монетан бөгж, түрийвч, түрийвч дотор байсан бэлэн 160.000 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэн авч, 1.470.000 төгрөгийн хохирол учруулсан, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Б.Оыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.Ү нь Б.Дтай бүлэглэн иргэн Б.Оын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж, улмаар түүнийг зодож, “Samsung Note 4” маркийн гар утас, 2 ширхэг монетан бөгж, түрийвч, түрийвч дотор байсан бэлэн 160.000 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэн авч, 1.470.000 төгрөгийн хохирол учруулсан, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Б.Оыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт, бусад хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд судлагдсан баримтуудаар нотлогдсон. Иймд шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч О.Үийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцуулах саналтай. Мөн шүүгдэгч Б.Даас хохирогч Долгорсүрэнд 8.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Л.Өлзийсайханд 50.000 төгрөг, хохирогч От 526.500 төгрөг тус тус олгох саналтай, шүүгдэгч О.Ү нь бусдад төлөх төлбөргүй. ...” гэсэн дүгнэлтийг;  

Өмгөөлөгч Ч.Даваасүрэн, А.Очбадрал нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар, шүүгдэгч Б.Д гэм буруугийн талаар маргаагүй. Шүүгдэгч О.Ү нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугийн талаар маргаж байсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй.

            Харин шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралаас “хэрэгт битүүмжлэгдсэн орон сууц нь дангаар Б.Дын өмчлөлд байдаггүй, хамтран өмчлөгчөөр 3 хүний өмчлөлд бүртгэлтэй бөгөөд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим бол “Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдааж болохгүй” гэж заасан тул хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Д, О.Ү нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Нэг. Шүүгдэгч Б.Д нь:

-2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Я.Долгорсүрэнгийн хоёр гарыг нь барьж, үйлдлийг нь таслан зогсоох байдлаар хүч хэрэглэн 400.000 төгрөгийн үнэ бүхий хос алтан ээмгийг дээрэмдэн авсан,

-мөн дээрх дээрмийн гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Я.Долгорсүрэнг өндөр настай, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эрүүл мэндэд нь баруун, зүүн чихний омгоны язарсан шарх, баруун зүүн сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь:

            -хохирогч Я.Долгорсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 27-нд ...“Боржигон” караокены дэргэдээс эхлэн дагаж байсан залуу гэнэт гарч ирснээ миний баруун гарын бугуй хэсгээс чанга барьж аваад “эмээ надад 10.000 төгрөг өгчих” гэхээр нь …“мөнгө алга” гэсэн. Тэр залуу “тэгвэл таны ээмгийг чинь авна” гээд над руу дайрч баруун, зүүн чихэнд байсан алтан хос ээмгийг авах гээд намайг газар угзарч унагаад алтан ээмгийг чихнээс мулталж авсан. Улаан малгайтай залууг надтай ноцолдож байх хооронд би туслаарай гэж орилсон. ...Тухайн залуу миний хос алтан ээмгийг аваад шууд зугтсан. ...Миний зүүн гарын тохой, толгой хэсэг, баруун өвдөг хэсгээр маш их өвдөж байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 9-10 дугаар тал),

-Иргэний нэхэмжлэгч Д.Баярмагнайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... Үөөс хос алтан ээмгийг 400.000 төгрөгөөр барьцаанд авсан. ...Үийн барьцаанд тавьсан хос алтан ээмгийг цагдаагийн байгууллагаас хурааж авсан. ... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 12-13 дугаар тал), 

-хохирогч Я.Долгорсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1948 оны 7 дугаар арын 04-ний өдөр төрсөн/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар тал), “Ачлал” барьцаат зээлийн газарт хос алтан ээмэг  барьцаалсан гэрээ 1 дүгээр хавтаст хэргийн 64 дүгээр тал), 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “Ачлал” барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан Д.Баярмагнайгаас 5.7 гр хос алтан ээмэг хураан авсан, мөн өдөр хохирогч Я.Долгорсүрэнд хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 68, 71 дүгээр тал),

-Гэрч Х.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Д...би “Монет үгүйг нь сайн мэдэхгүй байна, хос хоёр ээмэг Ү ахад өгөөд явууллаа гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 34-35 дугаар тал),

-О.Үийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д надад алтан ээмэг өгсөн юм шиг байна лээ, ...Өөрийн жинсэн өмдний халааснаас хос алтан ээмэг ломбарданд тавьсан бичиг олсон. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар тал),

-Шүүгдэгч Б.Дын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...О.Ү ахын гэр рүү явах гээд ертөнцийн зүгээр хойшоо гудамжаар алхаад явж байхад үл таних эмээгийн чихэнд алт бололтой шар өнгийн ээмэг харагдахаар нь очоод ...тэр эмээгийн хоёр гарыг нь зүүн гараараа барьж байгаад баруун зүүн чихний ээмгийг нь аваад хойшоо гудамжаар гүйсэн.  О.Ү ахад дээрэмдсэн хоёр ширхэг ээмгээ “Алт, монет” эсэхийг мэдэхээр өгсөн. ...“О.Ү ахад хос ээмэг өгсөн, тэр яасан бэ” гэж асуухад “О.Ү ах хоол хүнсний юм авахаар явсан” гэж хариулсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 87 дугаар тал/,

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8027 тоот дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 47 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Тухайн хэргийн хохирогч Я.Долгорсүрэн нь иргэний бичиг баримтаар гэмт хэрэг гарах үед 70 настай байсан бөгөөд буюу 60-аас дээш насны хүнийг өндөр настанд хамааруулдаг ба хууль зүйн хувьд биеэ хамгаалж чадахгүй этгээдэд хамааруулан ойлгоно.

 

Хоёр. Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 5 дугаар сарын 09-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “таван шараас Залуус хороолол”-ын баруун талд байрлах “555” нэртэй караокены зүүн талд явж байхад нь иргэн Д.Баасандоржийн 350.000 төгрөгийн үнэ бүхий “Redmi6A” маркийн гар утсыг толгойн дагз хэсэг рүү нь цохиж хүч хэрэглэн, дээрэмдэн авсан үйл баримт нь:

-хохирогч Д.Баасандоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            “... “555” нэртэй караокены зүүн талд алхаад явж байтал араас нэг хүн толгой, дагз хэсэг рүү гэнэт хатуу зүйлээр цохисон. Намайг цохисны дараа би бага зэрэг манаран доош бөхийгөөд өндийгөөд дээш бостол өмсөж явсан ягаан куртикны дотор талын халааснаас маш хурдтай “Redmi 6A” маркийн гар утсыг авч зугтаасан. Эргэж харахад цайвар өнгийн хувцастай залуу зугтаж яваа харагдсан....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 213-214 дүгээр тал),

            -шүүгдэгч Б.Дын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

            “...555 караокены нийтийн зааланд ганцаараа суусан. Караокед 5 шил пиво авч, дуулж байгаад 00 цагийн үед гарсан.  ...Wellmart-тай байрны урд талд халамцуу бололтой нэг үл таних залуу утсаараа яриад зогсож байхаар нь гарнаас нь утсыг нь шүүрч авч гүйсэн. ...хар өнгийн Redmi 6A маркийн гар утсыг Хархорин зах дээр гар утас зардаг хүмүүс дээр очоод 60.000 төгрөгөөр зарсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 241 дүгээр тал),

-гэрч Л.Өлзийсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хархорин захын гэрлэн дохионы арын жижиг түцний харалдаа 30 гаран насны нэг залуу утас зарна гэж зогсож байхаар нь ...хар өнгийн Хятад улсад үйлдвэрлэсэн Mi загварын гар утсыг сонирхож байгаад 100.000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн утас И-мэй код нь 866789046281524 дугаар гарч ирсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 218 дугаар тал),

-Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсыг хохирогч Д.Баасандоржид хүлээлгэн өгсөн тэмдэглэл” (1 дүгээр хавтаст хэргийн 207 дугаар тал),

            -“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний ...”Mi Redmi 6A” гар утсыг 350.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 231 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гурав. Шүүгдэгч Б.Д, О.Ү нар бүлэглэн:

-Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” дэлгүүрийн автобусны буудлын хүүхдийн тоглоомын баруун хойд талд иргэн Б.От хүч хэрэглэн зодож, улмаар “Samsung Note 4” маркийн гар утас, 2 ширхэг монетон бөгж, түрийвч, бэлэн 160.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг дээрэмдэн авч, 1.470.000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдэх явцдаа хохирогч Б.Оыг зодож, хөмсөгт няцарсан шарх, зовхи, хамрын нуруу, хамрын үзүүрт цус хуралт, хөмсөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь:

-хохирогч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...нарангийн голын ... дэлгүүр рүү алхаад явсан. ...Нэг мэдэхэд л хүмүүс намайг цохиж зодоод байх шиг байсан. Би тэр зодуулсан газраа хэвтэж байгаад босоод гэр лүүгээ алхаж, гэртээ орсон чинь эхнэр эмнэлэг явъя гэсэн. Эмнэлэг дээр ирээд үзэхэд миний Samsung note-4 маркын гар утас, баруун гарын ядам хуруунд байсан 7 граммын монетон бөгж, зүүн гарын ядам хуруунд байсан 7 граммын монетон бөгж бор өнгийн түрүүвч, бэлнээр 160.000 төгрөг зэрэг эд зүйл байхгүй байсан. Миний санаж байгаагаар 2 залуу 1 эмэгтэй байх шиг байсан. ...2019 оны 6 дугаар сарын 31-ний өдөр гар утас, 1 ширхэг монетон бөгж, түрийвч зэргийг цагдаагаас хүлээн авсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 150 дугаар тал),

-2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр шар өнгийн бөөрөнхий кольцо хэлбэртэй монетон бөгж, Samsung note-4 загварын гар утас, мемори карт 1 ширхэг зэргийг О.Үөөс хураан авсан тэмдлэглэл, дээрх эд зүйлийг хохирогч Б.От хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 132-133 дугаар тал), “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 172 дугаар тал), 

-Гэрч Б.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 28-ны орой ...Сувдаагийн гэрт 0.75 литрийн архи ууж дуусгаад харьлаа гээд гараад явсан. О хойноос гарч ирээд алхаж байсан.  “...” дэлгүүрийн автобусны буудлын урд талд үл таних 3 залуутай юм яриад зогсож байхаар нь би яваад очтол О нэг үл таних залуутай нь маргалдаад байсан. О нэг залуутай нь зодолдоод байсан. ...Маргааш нь Отай уулзахад “Зодоон хийж байхдаа би гар утас, бөгж, түрийвчээ алдсан” гэж ярьсан. ...Би зодоон хийсэн гэх хүмүүсийг танихгүй. Хоёр залуу, нэг эмэгтэй байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 154 дүгээр тал),

-Гэрч Х.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 27-ны орой найз залуу Д, хуурай ах Ү нарын хамт ...... дэлгүүрийн буудлын ойролцоо явж байгаад Ү үл таних хоёр ах дээр очоод юм яриад байсан. ...Ү үл таних хоёр залуутай муудалцаад, дараа нь Д муудалцаад тэд хэд хоорондоо зодолдсон. ...Дт бөгж нь байсан. Бөгжийг нь Д тэр хоёр үл таних хоёр ахтай зодолдож байхдаа гараас нь сугалж авсан гэж надад хэлсэн. ...Эхлээд Ү ах нэг ахтай маргалдаж байгаад хоорондоо цохилцоод байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 161 дүгээр тал),

- Шүүгдэгч Б.Дын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар өгсөн:

- Нарангийн голын ...ийн автобусны буудлын тэнд байдаг караоке орох гэж байгаад бид гурав үл таних 2 залуутай маргалдаж, ноцолдож байх хооронд би тэр  залуугийн Samsung note-4 маркийн гар утас, алтан бөгж, түрийвчийг халааснаас нь авсан. О.Ү ахад “Энийг зараад ууя" гэж хэлээд тэр утас, бөгж хоёрыг өгсөн.. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 87 дугаар тал),

2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн:

 “...караоке орж дуулъя гэж ярилцаад Үийн гэрээс гараад “...” дэлгүүр рүү орсон. Дэлгүүрийн хойд талын автобусны буудлын ойролцоо явж байсан үл таних хоёр эрэгтэй хүнтэй Ү ах маргалдаж зодолдохоор нь би Ү ахыг өмөөрөөд тэр хоёр эрэгтэй хүнтэй зодолдож, арай өндөр эрэгтэй хүнтэй нь газарт хэвтээд ноцолдож байхдаа халааснаас нь Samsung note-4 маркийн гар утас, түрийвчийг нь аваад өөрийнхөө халаасанд хийгээд, хуруунаас нь шар өнгийн бөгжийг нь сугалж аваад халаасандаа хийсэн. ...Samsung note-4 маркийн гар утас, шар өнгийн бөгж хоёрыг Ү ахад өгөөд “энийг зараад архи авчих” гэж хэлсэн. Ү ах юм хэлэлгүйгээр бөгж, гар утсыг авсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 187 дугаар тал),

-яллагдагч Б.Дын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 120-126 дугаар тал),

-шүүгдэгч О.Үийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:                 “...Д, түүний найз охин нартай манай гэрт ууж, караоке орж дуулъя гээд шөнө манай гэрээс гарч “...” дэлгүүрийн автобусны буудлын орчим явж байхад хоёр үл таних залуу таарч, ...би нэг залуутай нь зодолдож байгаад салсан. ...Д бөгж, “Samsung note-4 маркийн гар утас гаргаж ирээд “энийг ломбарданд тавиад ууя” гэсэн. ...Тухайн үед Оын нүүр рүү би цохиж зодсон. ...Тэр залууг зодож, цохиод гэмтээсэн нь үнэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 193 дугаар тал),

-2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өнгийн хотхон” хүнсний дэлгүүрээс хуулбарлан авсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 137-139 дүгээр тал),   уг бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 134 дүгээр тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 8048 тоот дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 64 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Д, О.Ү нар нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн байна. Мөн гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Шүүгдэгч Б.Дын хохирогч, өндөр настай буюу биеэ хамгаалж чадахгүй иргэн Я.Долгорсүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл, мөн шүүгдэгч нар нь бүлэглэн хохирогч Б.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тус тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, мөн шүүгдэгч Б.Д нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.Д нь ганцаараа үйлдлээр хоёр хүний эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг, О.Үтэй бүлэглэн нэг хүний эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг, шүүгдэгч О.Ү нь Б.Дтай бүлэглэн нэг хүний эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” 

4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасан.

Шүүгдэгч Б.Д, О.Ү нар нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцад хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, Б.Д нь үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Дыг ганцаараа болон бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн; хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

-шүүгдэгч О.Үийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн; хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.         

Шүүгдэгч Б.Дын ганцаараа үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Я.Долгорсүрэнгийн эд хөрөнгө, эрүүл мэндэд, хохирогч Д.Баасандоржийн эд хөрөнгөд, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Оын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учирсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад:

-хохирогч Я.Долгорсүрэнгийн хос алтан ээмгийг “Ачлал” барьцаалан зээлдүүлэх газраас хураан авч биетээр хүлээлгэн өгсөн, тус хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохирлыг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй тул түүнд шүүгдэгч Б.Д төлөх төлбөргүй байна. Мөн “Ачлал” барьцаалан зээлдүүлэх газрын төлөөлөгч М.Баярмагнай иргэний нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ба, 432.000 төгрөг Д.Баярмагнайд 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр төлөгдсөн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 72 дугаар тал)

-хохирогч Д.Баасандоржид гар утсыг биетээр хүлээлгэн өгсөн (1 дүгээр хавтаст хэргийн 207 дугаар тал), түүнд төлөх төлбөргүй байна.

-хохирогч Б.Оын эд хөрөнгийг “Тэнцвэр Эстимэйт” ХХК нь  монетон бөгж 2 ширхэгийг 1.190.000 төгрөгөөр, Samsung Note 4 маркын гар утсыг 100.000 төгрөгөөр, түрийвчийг 20.000 төгрөгөөр үнийг тогтоосон (1 дүгээр хавтаст хэргийн 172 дугаар тал), бэлэн 160.000 төгрөг алдагдсан зэргээр нийт хохирлыг 1.470.000 төгрөгөөр тогтоосон.

Мөн хохирогч Б.О нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын зардалд эмийн үнэ 35.500 төгрөгийн, шинжилгээ оношилгоо хийлгэсэн төлбөр 220.000 төгрөгийн баримт, түүнчлэн хөрөнгийн үнэлгээний ажлын хөлс 42.000 төгрөгийн баримт зэргийг хэрэгт ирүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 141-143 дугаар тал)

Дээрх учирсан хохирлоос Б.От 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр монетон бөгж, Samsung note-4 загварын гар утас, мемори карт 1 ширхэг зэргийг шүүгдэгч О.Үөөс хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл байгаа (1 дүгээр хавтаст хэргийн 132-133 дугаар тал) буюу 695.000 төгрөгийн эд зүйлийг биетээр өгсөн байна. Иймд үлдэх 775.000 төгрөг дээр эрүүл мэнд, бусад хохирол зэрэгт нийт 1.072.500 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж хохирогчид олгох үндэстэй ба, шүүгдэгч Б.Д, О.Ү нарын хамтран оролцсон оролцоог харгалзан хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 536.250 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгох үндэстэй гэж шүүх дүгнэсэн.

Мөн хохирогч Б.Оын гар утсыг шүүгдэгч нараас 100.000 төгрөгөөр худалдсан авсан Л.Өлзийсайхан нь гар утсыг хохирогчид буцаан өгсөн тул, иргэний нэхэмжлэгч Л.Өлзийсайханы нэхэмжилсэн 100.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Б.Даас 50.000 төгрөг, О.Үөөс 50.000 төгрөг тус тус гаргуулах нь зүйтэй байна.  

Шүүх хуралдаанд шүүдэгч О.Ү нь хохирогч Б.От 528.500 төгрөгийг төлсөн баримтыг өмгөөлөгч шинээр гаргасан, шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсаны дараа өмгөөлөгч Ч.Даваасүрэн хохирол төлөх үндэслэлээр  завсарлага авах тухай хүсэлт гаргаж шүүх хуралдаан завсарласан ба, энэ хугацаанд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүгдэгч О.Үийн ар гэрээс хохирогч Б.От үлдэх 7.800 төгрөг (2  дугаар хавтаст хэргийн 143 дугаар тал), иргэний нэхэмжлэгч Л.Өлзийсайханд 50.000 төгрөгийг (2  дугаар хавтаст хэргийн 138 дугаар тал) тус тус төлж, бусдад  төлөх төлбөргүй болсон байна.

Харин шүүгдэгч Б.Даас дээр дурдсан төлбөрийг гаргуулахаар тогтоолд заав.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

            Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийг 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлэх ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,

            -Шүүгдэгч О.Үөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийг 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хугацаагаар 1 сар хорих ял оногдуулах,

            -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Б.Д, О.Ү нарт оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялыг 90 хоногт тооцож Б.Дын биечлэн эдлэх ялын хугацааг 5 жил 4 сарын хорих ял, О.Үийн биечлэн эдлэх ялыг 3 жил 4 сарын хорих ялаар тус тус тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээх, шүүгдэгч Б.Дын өмчлөлийн Дархан-Уул аймгийн шарын гол хайрханы 8 дугаар байрны 4 тоотод байрлах орон сууцыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д, О.Ү нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх тухай дүгнэлтийг гаргасан.

Өмгөөлөгч Ч.Даваасүрэнгээс “Ү нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг мөрдөн байцаалтын шатнаас эхэлж бүрэн төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, оногдуулах ялыг  хөнгөрүүлж өгнө үү гэсэн дүгнэлтийг,

Өмгөөлөгч А.Очбадралаас “Миний үйлчлүүлэгч нь бусдад төлөх төлбөртэй хэдий ч Б.Дын дундын өмчлөлийн байрыг өөрт ногдох хувиар хохирол төлбөрийг төлж барагдуулах боломжтой. Гэм буруу дээрээ маргадаггүй учир ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Б.Д нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан буюу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2018 оны 9 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, нэмж нэгтгэх ялгүй байна.

Шүүгдэгч О.Ү урьд хоёр удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх ба, сүүлд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 17.8 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Хархорин сум дахь сум дундын шүүхийн 64 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх ба,  уг ялын хугацаа 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр дууссан байх тул нэмж нэгтгэх ялгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Д, О.Ү нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, цээрлүүлэх, нийгэмшүүлэх, нөгөө талаас хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч О.Үөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан “энэ хуулийн тусгай ангид заасан нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн”-нийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд харгалзан үзэв.

Иймд шүүгдэгч Б.Дын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, 90 хоногийн буюу 3 сарын хорих ялыг нэмж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 4 жил 3 сарын хугацаагаар тогтоов.

Шүүгдэгч О.Ү нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт  хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн  шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан, нөгөө талаас түүний эрүүгийн хариулага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 10 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэв.

Мөн шүүгдэгч О.Үөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 10 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялаар тооцож, 45 хоногийн буюу 1 сар 15 хоногийг хорих ялыг нэмж, биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 11 сар 15 хоногийн хугацаагаар тогтоов.

Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

4. Бусад асуудлаар:

Тус хэрэгт Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн, улсын бүртгэлийн Ү2001000612 дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймгийн Шарын гол хайрханы 8 дугаар байрны 4 тоотын орон сууцыг битүүмжилсэн байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 7/6018 дугаар албан бичгээр прокурорын 2019 оны 17 дугаартай зөвшөөрөлд дурдсан иргэн Ц.Тогтохбаатар, Б.Зандансүрэн, Б.Д, Д.Б нарын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2001000612 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 1 дүгээр баг, Хайрханы 8 дугаар байрны 1 тоот хаягт байрлах орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн талаар мэдэгдсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 102 дугаар тал)

Иймд дээрх орон сууцыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 17 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дын энэ тогтоолоор хохирогч нарт төлөх төлбөрийг түүний өмчлөлд бүртгэгдсэн дээрх орон сууцны Б.Дт оногдох хэсгээс гаргуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дын 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 68 хоногийг, шүүгдэгч О.Үийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 11 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Бийн Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу ганцаараа болон бүлэглэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

-мөн бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэгт гэм буруутайд;

-С овогт Огийн Үийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт,

-мөн бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял;

Шүүгдэгч О.Үийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 (гурван зуун жар) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) жил 10 (арав) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар:

-шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 (дөрөв) жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 90 хоног буюу 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, Б.Дын биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 4 (дөрөв) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялаар;

-Шүүгдэгч О.Үөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жил 10 (арав) сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 45 хоногийн буюу 1 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, О.Үийн биечлэн эдлэх ялын төрөл хэмжээг 1 (нэг) жил 11 (арван нэг) сар 15 (арван тав)  хоногийн хорих ялаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, О.Ү нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дын 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 68 (жаран найм) хоногийг, шүүгдэгч О.Үийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 11 (арван нэг) хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн 1908 033961122 тоот хэрэгт гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч О.Ү нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Даас 586.250 төгрөгийг гаргуулж:

 -хохирогч Б.От 536.250 (таван зуун гучин зургаан мянга хоёр зуун тавь) төгрөг, иргэний нэхэмжлэгч Л.Өлзийсайханд 50.000 (тавин мянга) төгрөг тус тус  олгосугай. 

 

8. Эрүүгийн 1908 033961122 тоот хэрэгт иргэн Ц.Тогтохбаатар, Б.Зандансүрэн, Б.Д, Д.Б нарын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2001000612 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 1 дүгээр баг, Хайрханы 8 дугаар байрны 1 тоот хаягт байрлах орон сууцыг битүүмжилсэн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, уг орон сууцны Б.Дын өмчлөлд холбогдох хэсгээс тус шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Дын хохирогч нарт төлөх хохирлын төлбөрийг гаргуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Д, О.Ү нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх хорих ялыг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оролцогч нар, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Д, О.Ү нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА