Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 1074

 

 

 

 

     

 

    2019          10             14                                          1074

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр хөтлөн,

улсын яллагч Б.Дэлгэрмаа /томилолтоор/,

шүүгдэгч Ш.Т, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0146/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Шын Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Шын Т, 1967 оны  4 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, эх, хүүгийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Ш.Т нь 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 20 цаг 15 минутын үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/... согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 1.65 хувийн согтолттой үедээ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Төв аймгийн Батсүмбэр сум руу явдаг замд “...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, мөн дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс замын хажуу руу онхолдож зорчигч Д.Зийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Таас: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Д.Зийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “... Миний биед гэмтэл учраагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар тал),

 

2. Иргэний нэхэмжлэгч Д.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өгсөн:

“... Хүү Г.Гаанжуурын эзэмшлийн “...” маркийн 67-93 УНД улсын дугаартай машиныг аваад нөхөр Ш.Т жолоодон манай ээж Д.З хажуу талд нь суугаад, би хойд талын сандал дээр суугаад өдөр 14 цагийн үед “Хайрт хаан” амралтын газар руу явсан, 361-ын гарамын тэнд манай нөхрийн найз Бямбаа нэг шил архи аваад ир гэсэн болохоор гэрээр нь ороод гарсан. Гэтэл хонь гаргаж, архи задалсан. Тэнд нэг бүтэн шил, нэг тал шил архи дөрвүүлээ хувааж уусан. Нөхөр машинаа барина гээд байхаар нь би согтуу машин жолоодож болохгүй гэтэл зүгээр гээд намайг тоохгүй жолоодсон. 361-ын гарам өнгөрөөд машин нилээн хурдтай явсан. Хэдэн км цагийн хурдтай гэдгийг хараагүй, даваа уруудаад жолоодлого алдаад хаазаа хасаагүй, хүүе гэхийн завдалгүй баруун гар тал руу хөмөрсөн. Нэг мэдсэн ээж босоод суучихсан, толгой хэсгээс нь цус гарсан байсан. Тэнд явсан машинууд дуудлага өгсөн байх. Нөхөр машинаас гарч чадахгүй орилоод, хүмүүс татаж гаргасан. Тухайн үед замын нөхцөл байдал хөдөлгөөнгүй, үзэгдэх орчин чөлөөтэй, зам түгжрэлгүй байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар тал),

-2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр дахин иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“... 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хүүгийнхээ “...” маркийн 67-39 УНД дугаартай автомашиныг аваад нөхөр Ш.Т жолоодож, би урд талын суудал дээр, ээж хойд талын суудал дээр суугаад “Хайрт хаан” амралт орохоор 361 гарам чиглээд хөдлөөд явж байтал нөхрийн найз замдаа манайхаар дайраад ор гэхээр нь очсон чинь манай нөхөр тал шил архи хувааж уугаад тэндээсээ хөдлөөд явахад орой болсон байсан. Нэг мэдэхэд Батсүмбэр явах зам руу яваад, төөрсөн байсан болохоор замаа хараад зөөлхөн явж байтал машины урдуур юм гүйх шиг болоход гэнэт зүүн гар тал руу хазайгаад унасан. Миний биеийн байдал хэвийн болсон. Надад болон манай хүүд ямар нэгэн гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63 дугаар тал),

 

3. Иргэний хариуцагч Г.Гаанжуурын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өгсөн:

“... “...” маркийн 67-93 УНД улсын дугаартай автомашиныг 2017 онд 4.500.000 төгрөгөөр худалдан авсан. Би бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна. Хохирогч нь манай ээж, эмээ хоёр байгаа юм. Машин миний эзэмшлийнх ба машинд учирсан хохирлоо жолоочоос нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар тал),

 

4. Шүүгдэгч Ш.Тын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“... 2019 оны 7 дугаар сарын 11-ний орой 17 цагийн үед “Хайрт хаан” амралтын газар очих гэж “Х.Соната 6” маркийн 67-93 УНЭ дугаартай автомашиныг жолоодон Д.З хойд талын суудал дээр ганцаараа суусан. 361 гарам дөхөж, найз Бямбаагийн гэрээр ороод хоол идэж, тал шил архи уугаад тэндээс хөдөлсөн. Батсүмбэр явах замаар явж байтал машины урдуур нэг юм гүйх шиг болохоор нь зүүн гар тал руу дараад замын хажуу руу унаад осол болсон. Миний жолоодож явсан машины дугуй хагараагүй, замын хажуу тал руу унахдаа цохигдсон байсан. Би ухаанаа алдтал тасраагүй, жаахан халамцуу байсан. Өөрийгөө хянах чадвартай байсан. Тухайн үед гэрэлтүүлэг байхгүй, харанхуй, үзэгдэх орчин чөлөөтэй, хуурай байсан. Би эхнэр, 94 настай эмээгийн хамт явсан болохоор 50 гаран км цагийн хурдтай явсан. Эхнэр Ганчимэгийн биед учирсан гэмтэл эдгэрсэн. Ээж Д.Зийн биед эмчилгээ хийлгээд хэвийн байгаа. Зам тээврийн осол гаргасандаа их гэмшиж байна. 2007 оноос хойш машин жолоодсон. Энэ хугацаанд осол гаргаж байгаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дугаар тал),

 

            5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 8826 дугаартай дүгнэлтэд:

            Хэсэг газрын үзлэгт: Зүүн гуяны гадна дээд хэсэгт 20х15см, баруун бугалганы гадна дунд хэсэгт 10х7см шимэгдэж буй цус хуралттай, духанд шимэгдэж буй хуучин цус хуралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.   

            ДҮГНЭЛТ:

Д.Ганчимэгийн биед дух, зүүн гуя, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чаварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /шинжээч Г.Ханхүү/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27 дугаар тал),

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 8827 дугаартай дүгнэлтэд:

            Хэсэг газрын үзлэгт: Толгойд малгай боолттой, хуйханд Шхтай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

            Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн 09496 тоот өвчний түүхэнд: Хэсэг газрын үзлэгт: Толгойн үстэй хэсгээр хэсэг газар няцарсан Шхтай, Шханд анхны цэгцлэлт хийсэн.

2019.7.11-ний өдрийн КТГ-ийн шинжилгээнд: гавал ясанд баруун талд духны хажуу, зулай чамархай руу үргэлжилсэн хугаралтай, хугарлын харалдаа зөөлөн эдэд хаван хавдар хийтэй. ...Баруун тал бөмбөлгийн зулай чамархайд 0,5 см гүн зузаантай +69HU нягтралтай субдурал цустай.

2019.7.17-ны өдрийн давтан КТГ-ийн шинжилгээнд: гавал ясанд баруун талд духны хажуу, зулай чамархай руу үргэлжилсэн хугаралтай.

Баруун талд духны хажуу хэсэгт 1,7 см урт, 0,4 см гүн зузаан эпидурал цус хуралттай. Баруун чамайрхайд 3х1,2 см болон 1,2х1,1 см, баруун чамайрхайн урд хонхорт тархины эдэд 2,5х0,9 см хэмжээний тус тус цус хуралтуудтай. Зүүн чамархайн тархины эдэд 1х0,3 см, баруун зулайн эр хэсэгт тархины эдэд 1х1 см хэмжээний тус тус цустай.

Үндсэн онош: Тархины хүнд зэргийн няцрал. Дух ясны далд хугарал. Баруун духны хэсгийн хатуун хальсны дээрх цус хураа, баруун чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, гэмтлийн гаралтай аалзны хальсан доорх цус харвалт.

            ДҮГНЭЛТ:

Д.Зийн биед дух, зулай ясны шугаман хугарал, духны баруун дэлбэнгийн харалдаах хатуу хальсны дээрх цусан хураа, баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн харалдаах хатуу хальсны доорх цусан хураа, тархины эдэд цус хуралт, зулайн хуйханд Шх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэл, эмчилгээний үр дүнгээс хамаарна. /шинжээч Г.Ханхүү/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29 дүгээр тал),

 

7. Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 334 дугаартай дүгнэлтэд:

Осол хэргийн болсон байдал: 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 20 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг Батсүмбэр явах замд Ш.Т нь “...” маркийн 67-93 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад онхолдож зорчигч нарын эрүүл мэндэд хохирол учруулсан гэх.

ДҮГНЭЛТ:

1. “Х.Сонота-6” маркийн 67-93 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ш.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдол), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг,

-мөн дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. /шинжээч Б.Батзориг/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 49-50 дугаар тал),

 

8. Цагдаагийн ерөнхий газар, мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн “...машин онхолдсон байна гэх /дотор нь хүн ухаангүй гараагүй байна/ гэх дуудлагыг 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 20 цаг 15 минут 11 секундэд хүлээн авсан тухай...” лавлагаа (хавтаст хэргийн 2 дугаар тал),

-2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 7-14 дүгээр тал), жолооч Ш.Тын (1.65 хувь) согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дугаар тал),

 

9. 67-93 УНД улсын дугаартай “Х.Сонота-6” маркийн эзэмшигчээр “Г.Гаанжуур” бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, шүүгдэгч Ш.Тын жолооны 476888 тоот үнэмлэхийн баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 66 дугаар тал),

 

10. Хохирогч Д.Зийн Гэмтэл согог судлалын төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 73-82 дугаар тал), түүний иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 37 дугаар тал),

 

11. Иргэний хариуцагч Г.Гаанжуурын нотариатаар гэрчлүүлсэн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хүсэлт (хавтаст хэргийн 41 дүгээр тал),                                                                           

 

12. Шүүгдэгч Ш.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 44 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 42 дугаар тал), Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 47, 67 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, оролцогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч гэм буруугийн талаар дүгнэлтдээ “...Ш.Т нь 2019 оны 7 дугаар сарын 11-нд 20 цаг 15 минутын үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/... согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 1.65 хувийн согтууралтай үедээ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Төв аймгийн Батсүмбэр сум руу явах замд “...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж, улмаар дээрх дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж,  замын хажуу руу машинтайгаа унаж, зорчигч Д.Зийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар, шүүгдэгч Ш.Т гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ш.Тын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Ш.Т нь 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 20 цаг 15 минутын үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/... согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 1.65 хувийн согтууралтай үедээ:

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс Төв аймгийн Батсүмбэр сум руу явах замд “...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа дээрх дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж, замын хажуу руу машинтайгаа унаж, зорчигч Д .Зийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт нь:

-иргэний нэхэмжлэгч Д.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...нөхөр нэг бүтэн шил, нэг тал шил архи дөрвүүлээ хувааж уусан. Нөхөр машинаа барина гээд байхаар нь би согтуу машин жолоодож болохгүй гэтэл зүгээр гээд намайг тоохгүй машинаа жолоодсон. 361-ын гарам өнгөрөөд машин нилээн хурдтай явсан. Хэдэн км цагийн хурдтай гэдгийг хараагүй, даваа уруудаад жолоодлого алдаад хаазаа хасаагүй, хүүе гэхийн завдалгүй баруун гар тал руу хөмөрсөн. Нэг мэдсэн ээж босоод суучихсан, толгой хэсгээс нь цус гарсан байсан. ...Нөхөр машинаас гарч чадахгүй орилоод, хүмүүс татаж гаргасан. Тухайн үед замын нөхцөл байдал хөдөлгөөнгүй, үзэгдэх орчин чөлөөтэй, зам түгжрэлгүй байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар тал),

-мөн түүний дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 63 дугаар тал),

-шүүгдэгч Ш.Тын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...Х.Соната 6 маркийн 67-93 УНЭ дугаартай автомашиныг жолоодон Д.З хойд талын суудал дээр ганцаараа суугаад явсан. 361 гарам дөхөж, найз Бямбаагийн гэрээр орсон ...архи уугаад тэндээсээ хөдөлсөн. Батсүмбэр явах замаар явж байтал машины урдуур нэг юм гүйх шиг болохоор нь зүүн гар тал руу дараад замын хажуу руу унаад осол болсон. Миний жолоодож явсан машины дугуй хагараагүй, замын хажуу тал руу унахдаа цохигдсон байсан. Би ...халамцуу байсан.  ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дугаар тал),

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 8827 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 29 дүгээр тал),

-тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 334 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 49-50 дугаар тал), Цагдаагийн ерөнхий газар, мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн лавлагаа (хавтаст хэргийн 2 дугаар тал),

-2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 7-14 дүгээр тал), жолооч Ш.Тын (1.65 хувь) согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дугаар тал), хохирогч Д.Зийн Гэмтэл согог судлалын төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 73-82 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ш.Т нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар хохирогч Д.Зийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан тус зам тээврийн осол хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ш.Тыг согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан.

Шүүгдэгч Ш.Т нь Г.Гаанжуурын эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй  “Х.Сонота-6” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын гэмт хэрэг үйлдсэн байх ба, дээрх тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлтэйгээр өөртөө шилжүүлэн авч жолоодон явсан байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэсэн заасан.

Иймд “Х.Сонота-6” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч Г.Гаанжуурыг иргэний хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.Зийн эрүүл мэндэд хүнд хохирол, иргэний нэхэмжлэгч Д.Ганчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх боловч хохирогч Д.З, иргэний нэхэмжлэгч Д.Ганчимэг нар нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн, “Х.Сонота-6” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч Г.Гаанжуур хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэхдээ тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн байх боловч, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр бичгээр гаргасан хүсэлтдээ хохирол нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгч Ш.Тыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Мөн иргэний хариуцагч Г.Гаанжуур нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.  

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Ш.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн түүний жолооны эрхийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх, бусдад төлөх төлбөргүйг тогтоолд дурдах, шүүгдэгчид хорих ял оногдуулах болсон үндэслэл нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон,  мөн хамт явсан хүн нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохыг нь хориглосон байхад машин жолоодсон нөхцөл тогтоогддог зэргийг харгалзан үзсэн гэсэн дүгнэлтийг,   

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэгээс “Ш.Тын холбогдсон гэмт хэрэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах бөгөөд, түүний согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болохгүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.7 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг заасан. Шүүгдэгч Ш.Т нь хадам эх Д.Зийг эмчлүүлсэн, гэртээ асардаг. Гэмт хэргийг согтуугаар үйлдсэн бол хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх тухай заалт байхгүй. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж болно гэж заасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ш.Т нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”,

- мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Иймд шүүгдэгч Ш.Тын хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээг тус тус авч шийдвэрлэв.

 

4.Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч Ш.Тын В, С ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 476888 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.Тад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Шын Тыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ш.Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ш.Тад оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд тус тус авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн  үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Ш.Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг (хоёр) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 476888 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.  

 

6. Эрүүгийн ... тоот хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.Т нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч Д.З, иргэний нэхэмжлэгч Д.Ганчимэг, Г.Гаанжуур нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг, мөн иргэний хариуцагч Г.Гаанжуур нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ш.Тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл мөн хуулийн 11.9 дүээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Тад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА