Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 1061

 

 

 

 

 

     

    2019            10            09                                        1061

 

 

                                        ОЛМОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

СЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.АлтанТ даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

улсын яллагч Х.Нарангуа,

шүүгдэгч Ю.Ю нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Х овогт Югийн Юг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:Монгол Улсын иргэн, Х овогт Югийн Ю 1979 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “...” ХХК-д туслахаар ажилладаг, ам бүл 5, хамтран амьдрагч, хүүхдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 80 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

- Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн  1999 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 15 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1, 211 дүгээр зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 2, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,

- Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн  1999 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 100 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил 8 сар 11 хоногийн хугацаагаар хорих ял,

- Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 155 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн өмнөх тогтоолоор оноглдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 5 жилийн хорих ялыг нэмж, түүний эдлэх хорих ялыг 7 жилийн хугацаагаар тогтоосон ба, 2003 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эдлээгүй үлдсэн 7 сар 4 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, суллагдсан,

- Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 09 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 183 дугаар шүүхийн шийдвэрээр эдлээгүй үлдсэн 1 жил 10 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнссэн суллагдсан (РД:...).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Ю.Ю нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, ... тоот хашаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Тг хардалтын улмаас зодож, эрүүл мэндэд нь доод нэг шүдний сулрал, уруул, зүүн өвдөг, шилбэ, шагай, тавхайд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.Ю мэдүүлэхдээ: Хамтран амьдрагч Т надаас найман насаар эгч хүн байдаг. Бид 2015 онд охинтой болсон. Ингээд хулгай хийж худал хэлэхгүй, өөрийн хүч хөдөлмөрөөрөө амьдарна гэж Тд амласан. Би харуул, хамгаалалтын ажлаар байнга хөдөө явдаг. Гэтэл Т намайг юманд явуулдаггүй, уурлаж уцаарлаж, янз бүрийн байдал гаргадаг. Хэрэг гардаг орой би гэртээ ирэхэд хамтран амьдрагч Т өөртэйгээ нас чацуу 49 настай хүнтэй хамт сууж байсан. Би тэр хүнийг харангуутаа “ шөнийн 00 цаг өнгөрч байхад “манайд юу хийж байгаа юм бэ” гэж тэр эрэгтэйд хэлэхэд зөрөөд манайхаас гараад явсан. Улмаар би Тд “та хоёр юу хийж байсан юм бэ” гэхэд урдаас “чам шиг юманд миний амьдрал хамаагүй” гэхээр нь би Тг алгадсан нь үнэн, харин үсдээгүй. Тухайн үед бид хоёрыг хэн ч хараагүй. Орилж хашгирсан ч зүйл байхгүй. Улмаар цагдаа ирээд намайг аваад явсан гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Д.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр өгсөн:

             “... 2019 оны 7 дугаар сарын 25-ны орой би охин Номинзулын хамт гэртээ байж байсан чинь манай нөхөр гаднаас согтуу орж ирээд хэл амаар доромжлоод дайраад байсан. Тэгсэн над руу гар утас аваад шидэхээр нь би гараад зугтаахад миний араас гүйж гарч ирээд үсдэж чирээд миний ар дагз, нүүр рүү гараараа цохисон. Миний гар утсыг булаагаад авахаар нь би арайхийж зугтааж цагдаад дуудлага өгсөн. Миний үүдэн 2 шүд хөдөлсөн, толгой их өвдөж байна. Бид хоёр хамт амьдраад 6 жил болж байгаа. Дундаасаа 1 хүүхэдтэй. Гэрлэлтийн баталгаа байхгүй. Намайг урьд нь цохиж зодож байсан асуудал байхгүй. Харин хэрүүл маргаан хийж байсан. Би толгойны зураг авахуулж, эм тариа авсан зардлаа гаргуулж авмаар байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дугаар тал),

           

2. Шүүгдэгч Ю.Югийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн:

            “... 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын 10 жилийн сургуулийн 25 жилийн ойн уулзалт болоод би ангийнхантайгаа уулзчихаад шөнө 23 цагийн үед гэртээ ирсэн чинь манай бага охин Номинзул орон дээр унтаж байсан. Харин эхнэр манай хажуу талын айлын ахтай хамт байсан. Тэгэхээр нь би нөгөө ахад харанхуй шөнө манай гэрт юу хийж байгаа юм бэ гэж хэлэхэд нөгөө ах гэр рүүгээ явсан. Би эхнэр рүүгээ чи яахаараа орой үдэж таних танихгүй хүнтэй юу хийж байгаа юм бэ гэж уурлаад хардах сэдэл төрөөд хардсан юм. Тэгээд уурандаа эхнэртээ гар хүрч, толгой руу нь гараараа цохисон. Манай эхнэр надаас зугтаад гэрээс гараад явахаар нь би араас нь гарч дуудаад гэр рүүгээ оруулах гэсэн чинь гудамжинд орилж чарлаад, цаашаа гудамж руу гүйгээд цагдаа дуудна гээд явсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. Т бид хоёр хамт амьдраад 6 гаруй жил болж байна. Дундаасаа 1 хүүхэдтэй. Харин Т дагавар хоёр хүүхэдтэй. Би өөрийн буруугаа ухамсарлаж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90-91 дүгээр тал),

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 9386 тоот дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Доод зүүн 1 дүгээр шүд хойш, урагш бага зэрэг хөдөлгөөнтэй, эмзэглэл ихтэй, харалдаа уруулын дотор салстад 0,9х0,7 см бүдэг хүрэн цус хуралттай. Зүүн өвдөгт 1,5х1,0 см хэмжээтэй хүрэн өнгийн зулгаралт, зүүн шилбэний гадна дунд хэсэгт 3,0х2,0 см хэмжээтэй ногоон шаргал өнгийн цус хуралт, зүүн шагайн гадна үенд 0,8х0,5 см хэмжээтэй хүрэн өнгийн зулгаралт, тавхайн гадна хэсэгт 5,0х3,0 см хэмжээтэй талбайд хавдсан, эмзэглэлтэй.

Эмнэлгийн бичиг баримтад... “Натур” эмнэлгийн толгойн компьютер томографийн шинжилгээнд: ...Хамрын таславч дунд 1/3 хэсгээр зүүн тийш хуучин мурийлттай. /Дүгнэлт бичсэн эмч С.Үл-Олдох/...” гэжээ.

ДҮГНЭЛТ:

-Д.Тгийн биед доод нэг шүдний сулрал, уруул, зүүн өвдөг, шилбэ, шагай, тавхайд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /шинжээч Т.Сэлэнгэ/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 25 дугаар тал),

 

4. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 73-74 дүгээр тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 62-72 дугаар тал),

 

5. Шүүгдэгч Ю.Югийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 44, 96 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 32 дугаар тал), шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбарууд (хавтаст хэргийн ...............................), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 45 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 46 дугаар тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дугаар тал), эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр тал), Нийгмийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа, Хаан банкинд эзэмшдэг дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 59-61 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 95 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Ю.Ю нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, ... тоот хашаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Тг хардалтын улмаас зодож, эрүүл мэндэд нь доод нэг шүдний сулрал, уруул, зүүн өвдөг, шилбэ, шагай, тавхайд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн мэдүүлэг бусад баримтаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ю.Юд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Ю.Ю нь хохирогч Д.Ттай 2013 оноос хамтран амьдарч эхэлсэн байх ба, гэрлэлтээ батлуулаагүй ч, хамтран амьдрагч нар байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэрлэгчид, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор заасан ба шүүгдэгч Ю.Ю, хохирогч Д.Т нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна.

Шүүгдэгч Ю.Ю нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, ... тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Тг хардалтын улмаас зодож, эрүүл мэндэд нь доод нэг шүдний сулрал, уруул, зүүн өвдөг, шилбэ, шагай, тавхайд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт:

-хохирогч Д.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

             “... 2019 оны 7 дугаар сарын 25-ны ...манай нөхөр гаднаас согтуу орж ирээд хэл амаар доромжлоод дайраад байсан. ...над руу гар утас аваад шидэхээр нь би гараад зугтаахад миний араас гүйж гарч ирээд үсдэж чирээд миний ар дагз, нүүр рүү гараараа цохисон. ...Миний үүдэн 2 шүд хөдөлсөн, толгой их өвдөж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дугаар тал),

-шүүгдэгч Ю.Югийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            “... 2019 оны 7 дугаар сарын 25-ны ...23 цагийн үед гэртээ ирсэн чинь ...эхнэр манай хажуу талын айлын ахтай хамт байсан. Тэгэхээр нь би нөгөө ахад харанхуй шөнө манай гэрт юу хийж байгаа юм бэ гэж хэлээд ...эхнэр рүүгээ чи яахаараа орой үдэш таних танихгүй хүнтэй юу хийж байгаа юм бэ гэж уурлаад хардах сэдэл төрөөд хардсан. Тэгээд уурандаа эхнэртээ гар хүрч, толгой руу нь гараараа цохисон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90-91 дүгээр тал),

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 9386 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 25 дугаар тал), сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 73-74 дүгээр тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 62-72 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч Ю.Ю нь гэр бүлийн харилцаатай хамтран амьдрагч Д.Тг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.

Мөн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл хохирогч, шүүгдэгч нарын хооронд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаа, үл ойлголцлын улмаас гэмт хэрэг гарсан байна.

Шүүгдэгч Ю.Ю нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Д.Тг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангажээ.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ю.Юг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

 Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ю.Ю нь хохирогч Д.Тгийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх ба хохирогч Д.Т нь “Натур” эмнэлгийн компьютер томографийн зураг авахуулсан гэх 120.000 төгрөгийг хэрэгт ирүүлсэн байх тул (хавтаст хэргийн 30 дугаар тал) шүүгдэгч Ю.Югээс 120.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Тд олгохоор шийдвэрлэв.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

            Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Ю.Юг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг  гаргасан, шүүгдэгч Ю.Ю нь өмгөөлөлдөө “хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.

 

Шүүгдэгч Ю.Ю нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд 5 удаагийн ял шийтгэлтэй байх ба, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Ю.Югийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь оногдуулсан ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

4.Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Х овогт Югийн Юг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Юг 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Юд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ю.Ю цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Югээс 120.000 (нэг зуун хорин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Тд олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ю.Юд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол төгөлдөр болох хүртэл хугацаанд Ю.Юд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТ