Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 1060

 

 

 

 

 

 

   2019         10            09                                         1060

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

улсын яллагч Д.Пүрэвдагва /Баянгол дүүргийн прокурорын газар/,  

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Ж овогт Бы Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:Монгол Улсын иргэн, Ж овогт Бы Г, 1985 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа барилга дээр ажилладаг гэх, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй  (РД:...).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 6 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” караоке дотор хохирогч А.Тын нүүрэн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, хамрын нуруу, 2 нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан;

-Мөн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Билгүүн” хүнсний дэлгүүрийн хажууд байрлах нийтийн байранд иргэн Н.Мөнхцэцэгийг “надтай уулзсангүй” гэсэн шалтгаанаар баруун бугалган дээр нь хөлөөрөө гишгэж, тэлээгээр 2-3 удаа ороолгон, эрүүл мэндэд нь бугалга, зүүн гуянд цус хуралт, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гоос: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын судалсан баримтууд: Үүнд: 

Хохирогч А.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн баримтууд:

1. Хохирогч А.Тын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өгсөн:

“... 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр найз Батгэрэлийн гэрт 0.75 литрийн, 0.5 литрийн 2 шил архи хувааж уусан. Тэндээс ганцаараа гараад Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” караокены гадаа очиход найз Батгэрэл, Баянаа гэх залуутай ирээд дотогшоо орохгүй эхнэр дуудаад байна гээд явсан. Би 00 цаг өнгөрч байхад караоке руу ганцаараа ороод сул ширээнд суух гэтэл үүдний ширээнд сууж байсан гурван залуугийн цагаан өнгийн фудволктой залуу нь над руу самар шидсэн. Яагаад самар шидэж байгаа юм бэ гэтэл уучлаарай ахаа гээд бид хоёр ярилцаад салсан. Би 0.5 литрийн нэг шил Соёрхол нэртэй архи, гурван ундаа авсан, нилээн согтсон. Нэг мэдэхэд хүнтэй зууралдаж байгаад шатны уруу унах үед нэг залуу миний нүүр рүү өшиглөсөн. Тэгээд ухаан ороход эхнэр Батболор ирээд намайг аваад гарах гэтэл хар өнгийн цамцтай залуу намайг мөрлөхөд бид хоёр маргаад барьцалдсан. Караокены эзэн Октябрь ирж салгаад үүд рүү аваад гарсан. Тэгтэл цагаан фудволктой нөхөр араас ирж дахиж маргаад байхаар нь би нэг удаа алгадахад зөрүүлж намайг цохисон гэсэн. Намайг шат руу унах үед хар цамцтай залуу нь доороос гарч ирээд хажуунаас миний хамар руу өшиглөсөн гэж эхнэр хэлсэн. Уг хар өнгийн цамцтай залуу хамар хугалж уг гэмтлийг учруулсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхдээ 120.000 төгрөгөөр томографийн зураг авахуулсан. 8000 төгрөг үзлэгийн төлбөрт өгсөн. Хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

 

2. А.Т нь 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр нас барсан тухай гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 45 дугаар тал), А.Т, Х.Батболор нар нь 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн тухай гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 44 дүгээр тал),

 

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Батболорын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өгсөн:

“... 2019 оны 6 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө нөхөр Т Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй караокед согтуу байна гэхээр нь очтол Т ганцаараа ширээ дэрлээд унтаж байхаар нь сэрээгээд нөхрийнхөө баруун талаас түшээд явж байхад зүүн талын ширээн дээр сууж байсан хар өнгийн цамцтай залуу гараа өргөж даллаад идэж байсан самраа цацсан. Би яагаад самар шидээд байгаа юм бэ гэтэл хар цамцтай залуу босоод нөхрийн хүзүүнээс гараараа тэвэрчихээд шууд гараад явсан. Тэгтэл араас нь цагаан цамцтай залуу нэг юм хэлэхэд нөхөр Т буцаж очоод нөгөө залуутай маргалдаж байхад цагаан цамцтай залуу Тыг түлхсэн. Т буцааж цохих гэж байгаад өөрөө газар унаад босч ирээд цагаан цамцтай залуутай зодолдох гэтэл тэнд байсан хүмүүс салгасан. Октбярь бид хоёр Тыг аваад үүдний шатан дээр зогсож байтал цагаан цамцтай залуу араас ирээд нөхрөөс уучлалт гуйна гэхэд Т тийм юм байдаггүй юм гээд цагаан цамцтай залууг алгадаад автал нөхрийг буцаагаад цохих шиг болсон. Нөхөр нилээн согтуу байсан учир шат руу унах шахаад, шатны бариулаас түшээд босох гэж байтал хар өнгийн фудволктой залуу нүүр рүү нь өшиглөсөн. Тэгтэл нөхрийн хамраас цус гараад байхаар нь 103, цагдаа руу залгаж дуудсан. Тухайн үед нөхөр 120.000 төгрөгөөр толгойны томографикийн зураг авахуулсан. Мөн 8000 төгрөгөөр шүүх эмнэлэгт үзүүлсэн. 120.000 төгрөг өгсөн тохиолдолд гомдол саналгүй. Өөр цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар тал),

 

4. Гэрч Э.Занданцогийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр өгсөн:

“... 2019 оны 6 дугаар сарын 08-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” караокед зөөгчөөр ажилладаг найз Лхагвагэрэлтэй уулзахаар очоод хүлээж байхдаа зүс таних Зоригоо гэх ахтай таараад хамт нэг ширээнд суусан. 00 цагийн үед нэг ах нилээн согтуу орж ирээд Лхагвагэрэлийн гараас татаад байхаар нь би Лхагвагэрэл рүү нэг ширхэг самар аваад шидтэл нөгөө ахын нуруун дээр оночихсон. Би уучлаарай гээд уучлалт гуйсан. Тэгтэл нөгөө ах ганцаараа нэг ширээн дээр суугаад нэг архи авч уугаад тасраад унтчихсан. 01 цагийн үед эхнэр нь бололтой нэг эмэгтэй ирээд аваад гарах гэтэл Зоригоо ах гараараа баяртай гэтэл Зоригоо ахыг алгадсан. Зоригоо ах уурлаж босч ирээд хоёулаа барьцалдаж авахаар нь би голоор нь ороод салгатал нөгөө согтуу ах намайг цохих гэж байгаад хий цохиод газар унасан. Эхнэр нь аваад гарахад араас нь Зоригоо ах гарахаар нь би бас гараад шатны хажууд очоод ахаа уучлаарай, одоо ингээд явчих гэтэл чам шиг бацаан надтай ингэж харьцах болоогүй гээд намайг бас алгадахаар нь өөрөөсөө холдуулаад цаашаа түлхтэл согтуу байсан учир доошоо тонгойх үед Зоригоо ах нүүр рүү нь өшиглөсөн. Бид хоёр нийлж зодоогүй. Зоригоо ах хамар руу нь нэг удаа өшиглөсөн чинь хамраас нь цус гарсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар тал),

 

5. Гэрч Б.Октябрийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр өгсөн:

“... Би 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр “...” караокед камер хараад сууж байхад манай нийтийн караокед нэг залуу ганцаараа орж ирээд архи захиалж уугаад араас нь найз нар нь орж ирээд гараад явсан гэсэн. Тэгээд тэр залуу утсаа газар унагаагаад унтаж байхаар нь би утсыг нь аваад текэн дээр аваачиж тавиад байж байхад тэр залуугийн эхнэр нь орж ирээд манай нөхрийн утас хаана байгаа юм гэхээр нь би текэн дээр байгаа гээд утсыг нь авч өгсөн. Тэр залуугийн эхнэр хамт гаргалцаад өгөөч гэхээр нь би тэнд сууж үйлчлүүлж байсан залууг гуйгаад хоёулаа гаргачихъя гэж хэлээд гаргах гэтэл гараа сугалж аваад гарахгүй байсан. Тэгэхээр нь би орхиод 2 давхарт гараад камер хараад сууж байхад камерт хүмүүс маргалдаж байгаа харагдсан. Буугаад очсон чинь Зоригоо, Занаа гэх хоёр залуу нэг залуу, нэг эмэгтэйтэй муудалцаж хоорондоо түлхэлцээд цохилцож эхлэхээр нь би салгаад шат руу гаргах гээд аваад явахдаа больцгоо, эв зүйгээ ол гэж хэлсэн. Тэр залуугийн эхнэр нь Зоригоо руу дайраад хоёр алгадахаар нь Зоригоо та нарыг ална шүү гэж хэлсэн. Тэгээд би тэр эмэгтэйд чи эрүүл, наад хүмүүс чинь согтуу байна, нөхрийг чинь аваад чимээгүй газар гарчихъя” гэж хэлээд аваад гарах гэсэн чинь нөхөр нь гарахгүй байхаар нь Занаа гэх залуу би одоо очоод уучлалт гуйчихъя гэж хэлээд шатны тэнд очоод Занаа тэр залуугаас ах намайг уучлаарай, миний буруу гэж хэлэхэд тэр залуу чи муу бацаан минь ална шүү гээд Занааг алгадсан чинь Занаа тэр залуу хоёр хоорондоо зодолдсон. Би Занааг тэврээд бариад авсан. Зоригоо шатаар дээш явж байгаад буцаж ирээд тэр залуугийн нүүр рүү нь өшиглөөд тэр залуугийн хамраас цус гарсан. Эргээд харахад Зоригоо, Занаа хоёр зугтаасан байсан. Тэр залуугийн эхнэр 103, цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирээд тэр залууг гэмтэл орж үзүүл гээд надаас юу болсон талаар асуухад нь би тэр залуучуудыг танина, манайд үйлчлүүлдэг хүн байгаа юм, тэр хоёр гараад зугтаасан гэж хэлсэн. Занаа нь нэг хүн рүү самар шидсэн чинь тэр залууг гарч явахад нуруун дээр нь оноод тэгээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэр залуу Занааг нэг алгадсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),

 

6. Шүүгдэгч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр өгсөн:

“... 2019 оны 6 дугаар сарын 08-ны орой Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... караокед орж хоёр шил пиво захиалж уугаад сууж байхад зүс таних Занаа гэх залуу ах яасан гээд хажууд ирж суусан. Бид хоёр юм яриад сууж байхад Занаа зөөгч эмэгтэй рүү тоглоод идэж байсан самарнаасаа шидтэл хохирогч гэх залуугийн нуруун дээр оночихсон. Тэгтэл уг залуу уурлаад Занаатай маргалдаад караокенаас гарсан. Би араас нь гарч байснаа санаж байна. Маргааш өглөө нь “...” караокений эзэн Октябрь над руу залгаад чи өчигдөр хүний хамар руу өшиглөчихсөн, тэр хүнтэйгээ учраа олоорой гэж хэлсэн. Би А.Тын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...Согтуу хүмүүс хоорондоо маргалдаад л өшиглөсөн байх. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дүгээр тал),  

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 7235 дугаартай дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэгт: Хамрын нуруу, 2 зовхины дотор буланг хамарсан хүрэн ягаан шаргал туяа бүхий цус хуралттай, орчны зөөлөн эд бага зэрэг хавдаж овойсон, тэмтрэхэд эмзэглэлтэй.

2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн “Натур” эмнэлгийн Толгойн компьютер томографийн шинжилгээнд: ...Хамрын таславч дунд 1/3 хэсгээр зүүн тийш мурийлттай. ...Баруун хацар, хамар орчмын зөөлөн эдэд хаван хавдартай. /Дүгнэлт бичсэн эмч С.Мөнхбаатар/ ...” гэжээ.

ДҮГНЭЛТ:

-А.Тын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, 2 нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй. /Шинжээч эмч О.Болороо/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33 дугаар тал),

 

8. Шинжээч О.Болороогийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр өгсөн:

“... А.Тын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, 2 нүдний зовхины цус хуралт гэмтэл нь өшиглөх үед үүсэх боломжтой. Хоёр нүдний зовхины цус хуралт гэмтэл нь нэг удаагийн хатуу мохоо зүйлийн хамрын нуруунд цохих цохигдох үед үүсэх боломжтой. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр тал),

9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Батболорын “А.Тын эхнэр миний бие 128.000 төгрөг авсан” гэх 2019 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр бичсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 57 дугаар тал),

 

Хохирогч Н.Мөнхцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн   баримтууд:

 

10. Хохирогч Н.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өгсөн:

“... 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барилга дээр ажил хийж байхад Бригадын дарга гэх Б.Г согтуу “чи муу пизда минь хаагуур янхандаж яваад байгаа юм бэ” гээд миний баруун гарын булчин орчимд нэг удаа цохисон. Надад агсам тавиад байхаар нь цагдаа дуудсан. Би Г гэх хүнтэй барилга дээр 2 сар орчим хамт ажиллаж байна. Найзын хүрээний харилцаатай байж байгаад бэлгийн харьцаанд орсон. 2019 оны 6 дугаар сарын 15-наас хойш согтох болгондоо чи надад бэлгийн замын өвчин халдаасан гээд 6-7 удаа зодож байсан. Хамгийн сүүлд 2019 оны 7 дугаар сарын 29-ний орой 19 цагийн орчимд намайг гэртээ байхад манайд ирээд машин гаргах гэсэн юм гээд үл таних эрэгтэй хүн хаалга цохиод явахад чи энэ хүнтэй банзалддаг юм уу гэж хардаад өмдний тэлээгээр зүүн гуя орчим хоёр удаа, нуруу орчим 1 удаа цохиж, баруун гараараа хоолой боосон. Б.Г гэр бүлтэй. Намайг ажил дээр байхад эсвэл гэртээ байхад хүртэл чи хаагуур юу хийгээд байна, гэр бүлээсээ салаад чамтай сууна гээд байдаг юм. Миний баруун булчин, зүүн хөлний бүдүүн гуя орчим хөхөрсөн. Толгой шилэн хүзүү орчим өвдөж байна. Би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дугаар тал),

-2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр дахин хохирогчоор өгсөн:

“...2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны барилга дээр Г гэх хүний бригадад арматурчин мэргэжлээр ажилласан. Гтой хамт ажиллаад хааяа ажлын бус цагаар уулзаад бэлгийн харьцаанд орж эхэлсэн. 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр чи надад тэмбүү өвчин халдаасан, би чамайг ална гээд 2 удаа хацран тус газар алгадсан. Би тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй, надад гэмтэл учраагүй байсан. Үүнээс хойш харьцахаа болиод зайгаа авсан боловч архи уухаараа гар утсаар агсам согтуу тавьж ална, хаана байна, хэрвээ чи надтай уулзахгүй бол ах дүү нарыг чинь ална, хүүхдийг чинь залгина гэж сүрдүүлдэг. Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны гэрт хүртэл хэд хэдэн удаа ирэхээр нь айгаад хаалгаа тайлдаггүй байсан. Нийтийн байрнаасаа 2019 оны 7 дугаар сарын 31-ний өглөө 08 цаг гээд хамаатны эгч Нарантуяатай яваад Гоос өөр бригадтай халтуурын ажил хийгээд байж байтал эгч Нарантуяа руу яриад танай гэрт ирсэн байна, танай дүү хаагуур янхандаад яваад байна, наад барилга дээр чинь яваад очлоо гэхээр нь Нарантуяа эгчтэй ажлаа хаяад ирсэн. Гэртээ өдрийн 14 цагийн үед очиход Г согтуу, ганцаараа ирсэн байсан. Би өрөөндөө Гтой ортол дарж унагаагаад баруун бугалган дээр хөлөөрөө гишгээд, тэлээгээ сугалаад зүүн гуя хавиар 2-3 удаа ороолгосон. Миний хажууд Түргэнбаяр байсан, Гийг салгасан. Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74 дүгээр тал),

 

11. Гэрч М.Түргэнбаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өгсөн:

“... 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Мөнхцэцэг, Нарантуяа бид гурав Нисэхэд баригдаж байгаа барилга дээр очоод ажиллаж байхад Нарантуяа эгч рүү Г яриад наад Мөнхцэцэг гэдэг янханаа наашаа явуул, эсвэл барилга дээр очиж та нарыг тараана гэхээр нь бид гурав очсон. Нийтийн байранд нь очиход Г ганцаараа согтуу байсан. Нийтийн байрны 02 тоот өрөө рүү Г, Мөнхцэцэг бид гурав ороод Мөнхцэцэг суутал Г ах дараад баруун бугалган дээр нь гишгээд хөл хавиар нь өөрийнхөө өмдний тэлээгээр 2-3 удаа ороолгосон. Мөнхцэцэгийг уйлахаар нь би өмдний тэлээг нь булааж аваад орны доогуур шидсэн. Тэгээд салгатал Мөнхцэцэг цагдаа дуудаад, цагдаа ирээд Гийг саатуулсан. Г, Мөнхцэцэг хоёрт гэр бүлийн хамаарал байхгүй, хамт амьдардаггүй. Хааяа нэг уулзаад байх шиг байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дугаар тал),

 

12. Шүүгдэгч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн:

“... 2019 оны 4 дүгээр сараас эхэлж Мөнхцэцэг, Түргэнбаяр гэх хоёр эмэгтэй манай бригадад ажилд орж хамт ажиллах болсон. Хааяа ажлын бус цагаар Мөнхцэцэгтэй ганц нэг пиво ууж байснаас хэтрээгүй. 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж надтай ажлын шугамаар маргалдаж, хий гэсэн юм хийхгүй ажил таслах асуудал гаргаж эхэлсэн. Бүр сүүлдээ танай эхнэрт хэлнэ, эхнэрээс чинь салгана гэх болсон. 2019 оны 7 дугаар сард манай эхнэр рүү дотно харилцаатай гэх мэт зүйл ярьсан байсан. Манай эхнэр над руу уурлаад, бид одоо ч гэсэн хэвийн бус харилцаатай байна. Би эхнэр, 4 хүүхэдтэйгээ хамт амьдардаг. 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр архи уугаад уурлаад нийтийн байранд нь яваад очтол байхгүй байсан. Гар утас руу нь залгаад утсаа авахгүй болохоор нь эгч Нарантуяа руу нь ярьсан. Хүрээд ирэхээр нь өрөөнд нь ороод түлхэж унагаагаад бугалган дээр нь гишгэж байгаад суран бүсээрээ 2-3 удаа ороолгоод дахиад манай гэр бүлийг үймүүлээд үзээрэй гэж хэлсэн. Мөнхцэцэг цагдаа дуудна, чамайг шоронд явуулна гэсэн. Би шүүх эмнэлгийн 9370 дугаартай дүгнэлттэй танилцсан. ...Уг гэмтлийг би айлгах санаатай учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 92 дугаар тал),

 

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 9370 тоот дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Баруун бугалганы дотор доод хэсэгт 9х6 см хэмжээтэй, зүүн гуяны гадна доод дунд хэсэгт 15х3 см хэмжээтэй хөхөлбөр өнгийн цус хуралттай, хавдсан, эмзэглэлтэй, тойроод улайсан.

ДҮГНЭЛТ:

-Н.Мөнхцэцэгийн биед баруун бугалга, зүүн гуянд цус хуралт, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

-Дээрх гэмтлүүд гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. /шинжээч Ө.Сарангэрэл/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 81 дүгээр тал),

 

14. Цагдаагийн ерөнхий газар, мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн “...зодоон болоод байна, хурдан ирээрэй” гэсэн дуудлагыг 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 12 цаг 20 минут 24 секундэд хүлээн авсан тухай...” лавлагаа (хавтаст хэргийн  63 дугаар тал),

15. Шүүгдэгч Б.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 37, 95 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 36, 100 дугаар тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Атотээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 38, 96 дугаар тал), эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 39, 97 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 40, 98 дугаар тал), түүний Хаан банкинд эзэмшдэг дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 120-122 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шинжээч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.Г нь хохирогч А.Т, хохирогч Н.Мөнхцэцэг нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд бусад баримтаар тогтоогдсон тул түүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Б.Г өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Гт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

А.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн талаар.

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 6 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” караоке дотор хохирогч А.Тын нүүрэн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, хамрын нуруу, 2 нүдний зовхины цус хуралт буюу хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь:

-хохирогч А.Тын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өгсөн“... 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ...00 цаг өнгөрч байхад караоке руу ганцаараа ороод сул ширээнд суусан.  0.5 литрийн нэг шил Соёрхол нэртэй архи авч уусан, согтсон байсан. Нэг мэдэхэд хүнтэй зууралдаж байгаад шатны уруу унах үед нэг залуу миний нүүр рүү өшиглөсөн. ...Намайг шат руу унах үед хар цамцтай залуу нь доороос гарч ирээд хажуунаас миний хамар руу өшиглөсөн гэж эхнэр хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Батболорын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өгсөн“... 2019 оны 6 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө ...нөхрийнхөө баруун талаас түшээд явж байхад зүүн талын ширээн дээр сууж байсан хар өнгийн цамцтай залуу гараа өргөж даллаад идэж байсан самраа цацсан. ..нөхөр Т буцаж очоод нөгөө залуутай маргалдсан.  ...Нөхөр нилээн согтуу байсан учир шат руу унах шахаад, шатны бариулаас түшээд босох гэж байтал хар өнгийн фудволктой залуу нүүр рүү нь өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар тал),

-гэрч Э.Занданцогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...00 цагийн үед нэг ах нилээн согтуу орж ирээд ширээн дээр суугаад нэг шил архи авч уугаад тасраад унтсан. 01 цагийн үед эхнэр нь бололтой нэг эмэгтэй ирээд аваад гарах гэсэн. Зоригоо ах гараараа баяртай гэтэл Зоригоо ахыг алгадсан. Зоригоо ах уурлаж босч ирээд хоёулаа барьцалдаж авахаар нь би голоор нь ороод салгасан. ...намайг бас алгадахаар нь өөрөөсөө холдуулаад жаахан цаашаа түлхтэл согтуу байсан учир доошоо тонгойх үед Зоригоо ах нүүр рүү нь өшиглөсөн. ...Зоригоо ах хамар руу нь нэг удаа өшиглөчихсөн чинь хамраас нь цус гарсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар тал),

-гэрч Б.Октябрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...манай нийтийн караокед нэг залуу ганцаараа орж ирээд архи захиалж уусан. ...тэр залуугийн эхнэр нь орж ирсэн. ...камер хараад сууж байхад хүмүүс маргалдаж байгаа харагдсан. Очсон чинь Зоригоо, Занаа хоёр нэг залуу, нэг эмэгтэйтэй муудалцаж цохилцож эхлэхээр нь би салгасан. ...тэр залуугийн эхнэр нь Зоригоо руу дайраад хоёр алгадахаар нь Зоригоо та нарыг ална шүү гэсэн. ...Зоригоо шатаар дээш явж байгаад буцаж ирээд тэр залуугийн нүүр рүү нь өшиглөөд тэр залуугийн хамарнаас цус гарсан. ...Занаа нь нэг хүн рүү самар шидсэн чинь тэр залууг гарч явахад нуруун дээр нь оноод тэгээд хоорондоо маргалдаж эхэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),

-шүүгдэгч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“... 2019 оны 6 дугаар сарын 08-нд  ... караокед орж хоёр шил пиво захиалж уугаад сууж байсан. Зүс таних Занаа гэх залуу ах яасан гээд хажууд ирж суусан. Занаа зөөгч эмэгтэй рүү идэж байсан самарнаасаа шидтэл хохирогч гэх залуугийн нуруун дээр оночихсон. Тэгтэл уг залуу уурлаад Занаатай маргалдаад караокенаас гарсан. Маргааш өглөө нь “... “караокений эзэн Октябрь над руу залгаад чи өчигдөр хүний хамар руу өшиглөсөн, тэр хүнтэйгээ учраа олоорой гэж хэлсэн. Би А.Тын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дүгээр тал), 

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 7235 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 33 дугаар тал), шинжээч О.Болороогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч А.Т нь 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр нас барсан байх ба энэ талаар түүний нас барсныг бүртгэсэн гэрчилгээний хуулбар хэрэгт авагдсан (хавтаст хэргийн 45 дугаар тал)  байх бөгөөд улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Тын хууль ёсны төлөөлөгчөөр түүний эхнэр Х.Батболорыг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна. А.Т, Х.Батболор нар нь 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн тухай гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 44 дүгээр тал) хэрэгт байх тул хохирогчийг төлөөлөх эрхтэй этгээд байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нөлөөлжээ.

 

Хохирогч Н.Мөнхцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн талаар.

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Билгүүн” хүнсний дэлгүүрийн хажууд байрлах нийтийн байранд иргэн Н.Мөнхцэцэгийг “надтай уулзсангүй” гэсэн шалтгаанаар баруун бугалган дээр нь хөлөөрөө гишгэж, тэлээгээр 2-3 удаа ороолгон, эрүүл мэндэд нь бугалга, зүүн гуянд цус хуралт, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь: 

-хохирогч Н.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барилга дээр ажил хийж байхад Бригадын дарга гэх Б.Г согтуу “чи муу пизда минь хаагуур янхандаж яваад байгаа юм бэ” гээд миний баруун гарын булчин орчимд нэг удаа цохисон. Тэгээд надад агсам тавиад байхаар нь цагдаа дуудсан юм....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дугаар тал),

-мөн дахин хохирогчоор өгсөн “...Г гэх хүний бригадад арматурчин мэргэжлээр ажилласан. Гтой хамт ажиллаад хааяа ажлын бус цагаар уулзаад бэлгийн харьцаанд орж эхэлсэн. ....2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өглөө 08 цаг гээд хамаатны эгч Нарантуяатай яваад Гоос өөр бригадтай халтуурын ажил хийгээд байж байтал эгч Нарантуяа руу яриад танай гэрт ирсэн байна, танай дүү хаагуур янхандаад яваад байна, наад барилга дээр чинь яваад очлоо гэхээр нь Нарантуяа эгчтэй ажлаа хаяад гэртээ өдрийн 14 цагийн үед очиход Г согтуу, ганцаараа ирсэн байсан. ...Би өрөөндөө Гтой ортол дарж унагаагаад баруун бугалган дээр хөлөөрөө гишгээд, тэлээгээ сугалаад зүүн гуя хавиар 2-3 удаа ороолгосон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74 дүгээр тал),

 

-гэрч М.Түргэнбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... Нийтийн байрны 02 тоот өрөө рүү Г, Мөнхцэцэг бид гурав ороод Мөнхцэцэг суутал Г ах дараад баруун бугалган дээр нь гишгээд хөл хавиар нь өөрийнхөө өмдний тэлээгээр 2-3 удаа ороолгосон. Мөнхцэцэгийг уйлахаар нь би өмдний тэлээг нь булааж аваад орны доогуур шидсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дугаар тал),

-шүүгдэгч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр архи уугаад уурлаад Мөнхцэцэгийн нийтийн байранд нь яваад очтол байхгүй байсан. Гар утас руу нь залгаад утсаа авахгүй болохоор нь эгч Нарантуяа руу нь ярьсан. Хүрээд ирэхээр нь өрөөнд нь ороод түлхэж унагаагаад бугалган дээр нь гишгэж байгаад суран бүсээрээ 2-3 удаа ороолгоод дахиад манай гэр бүлийг үймүүлээд үзээрэй гэж хэлсэн. Уг гэмтлийг би айлгах санаатай учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 92 дугаар тал),

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 9370 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 81 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Тус гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн гэр бүлээс гадуур харьцаа үүсгэсэн, мөн согтуурсан байдал зэрэг нь нөлөөлжээ.

 

Шүүгдэгч Б.Г нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч А.Т, Н.Мөнхцэцэг нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд “хоёр, түүнээс олон” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох юм.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн  хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.Г нь хохирогч А.Т, Н.Мөнхцэцэг нарын бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх ба шүүгдэгч Б.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Батболорт 128.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. (хавтаст хэргийн 57 дугаар тал) Харин хохирогч Н.Мөнхцэцэг нь “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн, мөн гомдол саналгүй гэх хүсэлт хэргийн 111 дүгээр талд байх тул шүүгдэгч Б.Гийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

 

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас дүгнэлтдээ шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Б.Г нь өмгөөлөлдөө улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирогч А.Тт учирсан хохирлыг түүний хууль ёсны төлөөлөгч Х.Батболорт нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Б.Г нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Г нь хохирогч А.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт шалгагда байх явцдаа дахин иргэн Н.Мөнхцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байх тул түүний энэхүү хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзсэн болно.

 

3.Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.

            Шүүгдэгч Б.Г нь Баянгол, Сонгинохайрхан дүүргийн тус тус нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газар нь Сонгинохайрхан дүүрэгт байх тул тус хэргийг хуульд заасан харьяалалын дагуу хүлээн авч хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ж овогт Бы Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Батболорт төлөх төлбөргүй, хохирогч Н.Мөнхцэцэг нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд  Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                                   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА