| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оч |
| Хэргийн индекс | 2302004750026 |
| Дугаар | 2026/ХШТ/44 |
| Огноо | 2026-05-05 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Бямбадагва |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2026/ХШТ/44
О.М, Ч.Б нарт
холбогдох хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Бямбадагва, цагаатгагдсан этгээд Ч.Б, түүний өмгөөлөгч О.Баян-Очир, Г.Бадамханд, цагаатгагдсан этгээд О.М-ийн өмгөөлөгч Л.Мөнхтөр, нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2278 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 95 дугаар магадлалтай О.М, Ч.Б нарт холбогдох эрүүгийн 2302004750026 дугаартай хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, урьд ял шийтгэлгүй, А овогт О-ын М /РД:************ /,
Монгол Улсын иргэн, 1973 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Т хотхон, ***-*** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ж овогт Ч-ийн Б /РД:*******/.
Шүүгдэгч О.М нь Нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан улс төрийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3, 7.1.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1, 37.1.2, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3, 39.1.4-т заасныг тус тус зөрчиж Газрын тухайн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан шаардлагыг хангаагүй иргэн Н.Н-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ****** дугаартай газрыг 455 м.кв-аар нэмэгдүүлэх эсэхийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/609 дугаартай захирамжаар батлагдсан Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлөөр 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хэлэлцэхэд Ч.Б-ээр зөвлөлийн гишүүдэд хууль бусаар нөлөөлүүлж, Н.Н-т давуу байдал бий болгохын тулд Ч.Б-ийг санаатай гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, гэмт хэргийн хатгагчаар хамтран оролцсон,
Шүүгдэгч Ч.Б нь Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч даргаар буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3, 7.1.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1, мөн зүйлийн 37.1.2, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2, 39.1,3, 39.1.4, заасныг зөрчиж Газрын тухайн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан шаардлагыг хангаагүй иргэн Н.Н-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ****** дугаартай газрыг 455 м.кв-аар нэмэгдүүлэх эсэхийг Нийслэлийн засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/609 дугаартай захирамжаар батлагдсан Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлөөр 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хэлэлцэхэд зөвлөлийн гишүүдэд хууль бусаар нөлөөлж, газрыг 455 м.кв-аар нэмэгдүүлэх шийдвэр гаргуулж Н.Н-т давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэргийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт О-ийн М, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Ч-ийн Б нарт холбогдох эрүүгийн 2302004750026 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд 95 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Нямдорж хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1.Шүүхийн тогтоол, магадлалт заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана...” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрт хэргийн үйл баримтыг үндэслэлтэй үгүйсгэж чадаагүй гэж үзэхээр байна.
Тухайлбал, анхан шатны шүүх, яллах талын нотлох баримт болох аудио бичлэгийг нотлох баримтаар үнэлэхгүй учир нь аудио бичлэгийг хэрхэн хаанаас цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн талаарх мөрдөгчийн тэмдэглэл хэрэгт байхгүй байгаа гэснийг дараах байдлаар үгүйсгэж байна. Хэрэгт аудио бичлэгийг хаанаас хэзээ, ямар арга хэрэгслээр хүлээн авсан талаар болон мөрдөгчийн тэмдэглэл авагдсан. Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 06/15534 дугаартай “...Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр хурал, 4 дүгээр сарын 03-ны өдрийн 13 дугаар хурлын тэмдэглэлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтын шаардлага ханган ирүүлнэ үү...” гэсэн албан бичгийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн байна (1 дүгээр хавтаст хэргийн 214 дүгээр хуудас). Уг албан бичгийн дагуу Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01-08/5490 дугаартай “...Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газруудын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлын 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 11, 04 дүгээр сарын 03-ны өдрийн 13 дугаар хурлын тэмдэглэлийг нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүлэв...” гэсэн албан бичиг, хавсралт баримтуудыг ирүүлсэн байна (1 дүгээр хавтаст хэргийн 215-234 дүгээр хуудас).
Мөн Авлигатай тэмцэх газрын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06/2033 дугаартай “...Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр хурал, 4 дүгээр сарын 03-ны өдрийн 13 дугаар хурлын ирцийн бүртгэл, аудио бичлэгийг хуурцагт (сиди) буулган Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтын шаардлага ханган ирүүлнэ үү...” гэсэн албан бичгийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн байна (2 дугаар хавтаст хэргийн 111 дүгээр хуудас).
Уг албан бичгийн дагуу дээрх хурлуудын аудио бичлэгүүдийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан Газар баталгаажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 11, 13 дугаар хурлын тэмдэглэлийн аудио бичлэг нэмж хүргүүллээ” гэх утгаар ****** хаягаас мөрдөгчийн албаны ****** хаягт тус тус ирүүлсэн байна. Тус хаягаар 2 удаа ирүүлсэн аудио бичлэгт мөрдөгч дараах байдлаар тус тус үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн байна. Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн аудио бичлэгт үзлэг хийсэн “...Эрүүгийн 2302004750026 дугаартай хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоох зорилгоор Нийслэлийн газрын албанаас ****** мэйл хаягаар ирүүлсэн бичлэгт үзлэг хийх ажиллагаа хийсэн тэмдэглэл 3 дугаар хавтаст хэргийн 136-137 дугаар талд авагдсан байна.
Мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Аудио бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл мөн авагдсан байна. Өөрөөр хэлбэл, дээрх нотлох баримтуудыг мөрдөгч цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулж, хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримтат мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлнэ”, 2 дахь хэсэгт “Нотлох баримт бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэхийн зэрэгцээ мэдээллийг тусгасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах, гар зураг үйлдэх, ул мөрнөөс хэв, хээ буулгаж авах зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэх бусад аргыг хэрэглэнэ.” гэсэн хуулийн шаардлагад нийцүүлсэн байна.
Харин шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэт хяналгүйгээр “дээрх нотлох баримтуудыг ямар арга хэрэгслээр, яаж цуглуулж бэхжүүлсэн нь тодорхойгүй, энэ талаар мөрдөгч тэмдэглэл үйлдээгүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтуудыг мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар няцаан үгүйсгэгдэж байна.
Мөн цагаатгах тогтоолын тогтоох нь хэсгийн 2 дахь заалтад “Хэрэгт Нийслэлийн газрын албанаас ирүүлсэн аудио, үзлэг хийх явцыг бэхжүүлсэн сиди 2 ширхэг...” гэж шүүхээс хаанаас ирүүлсэн талаар нь дурдсан боловч тодорхойлох нь хэсэгт “...Хэрэгт авагдсан аудио бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл мөрдөгч үйлдсэн байх бөгөөд уг аудио бичлэгийг хэрхэн хаанаас хэрэгт цуглуулж, шалгаж, бэхжүүлэн хэрэгт нотлох баримтаар тооцож, хэрэгт тусгасан мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл байхгүй байгаа нь уг бичлэгийг нотлох баримтаар тооцох, үнэлэх боломжгүй...” гэж хаанаас ирсэн нь тодорхой болон тодорхойгүй гэх байдлаар нэг тогтоолд өөр, өөр дүгнэлт хийсэн байна.
2.Шинжээчийн дүгнэлтээр энэхүү үйл баримтыг тогтоолгох боломжгүй. Иймд дээрх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцоогүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй гэжээ. 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шүүхээс яллагдагч нарыг цагаатгасан шүүхийн шийдвэрийнхээ үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжилгээ хийхийг хориглоно” гэхийг зөрчсөн байна гэж уншиж сонсгосон.
Гэвч шүүхийн цагаатгах тогтоолд уншиж сонсгосноор огт өөрөөр дүгнэсэн буюу “...мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналт, шүүх хуралдааны явцад нотлох баримтад үндэслэн шүүгч хуулийг тайлбарлан хэрэглэх замаар хууль зүйн дүгнэлт өгч хариулах нь хууль зүйн ойлголт тул шинжээчийн дүгнэлтээр энэхүү үйл баримтыг тогтоолгох боломжгүй юм. Иймд дээрх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцоогүй шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно...” гэж уншиж сонсгосноос өөрөөр зөрүүтэй байдлаар цагаатгах тогтоолоо бичгээр гаргасан байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих” , 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” гэсэнд хамаарахаар байна.
Мөн шинжээчийн дүгнэлтийг шүүхээс үнэлээгүй бол шинжээч Д.Түмэндэмбэрэлийн шүүх хуралдааны явцад гаргасан мэдүүлэг болох “ ...Иргэн Н.Н-т 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/612 дугаартай “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай’’ захирамжаар үйлчилгээний орон сууцны зориулалттай 455 м.кв нэмж олгосон байна.Газар эзэмших, ашиглах эрхийг шинээр олгоход Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэх бөгөөд төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмаар зохицуулна. Иргэн Н.Н-т тус газрыг эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар шийдвэрлэх хуулийн зохицуулалттай...” гэсэн мэдүүлэг, улсын яллагчийн дүгнэлт, талуудын асуултад хариулсан шинжээчийн хариулт зэргийг хэрхэн, яаж, ямар нотлох баримтуудаар үгүйсгэсэн талаараа тогтоолд дурдаагүй байна.
Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгавал зохих зүйлсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нэг бүрчлэн заасан бөгөөд шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн талуудын дүгнэлт, саналын үндэслэл болгосон баримт, яллах талын баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг нэг бүрчлэн няцаан үгүйсгэх ёстой гэснийг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нь прокуророос О.М, Ч.Б нарыг яллах үндэслэл болгосон нотлох баримтуудыг нэг бүрчлэн үндэслэлтэй няцааж, үгүйсгэлгүйгээр “шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцоогүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй” гэж тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтуудыг мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн гэрч Э.Т, Ж.П, М.М, С.Д, А.А, Ж.М нарын мэдүүлгүүд, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Архивын газрын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 04/1081 дугаартай “...Сүхбаатар дүүргийн Соёлын төвийг менежментийн гэрээгээр ажиллуулах тендерийн ялагч Сүхбаатар дүүргийн Соёлын төвийн менежментийн багт хүлээлгэн өгсөн баримтыг хавсралтаар хүргүүлэв...” гэсэн албан бичиг, хавсралт баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 121-153 дугаар тал),
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 01-08/4896 дугаартай “...Иргэн Н.Н-ийн эзэмшиж буй ***** нэгж талбарын дугаар бүхий газрын хувийн хэргийг нотлох баримтын шаардлага ханган хавсралтаар хүргүүлж байна...” гэсэн албан бичиг, хавсралт баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 154-213 дугаар тал),
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01-08/5490 дугаартай “...Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газруудын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлын 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр хурал, 4 дүгээр сарын 03- ны өдрийн 13 дугаар хурлын тэмдэглэлийг нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүлэв...” гэсэн албан бичиг, хавсралт баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 215-234 дүгээр тал),
Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 03/7243 дугаартай “...Нийслэлийн Улаанбаатар хотын хөгжлийн болон газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд "Нийслэлийн Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн "Хот байгуулалт болон Газар зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” А/110 дугаар захирамжаар Мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг эрхэлж, хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Хот, байгуулалтын, хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд шилжүүлсэн байна...” гэсэн албан бичиг, хавсралт баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 236-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-49 дүгээр тал),
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 02- ны өдрийн 29/33 дугаартай “...Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай тогтоол...”, Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл (2 дугаар хавтаст хэргийн 51-110 дугаар тал) зэрэг яллах талын нотлох баримтуудыг ямар нотлох баримтуудаар няцаан үгүйсгэж байгаа талаараа тогтоолд тусгаагүй.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг заана гэсэнтэй нийцээгүй, хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарч байна.
4.Анхан шатны шүүхээс “прокурорын яллах дүгнэлтэд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэсэн шаардлагыг хангаагүй гэсэн нь Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн өөрчлөлт оруулсан. 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд 2020 онд газар олгох, нэмэгдүүлэх, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зэрэг нь газар, барилгажилт мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг хуульд нарийвчлан зохицуулаагүй, уг дүрмээр тухайн харилцааг зохицуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хэрэгжүүлдэг, уг мэргэжлийн зөвлөл нь зөвхөн санал дүгнэлт гаргадаг байсан байх ба санал дүгнэлт гаргаснаар давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй” гэжээ.
Гэвч прокурорын яллах дүгнэлтэд 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн 33.1.2 дахь хэсэгт заасан “ ...Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно...” гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн байхад 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр буруутгасан мэтээр огт үндэслэлгүй дүгнэж бичжээ.
Тодруулбал, 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн 33.1.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно...” гэсэн хуулийн зохицуулалт хэрэгжиж байсан.
2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр “ ...энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно...” гэж өөрчлөн найруулсан. 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр “ ...Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно...” гэж өөрчлөн найруулсан. Гэтэл яллах дүгнэлтэд 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн 33.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлийг бичсэн байхад 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан заалтыг бичсэн мэтээр ор үндэслэлгүй зүйлийг цагаатгах тогтоолд тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэхээр байна.
5. Анхан шатны шүүхийн тогтоолын 2 дахь заалтад “...шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй...” гэжээ. Гэвч О.М-г 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр сэжигтнээр 2 хоног баривчилсан захирамж, тэмдэглэл 4 дүгээр хавтаст хэргийн хх-ийн 70-75 дугаар талд авагдсан бөгөөд энэ талаар тогтоолд тусгаагүй байна. Мөн тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...О.М, Ч.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй...” гэж зөрүүтэй байдлаар тусгасан байна. Тодруулбал, хэрэгт яллах дүгнэлт үйлдэх үед О.М-д 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 40-х дугаартай захирамжаар “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох тухай” таслан сэргийлэх арга хэмжээ авсан захирамж, тэмдэглэл 4 дүгээр хавтас хэргийн 200-205 дугаар тал, Ч.Б-д 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 112-х дугаартай захирамжаар “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох тухай” таслан сэргийлэх арга хэмжээ авсан захирамж, тэмдэглэл 4 дүгээр хавтаст хэргийн 217-220, 5 дугаар хавтаст хэргийн 72-74 дүгээр талд тус тус авагдсан.
Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсний дараа О.М-аас гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг шүүх хүлээн авч “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох тухай” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 10,000,000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ хэлэлцүүлэгт прокурорыг оролцуулж байсан.
Өөрөөр О.М, Ч.Б нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хүчингүй болгож байгаагүй бөгөөд тэдгээрт авсан таслан сэргийлэх арга хэмжээг бодит байдлаас зөрүүтэйгээр буюу “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ гэж тогтоолд тусгасан нь үндэслэлгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасантай нийцэхгүй буюу мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.
6.Нийслэлийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 214 дүгээр “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай" захирамжаар иргэн Н.Н-т конторын зориулалттай 786 м.кв газрыг анх эзэмшүүлжээ. Иргэн Н.Н нь дээрх газрын хэмжээг 455 м.кв-аар нэмэгдүүлэхээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүсэлт гаргасан байна. Нийслэлийн засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/609 дугаартай захирамжаар батлагдсан Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлөөр 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хангарьд ордон”-д дээрх хүсэлтийг хэлэлцжээ.
Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийг Ч.Б удирдаж явуулсан байх ба Ч.Б нь “Заа, миний дүү энэ ч зөндөө орчихлоо доо... шууд саналаа хураачихъя. Дэмжье гэсэн томьёоллоор заа дэмжье, хуралдаа анхаараарай... М даргын яриад байгаа юм л даа...” гэж зөвлөлийн гишүүдэд хууль бусаар нөлөөлж, уг хүсэлт хурлаар дэмжигдэж дүгнэлт гарсан байна. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.А-ны 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/612 дугаартай “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай” захирамжаар дээрх дүгнэлтийг үндэслэн иргэн Н.Н-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ***** дугаартай газрыг 455 м.кв-аар нэмж олгосон байна. Өөрөөр хэлбэл, Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хурлаар иргэн Н.Н-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ****** дугаартай газрыг 455 м.кв-аар нэмж олгохдоо 2002 оны Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дэх заалтыг зөрчжээ.
Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийг Ч.Б удирдаж явуулахдаа зөвлөлийн гишүүдэд хууль бусаар нөлөөлж Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж иргэн Н.Н-ийн эзэмшлийн газрыг нэмж олгох нөхцөлийг бүрдүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзэхээр байна. Харин анхан шатны шүүх “...Гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар эргэлзээгүй, бүрэн гүйцэд нотлогдон тогтоогдож байж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг ба хэрэгт авагдсан баримтаар Ч.Б, О.М нарыг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхэд эргэлзээ төрж байх тул гэм буруутайд тооцох боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж дүгнэжээ.
Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байдаг. Энэ гэмт хэрэг нь хуулиар хамгаалагдсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой.
Шүүгдэгч Ч.Б, О.М нар нь албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх нотлох баримтууд хэрэгт авагдсан. Дээрх гэмт хэргийн улмаас төрийн албаны хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулсан хор уршиг учирсан болно. Мөн хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогддог бөгөөд хохирол, хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй.
Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд объектив талын заавал байх
үндсэн шинжид хор уршиг (эдийн болон эдийн бус) хамаардаггүй тул хууль тогтоогч энэ төрлийн гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхойлон томьёолохдоо хор уршгийг хуульчилдаггүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ердийн бүрэлдэхүүнтэй “албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн хувьд хууль тогтоогч хохирол, хор уршиг заавал учирсан байхыг шууд хуульчлан тодорхойлолгүйгээр хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт хамааруулсан бөгөөд Ч.Б, О.М нарын үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангасан байхад энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн аливаа этгээдэд ял завшуулах бүрэн боломжийг олгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1, 1.2, 1.3 дугаар зүйлд заасан зарчмууд алдагдана гэж үзэж байна.
Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд яллах талын нотлох баримтыг ямар нотлох баримттай харьцуулахад үгүйсгэгдэж, яллаж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэг, заалтыг ямар хууль зүйн үндэслэлээр няцаагдаж байгаа талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хэд хэдэн зөрчил гаргасан байна.
7.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдийн дагуу цагаатгах тогтоолд өөрчлөлтүүдийг оруулж, анхан шатны шүүхийн цагаатгасан гол үндэслэлээс тэс өөр буюу “аудио бичлэгийг хэрхэн хаанаас яаж цуглуулсан нь тодорхой байна, харин аудио бичлэгийг гэрч нарт сонсгож мэдүүлэг авсан нь хууль зөрчсөн байх тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Мөн шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээний талаар тогтоолд зөв тусгаагүй орхигдуулсан байгааг дурдсан бөгөөд шийдвэрлээгүй орхигдуулсан зэрэг зөрчил гаргасан. Өөрөөр хэлбэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/2278 дугаартай цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2026 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ДШМ/95 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Прокурор Б.Бямбадагва хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтээ: “Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хуралдааныг Ч.Б удирдаж явуулахдаа зөвлөлийн гишүүдэд хууль бусаар нөлөөлж Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж иргэн Н.Н-ийн эзэмшлийн газрыг нэмж олгох нөхцөлийг бүрдүүлэн давуу байдал бий болгосон. О.М нь Ч.Б-ийг иргэн Н.Н-т давуу байдал бий болгож, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, гэмт хэргийн хатгагчаар хамтран оролцсон болох нь хэрэгт цугларсан гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэсэн.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдлаас зөрүүтэй, шүүгдэгч нарын гэм бурууг нотолсон баримт болох гэрч Э.Т, М.M, С.Д, А.А, Ж.М нарын “2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хурал дээр Аудио бичлэгээс сонсоход хурлын дарга Ч.Б нь “өмнө нь хурлаар орж байсан асуудал байна. Шууд санал хураая, М даргын гуйгаад байгаа газар байгаа юм” гэж хэлж байна. М даргын гуйгаад байгаа газар байгаа” юм гэж ярьж байгаа хүн Ч.Б дарга байна” гэсэн агуулга бүхий мэдүүлгүүд, мөн гэрч П-ийн мэдүүлгийг няцааж, үгүйсгэсэн дүгнэлт хийлгүй цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол,давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.
Цагаатгагдсан этгээд Ч.Б-ийн өмгөөлөгч О.Баян-Очир тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Прокурор шүүх хуралдаанд шүүдэгчийн гэм буруутайг нотлох үүрэгтэй байдаг. Энэ хэргийн тухайд энэхүү нотлох үүргээ биелүүлж чадаагүй гэж дүгнэж байна. Аудио бичлэгт хэн гэдэг, ямар албан тушаалтай, хэдэн хүн байсан, эдгээр хүмүүс нь Нийслэлийн засаг даргын тушаалаар батлагдсан зөвлөлийн гишүүд мөн эсэхийг тогтоох хуульд заасан нотлох ажиллагааг хийгээгүй. Бичлэгт хэдэн хүн байгаа, бичигдсэн дуу хоолой хэн хэнийх эсэх, зөвлөлийн гишүүд мөн эсэхийг тогтоох ажиллагааг хуульд заасан арга, хэрэгслээр хийх ёстой байсан гэж үзэж байна. Үүнээс шалтгаалж хуульд заасан нотолбол зохих шаардлага хангагдана. Энэ талаар хоёр шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн. Бичлэг сонсгож, хөтөлж, тулгах байдлаар гэрч нараас мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсгийг зөрчсөн гэж дүгнэсэн нь зөв болсон. Бичлэг сонсгож мэдүүлэг авсан албан тушаалтнууд нь зөвлөлийн гишүүд бөгөөд прокуророос нөлөөнд автсан гэж үзэж байгааг анхаарч үзнэ үү.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчийг цагаатгасан хуулийн үндэслэлийг заахаар тогтоосон. Шүүх цагаатгах тогтоолыг уншиж, сонсгохдоо гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлийг зааж сонсгосон бөгөөд тогтоол хэлбэржин гардуулагдахдаа тухайн зүйл заалтыг тогтоох хэсгийн үндэслэл болгон заасан. Энэ талаар ямар нэгэн зөрүүтэй зүйл байхгүй.
Шинжээчийн дүгнэлт хууль зөрчиж гарсан нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон. Үүнийг нотлох баримтаар үнэлээгүй ба шүүх хуралдаанд оролцсон шинжээчийн яллах талын мэдүүлгийг үнэлэхгүй байх, няцаагдсан гэж үзсэн нь үндэслэлтэй, зөв байна. Хэрэгт авагдсан зөвлөлийн гишүүдийн даргыг томилсон Нийслэлийн Засаг даргын захирамжид Ч.Б нь “гишүүн” гэсэн статустай байсан бөгөөд даргаар томилсон үйл баримт хэрэгт байхгүй. Тэгш саналын эрхтэй, 70-аас дээш хувийн саналаар дэмжигдсэн тохиолдолд зөвшөөрсөн шийдвэр гаргадаг. Зөвлөлийн гишүүд нь Нийслэлийн Засаг даргын тамгын газрын агентлаг, хэлтсийн дарга нар байсан. Зарим нь Ч.Б-ээс өндөр албан тушаалтай хүмүүс байсан бөгөөд эдгээр хүмүүст нөлөөлсөн гэж үзэж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Нөгөөтээгүүр, гишүүд нь нэг саналын эрхтэй. Хурлыг даргалж байгаа гишүүн зохион байгуулах үүрэгтэй бөгөөд өөр ямар нэгэн эрхгүй.
Хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах хууль зүйн үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шүүхийн хуулийн 40.1 дүгээр зүйлд тодорхойлсон. Үүнд шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, давж заалдах шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн үндэслэлийг заасан. Гэтэл прокурор хуульд заагаагүй үндэслэл заан эсэргүүцлээ гаргасан. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн байна. Прокурор эсэргүүцэлдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн гурван үндэслэл заасан. Гэтэл эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдийг Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэж, түдгэлзүүлсэн. Үүнийг УИХ-ын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор хүлээн зөвшөөрч, хүчингүй болгосон. Мөн прокурор эсэргүүцлээ анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх байдлаар тодорхойлсон. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйл, 40.8 дугаар зүйлд дээрх шийдвэр гаргахыг хуулийн өөрчлөлтөөр хассан байдаг. Өөрөөр хэлбэл, хууль зөрчсөн шийдвэрийг шүүхээр гаргуулахыг хүссэн эсэргүүцэл байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Цагаатгагдсан этгээд Ч.Б-ийн өмгөөлөгч Г.Бадамханд тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Өмгөөлөгч О.Баян-Очиртой санал нэг байна. Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон.
Хэрэгт авагдсан аудио бичлэгийн талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхой заасан. Тодруулбал, уг ирүүлсэн аудио бичлэгт үзлэг хийсэн боловч ямар эх сурвалжаас, хаанаас, хэрхэн яаж бүрдүүлснийг шалгаж тогтоогоогүй учраас нотлох баримтаар тооцох нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. Тухайн зөвлөлийн хуралд тэмдэглэл үйлдэгдээгүй, дүрс бичлэг албан ёсоор хийгдээгүй. Тиймээс тухайн дүрс бичлэгийг хувь хүн гаргаж өгсөн нь хэрэгтэй танилцахад тодорхой байдаг бөгөөд энэ асуудлыг огт шалгаж тогтоогоогүй.
Тухайн бичлэгт байгаа хүмүүс нь зөвлөлийн гишүүд мөн эсэхийг тогтоогоогүй бөгөөд энэ асуудалд шинжээч томилоогүй. Иймээс тухайн аудио бичлэгийг нотлох баримтаар тооцох нь үндэслэлгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
Шинжээчийн дүгнэлтийн асуудлын талаар дараах тайлбарыг гаргаж байна. Хууль хэрэглээний асуудлаар асуулт асууж, дүгнэлт гаргуулсан байдаг. Гэвч шинжээч нь хуульч биш. Мөн энэ асуудлын талаар анхан шатны шүүх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6-д заасныг зөрчсөн байгаа учраас нотлох баримтаар тооцох боломжгүй байна” гэж тодорхой дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн энэхүү шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ. Шүүх хуралдаанд цагаатгах тогтоолыг уншиж сонсгохдоо “гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэлээ” гэсэн бөгөөд бичгээр хэлбэржихдээ мөн адил бичигдсэн нь давж заалдах шатны шүүх хуралдаанаар тогтоогдсон.
Гэрч нараас мэдүүлэг авсныг прокурор эсэргүүцэлдээ дурдсан. Мэдүүлэг авахдаа хууль зөрчиж авсан аудио бичлэгийг сонсгосон, улмаар гэрч нар мэдүүлэгтээ “бичлэгээс сонсоход, бичлэгээс үзэхэд” гэж мэдүүлсэн. Энэ нь гэрчид нөлөөлсөн, тулгасан, хөтөлсөн байдлаар авсан мэдүүлэг учраас давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Ч.Б-ийн хурлын удирдан даргалж байгаа зөвлөл нь орон тооны бус юм. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдаж Нийслэлийн Засаг дарга дүрмийг нь баталсан, орон тооны бус, ямар нэгэн цалин авдаггүй. Өөрөөр хэлбэл, үндсэн ажлын байрны тодорхойлолтоос гадуур хийгдсэн ажил гэдэг нь хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагдана. Тухайн зөвлөл нь нийт 17 гишүүнтэй бөгөөд хуралд 14 гишүүн оролцож ямар нэгэн тэмдэглэл үйлдээгүй, зөвхөн “зөвшөөрсөн” гэсэн хүснэгт бөглөсөн буюу хурлын нарийн бичгийн дарга “тэмдэглэл хөтлөөгүй” гэж мэдүүлсэн байхад хууль бус бичлэгээр эдгээр хүмүүсийг яллаж байгаа нь үндэслэлгүй байна. 14 гишүүн бүгд зөвшөөрсөн санал өгсөн. Тус хуралд Ч.Б нь нэг саналын эрхтэй оролцсон тул түүнийг дангаар давуу байдал бий болгосон гэж яллаж байгаа нь үндэслэлгүй байна. Орон тооны бус зөвлөлөөс гарсан санал нь дөрвөн үе шаттай хянагдаж, Засаг дарга баталгаажуулж гарын үсэг зурдаг. Тухайн саналыг дэмжихгүй байх эрх дээрх субъектүүдэд байгаа. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ч.Б-ийг бусдад давуу байдал бий болгоход нөлөөлсөн гэх баримт тогтоогдохгүй байна. Прокурорын эсэргүүцлийн сүүлийн хэсгүүдэд техникийн шинжтэй алдаануудыг заасан байсан. Энэ нь техникийн журмаар зохицуулагдах асуудал гэж үзэж байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль хэрэглээний зөрүүгүй, Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Цагаатгагдсан этгээд О.М-ийн өмгөөлөгч Л.Мөнхтөр: “...Прокурор эсэргүүцлээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр бичигдсэн байна. Өмгөөлөгчийн зүгээс прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдийг няцааж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгуулах байр суурьтай оролцож байна.
Прокурорын эсэргүүцэл 7 үндэслэлээр бичигдсэн. Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцож байгаа прокурор “...эсэргүүцлийг дэмжиж оролцоно...” гэсний эсрэг байр суурьтай байна. Учир нь, шүүх талуудын мэтгэлцээнийг үндэслэж шийдвэрээ гаргадаг бөгөөд хуульд энэ талаар зохицуулсан. Би О.М нарт холбогдох эрүүгийн хэрэгт томилогдсон шүүх бүрэлдэхүүнийг прокурорын эсэргүүцлийг дэмжиж хяналтын шатны шүүх хуралдаан хийж байгаа гэж үзэхгүй байна. Прокурорын хяналтын шатны шүүх хуралдаанд гаргаж байгаа үндэслэл, бичигдсэн эсэргүүцэлд Эрүүгийн хуулийн ямар зүйл, заалтыг буруу хэрэглэсэн, зөрүүтэй ямар асуудал байгаа талаар дурдагдсангүй.
Прокурор хяналтын шатны шүүх хуралдаанд оролцохдоо бичигдсэн эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт гарган оролцож байгаа учраас өмгөөлөгчийн зүгээс энэ талаар санал хэлэх үүрэгтэй. Иймээс дараах байдлаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээж зөвшөөрөхгүй байна.
Эсэргүүцэлд “шүүхийн магадлалд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй тухайд” гэж бичээд аудио бичлэг, гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэл болгосон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгосон. Мөн нотлох баримт бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэхийн зэрэгцээ мэдээллийг тусгасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах, гар зураг үйлдэх, ул мөрнөөс хэв, хээ буулгаж авах зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэх бусад аргыг хэрэглэхээр заасан.
Прокурор хууль ёсны үндэслэлтэй гэж үзэж байгаа гэрч нарын мэдүүлгийг эсэргүүцэлдээ бичсэн байгаа учраас дараах тайлбарыг гаргаж байна. Тухайн мэдүүлгийг авахдаа гэрч нарт аудио бичлэгийг сонсгоод дараа нь мэдүүлэг авсан. Дээр дурдсан зохицуулалт нь аудио бичлэг хийхийг зохицуулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар энэ хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан бол нотлох баримтаар тооцохгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Мэдүүлэг авах үед хөтөлж, эсхүл тулгаж асуулт тавихыг хориглоно” гэж заасныг зөрчсөн тул тухайн мэдүүлгүүдийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна.
Шүүх шинжээчийн дүгнэлтийн талаар “шинжээч нь хууль хэрэглээний асуудлын талаар дүгнэлт гарахгүй гэсэн заалтыг зөрчиж дүгнэлт гаргасан тул үнэлэх боломжгүй” гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэнээс үзэхэд шинжээч нь “би хуульч биш, хууль зүйн мэдлэг байхгүй, мөн би шинжилгээний байгууллагаас шинжээчийн эрх аваагүй” гэж мэдүүлсэн байна. Мөн тухайн шинжээчид Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл байхгүй. Тиймээс тухайн шинжээчийг хууль зүйн мэдлэгтэй, шинжээчийн эрхтэй, мөн эрдмийн зэрэг цолтой гэдгийг нотолсон баримт бичиг байхгүй. Мөн шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслээгүй өөр нэг шалтгаан нь тухайн шинжээч шүүх хуралдаанд “би хавтаст хэргийн материалтай танилцаагүй, барилгын тухай мэдээллийг энэ хурал дээр сонсож байна, өмчлөх эрх нь гарсан барилга гэдгийг мэдээгүй, тэр асуудлыг надад танилцуулаагүй, шинжээч томилсон тогтоол гарсан эсэхийг мэдэхгүй байна, дарга намайг ор гэсэн, байгууллагын тамга дарагдаагүй” гэж мэдүүлсэн. Эдгээр нөхцөл байдлуудад шүүх үнэн зөв дүгнэлт хийж, шинжээчийн дүгнэлтийг албан ёсны нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй. Энэ нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, зөрүүтэй тайлбарласан гэх үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Тухайн аудио бичлэгийг албан тоотоор ирсэн гэж тайлбарладаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлд эд мөрийн баримтад ямар зүйлс орох талаар хуульчилсан бөгөөд хэрэгт ач холбогдолтой бүх зүйл эд мөрийн баримт болохоор заасан. Шүүх дүгнэхдээ тухайн аудио бичлэг албан бичгээр ирсэн бол эд мөрийн баримтаар үнэлж хурааж авсан талаарх тэмдэглэл үйлдсэн баримт байхгүй байна гэж дүгнэсэн. Мөн тухайн аудио бичлэг нь хууль ёсны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар ороогүй байгаа ба эд мөрийн баримтын талаар хэрэгт тэмдэглэл үйлдэж, хавсаргах ёстой байсныг зөрчсөн байна. Энэ нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, эсхүл хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн эсэх эргэлзээтэй нөхцөл байдлуудыг бий болгож байна. Мөн шинжээчийн дүгнэлтэд гэрчүүдийн мэдүүлгүүдийг бичиж байгаад сүүл хэсэгт нь Газрын тухай хуулийн заалтуудыг оруулж ирсэн. Гэтэл гэрч н.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ “тухайн үед Газрын тухай хуульд барилгын талбайг нэмэгдүүлэх асуудал огт зохицуулагдаагүй байсан бөгөөд одоог хүртэл энэ асуудлыг зохицуулсан зүйл байхгүй” гэсэн. Газрын тухай хуульд 0.7 га газраас илүү газар авахыг хүссэн байвал нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ төсөл сонгон шалгаруулах болон дуудлага худалдааны мөнгийг төлүүлэх зохицуулалт юм.
Үүнийг прокурор эсэргүүцэл болон хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үгүйсгэсэн үндэслэлээ огт заагаагүй. Шүүхээс 34 хуудас шийдвэр гарсан бөгөөд 5-9 дэх хуудсанд үгүйсгэсэн үндэслэлээ заасан. Өмгөөлөгчийн зүгээс эдгээр бүх баримтуудыг үндэслээд прокурорын эсэргүүцэл болон яллах дүгнэлтэд дурдсан зүйлүүдийг үгүйсгэж байна.
Мөн О.М нь зөвлөлийн хуралд оролцоогүй бөгөөд оролцох эрх бүхий субъект биш. Тодруулбал, түүний таньдаг хүн ирээд зөвлөгөө авахад нь зөвлөж, зөвлөлийн даргаас “хурал хэзээ болох вэ” гэж асууснаар хэрэгт хамааралтай болж орсон. Мөн шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь тухайн зөвлөлийн гишүүд биш бөгөөд эдгээр хүмүүс нь саналаа гаргаад дараа нь аймаг, нийслэлийн Засаг дарга захирамж гарган шийдвэрлэдэг. Иймээс тухайн газрыг нэмэгдүүлсэн шийдвэр гаргасан хүн нь Засаг дарга байсан тул шүүхээс энэ гэмт хэргийн субъект биш гэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болохгүй.
Н.Н нь 766 м.кв газарт байгаа барилгыг өмч хувьчлалаар авсан. Улмаар барилга барих гэсэн боловч Улаанбаатар хотын ерөнхий архитекторын шийдвэрээр барилгаас гадна 70:30 харьцаатай нийтийн эзэмшлийн газар байх ёстой шаардлага тавьсан. Анхны хурлаар ороход хашаагаа өргөтгөөд барих боломжтой гэж үзээд дэмжигдээгүй бөгөөд хоёр дахь хурлаар дэмжигдсэн нь түүнд давуу байдал олгоогүй. Учир нь хуучин барилгын суурийн хэмжээгээр барилгаа барьсан. Энэ талаар шинжээчийн дүгнэлт болон кадастрын зураг, анх барьсан барилгын зураг, одоо байгаа барилгын зураг, хэмжээ нь адил байсан. Тиймээс Н.Н-т барилга барихад нь давуу байдал бий болгоогүй. Гэрч Ж.П шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “би 64.054.000 төгрөгийг төлж хохирсон, тухайн газар одоог хүртэл нийтийн эзэмшил хэвээр байгааг анхаарч үзнэ үү” гэдэг. Тиймээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлүүд байхгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангахгүй шийдвэрлэж өгнө үү. О.М нь нас барсан” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтын хүрээнд хийгдэх шүүхийн үйл ажиллагаа нь гэмт хэрэгт холбогдсон хүний гэм буруутай эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан хэлэлцэж, гэм буруутай нь тогтоогдсон хүнд шударга ёсны зарчимд нийцсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна гэм буруутай болох нь нотлогдоогүй, гэм буруутай эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүсвэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байхад чиглэнэ.
2.Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар тухайн хэрэгт хамааралтай нотлох баримт бүрийн эх сурвалжийг магадлан шалгаж, тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судалж, харьцуулан үнэлэх замаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийг яллах, эсхүл цагаатгах үндэслэл, хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг буюу хэргийн бодит байдлыг хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлага юм.
3.Энэхүү хуульчлагдсан журам, хэлбэрийг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл болдог.
4.Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлнө.
5.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах талаарх Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Нямдоржийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч О.М, Ч.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлж болох ноцтой зөрүүг бий болгосон гэж үзэв.
6.Эрүүгийн хэргийг шалгах явцад цугларч бэхжүүлэгдсэн олон төрлийн бие биенээ үгүйсгэсэн, эсхүл бататгасан өөр өөр онцлог шинжтэй нотлох баримтууд нь тодорхой шийдвэр гаргахад харилцан адилгүйгээр нөлөөлж зарим нь шийдвэрийн гол үндэслэл болдог бол нөгөө хэсэг нь түүний үнэн баттайг ямар нэг байдлаар тогтоох болон үгүйсгэх үндэслэлийг бүрдүүлдэг.
Тиймээс цугларсан нотлох баримтуудаас зөвхөн нэг нотлох баримтыг бус тэдгээрийг бүхэлд нь хоорондын уялдаа, харилцан хамаарал, бие биентэйгээ хэрхэн нөхцөлдөж буй байдлаар нь харьцуулан үнэлэх шаардлагатай ба ингэснээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох боломж бүрдэх учиртай.
7.Анхан шатны шүүхээс “Хэрэгт авагдсан 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Аудио бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл”, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Хууль, хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтсийн гаргасан 2024/01, 2024/34 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлээгүй, харин шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч нарын мэдүүлгээр бусдад нөлөөлсөн үйл баримт тогтоогдоогүй, 2020 онд газар олгох, нэмэгдүүлэх, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт болон Газар, барилгажилт мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг хуульд нарийвчлан зохицуулаагүй байсан, мөн зөвлөл нь эцсийн шийдвэр гаргах эрх зүйн этгээд биш бөгөөд санал, дүгнэлт гаргаснаар шууд тухайн иргэнд давуу байдал олгосон гэх нөхцөл байдлыг үүсгэхгүй” гэх үндэслэлийг цагаатгах тогтоолд дурдан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан байна.
8.Авлигатай тэмцэх газрын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 06/15534, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06/2033 дугаартай албан бичгүүдийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 11, мөн 04 дүгээр сарын 03-ны өдрийн 13 дугаар хурлуудын тэмдэглэл, аудио бичлэгийг нотлох баримтын шаардлага ханган хүргүүлсэн талаарх баримт 1 дүгээр хавтаст хэргийн 215, 2 дугаар хавтаст хэргийн 111-112 дугаар талуудад авагджээ.
Мөрдөгч энэхүү бичлэгт хөндлөнгийн гэрчийг байлцуулан үзлэг хийж тэмдэглэлээр баталгаажуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулж, хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримтат мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд тусган бэхжүүлэх зохицуулалттай нийцсэн байна.
9.Гэтэл шүүх хэрэгт хамааралтай нотлох баримт бүрийн эх сурвалжийг магадлан шалгаж, тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлах хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүйгээс “хэрэгт авагдсан аудио бичлэгийг хэрхэн хаанаас хэрэгт цуглуулж, шалгаж, бэхжүүлэн хэрэгт нотлох баримтаар тооцож, хэрэгт тусгасан мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл байхгүй үндэслэлээр нотлох баримтаар тооцох боломжгүй” гэж дүгнэсэн нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэл болов.
10.Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцын 19 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд, байгууллагад зүй бус давуу байдал олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглах санаа, сэдэлтийг агуулж байсныг нотлох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн нөхцөл болохыг заасан болно.
10.1.Түүнчлэн Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын 8 дугаар зүйлд Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцоор тодорхойлсон нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг илүү өргөн агуулгаар буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарах буюу хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлийг хийсэн, түүнчлэн хийгээгүйн төлөө өөртөө болон бусдад ямар нэгэн хууль бус давуу байдал бий болгохыг хүссэн, эсхүл тийм саналыг хүлээн авсан санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгасан байна.
10.2.“Эрх мэдэл, албан тушаалаа урвуулах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон...” үйлдэл байхаар хуульчилжээ.
10.3.Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.
Тийм учраас энэ төрлийн гэмт хэрэгт яллагдаж буй яллагдагч, шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг агуулж буй эсэхэд дүгнэлт хийхдээ үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинж, түүний улмаас нийгэмд учирсан, эсвэл учрах байсан хор аюулын ноцтой байдлыг анхаарвал зохино.
11.Давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг гомдол, эсэргүүцлээр магадлахдаа хэргийн ажиллагааг хянан үзэх шат дараалал, журмыг ягштал баримтлан нотлох баримтын эх сурвалжийг магадлан ач холбогдол, хамаарал, хууль ёсны эсэх болоод хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг анхан шатны шүүхээс үнэлсэн байдалд тайлбар бүхий дүгнэлт хийж, гэмт хэргийн бодит байдал, үйлдсэн хүн, хуулийн этгээдийг үнэн зөв тогтоосон эсэх, шүүгдэгчийн гэм бурууг хөдөлбөргүй нотлох, эсхүл үгүйсгэх үндэслэлийг гүйцэт тусгасан эсэхийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний эцэст анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж буй шалтгаанаа магадлалд салаа утгагүйгээр тоочин дурдах үүрэгтэй.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасан эрх хэмжээг хэрэгжүүлэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны болсон эсэхийг магадлахдаа хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэх замаар анхан шатны шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн аливаа алдааг илрүүлэхийг эрмэлзэж засан залруулах, хэргийн жинхэнэ байдлыг үнэн зөвөөр сэргээн тогтоож түүнд нийцсэн эрх зүйн дүгнэлтийг өгөх байдлаар шүүхийн шийдвэрийн нэгдмэл байдлыг хангана.
12.Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэж буй буюу хэргийн үйл баримтыг шүүх зөв тогтоосон эсэхийг шалгахын тулд эхлээд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэргийн хамааралтай, өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой талаар анхан шатны шүүх хэрхэн дүгнэснийг үнэлнэ.
13.Нотлох баримтын хүрэлцээтэй байдал хангагдсан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан “шүүхийн дүгнэлтийн үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх” шаардлага хангагдсан талаар үнэлэлт өгөх боломж бүрдэх юм.
14.Хэргийн талаар тогтоогдсон гэх үйл баримт хэрэгт авагдсан зарим нотлох баримтын агуулгатай тохирч буй боловч өөр баримтуудтай зөрчилдөж байхад зөрүүг шийдвэрлээгүй үлдээсэн байвал энэ шаардлагыг хангагдаагүйд тооцно. Зөрүүг арилгахын тулд нотлох баримтуудын хэргийн ач холбогдлыг дутуу эсвэл алдаатай үнэлсэн, магадгүй хэтрүүлэн үнэлсэн эсэх, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог учир зүйн зөв дараалалд тогтоосон эсэх, зөрчилт байдлыг ямар үндэслэл зааж шийдвэрлэснийг заавал шалган үзэх нь хуулиар тогтоосон шаардлага болно.
Хэрэв тогтоогдохгүй байгаа нөхцөл байдлыг нотлогдсонд тооцсон, таамаглан дүгнэсэн, эх сурвалж тодорхойгүй, эсвэл бусад байдлаар няцаагдаж мөн эргэлзээ үүсгэж буй болон хууль зөрчиж авагдсаны улмаас нотлох чадвараа алдсан нотлох баримтад шийдвэрээ үндэслэсэн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болдог.
15.Давж заалдах шатны шүүх “...гэрчүүдээс энэхүү аудио бичлэгийг сонсгох байдлаар мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг зөрчсөн...” гэж дүгнэжээ.
15.1.Эрх бүхий этгээдүүдээс материаллаг процессын хэм хэмжээг биелүүлэх, хэрэглэх ажиллагааг хуулиар журамлан эрх зүйн дэглэмийг хэрэгжүүлэхийг зорьдог нь хэргийг хянан шийдвэрлэх бүхий л ажиллагаа хуульд нийцсэн байх Эрүүгийн эрх зүйн хууль ёсны зарчмын гол агуулга юм.
Гэрч, хохирогчийн мэдүүлэг хууль ёсны зарчимд нийцсэн байх шаардлага нь мэдүүлэг авах ажиллагааг хуульд заасны дагуу явуулж, баримтжуулсан байх явдал бөгөөд улмаар аливаа үйл баримтыг эх сурвалжтайгаар баталсан, эсхүл үгүйсгэсэн тохиолдолд нотлох баримт болгон ашиглах боломжтой тул тухайн хэргийг шийдвэрлэхэд шууд нөлөө үзүүлдэг болно.
Мэдүүлгийн хууль ёсны байдлыг хангах хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасан хөтөлсөн болон тулгасан асуулт асуухыг хориглосон зохицуулалт нь мэдүүлгийн үнэн зөв байдлыг хангах, мэдүүлэг өгөгчийн эрхийг хамгаалах, мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль бус нөлөөлөл үзүүлэхээс сэргийлэх зорилгыг давхар илэрхийлнэ.
15.2.Хөтөлж асуух нь мэдүүлэг өгөгчийг тодорхой хариулт өгөхөд чиглэсэн, хариулт нь асуултандаа агуулагдсан, асуултаараа мэдээлэл өгөх замаар мэдүүлэг өгөгчөөс хүссэн хариултаа авахаар оролдож буй хууль бус ажиллагаа юм.
Харин “тулгах” гэдгийг монгол хэлний найруулга зүйн үүднээс авч үзвэл хүлээлгэхээр шаардах, албадах, хэргийг тулган хүлээлгэх, тулган тушаах, татгалзвал даруй арга хэмжээ авахыг авахыг сануулж сүрдүүлсэн зэргийг илэрхийлэн хэрэглэгддэг байна.
Энэ агуулгаар шүүгч, прокурор, мөрдөгч нь нь мэдүүлэг өгөгчид нөлөөлж өөрийн хүссэн хариулт авахыг зүй бусаар шаардсан буюу нөлөөлөх, үнэмшүүлэх, өөрийн байр суурийг тулгах, хариултын хүрээг хязгаарлах байдлаар асуултын бүтцэд чиглүүлсэн өнгө аястай үг сонголт, урьдчилсан дүгнэлт агуулагдсан бол тулгасан асуулт гэж үзнэ.
15.3.Мөрдөгч Г.Гантулга нь хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн гишүүдээр ажиллаж байсан гэрч Э.Т, Б.Т, С.Д, А.А, Ж.М, Д.Э, Г.Б, Д.Д, М.М нараас мэдүүлэг авахдаа тус зөвлөлийн хурлын бичлэгийг сонсгон “...Энэ талаар санаж байгаа зүйл байна уу, ямар гишүүд үг хэлж байгаа талаар мэдэх зүйл байна уу...” гэх зэргээр тодотгон асуужээ.
15.4.Мэдүүлгэн нотлох баримтад тавигдах үндсэн шаардлага болох мэдээллийн үнэн зөв, бүрэн бөгөөд зөрүүгүй байдлыг хангах зорилгоор туршилт, үзлэг, шинжилгээ хийх, нэмж гэрч байцаах, нүүрэлдүүлэн байцаах, сэжигтэн, яллагдагч, хохирогч, мөн гэрчийн мэдүүлгийн шаардлагатай хэсгийг түүнд уншиж сонсгох, агуулгыг танилцуулах, шаардлагатай гэж үзвэл мэдүүлэг өгч буй этгээдэд мөрдөн шалгах ажиллагааны явцад үзүүлсэн эд зүйлсийн эх сурвалжийн тухай асуулт тавьж болно.
Тодруулбал, мэдүүлэг өгч буй этгээдэд тухайн үйл баримтыг гэрчлэх баримт бичгүүд, шинжилгээний дүн, өмнө нь өгсөн хүмүүсийн мэдүүлэг, эсхүл нэгжлэг, үзлэг зэрэг мөрдөн шалгах бусад ажиллагааны тэмдэглэлийн агуулгыг болон тэдгээрийн үр дүнг харуулсан дүрс, дуу зэргийг мэдүүлэг өгч буй хэдий үед ч үзүүлэх буюу сонсгож, тэдгээрт уг этгээд хэрхэн хандаж байгааг тактикийн үүднээс хэрэгжүүлэн энэ тухайгаа тэмдэглэлд тусгана.
15.5.Эдгээрээс дүгнэвэл Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нь мэдээллийн үнэн зөв, бүрэн бөгөөд зөрүүгүй байдлыг хангах үүднээс хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан баримт болох аудио бичлэгийг нэр бүхий гэрчүүдэд сонсгон, тухайн хурлын талаар санаж байгааг болон хэн хэн ярьж байгаа талаар мэдэх эсэхийг тодруулан асуусан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
16.Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн үндэслэл болгосон нотлох баримтууд болох шүүгдэгч Ч.Б-ийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би хэн нэгэнд нөлөөлсөн зүйл байхгүй, өөрийнхөө эрхийн хүрээнд л санал өгсөн...”, гэрч А.А-ийн “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Б миний санал өгөхөд нөлөөлсөн зүйл байхгүй...” мөн гэрч М.М-ийн “...Би Б даргыг яг тэгж хэлсэн гэснийг санахгүй байна. Сүүлд Авлигатай тэмцэх газарт бичлэг сонсоод Ч.Б дарга мөн гэж хэлсэн. Хэн нэгэн бид нарын саналд нөлөөлдөггүй байсан...” гэх мэдүүлгүүд нь гэрч С.Д-ын “...Харин одоо би энэ аудио бичлэгийг сонсоод санаж байна. Тухайн үед Ч.Б хурлын дарга тухайн газрыг "О.М даргын гуйгаад байгаа газар байгаа юм” гэж хэлж байсныг санаж байна. Ер нь бол Ч.Б дарга “бүгдээрээ дэмжээд өгчих" гэсэн болохоор хүмүүс эсрэг санал өгөөгүй чимээгүй байсан санаж байна...” (4 дүгээр хавтаст хэргийн 10 дугаар тал) гэсэн мэдүүлэг болон Аудио бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлтэй (3 дугаар хавтаст хэргийн 136 дахь тал) харилцан зөрүүтэй байна.
Гэтэл давж заалдах шатны шүүх харилцан зөрүүтэй дээрх нотлох баримтуудын алийг нь нотлох баримтаар тооцох, бусдыг нь ямар үндэслэлээр няцааж буйг хууль зүйн үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, бие биенээ үгүйсгэсэн өрсөлдөх үйл баримтууд тогтоогдсоор байтал нэгийг нь орхигдуулах байдлаар эргэлзээ үүсгэж буй нотлох баримтад няцаалт өгөөгүй тул магадлалыг хууль ёсны ба үндэслэлтэй гарсан гэж үзэх боломжгүй юм.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй буюу шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүйд тооцогдож мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.
17.Прокурорын яллах дүгнэлтээр О.М, Ч.Б нарыг “нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа ...Газрын тухайн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан шаардлагыг хангаагүй газрыг 455 м.кв-аар нэмэгдүүлэхэд Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн гишүүдэд хууль бусаар нөлөөлж, Н.Н-т давуу байдал бий болгосон” гэж шүүхэд шилжүүлсэн үйл баримтыг тогтооход хангалттай хэмжээний нотлох баримтыг цуглуулах мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй, нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байх тул түүнийг эргэлзээгүй, хөдөлбөргүй шалгаж тогтоох шаардлагатай.
Учир нь газрын хэмжээ нэмэгдүүлэн барилга барьсан үйлдэл хэнд ямар давуу байдал бий болгосон, энэхүү үйлдэлд шүүгдэгч нар нь ямар байдлаар оролцсон, баригдсан барилгаас үр ашиг, хувь хүртсэн эсэх үйл баримтаас хамаарч тухайн үйлдлийн адил төстэй бусад гэмт хэргийн шинжид хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэх нөхцөл бүрдэнэ.
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулахдаа төрийн өмч (газар, барилгын талбай, эд хөрөнгө)-ийг ашиглан шамшигдуулсан үйлдэл нь албан тушаалын эсрэг гэмт хэрэг боловч шунахай сэдэлтээр өөртөө давуу байдал олж авсан нь зарим тохиолдолд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгтэй ижил төстэй шинжийг агуулдаг.
Төрийн өмчийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, шунахай сэдэлтээр завшиж үрэгдүүлсэн үйлдлийг өмчлөх эрхийн эсрэг, эсхүл албан тушаалын гэмт хэргийн холбогдох зүйл, хэсгийн алинаар нь зүйлчлэхээс хамаарч гэмт хэргийн ангилал, ялын төрөл, хэмжээ өөрчлөгдөж, шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөх хууль зүйн үр дагавар үүсэж болох тул ялгагдах шинжийг зөв тодорхойлохдоо эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан байдал, үүний улмаас зөрчигдсөн харилцаа, халдлагын зүйл, гэмт этгээдийн сэдэлт, санаа зорилго, үйлдлээ хэрэгжүүлсэн арга зэрэгт зохих хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.
Шүүгдэгч О.М, Ч.Б нарын үйлдэлд Газрын тухайн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан шаардлагыг хангаагүй газрыг 455 м.кв-аар нэмэгдүүлэхэд Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн гишүүдэд хууль бусаар нөлөөлж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэлд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, төрийн өмчийг шунахай сэдэлтээр завшиж үрэгдүүлэх гэмт хэргийн шинж байгаа эсэхийг нарийвчлан шалгах нь зүйтэй.
18.Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж, энэ тогтоолд дурдсан үндэслэлээр цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгохоор хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.
19.Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж эхлэх хүртэл шүүгдэгч Ч.Б-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2278 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 95 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.
2.Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэх хүртэл шүүгдэгч Ч.Б-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
Ц.ОЧ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ч.ХОСБАЯР